Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01301

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01301

 

 

                                     Н.Б-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01415 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч .............т холбогдуулан гаргасан барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7814 дугаар захирамжаар Ц.Б, Н.Б нараас 252,239,933 төгрөгийг гаргуулж, “ГХПББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн өмчлөлийн ................ хаягт байрлах 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М Трейд” ХХК үнэлгээ тогтоохдоо хөрөнгийн зах зээлийн үнийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн.  Уг үнэлгээг тогтоосноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-т заасан нөхцөл үүссэн. Барьцааны эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэнээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн буюу өнөөдрийг хүртэл хугацаанд барьцааны хөрөнгийн үнэ ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон. Төлбөр төлөгч нь үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа зарын сайтуудаас үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон эх сурвалжийг хавсаргасан. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн 6% хувийн зээл, Арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлтэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их болж, үнэ өсөж байна. Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.5-д заасны дагуу барьцаа хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгох, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7814 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаа хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хураасан. Барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн саналыг талуудаас авсан боловч төлбөр төлөгч нь шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шинжээчээр “М Трейд” ХХК-ийг томилоход, шинжээч хөрөнгийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн.  Үнэлгээтэй холбоотойгоор төлбөр төлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан. 3 шатны шүүхээс “М Трейд” ХХК-ийн үнэлгээг хуулийн дагуу явагдсан гэж дүгнэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж шинжээчийн тогтоосон 244,500,000 төгрөгийн 70 хувиар тооцож 171,150,000 төгрөгөөр барьцааны хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Харин 2 дахь албадан дуудлага худалдаанд  үнэлгээчний үнэлсэн дүнгийн  50 хувь 122,250,000 төгрөгөөр оруулахад 195,000,000 төгрөгөөр ялагч тодорсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Н.Б болон Ц.Б нар удаа дараа үнэлгээтэй холбоотой гомдлыг холбогдох албан тушаалтнуудад гаргахад үндэслэлгүй гэж үзсэн. Одоо дахин үнэлгээ тогтоолгох, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 3 дахь удаа гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оролцсон бол тухай асуудлыг худалдан борлуулах, уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэсэн бол тухайн асуудлаар эд хөрөнгө худалдан борлуулах ажиллагаатай холбоотой шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй. Гомдол гаргах эрхээ алдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Б-ийн хариуцагч .............т холбогдуулан гаргасан барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хурааж, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “М Трейд” ХХК-аар үнэлгээг тогтоолгоход шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 244,500,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасан нөхцөл үүссэн. Барьцаа эд хөрөнгийн үнэлгээ хийгдснээс хойш 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн. Барьцааны эд хөрөнгө нь үнэлэгдсэн өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд ойролцоогоор 100,000,000 төгрөгөөр зах зээлийн ханш өсч үнийн дүнд өөрчлөлт орсон. Үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа зарын сайтуудаас үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон эх сурвалжууд буюу https://news.mn/r/2329260, https://www.barilga.mn/n/11739, https://itoim.mn/article/QrgHw/, www.Unegui.mn сайтаас авсан эх сурвалжуудыг хавсралт буюу баримтаар үзүүлэв. Барьцаа эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнийг тогтоолгоор хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн.

5.2 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэж буй ипотекийн 6 хувийн зээл, Арилжааны банкны өөрийн эх үүсвэрээр олгож буй бизнесийн зээл, Төрөөс хэрэгжүүлж буй жижиг дунд үйлдвэрлэлийн жилийн 3 хувийн хөнгөлтэй зээл хэрэгжиж эхэлснээс хойш үл хөдлөх эд хөрөнгө зах зээл дээр эрэлт их байна. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах, үнийн өсөлтын талаар албаны хүний мэдээллийг иш татаж үзвэл “Ипотекийн зээл гурван эх үүсвэрээр олгож байгаа гэж Х.Б сайд хэллээ. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 1639 айлд 114 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Өнгөрсөн оны мөн үед 708 айлд 54 тэрбумын зээл олгож байсныг бодоход зээл олголт нэмэгдсэн бөгөөд эх үүсвэр нэмэгдэж байгаа гэж тэрбээр тайлбарласан юм.” олон нийтэд мэдээлсэн, эх сурвалж нь өдрийн сонин.

 “М Трейд” ХХК нь барьцаа хөрөнгийн өнөөгийн зах зээлийн үнийг 244,500,000 төгрөг, буюу 1 кв.м талбайг 1,697,916 төгрөгөөр тогтоосон. Дээрх эд хөрөнгө нь одоогийн байдлаар 1 кв.м нь 2.024.226 төгрөг буюу 100.000.000 төгрөгийн өөрчлөлт орсон. Монгол улсад орон сууцны зах зээлийн ханшинд бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулан, тухайн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг гаргуулах, мөн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Улсын ерөнхий гүйцэтгэгчид гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлсэн. Иймд Монгол Улсад үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн ханшид бодитойгоор өөрчлөлт орсон гэж үзэж төлбөр төлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Зохигчид давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Нэхэмжлэгч Н.Б хариуцагч .............т холбогдуулан ................ын 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2019/07814 дугаар захирамжаар Ц.Б, Н.Б нараас 252,239,933 төгрөг гаргуулан, “ГХПББСБ” ХХК-д олгон, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ................ын 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч ............. хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулжээ. /хх37-47/

Талууд дуудлага худалдаагаар худалдах  үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “М трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч барьцааны хөрөнгийг 244,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх48/

Н.Б-ийн “М трейд” ХХК-ийн дээрх үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 102/ШШ2022/01774 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Мөн Ц.Б нь дахин “М трейд” ХХК-ийн барьцааны хөрөнгийг үнэлсэн дээрх үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 102/ШШ2021/00978 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1010 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна. Уг шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг тус шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдааны 001/ШХТ2021/00586 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх52-62/

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгоно гэж заасан.

Нэхэмжлэгч дээрх хуульд заасан үндэслэлээр дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид гаргасан байх боловч хөрөнгийн одоогийн үнэ анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлээ хуульд заасан журмын дагуу нотлоогүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн орон сууцны үнийн талаарх зарын сайтын мэдээллүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч нь “М трейд” ХХК-аас барьцаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнэлгээ тогтоосноос хойш хөрөнгийн үнэлгээнд бодит өөрчлөлт орсон нь https://news.mn/r/2329260, https://www.barilga.mn/n/11739, https://itoim.mn/article/QrgHw/, www.Unegui.mn зарын сайт, өдрийн сонин дээрх эх сурвалжуудаар нотлогдоно гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргаагүй байна.  Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гомдол үндэслэлгүй. /хх12-28/

5. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/09 дугаар “анхны албадан дуудлага худалдаа явуулах” тухай тогтоолыг хүчингүй болгох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1, 65 дугаар зүйлийн 65.1, 66 дугаар зүйлд заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2022/01415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                        

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                                              А.МӨНХЗУЛ