Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01140

 

 

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2022/01140

 

 

 

 

 

О.Ч, Т.С, Б.Т нарын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00689 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ч, Т.С, Б.Т нарын хариуцагч “УЦТС” ТӨХК, “ОСААУГ” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 1,422,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгончимэг, хариуцагч “УЦТС” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ялгуун, С.Нямбаяр, хариуцагч ОСААУГ ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содномсүрэн, Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44б байранд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр цахилгаан хүчдэлийн улмаас тог тасарч, олон айл өрхийн цахилгаан хэрэгсэл шатаж эвдэрсэн. Хариуцагч байгууллагуудад хандаж учирсан хохирлыг барагдуулах гомдол бичгээр гаргасан боловч 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3/361 дугаар албан бичгээр хариуцахгүй гэж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нарын хөргөгч, плитка, нөүтбүүк, юнивишны адаптор зэрэг цахилгаан хэрэгсэл эвдэрч засварын газраар засуулсан. Б.Тт 265,000 төгрөг, О.Чд 641,000 төгрөг, Т.Ст 516,000 төгрөгийн нийт 1,422,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд хариуцагч байгууллагуудын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хохирол учирсан тул Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасны дагуу гэм хорын хохиролд 1,442,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 2. Хариуцагч “УЦТС” ТӨХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нарт учирсан хохирол, үнэлгээний талаар маргах зүйлгүй. Харин тус гэм хорын хохиролд манай байгууллага буруугүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар тогтоолоор “УБЦТС” ТӨХК болон Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад цахилгааны тоног төхөөрөмж ашигласан, засвар үйлчилгээ үзүүлсний тарифыг баталсан. Уг тогтоолын дагуу “УБЦТС” ТӨХК болон “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын хооронд жил бүр гэрээ байгуулж ажилладаг. Хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээг байгуулсан ба гэрээний 1.3, 2.4, 3.6, 4.1 дэх заалт, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 10.5-д заасны дагуу тухайн асуудлыг Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын ХҮТ-14 төв хариуцах нь зүйтэй. Баруун түгээх төвөөс хэрэглэгчдийн хохирлыг барагдуулах талаар 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 31/361 дугаар албан бичгээр тус газарт мэдэгдсэн боловч оршин суугчдын хохирлыг хариуцахгүй талаар хариу ирүүлсэн. 44б байрны ерөнхий щитийг сольсон боловч газардуулах байгууламжтай 2 цэгийн холбоос байхгүй, газардуулга хэмжүүлсэн протокол байхгүй байсан. Цахилгаан дамжуулах кабель шугам нь манай байгууллагын эзэмшил бөгөөд гэмтэл гарахад тус байрнуудын газардуулах байгууламж нь хамгаалах үүрэгтэй байдаг. Ерөнхий щитэнд газардуулга нь ирж байгаа өндөр хүчдэлийг зогсоож, багасгах  үүрэгтэй. Газардуулга өөрөө ажиллахгүй тохиолдолд айлууд руу өндөр хүчдэл очоод айлуудын цахилгаан барааг шатаасан. Цахилгааны кабель нь “УБЦТС” ТӨХК-ийн, харин ерөнхий щит нь Орон сууцны конторт хамаарах талаар гэрээнд заасан. Ерөнхий щитний нэг хэсэг нь газардуулга бөгөөд газардуулга байхгүйгээс үүссэн эрсдэлийг “УБЦТС” ТӨХК хүлээхгүй. Ерөнхий щитийг “УБЦТС” ТӨХК хариуцахгүй талаар гэрээнд заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын татгалзал, тайлбарын агуулга: 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 44а, 44б байруудаас ирсэн дуудлагын дагуу ерөнхий щит болон хэрэглэгчийн эзэмшлийн давхар дундын самбаруудад үзлэг хийсэн. Үзлэг хийхэд тоног төхөөрөмж болон цахилгаан утсанд ямар ч гэмтэл гараагүй байсан. УЦТС рүү дуудлага өгч ХПП317 буюу ДП дээр үзлэг хийлгэсэн. Гэмтэл нь ДП дээр 0-ын утас төгсгөл дээрээ хайлчихсан байсныг фото зургаар баталгаажуулаад засвар үйлчилгээг хийсэн. Ерөнхий щитний засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг “ОСНААУГ” хангах үүрэгтэй байдаг. Газардуулгын хувьд УЦТС нь тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд мэргэжлийн байгууллага бөгөөд ОСНААУГ нь газардуулга хийх зөвшөөрөлгүй. “УЦТС” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд зааснаар ... цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл болон цахилгаан эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлд заасан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг хэрэглэгчтэй байгуулан хангагчийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т зааснаар УЦТС нь хэрэглэгчдэд учирсан хохирол хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.  Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Талуудын гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд ОСААУГ гэм буруутай гэж үзэж байна. Гэрээгээр бүх ашиглалттай холбоотой асуудлыг хариуцна гэж гэрээ хийсэн. Газардуулга байхгүй байсан бол өөрсдөд нь эрсдэл үүсэх атал зөвшөөрөөд гэрээнд гарын үсэг зурсан байна. Газардуулга байхгүй байна гээд, эх үүсвэрийг нь ямар ч байдлаар шаардаад тавиулж болох байсан байна. Тиймээс хохирлыг ОСААУГ хариуцах үүрэгтэй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ОСААУГ ОНӨААТҮГ-аас 265,000 төгрөг гаргуулан Б.Тт, 641,000 төгрөг гаргуулан О.Чд, 516,000 төгрөг гаргуулан Т.Ст тус тус олгож, хариуцагч УЦТС ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас дутуу төлсөн 292 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч ОСААУГ ОНӨААТҮГ-аас 38,002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

 6. Хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

 

6.1. Шүүх урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн шийдвэр гаргасан. “ОСААУГ” ОНӨААТҮГ нь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг тусгай зөвшөөрөлтэй байгууллага биш. Харин “УЦТС” ТӨХК нь цахилгаанаар хангах тусгай зөвшөөрөлтэй, энэ хүрээндээ хэрэглэгчидтэй гэрээ байгуулан ажилладаг. Хангагч тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь Эрчим хүчний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасныг дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл “УЦС” ТӨХК нь өөрийнхөө эзэмшил дэх дэд станцад гарсан гэмтэл, хэрэглэгчдэд стандартын шаардлага хангаагүй тог цахилгаан нийлүүлсний улмаас бусдад учруулсан хохирол буруугаа зөвхөн орон сууцны ерөнхий щит эзэмшигч байгууллагыг буруутгаж, хариуцлага хүлээхгүй үлдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Оршин суугчдын цахилгаан хэрэгсэл шатсан нь стандартын шаардлага хангаагүй тог цахилгаанаар хангасантай холбоотой болохоос ерөнхий щитний засвар үйлчилгээтэй холбоогүй.

6.2. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь зааснаар ... цахилгааны үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах бөгөөд жилд 2-оос доошгүй удаа урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулдаг.  Ерөнхий щитний газардуулгыг хийх эрх, үүргийг хүлээсэн тусгай зөвшөөрөлтэй байгууллага нь “УЦТС” ТӨХК мөн. Шүүхийн шийдвэр Эрчим хүчний тухай хуулийн 9, 25, 28, 35 дугаар зүйлд нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч нар гэм хорын хохирлын талаар маргаагүй. ОСААУГ болон УЦТС ТӨХК-ийн хооронд харилцан гэрээ байгуулсан. Тухайн гэрээгээр хэрэглэгч нарт учирсан хохирлыг гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар ОСААУГ гэм хорын хохирлыг хариуцах зүйтэй гэсэн шийдвэр үндэслэлтэй. Урьдчилсан шийдвэрлүүлэх журмын тухайд энэхүү маргаан хэрэглэгчид учирсан гэм хорын хохирлын асуудал тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагч талууд жил бүр гэрээ байгуулж, ерөнхий щитээр дамжуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр ханган, засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийсэн гүйцэтгэлийн төлбөрийг улирал бүрт дүгнэдэг. Үүнтэй холбоотойгоор 2 байгууллага ашиглалтын зааг үүсгэсэн. Кабель манай байгууллагын эзэмшил бөгөөд щитнээс цааш хэсгийг ОСААУГ хариуцдаг. Тухайн үед гарсан кабель гэмтсэн асуудлаар буцаагаад кабелийг залгахад ерөнхий щит огцом ирсэн хүчийг ОСНААГ засвар үйлчилгээ газардуулалтын хамгаалалтаар хааж гүйцэтгэх үүрэгтэй. Манай байгууллагын зүгээс 2 удаа үзлэг хийдэг. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн контороос гадна хувийн конторуудтай гэрээ байгуулан ажилдаг. ОСААУГ засвар үйлчилгээгээ гүйцэтгээд улирал бүр ажлаа дүгнүүлж төлбөр авдаг. Иймд ОСНААГ нь гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч О.Ч, Т.С, Б.Т нарын хариуцагч “УЦТС” ТӨХК, “ОСААУГ” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1,422,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч талууд эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

4. Хэрэгт авагдсан мэдэгдэл хүргүүлэх албан бичиг, хохирол барагдуулах албан бичиг, нэхэмжлэгч нарын гараар бичсэн өргөдөл, орлого, зарлагын баримт, талуудын тайлбараар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ....... дэд станцад 0,4 кВ-ын кабелийн 0 холбоос шатсаны улмаас тус хорооны 44а, 44б байрны тог тасарсан, тог буцаж ирэх үед тус байрны оршин суугч О.Ч, Т.С, Б.Т нарын эд зүйлс болох хөргөгч, зөөврийн компьютер, плитка, интернетийн төхөөрөмжийн адаптор зэрэг цахилгаан хэрэгсэл эвдэрчээ. Үүний улмаас О.Ч 641,000 төгрөгөөр, Т.С 516,000 төгрөгөөр, Б.Т 265,000 төгрөгөөр хохирсон үйл баримт тогтоогджээ. /хх7-22/

 

Талууд цахилгааны улмаас нэхэмжлэгч нарт гэм хор учирсан үйл баримтын талаар маргаагүй, хариуцах этгээдийн хувьд маргаантай байна.

 

4.а. Хариуцагч “УЦТС” ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Ерөнхий щитний нэг хэсэг болох газардуулга байхгүйгээс үүссэн эрсдэлийг манайх хүлээхгүй, газардуулга ажиллахгүй тохиолдолд айлууд руу өндөр хүчдэл очоод цахилгаан барааг шатаасан. Ерөнхий щитийг ОСААУГ хариуцахаар гэрээгээр тохиролцсон ...” гэж, хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ “... УЦТС газардуулга хийх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу хэрэглэгчдэд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй” гэж тус тус татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

4.б. Хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын татгалзал дараахь үндэслэлээр няцаагдаж байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын .., эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчид учирсан гэм хорын хэмжээ, хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой.

 

Хэргийн 61-64 дүгээр тал дахь “УЦТС” ТӨХК болон “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан үйлчилгээний төлбөр төлөх үндсэн гэрээний 1.3, 2.1, 2.4, 3.1, 3.6, 4.1-т зааснаар “УБЦТС” ТӨХК нь “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын хариуцсан тоног төхөөрөмжөөр дамжуулан хэрэглэгчдийг цахилгаанаар хангасан, “ОСНААУГ” ОНӨААТҮГ орон сууцны ерөнхий щитэнд засвар үйлчилгээ хийсний төлбөрт .., нийт 98,408 /өрх/ хэрэглэгчийн 81,186,600 төгрөгийг /НӨАТ/ нэг сараар тооцож гэрээний биелэлтийн тутмын дүгнэлт, гэрээ дүгнэсэн протоколыг тус тус үндэслэн өгөх, “УБЦТС” ТӨХК-тай цахилгаанаар хангах гэрээ байгуулсан хэрэглэгчдийг “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын хариуцсан тоног төхөөрөмжөөр дамжуулан цахилгаанаар хангах эрхтэй, “ОСНААУГ” ОНӨААТҮГ-ын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж гарсан саатал, гэмтэл, аваар болон бусад нөхцөл байдлаас үүссэн хохирлыг УБЦТС” ТӨХК хариуцахгүй, “ОСНААУГ” ОНӨААТҮГ нь ерөнхий щитний цэвэрлэгээ, үзлэг үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу аюулгүй байдлыг ханган гүйцэтгэх, талууд өөрсдийн хариуцсан ашиглалт, засвар үйлчилгээний заагаар үйлчилгээг хариуцахаар тохиролцсон байна. /хх61-64/

 

Талуудын дээрх тохиролцооноос харахад хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ нь ерөнхий щитний цэвэрлэгээ, үзлэг үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу хийж аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч нарын эд зүйлсэд гэм хор учирсан шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн “... ОСНААУГ нь дамжуулагч доторх бүрэн бүтэн байдлын /газардуулга/ дутууг хангуулах ёстой байсан, энэ нь гэрээнд заасан байна. ОСНААУГ-ыг буруутай гэж үзэж байна.” гэх дүгнэлт зэргийг харьцуулан үзэж хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-аас гэм хорын хохирол 1,422,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгон, хариуцагч “УЦТС” ТӨХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх127/

 

5. Хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

5.а. Талуудын тайлбараар ерөнхий щитны нэг хэсэг болох газардуулга байхгүйгээс нэхэмжлэгч нарт хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд гэрээний 1.3, 3.6-д зааснаар “ОСААУГ” ОНӨААТҮГ нь ерөнхий щитний цэвэрлэгээ, үзлэг үйлчилгээг тогтмол хуваарийн дагуу хийж, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн, уг ажлыг хийж гүйцэтгэн ажлын хөлс авч байх тул хариуцагчийн “ “УЦС” ТӨХК-ийг хэрэглэгчдэд стандартын шаардлага хангаагүй тог цахилгаан нийлүүлсний улмаас бусдад учруулсан хохирлыг хариуцах ёстой” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5.б. Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь өөрийн эрх мэдэлд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэнэ гэж заасан. Хуулийн уг зохицуулалт нь эрчим хүчээр хангагч байгууллага болон хэрэглэгч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хамааралтай, нэхэмжлэгч нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан гэм хорын хохирол шаардаж байх тул урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00689 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “ОСААУГ” ОНӨААТҮГ-ын төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                 А.МӨНХЗУЛ