Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01096

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01096

 

 

 

 

                       “ЖТКББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Г.Даваадорж, А.М нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01097 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЖТКББСБ” ХХК-ийн хариуцагч Г.Б, Б.Т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,070,365 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагч Г.Б, Б.Т нараас зээл 3,885,473 төгрөг, зээлийн хүү 1,750,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,862 төгрөг, даатгалын хураамж 319,809 төгрөг, нотариатын төлбөр 16,200 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг, нийт 6,070,365 төгрөг гаргуулна.

 

1.2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ЖТКББСБ” ХХК нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Г.Б, Б.Т нартай зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, 7,300,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд ....... улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Мөн зээлийн гэрээний 2.1.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд  зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохирсон. Нэхэмжлэгч хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан. Хариуцагч нь фидуцийн зүйл болох атомашиныг задалж, худалдан борлуулсан тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэжээ.

 

 2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 7,300,000 төгрөг зээлдэн авч, 7,703,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 3,855,473 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Хариуцагч Н.Б сэтгэцийн өвчний улмаас зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэгч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоох арга хэмжээ аваагүй. Авсан зээлээрээ худалдаж авсан автомашин эвдэрч, явах боломжгүй болсон тул задалж зарсан. Г.Б нь тархины тэнэгрэл гэсэн оноштой бөгөөд одоогийн байдлаар ажил хийх боломжгүй байна. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож амжаагүй. Б.Тийн хувьд хүүхэд нь дутуу төрсөн, хүүхэдтэйгээ хөдөө амьдарч байгааг харгалзан үзнэ үү гэжээ. 

 

3. Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Б, Б.Т нараас дурдсан 3,949,645 /гурван сая есөн зуун дөчин есөн мянга зургаан зуун дөчин тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖТКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2,120,730 /хоёр сая нэг зуун хорин мянга долоон зуун гуч/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112,075 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 48,881 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,120,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулна.

4.1. Нотлох баримтыг үнэлээгүй тухайд,

4.1.а. Хариуцагч нараас цар тахлын улмаас үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан, давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдгээ нотолсон баримт гаргаж өгөөгүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтоох чадамжтай нотлох баримтыг үндэслэл болгохгүйгээр шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа, үүргийн зөрчил, нэхэмжлэлийн шаардлага, агуулгад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

4.2. Шүүхийн шийдвэр ойлгомжгүй, тодорхой бус гарсан тухайд,

4.2.а. Хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийн дүнг 3,949,635 төгрөг гэж тогтоосон зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуулга нь зөвхөн үндсэн төлбөр болон үндсэн хүүгийн дүнг нэгтгэн харуулсан гэрээ анх байгуулах үеийн эрх үүргийн харилцааг тодорхойлсон агуулга бүхий хүснэгт юм. Харин нэхэмжлэгчийн шаардлага нь зээлийн гэрээний үндсэн төлбөр, үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, хариуцагчийн өмнөөс төлсөн нэхэмжлэгч талаас гаргасан зардал буюу даатгалын хураамж, нотариат болон орчуулгын үйлчилгээний хөлс зэргээс бүрддэг. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,120,730 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо юуны төлбөр болох, нэхэмжлэлийн шаардлагад багтсан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, зардал хураамжийг ямар үндэслэлээр, аль хэсэгт хамаарах дүнг нь хэрэгсэхгүй болгож байгаа талаар үнэлэлт дүгнэлт хийгээгүй, маш ойлгомжгүй, тодорхой бус шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр ойлгомжтой тодорхой байх ёстой.

4.3. Фидуцийн зүйл болох автомашины тухайд,

4.3.а. Хариуцагч нар фидуцийн зүйл болох автомашиныг эд анги, сэлбэгээр нь задалж, худалдан борлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүүх талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээний үүргийн ноцтой зөрчил бий болгосон үйл баримтыг үнэлж дүгнээгүй. Хариуцагчийг хүндээр өвчилсөн, цар тахлын улмаас хүнд нөхцөлд орсон гэж зээлээ төлөөгүй үүргийн зөрчлийг зөвтгөсөн мэтээр дүгнэсэн атлаа, хариуцагч нарын барьцааны автомашиныг дур мэдэж, зөвшөөрөлгүйгээр худалдсан мөн өмчлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдаж, гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан гэм буруугийн талаар огт дүгнэлт хийгээгүй.

4.4. Хамтран зээлдэгчийн тухайд,

4.4.а. Нэхэмжлэлийн шаардлагаас 2,120,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн үндсэн зээлдэгч Г.Бт холбогдох асуудлыг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцвал зохих асуудлыг авч хэлэлцээгүй.  Зээлдэгч болон хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хоорондын зээлийн гэрээний харилцааг зөв дүгнээгүй, хамтран үүрэг гүйцэтгэгчийн хууль зүйн статус, хүлээх үүрэг хариуцлагад үнэлэлт өгөөгүй нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3 дахь хэсэгт тус тус заасантай нийцээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Хариуцагч Г.Б нь сэтгэцийн өвчтэй эмнэлэгт хэвтэж байгаа. Б.Т дутуу төрсөн нярай хүүхдээ эмчлүүлж байгаа. Үндсэн зээлийг төлөх боломжтой, зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхүй байна. Зээлийн эргэн төлөлтийг цар тахлын үе хүртэл нэг хоног ч хэтрүүлэхгүй төлж байсан. Үндсэн зээлээ төлж хохиролыг барагдуулахад татгалзахгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч “ЖТКББСБ” ХХК хариуцагч Г.Б, Б.Т нарт холбогдуулан зээл 3,885,473 төгрөг, зээлийн хүү 1,750,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 112,862 төгрөг, даатгалын хураамж 319,809 төгрөг, нотариатын төлбөр 16,200 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг, нийт 6,070,365 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 3,855,473 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн “хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх” дүгнэлт үндэслэл муутай байна.

 

4. Хариуцагч Г.Б, Б.Т нар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “ЖТКББСБ” ХХК-тай 7,300,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлдэн авах тухай зээлийн, үүргийн гүйцэтгэлд ........ маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээг байгуулсан байна. /хх18-26/

 

4.а. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Зохигчдын хооронд  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 21 дүгээр зүйлийн 21.4, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан зээлийн болон фидуцын гэрээний харилцаа үүсчээ.

 

4.б. Хариуцагч 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зээл 7,300,000 төгрөг, зээлийн хүү 4,352,634 төгрөг, нийт 11,652,634 төгрөг хуваарийн дагуу төлөх үүрэгтэй байсан. Тэрээр гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш зээлд 3,444,527 төгрөг, зээлийн хүүд 4,258,473 төгрөг, нийт 7,703,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн зээл төлөлтийн хуулга гэх баримтаар тогтоогдсон, хариуцагч үүнийг үгүйсгэж няцаагаагүй. /хх35/

 

4.в. Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль болон гэрээний дагуу шаардсан. Анхан шатны шүүх хариуцагчийн нийт төлсөн төлбөрийг түүний гэрээний хугацаанд гүйцэтгэвэл зохих үүргийн дүнгээс хасч шийдвэрлэсэн байх ба энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар “зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Талуудын гэрээний 2.1.4-т хэтэрсэн хугацааны хүү сарын 3,36 хувь байна гэжээ.

Түүнчлэн, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 он/-ийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, зээлийг гэрээний талуудын харилцан тогтоосон хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцоход үндсэн зээлийн үлдэгдэл 3,855,473.06 төгрөг, зээлийн хүү 1,559,216.68 төгрөг /5,817,689.74-4,258,473.06/, нэмэгдүүлсэн хүү 303,665.91 төгрөг, нийт 5,718,355.65 төгрөг төлөхөөр байна.

5. Нэхэмжлэгч даатгалын хураамж 319,809 төгрөг, нотариатын төлбөр 16,200 төгрөг, орчуулгын хөлс 16,000 төгрөг нэхэмжилсэн боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөний улмаас үүрэг гүйцэтгүүлэгчид хохирол учирсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнүүд, хариуцагчтай холбоотой гарсан зардлын дэлгэрэнгүй гэх баримтууд нь нэхэмжлэгчид хохирол бодитоор учирсныг нотлохгүй, дээр дурьдсан мөнгөн төлбөрийг хэзээ, хэнд төлсөн санхүүгийн баримтгүй байна.

6. Хариуцагч Г.Б 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох итгэмжлэлийг Д.Цид олгожээ. /хх52/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Г.Быг сэтгэцийн өвчтэй болсон гэдэг тайлбар гаргадаг боловч эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр, сэтгэцийн эрүүл мэндийн хувьд үйлдэл холбогдлоо ойлгох чадваргүй гэх эмч нарын дүгнэлтгүй байна.

7. Талууд фидуцийн зүйл болох автомашиныг худалдан борлуулсан талаар маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэдэг журамтай. Иймд нэхэмжлэгчийн “хариуцагч фидуцийн автомашиныг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн худалдаж гэрээний үүрэг зөрчсөн байхад шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч Г.Б, Б.Т нарыг хамтран хариуцагчаар татаж,  нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 5,718,354 төгрөг гаргуулж, 352,011 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/01097 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Б, Б.Т нараас 5,718,355.65  төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ЖТКББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 352,011 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...48,881 ...” гэснийг “...106,443...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,881 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.БЯМБАСҮРЭН

      ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

                                                         А.М