Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01204

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00774 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн хариуцагч ..... газарт холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 2,572,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Төгсжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “Г” ХХК 2016 онд ..... газартай хамтарч ажиллаж тус газрын төв байрны нэг давхарт шилэн хана, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 14,5 м.кв шилэн хаалга хийж өгсөн. Бичгээр гэрээ байгуулаагүй, амаар тохиролцож ажил гүйцэтгэсэн. Ажлын хөлс нийт 6,292,700 төгрөг болсон.  Ажлын гүйцэтгэлийг тухайн үед ..... газрын барилга хариуцсан албаны дарга Р.Б баталгаажуулж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн. Ажлын төлбөрт 3,720,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагчийн данс руу шилжүүлсэн боловч үлдэгдэл 2,572,500 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй. Нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдлийг 2016 оноос хойш удаа дараа шаардаж байсан. 2021 оны 12 дугаар сард тооцоо нийлье гэхэд манайд хамааралгүй, төлөхгүй гэж хэлсэн. Хариуцагч ..... газрын нэг, хоёр давхарт шилэн хана, хаалга хийсэн гэдгийг гэрч мэдүүлсэн. Энэ хугацаанд хариуцагчаас төлбөр төлөхийг удаа дараа амаар шаардаж байсан талаар мөн гэрч мэдүүлсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж шаардлага гаргаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй. Иймд хариуцагчаас 2,572,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. ..... газар аливаа иргэн, аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах, бараа ажил үйлчилгээ худалдан авах тохиолдолд төсөв хөрөнгөө захиран зарцуулахдаа гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ гүйцэтгэдэг. Нягтлан бодох бүртгэлийн дагуу тайлагнаж, төрийн сангаас мөнгийг гаргадаг. Гэтэл хэрэгт ..... газартай холбоотой ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн тооцооны баримтын жагсаалтад Р.Б гэж тухайн үед хариуцагч байгууллагын санхүү хөрөнгө оруулалтын газарт албаны даргаар ажиллаж байсан хүний гарын үсгийн баталгааны тэмдэг байгаа боловч уг хүн байгууллагыг төлөөлөх эрхгүй. ..... газрыг зөвхөн агентлагийн дарга төлөөлдөг. Хэрэв Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж гэрээний үүрэг зөрчигдсөн гэж үзсэн бол тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан “..... газар” ТБАГУТҮГ-аас гэрээний үүрэгт 2.572.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.110 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэдэг нь хугацааг тасалдуулахад хүргэсэн нөхцөл байдал болохоос өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр дахин шинээр тоолохыг хэлнэ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдах нэг үндэслэл нь үүрэг хүлээсэн этгээдээс үүргээ хүлээн зөвшөөрсөн аливаа зан үйлийг ойлгоно. “..... газар” ТБАГУТҮГ-ийн албан тушаалтан болох Санхүү хариуцсан албаны дарга Р.Б болон тухайн үеийн санхүүг хариуцаж байсан дарга нар нь төлнө, шийдвэрлэж өгнө гэдэг хариуг өгдөг байсан. Гэрч Ч.О хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр “Г” ХХК-ийг төлөөлж удаа дараа очиж төлбөрийн үлдэгдэлээ төлөхийг шаардаж байсан, ..... газрын үүдний харуулын хэсэг болон хоёр давхарт өргөтгөл хэсэгт шилэн хана хаалга хийсэн, үлдэгдэл мөнгийг өгөөгүй, Санхүү хариуцсан албаны дарга, тухайн үеийн санхүүг хариуцаж байсан дарга Г нягтланд нь шийдэж өгөөч гэж удаа дараа буюу 10-аад удаа очиж байсан, би сүүлийн 2 жил 2020, 2021 онд очоогүй” гэж мэдүүлсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..... газар” ТБАГУТҮГ-аас Т.Г ыг гэрчээр оролцуулсан бөгөөд хэргийн зөрүүтэй нөхцөл байдлын тогтоох зорилгоор нүүрэлдүүлж мэдүүлэг авахад тухайн ажил гүйцэтгэсэн болон төлбөр шаардаж байсантай холбоотой үйл баримтууд тогтоогдсон. “..... газар” ТБАГУТҮГ-тай харилцаж шаардах эрхээ хэрэгжүүлж байсан, хариуцагч байгууллага төлбөр төлөхөө илэрхийлж зөвшөөрч хугацаа хойшлуулж байсан болох нь талуудын тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож баталгаажсан.

4.2. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй тухайд, нэхэмжлэгч талын тайлбар болон гэрч Ч.О ийн “..... газар” ТБАГУТҮГ-тай харилцаж шаардах эрхээ хэрэгжүүлж байсан, хариуцагч байгууллага зөвшөөрч хугацаа хойшлуулж, шийдвэрлэж өгнө гэж тайлбарлаж байсныг нотолсон байхад анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрэн үнэлээгүй. Гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон үйл баримтыг яагаад үнэлэхгүй орхисон буюу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж дүгнэхдээ гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй.

Гэрч Ч.О ийн мэдүүлгээр Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан болох нь тогтоогддог. 2018 онд шаардахад шийдвэрлэж өгнө гэж тайлбар хэлж байсан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэл болно. Хөөн хэлэлцэх хугацаа дахин тоологдсоноор хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй нөхцөл байдал харагдаж байна. ..... газраас шийдэж өгнө, төлнө гэж удаа дараа хойшлуулдаг байсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахад “хамааралгүй, төлөхгүй” гэсэн хариуг ирүүлсэн тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн. Гомдлын шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангахаас татгалзсан тохиолдолд шаардлага тавьж буй этгээд шүүхэд хандах эрхтэй. Гомдлын шаардлагын хариу авсан өдрөөс, хэрэв энэ өдрийг тогтоох боломжгүй бол гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: ... Гэрчийн мэдүүлэгт эргэлзээтэй асуудлууд байдаг. Үүнтэй холбоотойгоор ..... газрын архив, бичиг хэргийн бүртгэлийг шүүж үзэхэд “Г” ХХК-аас албан бичиг ирээгүй байдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж 2020, 2021 онуудад хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулж оруулдаггүй байсан болохоос өмнө нь иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байсан. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж шийдвэр гаргасан гэж хариуцагч талаас үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК хариуцагч “..... газар” ТБАГУТҮГ-т холбогдуулан 2,572,500 төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2016 онд ОБЕГ-тай ажил гүйцэтгэх гэрээ амаар байгуулж, хэд хэдэн ажлуудыг хийж гүйцэтгэсэн боловч төлбөрөө бүрэн төлөөгүй Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлээр үлдэгдэл төлбөрөө гаргуулна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

4. Хэргийн 8, 39-46, 60 талд авагдсан тооцооны баримтын жагсаалт, нэхэмжлэгч компанийн дансны хуулга, талуудын тайлбар зэргээр нэхэмжлэгч “Г” ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 25, 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч байгууллагад шилэн хана, хаалганы ажлыг 6,292,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцон нэхэмжлэгч нь ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч, хариуцагч ажлын хөлсөнд 3,720,000 төгрөг төлсөн, үлдэлдэл төлбөрийг төлөөгүй болох нь тогтоогджээ.

4.а. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тооцооны баримтыг хариуцагч талыг төлөөлж Р.Б баталгаажуулсан байна. Р.Б нь ..... газрын барилга орон сууц хариуцсан албаны даргаар ажиллаж байсан, 2017 онд нас барсан талаар хариуцагч тайлбарласан.

5. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хэлэлцэн тохирсон хөлсөө шаардах эрхтэй боловч гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

5.а. Хэргийн 60 дугаар тал дахь нэхэмжлэгч компанийн Голомт банкны дансны хуулгаас харахад 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч талаас 720,000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй байна. Энэ хугацаанаас хойш нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрчээ.

 5.б. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан гэж тайлбарлах боловч нотлох баримтгүй. Хэргийн 6, 10 дугаар тал дахь нэхэмжлэгч талын санхүүгийн тэмдэг дарагдсан тооцооны баримтын жагсаалт гэх бичмэл баримт хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан үндэслэлийг нотлохгүй.

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш хариуцагчаас зээлийн төлбөрийг шаардаж байсан эсэх, хөөн хэлэлцэх хугацаа хуульд заасан үндэслэлээр тасалдсан, түр зогссон талаар нотолсон баримтыг ирүүлээгүй. Тэрээр гэрч Ч.О ийн мэдүүлгээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан болох нь нотлогдоно гэж тайлбарлах боловч гэрчийн мэдүүлэг шууд нотолгооны хэрэгсэл болж чадахгүй. Гэрчийн мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар давхар нотлогдохгүй байна.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй. 

6.а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч Т.Г, Ч.О нарын мэдүүлгээр нэхэмжлэгч тал ажлын үлдэгдэл төлбөрийг шаардаж байсан үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн “гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авахад тухайн ажил гүйцэтгэсэн болон төлбөр шаардаж байсантай холбоотой үйл баримтууд тогтоогдсон, шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй гэж дүгнэхдээ гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

 Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2022/00774 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,110 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 ШҮҮГЧИД                                                    Д.НЯМБАЗАР

                                                                    А.МӨНХЗУЛ