Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01299

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             “ЭК” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/01231 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “ЭК” ХХК-ийн хариуцагч Г.Э холбогдуулан гаргасан 2008 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн ......... тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр 183,150 доллар буюу 521,832,811 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “ЭК” ХХК нь П.Э эй 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ........ тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулж, .............. 3 өрөө орон сууцыг 161,500 ам.доллар, автомашины гараашийг 5,000 ам.доллар, НӨАТ 16,650 ам.доллар нийт 183,150 ам.доллараар худалдах, худалдан авахаар тохиролцсон. Хариуцагч нь гэрээний төлбөрт тоосгоны бүрэн автомат тоног төхөөрөмжөөр бартераар төлөхөөр тохиролцсон боловч үүргээ биелүүлээгүй. Г.Э нь 2010 оны 6 сараас хойш гэрээнд заасан орон сууцыг хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ гаргуулсан боловч төлбөрөө төлөхгүй нэхэмжлэгчийг хохироож байна. “ЭК” ХХК, Г.Э нар 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж 183,150 ам.долларын үлдэгдэлтэй болохыг баталж, Г.Э ийн нөхөр Ч.П гарын үсгээ зурсан боловч тохиролцсон тоног төхөөрөмжийг шилжүүлээгүй. “РК” ХХК-д лиценз өгсөн гэдгийг мэдэхгүй, “ЭК” ХХК-д хамааралгүй гэж үзэж байна. “ЭК” ХХК тусгай зөвшөөрлийг 2007 онд авсан байсан. Байр 2009 онд ашиглалтад орсон, хариуцагчийн 2008 байр ашиглалтад орсон гэдэг нь үндэслэлгүй. “ЭК” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн шүүх /хуучин нэрээр/-д талуудын хооронд байгуулсан ........ тоот гэрээг цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П “ЭК” ХХК-ийн захирал С.Н-тай тохиролцож эвлэрэх боломж олгож шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нэхэмжлэлийн 183.150 ам.долларыг 2 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 сарын 08-ны өдрийн 1418 дугаартай захирамжаар баталсан. Уг шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ажиллаагаа хийгдэж Г.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П нар төлбөрийг 2013 оны 04 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаа мэдэгдсэн. Г.Э, түүний нөхөр Ч.П нар нь талуудын хооронд байгуулсан ........ дугаартай гэрээний 2.1-д заасан орон сууцыг 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Ж.Г-т худалдаж, орон сууц бусдын өмчлөлд шилжсэн тул гэрээг цуцалж, гэрээний зүйлийг биет байдлаар буцаан авах боломжгүй болсон. Иймд 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ........ тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 183,150 ам доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх өдрийн Монгол банкны ам.долларын төгрөгтэй харьцах 2,849.21 төгрөгийн ханшаар тооцож хариуцагч Г.Эээс 521,832,811 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: “ЭК” ХХК-тай байгуулсан 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ......... тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. “ЭК” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан гэж хүлээн зөвшөөрч 2010 оны 11 сарын 30-ны өдөр 01/20102 дугаар албан тоотуудыг Хан-Уул дүүргийн улсын Улсын бүртгэлийн газарт явуулж байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 6 сард Г.Э олгосон. 2007 оны 08 дугаар сард тус компанийн захирал С.Н-тай уулзаж ашигт малтмалын лицензийн 2 ордыг авахаар ярилцсан. Ордыг ашиглахад сорьц дээж аваад шинжилгээ өгч ашиглаж болох байдлыг тодорхойлж, лиценз авах эрх үүсдэг гэдгийг хэлсэн. С.Н нь Маршал таунд байр өгнө хамт яваад байраа үзчих гэсний дагуу үзсэн. Байрны дотор засал ороогүй дутуу байсан. Ингээд Баянзүрх дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцаа худалдаж тухайн байранд өөрийнхөө хөрөнгө, мөнгөөр засвар хийсэн. Тоосгоны автомат тоног төхөөрөмжийг төлбөрт өгөхөөр тохиролцоогүй, ийм асуудал яригдаагүй. “РК” ХХК-д лиценз өгсөн нь “ЭК” ХХК-д хамааралтай. С.Н, С.Б нар төрсөн эгч дүү бөгөөд С.Б-ы нөхөр нь К.П нь “РК” ХХК-ийн захирлаар ажилладаг. “ЭК” ХХК, “РК” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шаардлагатай бүх үйл ажиллагааг хийж шилжүүлсэн нь хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдоно. Харин 2013 оны үед захирал С.Н “санхүүгийнхэн хэл ам хийгээд байна, хэдэн төгрөг нэмж өгөх боломж байна уу” гэхэд нь өрөнд авсан тоосгоны тоног төхөөрөмж, 12 тн ачааны машиныг авах тухай бичиг хийж өгсөн. Анх хэлэлцэж тохирсон гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн тул тооцоо дууссан. “ЭК” ХХК төмрийн үйлдвэр хайлуулах цех байгуулахад туслаач гээд үйлдвэр барих газар Төв аймаг руу зохицуулж өг гэсэн. Үүний дагуу “ЭК” ХХК-д Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 118 га талбай газартай, ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007.03.22-ны өдрийн ...... тоот захирамжаар барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газар, Г.Бы эзэмшлийн “РК” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Шаварт хөндий гэх нэртэй газарт байрлах түгээмэл тархац бүхий 109.92 га талбайтай ..... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар зэргийг “ЭК” ХХК-ийн нэр дээр буюу С.Н болон түүний төрсөн эгч С.Бы гэр бүлийн хүн “РК” ХХК-ийн захирал К.П нарт тусгай зөвшөөрлийн талбай бүхий 2 лицензийг нэр дээр нь гаргаж өгсөн. Тохиролцсоны дагуу тухайн газрын төлбөр тооцоо, үйл ажиллагааны зардал, төлбөрийг өөрөө гаргаж төлж барагдуулсан ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Тусгай зөвшөөрөлтэй газарт хийх ашигт малтмал, тоосгоны шавар, барилгын чулуу, сорьцод шинжилгээ хийх зэрэг бүх ажлуудыг өөрийн зардлаар хийсэн. С.Н хариуцагчийг орон сууцны өмчлөгч мөн болохыг зөвшөөрсөн. Нэхэмжлэгч нь 2012 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагчийг эвлэрсэн мэтээр гэрээнд хуурамч гарын үсэг зурснаас шалтгаалж шүүгчийн захирамж гарсан байсан. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Үүнээс маргаан гарч, энэ талаар шүүхийн тогтоол, шийдвэрүүд гарсан.

Ашигт малтмалын хуулиар тухайн лиценз төлбөр төлөгдөөгүй бол тодорхой хугацааны дараа хүчингүй болдог. “ЭК” ХХК тусгай зөвшөөрлийн газрынхаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас цуцлагдсан. Үүний дараа лицензгүй болчихлоо гэж маргаан үүсгэсэн. Нэгэнт “ЭК” ХХК-ийн нэр дээр гарчихсан төлбөрийг өөрсдөө хариуцах ёстой бөгөөд хариуцагч үүнд буруугүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “ЭК” ХХК-аас хариуцагч Г.Э холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 521,832,811 /таван зуун хорин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга найман зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ЭК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,767,115,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Шүүх хэрэгг авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд, талуудын 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн ......... тоот “орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэг тал нь орон сууц захиалгын дагуу захиалагч шилжүүлэх, нөгөө тал нь орон сууцны төлбөрийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон бөгөөд тус гэрээнд хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэх замаар төлбөр төлөх тухай тохиролцоо байдаггүй, хавтаст хэрэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой баримт байдаггүй.

“Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийн нөхцөлийг өөрчлөх тохиолдолд талууд гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлт оруулан өөрчлөхөөр заасан боловч энэ талаар баримт хавтаст хэрэгт байхгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй байхад анхан шатны шүүхээс хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар харилцан тохиролцсон байна гэж дүгнэж, нотлох баримт үнэлэх журмыг илтэд зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Хариуцагч болон анхан шатны шүүхээс орон сууцны төлбөрт хайгуулын тусгай зөвшөөрөл болон 2 га газар өгсөн гэжтайлбарладаг боловч тус хайгуулын тусгай зөвшөөрөл болон 2 га газрыг нэхэмжлэгч “ЭК” ХХК нь 2008 оны 01 дугээр сарын 11-ний өдрийн “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас өмнө төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрийн нэр дээр гаргуулан авсан болох нь нотлох баримтаар маш тодорхой харагддаг. Гэтэл шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. “ЭК” ХХК 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3 жилийн хугацаатай, ...... дугаартай “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг эрх бүхий байгууллагаас авсан. Мөн 2007 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн Сумын Засаг даргын ...... тоот шийдвэрээр 2 га газрыг “ЭК” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “ЭК” ХХК нь 2008 оны “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ” байгуулахаас өмнө буюу 2007 онд уг тусгай зөвшөөрөл болон 2 га газар эзэмших эрхүүдийг олж авсан байхад шүүхээс 2008 онд талуудын хооронд байгуулсан ......... тоот гэрээний төлбөр оруулсанд тооцож хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Хариуцагч талаас хайгуулын тусгай зөвшөөрөл болон 2 га газрыг эзэмших эрхтэй байсан боловч орон сууцныхаа төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч хариуцагч талыг эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт авагдаагүй.

4.2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбарыг илтэд мушгин гуйвуулан, хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг зөвшөөрсөн мэтээр дүгнэсэн тухайд, нэхэмжлэгч, хариуцагч нар тоосгоны тоног төхөөрөмж аваагүй, хариуцагч тал нэхэмжлэгчид тоног төхөөрөмж өгөөгүй гэдгээ удаа дараа шүүх хуралдаан дээр тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байдаг. Гэтэл шүүх зохигчид тоосгоны тоног төхөөрөмж өгч, авалцсан гэж дүгнэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас С.Б болон С.Н нар эгч дүүс, К.П нь С.Бы нөхөр гэж тайлбарлаж байгаагүй. Харин ч К.П гэдэг хүнийг танихгүй гэж тайлбарласан боловч шүүхээс “нэхэмжлэгч тал маргаагүй” гэж огт үндэслэлгүй, нотлох баримтгүй дүгнэлт хийсэн. Хэрэгт С.Б, С.Н нарыг эгч дүүс болох тухай, К.П нь С.Бы нөхөр гэх баримт байхгүй байхад нотлох баримтад суурилалгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

4.3. Хариуцагч талаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх, тоосгоны тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг өгсөн гэж тайлбарладаг боловч дээрх эрх болон эд зүйлсийг нэхэмжлэгч “ЭК” ХХК-д шилжүүлсэн, хүлээлгэн өгсөн тухай баримт хэрэгт байдаггүй. Тусгай зөвшөөрөл болон тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдийг 2007-2011 оны хооронд шилжүүлсэн өгсөн гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч болон хариуцагч талууд 201 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, тус баталгаанд “...тус хос байгуулпагын хооронд 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2012 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бүртгэлийн дэпгэрэнгүй ба хураангүй бүртгэпийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд Г.Э нь 183,150 ам.долларийн өртэй гарсныг харилцан батлав" гэж заасны дагуу 2012 оны 04-р сарын 09-ны өдөр хүртэл Г.Э нь орон сууцны төлбөрөө огт төлөөгүй, орон сууцны төлбөрийн оронд ямар нэгэн эрх, тусгай зөвшөөрөл, хөрөнгө шилжүүлээгүй болохоо баталсан. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцагч тал нь 183,150 ам.долларыг төлнө, хугацаа олгох гэсэн утга бүхий тайлбар орон сууцыг нэхэмжлэгч компанид хүлээлгэн өгч байсан үйл баримт байдаг боловч шүүхээс тус нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Тусгай зөвшөөрлийг “ЭК” ХХК болон “РК” ХХК-ийн нэр дээр гаргаж өгсөн. Тусгай зөвшөөрлийг гаргахтай холбоотой зардалыг хариуцагч компани төлсөн. “ЭК” ХХК-ийн захирал С.Бы нөхөр К.П болох талаар нэхэмжлэгч тал маргадаггүй. Тодорхой ажил үүрэг гүйцэтгэж орон сууцыг авсан, төлбөр тооцоо дууссан талаар “ЭК” ХХК-ийн захирал н.Н 2011 оны 11 дүгээр сард тохиролцож орон сууцын өмчлөх эрхийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлд төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн талаар давж заалдах гомдолд дурдаагүй зүйл ярьж байна. Энэ талаар хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол байдаг. Г.Э, Ч.Пд холбогдох шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлээгүй үйлдлийг цагаатгасан. 1992 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд лицензийг барьцаалах, шилжүүлэх, худалдах эрхтэй. С.Н захирлын хүсэлтийн дагуу 3 ажлыг хийж бүрэн хийж гүйцэтгэсэн. Тоног төхөөрөмжийн хувьд “ЭК” ХХК нь 45 хүний автобус авсан ба тус автобус нь эвдэрч Маршал тауны хашаанд байдаг. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны шийдвэрийн хувьд, н.Оюун шүүгч Шүүхийн ёс зүйн хорооны хуралд “би энэ асуудлыг мэдээгүй, чи надад хэлэх байсан” гэж хэлсэн. Г.Эийн гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон. 2006 оноос эхлэн тухайн лиценз, газруудын зардал төлбөрийг гаргасан. Бид үүргээ бүрэн гүйцэтгэж, бүх зардал, төлбөрийг төлж уг орон сууцыг авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч “ЭК” ХХК, хариуцагч Г.Э холбогдуулан 2008 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн ......... тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр 183,150 доллар буюу 521,832,811 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2008 оны 01 дүгээр сарны 11-ний өдөр .......... 170 м.кв 2 орон сууц, мөн гараашийг нийт 166,500 ам.доллараар худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд орон сууц, гараашийг шилжүүлэн өгсөн тухайд талууд маргаагүй. Харин орон сууцны үнэ төлөгдсөн эсэх, төлбөрийн нөхцлийн хувьд маргаантай байна. /1хх8-10/

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... гэрээний төлбөрт Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 118 га талбайтай ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Хан-Уул дүүргийн Шаварт хөндий гэх газарт байрлах түгээмэл тархац бүхий 109,92 га талбайтай ..... дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газрыг өгөхөөр тохиролцож, “ЭК” ХХК-ийн нэр дээр буюу захирал С.Н, түүний төрсөн эгч С.Бы гэр бүлийн хүн “РК” ХХК-ийн захирал К.П нарын нэр дээр шилжүүлж, гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн...,” гэж маргасан.

“ЭК” ХХК-ийн нэр дээр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 118 га талбайтай ...... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. /хх139-1....../

Зохигчдын хэн аль нь төлбөрийн нөхцөл, орон сууцны үнэ төлөгдсөн эсэх талаар өөрөөр тайлбарлаж байна. Хариуцагч “... “А трейд” ХХК-ийн нэр дээр байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “ЭК” ХХК-руу шилжүүлсэн” гэж тайлбарладаг. Гэтэл хэрэгт “ЭК” ХХК-ийн эзэмшилд маргаан бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэгдэхээс өмнө “А трейд” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байсан эсэх, хариуцагч буюу хамаарал бүхий этгээдээс эрх бүхий байгууллагад энэ талаар хүсэлт гаргаж байсан эсэх, өөрөөр хэлбэл, хариуцагчийн “төлбөрт тооцож өгсөн” гэх ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд “ЭК” ХХК-ийн эзэмшилд хэрхэн шилжсэн талаарх үйл баримтууд тодорхойгүй. /2хх177-178/

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт байрлах барилгын материалын үйлдвэрийн зориулалттай 2 га газрын эзэмших эрх анх хэний нэр дээр олгогдсон, хэний эзэмшлээс хэрхэн шилжсэн талаар нотлох баримтгүй, үүнийг тодруулах шаардлагатай. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.П “2007 оноос өмнө бид хамтын ажиллагаатай байсан, 2 га газрыг эзэмших, ашиглах талаар Газрын албанд хүсэлт гаргаж, материал бүрдүүлж байсныг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн ...” гэж тайлбарлах боловч хэрэгт маргаан бүхий газрын эзэмшил ашиглалтын талаарх түүхчилсэн лавлагаа, баримт авагдаагүй байна.

5. Мөн хариуцагчийн “гэрээний төлбөрт нэхэмжлэгчид 45 хүний суудалтай Лимузин маркийн автобус өгсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул уг автобусны үнийг орон сууцны үнэд оруулан тооцох эсэх талаар мэтгэлцүүлэх шаардлагатай.  

Дээр дурдсан нөхцөл байдал нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Хэргийн нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 184/ШШ2022/01231 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,767,115 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР

                   ШҮҮГЧИД                                  М.БАЯСГАЛАН

                                                                 А.МӨНХЗУЛ