Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2018/0513

 

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 19 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2018/0513

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Н.А нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Ц нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлоор, Н.А нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Н.А 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрээр:

“Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 22 дугаар зүйлийн 22.1, 27 дугаар зүйлийн 27.2.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус баримтлан Н.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170, 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож, Н.А Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 9 сар 14 хоногийн цалин хөлстэй тэнцэх ............ төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговорыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Н.А Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 503 дугаар магадлалыг тус тус үндэслэн түүнийг урьд эрхэлж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн томилж шүүхийн шийдвэр биелэгдсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга Б.Б 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр биечлэн уулзаж, ажлын зайлшгүй шаардлагаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны газрын даргаар шилжүүлэн ажиллуулах болсон тухай мэдэгджээ.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу сонсох ажиллагаа хийгдсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын Сургалт, сурталчилгааны албан тушаал нь ТЗ-9-5 шатлалд хамаардаг. Өөрөөр хэлбэл ажлын албан шаардлагаар түүний албан тушаал ТЗ-8-5 шатлалд хамаарч байсныг ахиулж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шийдвэрлэсэн. Шүүх Н.А өөр ажилд шилжүүлэн томилох болсон шалтгаан үндэслэлээ “албан ажлын зайлшгүй шаардлага” байсан гэдгийг нотолж чадаагүй гэж үндэслэсэн. Н.А томилох үед Нийгмийн даатгалын ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны даргын орон тоо сул, зайлшгүй шаардлагатай байсан.

Учир нь “Ж” Олон улсын байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллах хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл 2017” төлөвлөгөө батлагдсан байдаг. Тухайн төлөвлөгөөнд сургалтын багц, дэд хөтөлбөр хэрэгжүүлэх болсон тул ажлын зайлшгүй шаардлага байсан. Н.А хувийн ашиг сонирхлоор хандаж 2017 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тамгыг авч зугтаан, ажлын өрөөгөө цоожлон, холбогдох утсаа унтрааж, ажилдаа ирэлгүй алга болсон. Тухайн асуудлаас болж тус хэлтэс санхүүгийн гүйлгээ хийх болон иргэд, аж ахуй нэгжүүдэд үйлчлэх боломжгүй болсон тул өрөөний хаалгыг онгойлгодог засварчин дуудаж нээлгээд шалгахад тамга байхгүй байсан. Засгийн газрын 2001 оны 41 дүгээр “Тамга тэмдэг, батлагдсан тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”-ын 40 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст яаралтай мэдэгдэж, хүчингүйд тооцуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж шинэ тамга хийлгэсэн.

Иймд Н.А Төрийн албаны тухай зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар”, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 1 дэх хэсгийн 1.6, 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Дээрх захиргааны акт гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь хэсэгт заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн уулзах хэлбэрээр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт 402 тоот өрөөнд явуулах болсныг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8/2804 дугаар албан бичгээр мэдэгдэж, түүний гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Түүнчлэн Н.А холбогдуулан захиргааны акт гаргахын өмнө түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгаа талаар болон сонсох ажиллагааг мэдэгдэхээр түүний ......... дугаарын утас руу 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16:35, 16:37, 17:00 цагуудад, 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:20, 12:00 цагуудад залгахад утсаа унтрааж, дуудлага хадгалах үйлчилгээнд холбогдсон байсан. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Н.А сахилгын шийтгэл оногдуулах тушаал гарсан тухай мэдэгдэхээр Нийгмийн даатгалын Тамгын газрын Хүний нөөцийн мэргэжилтэн залгахад утсаа хааж, дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгүүлсэн байсан.

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 288 дугаар “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт төрийн захиргааны албан хаагчид шударга ёс, хууль дээдлэх, тэгш байдал, хариуцлага хүлээх, олон нийтэд үйлчлэх зарчмыг хэлбэрэлтгүй дагахаар, 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт заасан өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ эрх, ашгийг хувийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьж, өөрт олгогдсон бүхэн эрхээ хэрэгжүүлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй аливаа нөхцөл байдлаас татгалзах, 5 дугаар зүйлийн 5.4.4 дэх хэсэгт заасан захирах, захирагдах ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх үүрэгтэй. Н.А төрийн албанд тангараг өргөсөн төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, дээрх ёс зүйтэй холбоотой асуудлыг эсэргүүцээгүй. Өөрөөр хэлбэл тушаалын үндэслэлийн талаар тодорхой дурьдаж маргаагүй, ажил таслаагүй, байгууллагын тамга, тэмдгийг авч зугтаагаагүй гэх талаар тайлбар гаргаагүй, няцаасан баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/170, мөн оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Б/219 дүгээр тушаалуудыг хүчингүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байгаа тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээд Ш.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч Н.А анх 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч, гуравдагч этгээд нарт шүүхээс гардуулан өгсөн нэхэмжлэлд “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Н.А Чингэлтэй дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг “түр орлон гүйцэтгэгчээр” томилсон тушаалыг хүчингүй болгох” гэж дурдсан байх бөгөөд энэ болон бусад шаардлагын хүрээнд тайлбараа бичгээр гаргаж, хэрэгт авагдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс анх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн дээрх шаардлагаар захиргааны хэрэг үүсгээгүй болохыг нэхэмжлэгч өөрөө болон хариуцагч, гуравдагч этгээд нар 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн бөгөөд дээрх шаардлагаар шүүх хэрэг үүсгээгүй бол нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзсан юм уу гэхээр хэрэгт тийм баримт байхгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс түүний гаргасан нэхэмжлэл болон амаар гаргаж байгаа тайлбар зэргээс үзэхэд дээрх шаардлагаа бүрэн дэмжиж, өөрийгөө Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүлээн зөвшөөрөхгүй, шууд даргаар томилогдох ёстой гэж тайлбарлан, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд ч мөн энэ талаар мэтгэлцсэн байдаг.

Гэтэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдэхэд энэ асуудлаар захиргааны хэрэг үүсээгүй гэх үндэслэлээр шийдвэр гараагүй, тэгсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хүлээн авахаас татгалзаагүй, хэрэг ч үүсээгүй зэргээс үзэхэд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, иргэн хүний нэхэмжлэлийн шаардлагыг огт шийдвэрлэлгүй орхигдуулж, зохигчдыг хийсвэр асуудлаар мэтгэлцүүлсэн нь шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг огт гараагүй бөгөөд харин ч түр орлон гүйцэтгэгчээр томилсныг хүлээн зөвшөөрөхгүй, даргаар томилуулах шаардлага гаргасан байхад нэхэмжлэгчийн шаардлага гаргаагүй буюу хүсээгүй албан тушаалд нь буюу түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн томилохыг даалгасан шийдвэр гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл хэдийгээр хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан захиргааны акт нь хууль бус байхыг үгүйсгэхгүй ч гэлээ, захиргааны хэргийн шүүхэд ямар нэхэмжлэл гаргах, хариуцагчаар хэнийг тодорхойлох, түүнийгээ өөрчлөх, ихэсгэх, багасгах нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон, хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх нь бөгөөд түүний гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийн зохигчид мэтгэлцэж, шүүх гагцхүү түүнийг нь тодруулах, чиглүүлэх боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэгч нь даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргаагүй, харин мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан болзол шаардлагыг хангасан тул даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс эрх мэдлээ хэтрүүлэн хүсээгүй буюу хууль зүйн хувьд ялгаатай албан тушаалд томилохоор шийдвэрлэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нотлох баримтыг цуглуулах үүргээ бүрэн биелүүлээгүй, тухайлбал албан ажлын зайлшгүй шаардлагаар өөр албан тушаалд шилжүүлэх болсон шалтгаанаар хариуцагчийн зүгээс “Ж” Олон улсын байгууллагаас Нийгмийн даатгалын байгууллагатай хамтран ажиллах хүрээнд “Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төсөл 2017” батлагдсан гэж үндэслэлээ зааж тайлбар гаргадаг боловч энэ талаарх баримтыг цуглуулж, судлалгүйгээр зөвхөн захиргааны акт хууль бус болох талаарх нэг талын баримтуудыг л хэрэгт авч, цуглуулсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс би зөвшөөрөөгүй учраас гомдол, нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарладаг боловч зэрэг дэв нэмэгдэж, албан тушаал дээшилж байхад яагаад зөвшөөрөөгүй, мэдэгдэл гардуулах үед яагаад гарын үсэг зураагүй зэрэг асуудлыг тодруулаагүй байна. Тухайлбал Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын даргын өрөөнд мэдэгдэл гардуулан өгөх үед байлцсан хүний нөөцийн мэргэжилтэн нь бичсэн тэмдэглэлдээ мэдэгдэл авахгүй талаар л тэмдэглэсэн байхаас хүлээн зөвшөөрөөгүй гэж тэмдэглээгүй байгаагаас үзэхэд тухайн үед зөвшөөрч байсан эсэхийг уг мэргэжилтнээс тодруулах шаардлагатай гэж үзэж байх бөгөөд учир нь Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг Монгол Улсын Дээд шүүхээс тайлбарлахдаа заавал бичгээр тайлбар авах шаардлагагүй талаар дурджээ.

Түүнчлэн тамга тэмдэг авч зугтсан талаар анхан шатны шүүх дүгнэхдээ эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдоогүй гэх ганц дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй бөгөөд хэдийгээр гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй байж болох ч байгууллагын тамга тэмдэг байх ёстой газраа буюу байгууллага дээрээ байхгүй байсан болох нь тодорхой байхад байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан гэж үзэхгүй байгаа нь нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгддэг байх, мөн шүүхийн шийдвэр биелэгдэх бодит боломжтой байх шаардлагуудыг тус тус харгалзан үзсэн бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх шаардлагагүй байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр /энэхүү шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0503 дугаар магадлалаар хэвээр үлдээснээр хуулийн хүчин төгөлдөр болсон/ Н.А Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоосны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/163 дугаар тушаалаар түүнийг 9 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн уг албан тушаалд томилсон атлаа 19-ний өдөр ажлын зайлшгүй шаардлагаар ерөнхий газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн шилжүүлэн томилсон нь дээрх шүүхийн шийдвэрийг хэлбэрийн хувьд биелүүлсэн төдий болсноос гадна нэхэмжлэгчийг томилмогцоо 1 хоногийн дараа өөр ажилд шилжүүлэх “зайлшгүй шаардлага” үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөн нэхэмжлэгчийг өмнө нь шүүхээр маргаж байх үед Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.А нэхэмжлэгч Н.А эгүүлэх тогтоох шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан чөлөөлсөн дүр үзүүлж, улмаар Н.А өөр ажилд шилжүүлсэн өдрөө буцаан үүрэгт ажилд нь томилж өнөөг хүртэл ажиллуулж байгаа нь хариуцагч шүүхийн шийдвэрийг бодитоор биелүүлээгүйн нотолгоо болно.  

Гэтэл Ш.А нь Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан эдийн засагч, нягтлан бодогч, төрийн удирдлага, эрх зүйч мэргэжилтэй байх, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт заасан “нийгмийн даатгалын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг тус тус хангахгүй, энэ талаар ч Авлигатай тэмцэх газраас түүнийг 2016 оны 10 сард анх томилохоос өмнө анхааруулж байсан нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/7228 дугаар албан бичгээр тогтоогддог.

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нэхэмжлэгч Н.А шилжүүлж, оронд нь гуравдагч этгээд Ш.А уг албан тушаалд томилсон нь хууль бус болох нь Авлигатай тэмцэх газраас Төрийн албаны тухай болон Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн томилгооны талаарх зөрчлийг арилгахыг хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З /2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 05/2526 дугаар албан бичгээр/, Төрийн албаны зөвлөлөөс ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй Ш.Алтанчимэгийг ажлаас чөлөөлүүлэх арга хэмжээг авахыг тус зөвлөлийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлийн дарга Г.Өнөрбаярт /2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 568 дугаар албан бичгээр/ тус тус үүрэг болгосноор нотлогдоно.  

Н.А Ажлын зайлшгүй шаардлагаар Сургалт, сурталчилгааны даргын албан тушаалд шилжүүлэн томилсон гэдэг ч энэ нь сул орон тоо биш байжээ.

Учир нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/239 тушаалаар Д.Э Тамгын газрын Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргаар 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн томилсон тушаал нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 447, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 543, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 341 дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн байгаагаас үзэхэд хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байсантай холбоотойгоор тухайн үед нэхэмжлэгчийг шилжүүлэн томилох үед Сургалт, сурталчилгааны хэлтсийн даргын албан тушаал нь сул орон тоо мэт байснаас бус бодит байдалд уг албан тушаалд ажиллаж байсан Д.Э зөрчигдсөн эрх шүүхийн шийдвэрээр сэргээгдсэн байна.

Н.А дээрх албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон 19-ний өдөр нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч хариуцагчид бичгээр гомдол гаргасан, цаг хугацааны хувьд тухайн албан тушаалд Д.Э эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байсан, мөн өөр ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулахтай холбогдуулан нэхэмжлэгчтэй харилцан тохиролцоогүй, энэ асуудлыг даргын зөвлөлийн хурлаар ч хэлэлцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 94 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын салбарын ажилтнуудыг сэлгэн болон шилжүүлэн ажиллуулах журам”-ын 5.4-т “ажилтныг шилжүүлэн томилох асуудлыг …өрсөлдүүлэн Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэнэ” гэж тус тус зохицуулсан байдаг.

Шилжүүлсэн ажлын байрны тодорхойлолтод мэргэжлийн шаардлагыг сургалт сурталчилгаа буюу маркетингийн менежер, сэтгүүлч байхаар зааснаас үзэхэд ч энэхүү шаардлагыг эрх зүйч мэргэжилтэй Н.А илүү сэтгүүлч мэргэжилтэй Ш.А хангахаар байна.

Шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 1/3616 дугаар албан бичгээр ямар зайлшгүй шаардлага үүссэний улмаас Н.А шилжүүлэх болсон талаарх тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч ирүүлээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах нь шүүхийн үүрэг хэдий ч хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй талаар уг зүйлийн 32.8-д заасан, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримтаар өгөхийг хүссэн баримт нь зөвхөн хийх ажлын төлөвлөгөө, өөрөөр хэлбэл энэ нь “…Н.А уг албан тушаалд зайлшгүй томилох ажлын шаардлага үүссэн…” гэх хариуцагчийн тайлбарыг нотлох баримт биш болно.

Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тамгыг авч зугтаасан гэж нэхэмжлэгчийг буруутгадаг ч энэ нь үндэслэлгүй болох нь нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 504 дүгээр тогтоолоор тогтоогдсон, өөрөөр хэлбэл Н.А туслах Б.Б ширээн дээр ил байсан тамгыг хувцасны шүүгээнд байсан дүрэмт хувцасны халаасанд хийснээ хүлээн зөвшөөрсөн, түүнд Н.А оролцоо байхгүй гэдэг нь холбогдох гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон тул түүнийг энэ үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлгүй.

2017 оны 9 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэх зөрчлийн тухайд ч Н.А нь шилжүүлэн томилсон тушаалыг эс зөвшөөрч хариуцагчид гомдол гаргасан байсан, үндсэндээ сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалыг хүчингүй болгох эсэх нь шилжүүлсэн тушаалыг хүчингүй болгуулах шаардлага хангагдах эсэхтэй шууд хамааралтай.

Харин гуравдагч этгээд Ш.А давж заалдах гомдлын тухайд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосныг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх санаачилгаараа өөрчлөн шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Анх Н.А Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан, иймд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр, хариуцагчийн тушаал ч энэ хүрээнд гарсан байдаг.

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаагүйг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                       Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН