Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2022/01231

 

 

 

 

 

     2022          04         14                                    184/ШШ2022/01231

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э” ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Э-т холбогдох

2010 оны 01 сарын 11-ны өдрийн 000184 тоот орон сууцны  барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр 183150 доллар буюу 521,832,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнсанаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана, хариуцагчийн өмгөөлөгч Л.Батжаргал, гэрч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч П.Э-тэй 2010 оны 01 сарын 11-ний өдөр 00197 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг байгуулан, гэрээний 2.1-т заасны дагуу Хан-Уул дүүргийн 19-р хороо /хуучнаар 11-р хороо/ Маршал хотхоны 254-р байрны 1-2 тоот 2 өрөө орон сууц мөн байрны 1-3 тоот 3 өрөө орон сууцыг  161,500 ам доллар, автомашины гаражийг 5,000 ам доллар нийт 166,500 ам доллар, гэрээний 3.3-т заасан НӨАТ 16,650 ам доллар нийт 183,150 ам доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болно. Хариуцагч нь тус   орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний  төлбөр  183,150 ам долларыг тоосгоны бүрэн автомат тоног төхөөрөмжийн бартер төлөхөөр харилцан тохиролцсон боловч үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн.   Г.Э нь 2010 оны 6 сараас хойш гэрээнд заасан орон сууцыг хүлээн авч, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр авсан боловч төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй “Э” ХХК-ийг хохироож байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК болон хариуцагч Г.Э нар 2012 оны 4 сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж 183,150 ам долларын үлдэгдэлтэй байгааг хоёр талаас баталж, хариуцагч Г.Эийн нөхөр Ч.Пүрэвзана нь гарын үсгээ зурсан боловч тохиролцсон тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч талд шилжүүлээгүй. Р ХХК нд лиценз  өгсөн  гэдгийг  мэдэхгүй  “Э” ХХК-д хамааралгүй гэж үзэж байна. “Э” ХХК-ийн хувьд бол тусгай зөвшөөрлийг 2007 онд өөрсдөө авсан байсан юм баримтаар  нотлогдоно.  Маргаан  бүхий  байр 2009 онд ашиглалтад орсон байдаг   гэтэл хариуцагч нар 2010 онд орсон гэдэг нь үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн зүгээс Хан-Уул дүүргийн шүүх /хуучин нэрээр/-д талуудын хооронд байгуулсан 00197 тоот гэрээг цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2012 оны 10 сарын 19-ны өдрийн шүүх хурал дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана нь “Э” ХХК-ийн захирал С.Нтай тохиролцож байгаад эвлэрэх боломж олгож шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан, улмаар 2012 оны 11 сарын 06-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулан нэхэмжлэлийн 183.150 ам.долларыг 2 хуваан төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэрээг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 11 сарын 08-ны өдрийн 1418 дугаартай захирамжаар баталсан.

Дээрх 1418 тоот шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 138 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч хариуцагч Г.Э, түүний нөхөр Ч.Пүрэвзана нарыг 2013 оны 03 сарын 07-ны өдөр дуудан эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах акт, шийдвэр гүйцэтгэлийн тэмдэглэл зэргийг үйлдсэн байдаг бөгөөд Г.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг 2013 оны 04 сарын 05-ны өдөр төлж барагдуулахаа мэдэгдэж гарын үсгээ зурсан байдаг.

Хариуцагч Г.Э, түүний нөхөр Ч.Пүрэвзана нар нь талуудын хооронд байгуулсан 00197 дугаартай гэрээний 2.1-д заасан орон сууцыг 2013 оны 03-р сарын 07-ны өдөр иргэн Ж.Галтбаярт худалдсан тул гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд шилжсэн  байгаа учир гэрээ цуцалж, гэрээний зүйлийг биет байдлаар буцаан авах боломжгүй болсон.

Иймд хоёр талын байгуулсан 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 000184 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 183,150 ам доллар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх өдрийн Монгол банкны ам.долларыг төгрөгтэй харьцах 2,849.21 төгрөгийн ханшаар тооцоход нийт 521,832,811 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт буруутай этгээд болох Г.Эээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч “Э” ХХК-тай байгуулсан 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 000184 тоот “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний төлбөрийг бүрэн төлсөн. “Э” ХХК нь  биднийг гэрээний үүргээ биелүүлсэн, орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан   гэж хүлээн зөвшөөрч 2010 оны 11 сарын 30-ны өдөр  01/2010.72 дугаар албан тоотуудыг Хан-Уул дүүргийн улсын Улсын бүртгэлийн газарт явуулж тус байрны   үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2010 оны 6 сард Г.Эт олгосон юм.    

2007 оны 08 дугаар сард Эы захирал С.Н, бидний хооронд уулзалт болж надад байсан “ашигт малтмалын лицензийн 2 орд”-ыг  авахаар ярилцсан, ордыг ашиглахад сорьц дээж аваад шинжилгээ өгч ашиглаж  болох байдлыг тодорхойлж дараа нь лиценз авах эрх үүсдэг гэдгийг хэлсэн. С.Н  надад  Маршал таунд байр өгье  хамт яваад байраа үзчих гэсний дагуу   үзсэн. Байранд дотор засал ороогүй дутуу байсан. Би өөрийн Баянзүрх дүүрэгт байрлах 3 өрөө орон сууцаа зараад тухайн байранд өөрийнхөө хөрөнгө, мөнгөөр засвар хийсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн яриад байгаа Тоосгоны автомат тоног төхөөрөмж төлбөрт өгнө гэж тохиролцоогүй 2007, 2010 онд ийм асуудал    яригдаагүй юм .Тэр үед  энэ залуучууд байгаагүй  болохоор мэдэхгүй байна. Мөн Р ХХК-нд лиценз өгсөн нь Эко - констракшн ХХК нд хамааралгүй гэж байна. Энэ нь хамааралтай юм. С.Н, С.Б нар төрсөн эгч дүү нар, С.Бы нөхөр нь К.Пүрэв бөгөөд “Р” ХХК-ний  захирал нь юм.

“Э” ХХК, “Р” ХХК-нд тус тус Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шаардлагатай бүх үйл ажиллагааг хийж   шилжүүлж өгсөн энэ нь хэрэгт ирүүлсэн баримтаар нотлогдоно.

Харин 2013 оны үед захирал С.Н намайг дуудаад манай санхүүгийнхэн хэл ам хийгээд байна, чи хэдэн төгрөг нэмж  өгөх боломж байна уу гэхэд өрөнд авсан тоосгоны тоног төхөөрөмж, 12 тн  ачааны машин, байгаа тэрийг ав гэж би бичгээр хийж өгсөн. Бидний хооронд анх хэлэлцэж тохирсон гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн учир С.Н бидний хооронд тооцоо дууссан юм.

Улмаар ... “Э” ХХК төмрийн үйлдвэр хайлуулах цех байгуулах гэсэн юм чи боломж бололцоогоороо туслаач гээд үйлдвэр барих газар Төв аймаг руу зохицуулж өг гэсэн.  Үүний дагуу  “Э” ХХК-д Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах 118 га талбай газартай, 13088Х тоот хайгуулын тусгай зөвшөөрөл,

Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007.03.22-ны өдрийн 40 тоот захирамжаар мөн сумын нутаг дэвсгэрт барилгын материалын үйлдвэрийн зориулалтаар 2 га газар,

            Г.Баярсайханы эзэмшлийн “Русккий констракшн” ХХК-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Шаварт хөндий гэх нэртэй газарт байрлах түгээмэл тархац бүхий 109.92 га талбайтай XV-015239 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар зэргийг

“Э” ХХК-ийн нэр дээр буюу С.Н болон түүний төрсөн эгч С.Бы гэр бүлийн хүн “Р” ХХК-ийн захирал К.Пүрэв нарт тусгай зөвшөөрлийн талбай бүхий 2 лицензийг нэр дээр нь гаргаж өгсөн.     

Би ярьж тохирсон ёсоор тухайн газрын төлбөр тооцоо үйл ажиллагааны зардал, төлбөрийг өөрөөс гаргаж төлж барагдуулсан ажлаа 100 хувийн гүйцэтгэлтэй хийсэн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн  тохирсон  хөлс төлөх үүргийг  тус тус  хүлээхээр хууль заасан байдаг. Бидний хувьд тусгай зөвшөөрөлтэй газарт хийх ашигт малтмал, тоосгоны  шавар,  барилгын  чулуу, сорьцод шинжилгээ хийх зэрэг бүх ажлуудыг өөрийн зардлаар хийсэн юм. Нэхэмжлэгч  талд  хүссэн тусгай зөвшөөрлийг гаргаж эзэмшилд нь шилжүүлсэн   тул анх тохирсон гэрээний дагуу орон сууцны барилгыг худалдах худалдан авах эрх үүссэн.    

С.Н ч орон сууцны өмчлөгч мөн болохыг зөвшөөрсөн. Манайх  тухайн  байранд дотор заслаа өөрсдөө хийгээд улсын комисс хүлээн авахаас өмнө орсон  байсан. Одоо байр зарагдсан. Энэ тухай шүүхийн шийдвэр ч гарсан байдаг. 

2012 онд нэхэмжлэгч нь шүүхэд хандсан ба нэхэмжлэгч тал биднийг  эвлэрсэн мэтээр гэрээнд хуурамч гарын үсэг зурснаас шалтгаалж шүүгчийн  захирамж гарсан байсан. Шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа   явуулсан байдаг. Тэр бүх ажиллагаанаас маргаан гарч байсан. Энэ талаар   шүүхийн тогтоол шийдвэрүүд гарсан.

Энэ хэрэг маргаан яагаад үүссэн бэ гэхээр ашигт малтмалын хуулиар тухайн лиценз төлбөр төлөгдөөгүй бол тодорхой хугацааны дараа хүчингүй болдог. Тухайн үеийн даргын тогтоол шийдвэрийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. “Э” ХХК тусгай зөвшөөрлийн газрынхаа төлбөрийг хугацаанд нь төлөөгүй учраас цуцлагдсан байдаг энэ тухай нотлох баримт байгаа. Үүний дараа бид лицензгүй болчихлоо гээд маргаан үүсгэсэн. Нэгэнт Эы нэр дээр гарчихсан төлбөрийг өөрсдөө хариуцах ёстой бид буруугүй болно. 

Иймд Г.Э болон бидний зүгээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 521,832,811 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй  болгож   өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарууд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Г.Эт холбогдуулан 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 000184 дугаартай “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг” цуцлах тухай нэхэмжлэлийг 2012 оны  05  сарын 19-нд шүүхэд гаргаж байсан байна.  

Нэхэмжлэгч  нь хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны  явцад  нэхэмжлэлийн  шаардлагаа өөрчилж “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний  үнэ  183150 ам доллар буюу нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн 2021 оны 12 сарын 03-ны өдрийн Монгол банкны ам долларыг төгрөгтэй харьцах 2,849,21 төгрөгийн ханшаар тооцож нийт 521,832.811 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. / 2-р хх-ийн  45-49 /

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь: “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана миний бие болон манай “Амирлан трейд” ХХК-ний зүгээс ажил гүйцэтгэх гэрээний дагуу  тохиролцсон үүргээ биелүүлж  төлбөрийг бүрэн  барагдуулсан тул  2010 оны  6 сард  Г.Э  Маршал хотхон 254-р байрны  нэг давхарт 1-2 тоот 2 өрөө, 1-3 тоот  3 өрөө, орон сууцны өмчлөгч болсон гэж тайлбарлаж байна. 

Шүүх  нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй  гэж үзлээ. 

            Зохигчдын тайлбарууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд дараах  байдал тогтоогдож байна. 

Талууд 2010  оны 01 сарын 11-ний өдөр  000184 дугаар “Орон сууцны барилга худалдах, худалдан авах” гэрээг 2007 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэж бичсэн гэрээний дагуу / бичвэрийн  алдаа гэж үзсэн/  5 сарын  хугацаатай  байгуулж,  нэхэмжлэгч “Э” ХХК нь тус гэрээний 2.1-д заасан /Маршал хотхон 254-р байрны нэг давхарт 1-2 тоот 2 өрөө, 1-3 тоот 3 өрөө, мкв үнэ 950$, сууцны барилгын талбай 190 мкв, бүгд үнэ 161,500 ам доллар, автомашины гараж 5,000 ам доллар нийт 166,500 ам доллараар худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн гэрээгээр нотлогдож байна.

            Гэрээний 4.5-д “Худалдан авагч талаас байрны төлбөр 100 хувь төлөх хүртэл байрны хууль  ёсны  өмчлөгч “Э” ХХК  байна” гэж, ... 5.1-д “Худалдан авагч тал төлбөрөө 100 хувь төлөхөөс өмнө тухайн байрыг худалдах...эрхгүй” гэж тус тус тохирсон байна. /1-р хх-ийн 8-10 дугаар тал /

Талууд орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон орон сууцны дотор заслыг хариуцагч өөрийн  зардлаар хийсэн гэдэгт тус тус маргаагүй болно.

Нэхэмжлэгчээс: “...хариуцагч  гэрээний  үүргийг  биелүүлээгүй...  орон сууцаа бусдад зарсан тул 000184 тоот орон сууцны барилга худалдах, худалдан авах   гэрээний төлбөр 166,500 ам доллар, гэрээний 3.3-т заасан НӨАТ 16,650 ам доллар нийт 183,150 ам доллар буюу нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх өдрийн Монгол банкны ам.долларыг төгрөгтэй харьцах 2,849.21 төгрөгийн ханшаар тооцож нийт 521,832,811 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй  гэж,

            Хариуцагчаас: “Э” ХХК-ний захирал С.Нтай ярилцаж тохирсон ёсоор орон сууцны дуусаагүй байсан барилга худалдан авах,

С.Н нь УБ,СБД, 4-р хороо, Сөүлийн гудамж, Богдхангай өргөтгөл гэх  хаягт оршин суудаг бөгөөд тэдний “Э” ХХК, төрсөн эгчийн нөхөр К.Пүрэвийн эзэмшлийн “Р” ХХК-д доорх

-Төв аймгийн Аргалант сумын  нутаг дэвсгэрт байрлах 118 га талбай газар, талбайн нэр Шаварт-2, Лицензийн 13088Х дугаарын хайгуулын тусгай зөвшөөрлийг  2007.12.24-нд, / 2 дугаар хавтаст хэргийн 53 дугаар тал/

-Мөн аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2007.03.22-ны өдрийн 40 тоот   захирамжаар тус сумын нутаг дэвсгэрт “Барилгын материалын үйлдвэрийн  зориулалтаар 2 га газар,

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Шаварт хөндий гэх нэртэй газар байрлах түгээмэл тархац бүхий 109,92 га талбайтай ХV-015239 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий орд газар зэргийг тус тус байрны үнэнд тооцож шилжүүлж  өгсөн  тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж  тус тус маргаж байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.3 дахь хэсэгт гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулжээ.

            Талуудын хооронд 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан  000184 тоот  “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-гээр Хан-Уул дүүргийн 19-р хороо /хуучнаар 11-р хороо/ Маршал хотхоны 254-р байрны 1-2 тоот 2 өрөө орон сууц мөн байрны 1-3 тоот 3 өрөө орон сууцыг 161,500 ам доллар, автомашины гаражийг 5,000 ам доллар нийт 166,500 ам доллараар худалдах, худалдан авах, мөн худалдан авагч нэмэгдсэн өртгийн албан татварыг хууль, тогтоомжид заасны дагуу төлөхөөр тохиролцсон байна.

Энэхүү гэрээний дагуу худалдагч тал орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэн өгсөн байх бөгөөд худалдан авагч тал худалдан авсан эд хөрөнгийн үнийг тодорхой эрх буюу хайгуулын тусгай зөвшөөрөл шилжүүлэн өгөх замаар төлөх үүрэг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр зохицуулжээ.

Нэхэмжлэгч  “Э” ХХК нь гэрээнд заасны дагуу хариуцагч нарт тус гэрээний 2.1-д заасан /Маршал хотхон 254-р байрны 1-2 тоот 2 өрөө,  1-3  тоот   3 өрөө, мкв үнэ 950$, сууцны барилгын талбай 190 мкв, бүгд үнэ 161,500 ам доллар, автомашины гараж 5,000 ам доллар нийт 166,500 ам долларын үнэ бүхий орон сууцны барилгаа шилжүүлэх үүргээ хариуцагч нь орон сууцны барилга худалдан авсан үнэд тохиролцсон зүйл болох “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг шилжүүлэн өгөх, тодорхой ажил гүйцэтгэх замаар үүргээ    биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ, хайгуулын тусгай зөвшөөрөл, тус газарт “Сорьцонд  байгалийн цацраг идэвхжил тодорхойлуулах төлбөрийг тус тус “Амирлан трейд” ХХК төлж байсан баримт / 1-р хх-ийн 44-54,107 дүгээр тал /,

“Амирлан трейд” ХХК нь ASME-MON ХХК-ний хооронд 2010.10.18-нд байгуулсан  Геодези,байр зүйн зургийн ажил гүйцэтгэх тухай аж ахуйн 08/28 дугаар гэрээ, / 2-р хх-ийн 100-110 дугаар тал/

-Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана нь “Амирлан трейд” ХХК-ний хувь нийлүүлэгч болохыг нотолсон баримт, /2-р хх-ийн 147-154 дүгээр тал      

- “Э”  ХХК-д 2007.12.24 нд  “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дугаар 13088Х, 118 гектар талбайтай УБ-9011115001 тоот гэрчилгээг 3  жилийн хугацаатай олгосон баримт,  /хх 139-140 дүгээр тал/

-“Э” ХХК-аас 2009.05.12-ны өдрийн №09/126 тоот албан  бичгийг  “ШУА-ийн физик Техникийн Хүрээлэнгийн Цөмийн Фикикийн Судалгааны газарт” хандан “Сорьцонд байгалийн цацраг идэвхжил тодорхойлуулах тухай” хүсэлт явуулж байсан баримт, /2-р хх 58,59 дүгээр тал/ 

            -2010 онд Төв аймгийн Аргалант сум Шаварт-2 талбайд хийж гүйцэтгэсэн  хайгуулын ажлын тайлан 21 хуудас баримт, 

-2009.05.20-нд Барилга Архитектур корпораци Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг захиалагч “Э” ХХК-д ирүүлсэн баримт, / 2-р хх 58/

-2010 онд Шаварт-2 талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайлан, Шурцийн баримтжуулалт, буюу хайгуулын шугамын зүсэлт гэх ажлын тайлан,

Шүүх хуралд оролцсон гэрч Б.Энхбаярын “ ... СХД-ийн Эмээлт дэх... карьерийн геодезийн ажлыг захиалагч “Э” ХХК-ийн геологичоор  ажиллаж байсан ажлын хөлс төлбөрийг “Амирлан трейд” ХХК буюу Ч.Пүрэвзана  төлдөг байсан” гэх мэдүүлэг,   

-2009 оны 11 сарын 13-нд  “Экоконстракшн”  ХХК-ийн захиалгаар  ASME-MON ХХК-ний 09/15 тоот байгуулсан гэрээний  дагуу геодезийн ажил хийж байсан тухай  2010 оны техникийн тайлан гэх ногоон хавтастай 19  хуудас  баримт ирүүлсэн, 2009 оны ажлын тайлан, “Э” ХХК-ний таван толгойн карьерийн зураг        зэрэг бичгийн баримтууд

-2012 онд тоосгоны тоног төхөөрөмж, 12 тн даацтай, ачааны машиныг нэмж өгсөн гэх хариуцагчийн тайлбартай нэхэмжлэгч маргаагүй болно. / 2-р хх-ийн 61-75/

“Р” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Шаварт хөндий гэх газарт N24130 дугаарт бүртгэгдсэн, ХV-015239 дугаартай хайгуулын лицензийг 2009 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эзэмшиж байсныг Геологи уул уурхайн яамны Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаар тушаалаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүггээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр цуцалжээ.

Хариуцагч Г.Эрдэнцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвзана /хариуцагчийн нөхөр/ нь “Амирлан трейд” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, мөн  гүйцэтгэх захирлаар  ажиллаж байсан бөгөөд тус компани  “Төв аймгийн Аргалант сумын нутаг “Шавартын ам” гэх газар 2006 оны 4 дүгээр сарын 28-нд олгогдсон хайгуулын лиценз эзэмшиж байсан, нэхэмжлэгч Э” ХХК –д 2007 оны 12 дугаар сарын 24-ны өдөр шилжүүлсэн, өөрийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажил, байгаль орчны үнэлгээ зэрэг ажлуудыг гүйцэтгүүлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.  /2-р хх-ийн 190, хайгуулын ажлын тайлан гэх баримт/

Нэхэмжлэгч “Э” ХХК-ны ерөнхий захирал С.Н, гүйцэтгэх захирал С.Б, түүний нөхөр нь “Р” ХХК-ны захирал К.Пүрэв нар ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байжээ.

“Э” ХХК-ийн захирал байсан С.Н, захирал С.Б нар төрсөн эгч,  дүүс, “Р” ХХК-ийн захирал К.Пүрэв нь С.Бы нөхөр болох нь хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг бусад баримтаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргахгүй байна. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болохоор зохицуулсанаас үзэхэд хариуцагчийн гэрээний үүргийг биелүүлсэн гэх тайлбар үндэслэл бүхий байна.

“Р “ХХК-ийн захирал К.Пүрэв болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр  тогтоогдсон байна.  /2-р хх-ийн 169-191 дүгээр тал/ 

Нэхэмжлэгч “Э” ХХК нь гэрээний үүргийн биелэлтийн дагуу  авсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг ашиглаж байх явцдаа   хуульд заасан тусгай зөвшөөрлийн эхний жилийн болон ээлжит жилийн   төлбөрүүдээ  урьдчилан төлөөгүйгээс тусгай зөвшөөрлүүд нь цуцлагдсан болох  нь  доорх  баримтуудаар тогтоогдож байна.  Үүнд:  

2009.10.28-нд Ашигт малтмалын газраас “Р” ХХК-ний захирал К.Пүрэвт  ...  тусгай зөвшөөрлийн  Төлбөр  11 ам долларыг 10 өдрийн  дотор  тушаах үүрэгтэйг мэдэгдье, ... төлбөрөө төлөөгүй бол тусгай зөвшөөрөл олгох тухай  шийдвэр хүчингүй болохыг анхааруулъя гэх бичиг хүргүүлж байсан байна. /2-р хх-ийн 54 дүгээр тал /  

          Ашигт малтмалын газар Геологи,уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011.04.21 ний өдрийн 367 тоот шийдвэрээр АМТХ-ын 25.1-д заасныг хангаагүй гэх үндэслэлээр Нэхэмжлэгч “Э” ХХК-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” гэх бичигт аж ахуйн нэгжийн нэрсийн 9 дүгээрт   өргөдлийн дугаар ХҮ-013088, “Э ХХК “Шаварт-2” хүсэлт хүлээн авахаас татгалзав гэх,

           мөн 2012.06.06-ны өдрийн 396 дугаар шийдвэрээр “Р” ХХК-ны ХҮ-015239 дугаар 2009.11.04-нд “Шаварт хөндий” гэх талбайд олгосон тусгай зөвшөөрлийн төлбөрийг урьдчилан төлөөгүй тул тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. /2-р хх 54-55 дүгээр тал/

              Талууд гэрээний үүргээ дүгнээд үүрэг дуусгавар болсон талаар:  

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал С.Н нь УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн  01/2010.77, 01/2010.78 дугаартай албан бичгүүдээр иргэн Г.Э нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Маршал таун” хотхоны 254 дүгээр байрны 1а, болон 2 тоотын үнийг бүрэн төлж барагдуулсан тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хүссэн баримтаас дүгнэхэд  талуудын хооронд 2010 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан 000184 тоот “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлтэй байна. /2-р хх-ийн 56, 57/

            Хариуцагч үүргээ биелүүлээд маргаан бүхий байрны өмчлөгч болсон бөгөөд улмаар бусдад худалдсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан 2016 оны  3 сарын 24-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн  анхан  шатны  шүүхийн 102/ШШ2016/02440 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.   / 2-р хх-ийн 28-29 дүгээр тал/,

Харин нэхэмжлэгч талаас гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж маргааны  үндэслэлээ нотлохоор “Э” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ,   Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт, Улсын комиссын акт, 2012.11.08-ны өдрийн 1418 дугаар захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  явуулж  байсан  тухай тэмдэглэлүүд зэрэг баримтууд ирүүлсэн байна. /1-р хх-ийн  6, 11-14-19,164-190 дугаар тал, 2-р хх-ийн 51 дүгээр тал/

Нэхэмжлэгчээс хариуцагчийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх тайлбар нь доор дурдсан баримтуудаар үгүйсгэгдсэн.

2021 оны 02 сарын 25-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 183/ШТ2021/00053 дугаар тогтоолоор 2012 оны 11 сарын 08-ны өдрийн 1418 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, / 1-р хх-ийн 59, 231-233 дугаар тал/  

          2016 оны 03 сарын 24-ний өдрийн Баян-гол, Хан-Уул, Сонгинохайрхан  дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02440 дугаар  шийдвэр, /2-р хх-ийн  28-29 дүгээр тал/,

          2014 оны 7 сарын 24-ний өдрийн 934 тоот Дүүргийн эрүүгийн хэргийн анхан  шатны 2-р шүүхийн Цагаатгах тогтоол зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолуудаар няцаагдаж байна. /2-р хх-ийн 161-166 дугаар тал/

           Нэхэмжлэгч “Э” ХХК-ийг Улсын бүртгэлд 2007.07.25-нд бүртгэсэн гэрчилгээ ирүүлсэн ба гэрчилгээг дахин олгосон он сар 2007.08.02, 2013.8.5 гэх ба гүйцэтгэх захирлаар С.Быг томилсныг бүртгэсэн /2-р хх-н 51/

Компаний тухай хуулийн  83  дугаар зүйлийн  83.8-д  “Гүйцэтгэх  удирдлага нь  төлөөлөн  удирдах зөвлөлөөс олгосон  эрх хэмжээний    хүрээнд  хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл гүйцэтгэх удирдлага солигдсоноор хуулийн этгээдийн эрх  үүрэг өөрчлөгдөхгүй, тухайн үед нэхэмжлэгч “Э” ерөнхий захирал, хувьцаа эзэмшигч байсан С.Н 2010 оны 01 сарын 11-ний өдрийн 000184 дугаартай “Орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлсэнийг нотолсон, эд хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй. 

Компанийн тухай хуулийн арван нэгдүгээр бүлэгт их хэмжээний хэлцэл, түүнийг хийхтэй холбоотой асуудлыг зохицуулсан, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.4 дэх хэсэгт, компани нэг өмчлөгчтэй бөгөөд уг этгээд гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх тохиолдолд энэ хуулийн арван нэгдүгээр бүлгийн заалт хамаарахгүй  байхаар заасан байх бөгөөд нэхэмжлэгч “Э” ХХК нь нэг өмчлөгчтэй байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шаардлагын  үндэслэлээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийнхөө үнийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр няцаагдаж байна.

Иймд нэхэмжлэгч “Э” ХХК нь Г.Эт холбогдуулан  гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 521,832,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь компанид хохирол учирсан гэж үзвэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1, 84.6, 84.7 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэх эрх  нээлттэй  болохыг  дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  2,767,115,00 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “Э” ХХК-иас хариуцагч Г.Эт холбогдуулан  гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 521,832,811 /таван зуун хорин нэгэн сая найман зуун гучин хоёр мянга найман зуун арван нэгэн/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,767,115,00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй  бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Л.ОЮУНЦЭЦЭГ