Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01300

 

 

 

 

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01300

 

 

                     Г.Б, Ц.Б нарын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/00872 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б, Ц.Б нарын хариуцагч Т.Т, Б.Д нарт холбогдуулан гаргасан ................ нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгах үндсэн, талуудын хоорондох 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Бын гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Хандармаа, хариуцагч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Д, Т.Т нар Г.Бтай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг 5 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн 20,000,000 төгрөгийг Г.Б, 20,000,000 төгрөгийг Ц.Б гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ................ хаягт байрлах хувийн сууцыг 1 өрөө орон сууцаар сольж уг орон сууцыг Г.Бд шилжүүлэхээр тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тухайн орон сууц дахин төлөвлөлтөд орсон байсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил ажил маш удаашралтай явагдсан, одоо Улсын комисс барилгыг хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарч эхэлсэн. Гэтэл Б.Д, Т.Т нар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг өгөхөөс татгалзсан. Анх 56,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, ................од байрших 34,22 мкв талбай бүхий орон сууцыг шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Г.Быг танихгүй, мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээ байгуулаагүй. Т.Тгийн төрсөн дүү Т.Ч н.Г, н.Б нартай хамтарч тендерийн ажил хөөцөлдөж байгаа, мөнгө хэрэгтэй хэн нэгнээс мөнгө зээлэхэд зуучилж өгөхийг олон удаа гуйсан.  Г.Т 2013 онд Ц.Баас 30,000,000 төгрөгийг дүү Т.Чад өгөхөөр амаар тохиролцсон. Т.Ч уг мөнгийг аваад н.Г 17,000,000 төгрөг, н.Бт 10,000,000 төгрөг өгч, өөрөө 3,000,000 төгрөг тус тус авсан гэж хэлсэн. 2014 онд дүү Т.Ч өвчилж Баянхонгор аймагт байх үед мөнгө зээлдүүлсэн Ц.Б нөхөж гэрээ байгуулъя гэхэд зөвшөөрөөгүй. Сүүлд Ц.Б нотариат дээр дагуулж очоод 30,000,000 төгрөг дээр 10,000,000 төгрөг нэмээд бичүүлчих гэсэн. Тухайн үед дүү Т.Ч төлөх ёстой гэж бодсон. Хариуцагч нар гэрээг анхааралтай уншиж судлахгүйгээр гарын үсэг зурсан, гэрээний хувийг өгөөгүй. Ц.Бтай гэрээ хийсэн гэж ойлгосон ба 5 сарын 8 хувийн хүүтэй зээл гэдгийг мэдээгүй. Гэтэл огт танихгүй Г.Б гэрээ байгуулсан гэж мөнгө нэхэмжилсэн. н.Г, Ц.Б нар хоорондоо гэрээ байгуулсан. 2015 онд н.Г 8,000,000 гаруй төгрөгийг хүүгийн хамт Ц.Бт төлсөн гэж 2 баримт өгч, өөр баримтууд байгаа гэж хэлсэн. н.Г нь 17,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөөд дуусгасан байх. Ц.Бтаас авсан мөнгөө н.Г төлж дуусгасан гэж ойлгож байна. Ц.Б, Г.Б нар хуйвалдаж хууль бусаар мөнгө авах гэж байна. Хариуцагч нарыг хуулийн мэдлэггүй, гэрээг уншиж нягталж хараагүй, гэрээний утга агуулгыг ойлгоогүй байдлыг далимдуулан Г.Б гэдэг хүнтэй хуурамч гэрээнд гарын үсэг зуруулж хуурч мэхэлсэн. Мөн н.Гын төлж дуусгасан мөнгийг давхар төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т.Т нь дүү Т.Чыг 2013 онд Ц.Баас 30,000,000 төгрөг зээлж авахад зуучилсан. Гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцсон. 2014 онд Ц.Б “Т.Ч мөнгөө өгөхгүй байна та нар төл, эсхүл гэрээ нөхөн хийж нотариатаар батлуулъя” гэхэд нь зөвшөөрөөгүй.  Сүүлд халшраад нотариат дээр очиход гэрээнд гарын үсгээ зур гэхээр нь уншилгүй гарын үсэг зурсан. Гэрээний хувийг өгөөгүй. Мөн гэрээнд гарын үсэг зурахын өмнө Ц.Б нотариатын өрөөнөөс хариуцагч нарыг гаргаж 30,000,000 төгрөг дээр нэмээд 10,000,000 төгрөг бичүүлчих гэснийг зөвшөөрөөгүй, зээлийн хүүгийн талаар яригдаагүй. Ц.Бтай Т.Чын нэрээр гэрээ хийсэн гэж ойлгосон. Талийгч дүү Т.Ч Ц.Баас 30,000,000 төгрөг аваад найз Д.Г 17,000,000 төгрөг, А.Бт 10,000,000 төгрөг, өөрөө 3,000,000 төгрөг авсан гэж хэлсэн. Энэ тухай Ц Бт хэлэхэд А.Б багын найз учраас түүнээс авахгүй гэсэн. Д.Гыг Ц.Бтай уулзуулж тэр хоёр гэрээ байгуулсан. 2015 онд Д.Гтой уулзахад 8,000,000 гаруй төгрөгийг хүүгийн хамт Ц.Бт төлчихсөн гэж төлбөрийн хоёр баримт өгсөн ба өөр олон баримт байгаа гэж хэлсэн. н.Г 17,000,000 төгрөгийг хүүгийн хамт Ц.Бт төлж дуусгасан гэж ойлгож байна. Ц.Б талийгч Т.Чад мөнгө өгөхдөө бичгээр гэрээ хийгээгүй атлаа нэг жилийн дараа нөхөж хийсэн гэрээнд хүү авахаар бичсэн нь үндэслэлгүй. Ц.Б, Г.Б нар хүү авахаар залилан мэхэлж үгсэн хуйвалдсан гэж ойлгогдож байна. 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээ хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй. Ц.Б нь Т.Чтай 2013 онд амаар хийгдсэн хэлцлээ халхавчлах зорилгоор 1 жилийн дараа өөр хүний нэр дээр нөхөн хийлгэсэн, хуурч мэхэлсэн, дүр үзүүлэн хийсэн, ноцтой төөрөгдөлд оруулж гэрээнд гарын үсэг зуруулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх заалтыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Ц.Б 2013 оны 03 дугаар сард өөртөө газар худалдаж авч байхдаа Т.Ттой танилцсан. Тухайн үед Т.Т Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны хэсгийн ахлагч хийж байсан. н.Чинзориг бид хоёр хамтарч 14 дүгээр хороо, Консулын 14 дүгээр гудамж, 367 тоот 631 м.кв газрыг худалдаж авахад зуучилж өгсөн. 2013 оны 11 дүгээр сард Т.Т дахин холбогдож нэг газар байгаа авах уу гэж ярьсан. Ц.Б үүнийг зөвшөөрч мөнгө өгч эхэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Т.Т “миний төрсөн дүү Т.Ч “Номгон Хайрхан” ХХК-ийн захирал бөгөөд тендерт орох гээд мөнгө дутаад байна, чиний тус болоод байна гэж ирсэн. Ингээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 1/139 тоот 2 өрөө байрыг ББСБ-ын 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Үлдсэн 20,000,000 төгрөгийг Г.Баас 3 сарын хугацаатай авахаар болсон. Ингээд нэхэмжлэгч нар 20,000,000 төгрөгийг Т.Т, түүний дүү Т.Ч нарт бэлнээр өгсөн. 2014 оны 4 дүгээр сард Г.Б гэрээний хугацаа нь дуусаад мөнгөө шаардаж эхэлсэн. 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. Э.Баас бэлэн авсан 20,000,000 төгрөг, Ц.Бын байрыг зээлийн барьцаанд тавьсан 10,000,000 төгрөг, тус хугацаанд газар авахаар Т.Тд бага багаар цувуулан өгч байсан 10,000,000 төгрөгийг өгч дууссан. Гэвч худалдах газар бүтэхгүй байна гэхээр нь 30,000,000 төгрөгийн зээл дээр газрынхаа 10,000,000 төгрөгийг нэмж 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг Г.Бтай байгуулсан. Хэрэв зээл төлөгдөхгүй тохиолдолд Т.Т дахин төлөвлөлтөнд орж захиалсан байрнаасаа 1 өрөө байр өгч, зээл барагдуулах талаар гэрээнд тусгасан. Гэвч энэ хугацаанд захиалсан байр ашиглалтанд орохгүй 2018 он хүрсэн. 2018 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст гомдол гаргаж Т.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж гэмт буруутайд тооцсон. Т.Т худалдсан гэх 10,000,000 төгрөгийн үнэ бүхий 260 м.кв газрыг өөрийн төрсөн охин Д.Д-ийн нэр дээр шилжүүлсэн байсан нь шүүхээр тогтоогдсон. 2019 оны 5 дугаар сард албадан дуудлага худалдаагаар нэхэмжлэгч Ц.Бын эзэмшлийн 2 өрөө байр зарагдсан. Д.Г, А.Б нарыг таньдаггүй байсан, эдгээр хүмүүстэй гэрээ байгуулаагүй. Т.Ттой үгсэн нийлж удаан хугацааны туршид төөрөгдөлд оруулан, цаг хугацаа алдахад нөлөөлсөн. Т.Т 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 106000059575 тоот дансанд 10,020,000 төгрөгг тушаасан ба нэхэмжлэгч уг мөнгийг түр хугацаанд авахаас татгалзсан. Учир нь нэхэмжлэлд дурдсан дүнд орсон гэжээ. 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Д-ийн тайлбарт: Дахин төлөвлөлтөд орсон байранд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хууль ёсны дагуу хамтран өмчлөх эрхтэй болсон. Нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаанд ороогүй тул шүүх эрх ашгийг хохироохгүйгээр шийдвэрлэнэ гэж бодож байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан үндэслэлгүй тул Б.Д, Т.Т нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204119293 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 123а байр 32 тоотод байрлах 34,22 мкв талбай бүхий орон сууцны өмчлөх эрхийг Г.Бын нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Г.Б, Ц.Б нарын үндсэн нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-д заасан үндэслэлгүй тул Г.Бд холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай хариуцагч Т.Т, Б.Д нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 438,000 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 437,950 төгрөгийг тус тус улсын орлоГ үлдээж шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч Ц.Бын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

7.1. Б.Д, Т.Т нар анх Г.Бтай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдэн авах зээлийн гэрээг байгуулсан. Гэрээнд заасан энэ мөнгөний 20,000,000 төгрөгийг Г.Б, 20,000,000 төгрөгийг би гаргасан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ................ хаягт байрлах хувийн сууцыг нэг өрөө орон сууцаар сольж уг орон сууцыг Г.Бд шилжүүлж өгөхөөр тохролцсон. Гэрээнд дурьдсан байр нь дахин төлөвлөлтөд орсон байр байсан, “Моннис Урбан Девелопмент” ХХК гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж орон сууцны барилгын ажил маш удаашралтай, олон жил дамжин хэрэгжиж, одоо ашиглалтанд орж айлуудаа оруулж эхэлсэн. Улсын комисс барилгыг хүлээн авч өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарч эхэлсэн. Ц.Б нь 2013 онд өөртөө газар худалдаж авах үедээ Т.Ттой танилцаж байсан. 2013 оны 11 сард мөнгө өгч эхэлсэн. 2013 оны 12 дугаар сарын 2б-ны өдөр Т.Т төрсөн дүү Т.Ч нь “Номгон Хайрхан” ХХК-ийн захирал бөгөөд тендерт орох гээд мөнгө хэрэгтэй байна туслаач гэж гуйсан учраас Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо 1/139 тоот 2 өрөө байрыг ББСБ-т 10,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, 20,000,000 төгрөгийг баз хүргэн болох Г.Баас 3 сарын хугацаатай зээлдэн авахаар болж Т.Т, түүний дүү Т.Ч нарт бэлнээр өгсөн. Гэрээний хугацаа дуусаад Т.Т, Б.Д нард мөнгөө төлөхийг шаардахад 6 сарын хугацаа өгөхийг хүссэн. Энэ хугацаанд Г.Б нь гэрээ хийхийг шаардаж 2014 оны 04 сарын 17-ны өдөр зээлийн гэрээ хийж, нотариатаар батлуулсан. Гэтэл шүүхээс хариуцагч Т.Т, Б.Д нарыг гуравдагч этгээд болох Т.Чын бусдад төлбөл зохих зээлийн гэрээний үүрэгт Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д зааснаар баталгаа гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан. Талуудын байгуулсан гэрээ нь хууль зөрчсөн, хууль бус гэрээ. Учир нь гэрээний талуудын эрх, үүрэг адил тэгш байх зүйтэй. Талуудын байгуулсан гэрээ нь төөрөгдөлд орж гарын үсэг зурсан, залилсан зэрэг хүчин төгөлдөр бус гэрээний шинжийг агуулсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй. Гэрээний дагуу Т.Чын мөнгө төлөгдсөн. Хэрэгт Г.Бын дансанд 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд 7,000,000 төгрөг авсан гэж тайлбар хэлсэн. Мөн иргэний болон эрүүгийн хэргийн шүүхэд 8,600,040 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 10,000,000 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан. Иймд мөнгийг төлсөн атал орон сууц нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Б, Ц.Б нар хариуцагч Т.Т, Б.Д нарт холбогдуулан ........... хаягт байршилтай 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч Г.Бтай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараахи үйл баримт тогтоогджээ.

Б.Д, Т.Т нар 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Г.Бтай 40,000,000 төгрөгийг 5 сарын хугацаатай, сард 8 хувийн хүүтэй зээлдэн авах, зээлийн төлбөрийг ........... хаягт байршилтай газарт Нийслэлийн захирагчийн албанаас хэрэгжүүлж буй хотын дахин төлөвлөлтийн дагуу захиалгаар баригдах 33 м.кв 1 өрөө орон сууцаар барагдуулах тухай гэрээ байгуулсан байна. /1хх3/

 Дээрх гэрээнд дурьдсан 1 өрөө орон сууц буюу ........... 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Д 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, Д.Д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус бүртгэгджээ. /2хх6-10/

4. Нэхэмжлэгч нараас хариуцагч нарт мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгсөн талаар бичгийн баримт авагдаагүй, талуудын хооронд ирээдүйд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, арилжааны гэрээний аль аль нь байгуулагдаагүй, зээлийн гэрээний үүргийг худалдах худалдан авах гэрээний үүргээр сольсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь Т.Т, Б.Д, Г.Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний талаар “Э.Баас бэлнээр авсан 20,000,000 төгрөг, Ц.Бын байрыг зээлийн барьцаанд тавьсан 10,000,000 төгрөг дээр газрын 10,000,000 төгрөгийг нэмж 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээг хариуцагч нар Г.Бтай байгуулсан” гэж тайлбарласан.

Гэрээнд дурдсан 40,000,000 төгрөгийн 10,020,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч Т.Тг “газар зарна гэж залилан мэхэлж авсан” гэх үндэслэлээр гомдол гаргаснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2019/ШЦТ/850 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 831 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 599 дугаар тогтоолоор Т.Тгоос хохиролд 10,020,000 төгрөг гаргуулан, Ц.Бт олгохоор шийдвэрлэжээ. Хариуцагч Т.Т нь дээрх шийдвэрт дурьдсан 10,020,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бт шилжүүлэн өгсөн байна. Уг мөнгөн дүн нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд дурьдсан 40,000,000  төгрөгөөс хасагдаж тооцогдоно гэж талууд тайлбарласан болно. /1хх30-41, 65-66/

Талуудын тайлбар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Б, Т.Т, Б.Д, Г.Б нарын өгсөн мэдүүлэг зэргээс үзэхэд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Ц.Баас 30,000,000 төгрөгийг Т.Ч зээлдэн авахад нь хариуцагч Т.Т зуучилсан, Т.Ч 30,000,000 төгрөгийг хүлээн авсан, тэрээр 2018 онд нас барсан, 30,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөг нь нэхэмжлэгч Г.Бынх болох нь тогтоогджээ. /2хх38-45, 52-59/

5. Хариуцагч Т.Тгийн “Т.Ч 30,000,000 төгрөгийг аваад н.Г 17,000,000 төгрөг, н.Бт 10,000,000 төгрөг өгч, өөрөө 3,000,000 төгрөгийг авсан .., гэх тайлбарын талаар дараах баримт хэрэгт авагдсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Д.Г “... А.Б ах Т.Тгийн дүү Т.Чаас 30,000,000 төгрөг авсан талаар мэдсэн, би Б ахтай уулзаад 20,000,000 төгрөг авснаас 3,000,000 төгрөгийг Б ахад буцааж өгсөн, өөрийн авсан 17,000,000 төгрөгийг хугацаа тохироод өгье гэхэд зөвшөөрсөн, түүнээс хойш увуулж цувуулсаар 8,630,000 төгрөг Ц.Б ахад өгсөн, үлдэгдэл мөнгийг хоорондоо ярилцаж байгаад өгөлцөж авалцана.., ” гэж, гэрч А.Б “... н.А бид хоёр Т.Чаас авах 30,000,000 төгрөгийн авлагадаа 10,000,000 төгрөг авсан учраас Бт төлбөр төлөхгүй ...” гэж, хохирогч Ц.Б “... Г.Баас 20,000,000 төгрөг зээлсэн байсан болохоор баталгаа болгоод Т.Т, Б.Д нартай уулзуулж 40,000,000 төгрөг Г.Баас зээлсэн гэж гэрээ байгуулуулсан. Би 2013 оны 12 сард мөнгөний хэрэг болоод Т.Тгоос 2,000,000 төгрөг авсан, Т.Тгийн дүү Т.Чын надаас авсан 30,000,000 төгрөгийг авсан гэх Д.Гтой уулзаж байгаад 5,000,000 төгрөг авсан, Т.Т, Т.Ч нарт өгсөн 40,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөг авсан ...,” гэж тус тус мэдүүлжээ. /2хх4850-51, 64/

Дээрх гэрчүүдийн мэдүүлэг, талуудын тайлбарыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан дүгнэхэд хариуцагч Б.Д, Т.Т,  нэхэмжлэгч Г.Б нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ бодитойгоор байгуулагдаагүй, Г.Б нь уг гэрээний дагуу хариуцагч нарт мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй байна. Харин Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан “Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргасан” гэж үзэхээр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн “хариуцагч нар нь гуравдагч этгээд болох талийгаач дүү Т.Чын бусдад төлбөл зохих зээлийн гэрээний үүрэгт баталгаа гаргасан” гэх дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээний тал биш атлаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Бын нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасныг баримталсан нь оновчгүй байгааг залруулах нь зүйтэй.  

6. Хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2. 56.1.3, 58 дугаар зүйлийн 58.2.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэгэнт талуудын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй учраас байгуулагдаагүй гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох боломжгүй юм. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хууль хэрэглээ болон нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2022/00872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... 265 дугаар зүйлийн 265.1, 236 дугаар зүйлийн 236.1.3-д ...” гэснийг “... 281 дүгээр зүйлийн 281.1 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ц.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438,000 төгрөгийг улсын орлоГ үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.НЯМБАЗАР

    ШҮҮГЧИД                                         М.БАЯСГАЛАН

                                                         А.МӨНХЗУЛ