Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 95

 

    

 

Г.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                 

                                   Прокурор   Б.Мөнгөншагай

                             Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн                                                                                    

Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан,

 

          Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 201615000191 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1993 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар баг, Арцын 1-45 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Бүрэн овгийн Ганболдын Мөнх-Эрдэнэ /Регистрийн дугаар  ЙД93042515/

            Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид буюу баруун атгаал ясны толгойн  мөрний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

        Анхан шатны шүүх, Ганболдын Мөнх-Эрдэнийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Г.Мөнх-Эрдэнэд оногдуулсан 3  жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, Г.Мөнх-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 5.941.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг томографикийн зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Баярмэндэд буцаан олгохоор заан, Г.Мөнх-Эрдэнэд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, тус шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих журмыг  дурдан, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Мөнх-Эрдэнэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ. 

          Ялтан Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

        Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Г.Мөнх-Эрдэнэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

        Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсныг буруу гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч нь хохирогчийг гэмтээх санаа зориг гаргаагүй байна. Хохирогч Ч.Баярмэнд нь шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд халдаж, хамраас нь цус гаргаснаас болж, хоорондоо барилцаж аваад давхар газар унаснаас болж хохирогч Ч.Баярмэндэд гэмтэл учирсан нь тодорхой байх тул шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан Г.Мөнх-Эрдэнийн  өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан тайлбартаа:

Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна... гэв.

ХЯНАВАЛ:

            Г.Мөнх-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 05 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ч.Баярмэндтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг тонгорч унаган бие махбодид нь баруун гарын атгаал ясны /буглаганы ясны/ толгойн мөрний үе доторх хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

        хохирогч Ч.Баярмэдийн “... намайг Борын хашаанд машинаа оруулж тавих гэж байхад Г.Мөнх-Эрдэнэ ирчихээд таксинд суучих гэхээр нь би суусан. Гэтэл тэр такси хөдлөөд явсан. Машинд сууж явсан чинь Г.Мөнх-Эрдэнэ утсаа унтраагаад алга болчих юм, яасан том болсон юм, би хүнд зодуулчихлаа чамайг зодохоос гэж байснаа намайг нүүр рүү цохиод авсан. Тэгээд машинаа зогсоо гэсэн чинь тэр такси зогссон. Би тэгэхээр нь чи бид хоёр яасан гэж маргадаг юм гэж хэлчихээд машинаас буусан чинь араас цохиод авахаар нь би Мөнх-Эрдэнийг яаж байгаа пизда вэ? гэж хэлчихээд цохиод авсан чинь Г.Мөнх-Эрдэний хамраас цус гарсан. Тэгэхээр нь би зугтаасан чинь араас ирээд намайг тонгороод унагаасан. Гэтэл миний баруун гар гэмтчихсэн байсан. ... Маргааш нь эмнэлэгт үзүүлсэн чинь миний гарыг бугалгаараа хугарсан байна гэж хэлсэн...” гэсэн /хх-ийн 12-13х/,

          гэрч А.Баярын “... 9 дүгээр хороонд айлын гадна очоод нэг хүн миний машинд суулгасан. Тэгээд хөдөл гэхээр нь хөдөлсөн чинь тэр машинд суусан хүнтэй нөгөө залуу маргалдаад байсан. Мөн нэг удаа тэр залууг нөгөө согтуу залуу цохиод авч байгаа бололтой байсан. ... Тэр хоёр буухдаа маргалдаад буусан. Би танихгүй хүмүүс болохоор хөдлөөд явсан. ... Миний машинаар таксидсан халамцуу залуу нөгөө сүүлд нь суусан залуугаа машинд суусан хойно нь лав нэг удаа цохиод авч байгаа бололтой байсан...” гэсэн /хх-ийн 16х/,

         гэрч А.Батзоригийн “... Тэгээд шөнө 24 цагийн орчимд намайг гэртээ унтаж байсан чинь хаалга дуугараад хүн ороод ирсэн чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хамт манайд орж ирсэн. Ч.Баярмэд мөрөө мулталчихлаа гээд орж ирсэн. Яасан юм гэж тэр хоёроос асуусан чинь Г.Мөнх-Эрдэнэ, Ч.Баярмэд хоёр хоорондоо ноцолдож байгаад ингэчихлээ гэж байсан. Тэгээд мөрийг нь барьж үзэхэд мөр нь мултраагүй, яс нь хугарсан юм шиг байсан. ... Өглөө нь би Ч.Баярмэдийг дагуулаад Бүсийн оношилгоо эмчилгээний төв орж үзүүлсэн чинь Баярмэдийн баруун гарын яс нь хугарсан байна гэж байсан...” гэсэн /хх-ийн 21х/,

гэрч С.Мягмарын “... Шөнө 24 цаг 30 минутын орчимд унтаж байсан чинь гэрт хүн орилоод байхаар нь сэрсэн чинь Ч.Баярмэд мөр мултарчихлаа гээд манайд ороод ирсэн байсан. Манай хүн мөрийг барьж үзчихээд мултраагүй байна хугарсан байх гээд байсан. Тэгээд удалгүй Г.Мөнх-Эрдэнэ яваад өгсөн. Харин Ч.Баярмэд манай гэрт хоноод маргааш нь эмнэлэг орж үзүүлсэн чинь гар нь хугарсан байна гэж байсан. ... Тэр хоёр манай гэрт лав ноцолдоогүй гаднаас л гар нь хугарчихсан орж ирсэн...” гэсэн /хх-ийн 22х/,

          гэрч Б.Оюунбилэгийн “... 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр намайг ажил дээр байхад 14 цаг 30 минутын орчимд Ч.Баярмэд гэж залуу баруун гараа гэмтээсэн, мөрөө гэмтээсэн гэж үзүүлсэн. Тэгээд рентген зурагт харахад баруун гарын атгаал чөмөг “Буглаганы яс” нь хүзүү хэсгээрээ хугарч зөрсөн байсан...” гэсэн /хх-ийн 23-24х/ мэдүүлгүүд, “... Ч.Баярмэдийн биед баруун атгаал ясны толгойн үен доторх хугарал, мэс заслын дараах байдал, мөр, бугалганы зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 187 дугаартай дүгнэлт /хх-ийн 27х/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй  гарсан  байна.

        Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэрэгт, мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ял, дэглэм нь Г.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгээс Г.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэг болгон өөрчлүүлэх талаар гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Монгол улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ

                                                                                        М.МӨНХДАВАА