Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 97

 

    

 

 

 

                                 П.Даваадоржид холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                                   Прокурор   Д.Ганцэцэг

                                         Ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэн                                                                                       Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 66/а дугаартай  шийтгэх тогтоолд ялтны өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор, П.Даваадоржид холбогдох эрүүгийн 201615000145 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Богд суманд 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр баг “Өлзийт хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гүн нарийн овгийн Пүрэвсүрэнгийн Даваадорж /Регистрийн дугаар  ЙД87120119/

П.Даваадорж нь согтуурсан үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр үл ялих зүйлээр шалтаглан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, мөн давтан үйлдлээр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүх, Пүрэвсүрэнгийн Даваадоржийг бусдыг илтэд хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн, догшин авирлаж, давтан үйлдлээр, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хүнд ял болох 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял болох 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг багтааж,  П.Даваадоржийн биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн  хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар  П.Даваадоржид оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар  П.Даваадоржийн цагдан хоригдсон 48 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хохирогч Н.Ариунбатад 700000 төгрөг, хохирогч Б.Өсөхжаргалд 3091000 төгрөг тус тус төлсөн, хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар П.Даваадоржийн эзэмшлийн 1200000 төгрөгийн үнэ бүхий 20 тооны ямааг битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн  дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг заан, давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Даваадоржид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Ялтан П.Даваадоржийн өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 66а дугаар шийтгэх тогтоолоор П.Даваадоржид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4, 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан заалтыг анхан шатны шүүхийн тогтоол хангахгүй байна. П.Даваадоржийг үл ялих зүйлээр шалтаглан догшин хэрцгий авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж давтан үйлдлээр зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж улсын яллагч яллаж, шүүх ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн байцаан  шийтгэх хуулийн 80, 94, 95, 284 дүгээр зүйлүүдийг ноцтой зөрчиж, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийг буруу  хэрэглэж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх үндсэн хуулийн зарчимд харшаар ял шийтгэл оногдууллаа. П.Даваадоржид холбогдох хэргийг шалгаж, хянасан, шийдвэрлэсэн мөрдөн  байцаагч, прокурор, шүүгч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг гарсан байдлыг тогтоосонгүй” нэг цаг хугацаанд болсон үйл явдлыг зарим нь өдөр зарим нь шөнө болсон мэтээр салгаж дүгнэж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх гэсэн хүсэл сонирхол үйлчилсэн байна. Мөн гэмт хэргийг хэн хэдийд үйлдснийг тогтоохдоо энэ хэргийн хохирогч, гэрч болж байгаа Н.Ариунбат, Б.Өсөхжаргал, А.Болор-Эрдэнэ, А.Өлзийжаргал, Г.Баттулга, Б.Батжаргал, М.Чинзориг, Х.Батмөнх бүгд архидан согтуурч өөр хоорондоо маргалдаж, тэмцэлдсэн байхад ганцхан шүүгдэгч П.Даваадоржийг нийгмийн хэв журмыг ганцаараа зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хэрэгт нэг талыг буюу зөвхөн Даваадоржийг буруутгах баримтыг үнэлсэн нь Үндсэн хуулийн тулгуур зарчим, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Энэ хэргийн гэрч А.Болор-Эрдэнэ, А.Өлзийжаргал, Г.Баттулга, Б.Батжаргал, М.Чинзориг, Х.Батмөнх нарын мэдүүлэг өөр хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаж, хөдлөшгүй нотлох баримтаар хүнд ял шийтгэл оногдуулах хуулийн шаардлагыг дээрх тогтоол хангахгүй” байна. П.Даваадоржийг үл ялих зүйлээр шалтаглаж танхайрсан гэх дүгнэлтийг мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нар хийхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль зүйн шинжлэх ухааны талаас нь үнэлсэнгүй.

Шүүгдэгч П.Даваадорж нь Монгол улсын үндсэн хуульд заасан халдашгүй эрх чөлөөтэй иргэн. Гэтэл түүнийг эд хөрөнгө эрх чөлөөнд нь халдсан Н.Ариунбат,                   Б.Өсөхжаргал нарын үйлдлийг үл ялих зүйл гэж үнэлж байгаа нь түүнийг нийгмээс ялгаварлан гадуурхаж байна гэсэн дүгнэлтэнд хүргэж байна. Энэ бүхнээс дүгнэлт хийж үзвэл П.Даваадоржид ял шийтгэл оногдуулахдаа шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганцэцэг гаргасан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн, ялтан П.Даваадоржийн өмгөөлөгч П.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна...гэв.

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан тайлбартаа:

П.Даваадоржид ял шийтгэл оногдуулахдаа анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг зөвтгөж өгнө үү гэсэн гомдлоо дэмжиж байна. Мөн П.Даваадорж нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэргэлэн ялыг хөнгрүүлж өгнө үү.... гэв.

ХЯНАВАЛ:

2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт П.Даваадорж нь согтуурсан үедээ цагдаад мотоцикль хураалгалаа гэх зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлан Н.Ариунбатыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан,

 Өвөрхангай аймгийн Богд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт 2016 оны 04 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө олон нийтийг илтэд үл хүндэтгэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үл ялих зүйлээр шалтаглан иргэн Б.Өсөхжаргалын нүүрэн хэсэгт заазуураар 3 удаа зүсч, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан

Хохирогч Б.Өсөхжаргалын “... 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр би Батжаргалын мотоциклийг унаад Батжаргал миний араар сундлаад бид хоёр сумын төв орсон. ...Батжаргал бид хоёр Жанцадмид гэдэг айлын хашааны гадаа 11 цагийн орчимд мотоцикльтойгоо очсон.  Тэдний гадаа ... Өлзийжаргал, Баттулга хоёртой таарсан. Манай айлын Өлзийжаргал надаас өмнө сумын төвд ирсэн байсан юм... Тэгээд Өлзийжаргал, Баттулга, Батжаргал, бид нар Жанцадмидын гадаа 2 мотоцикьтой яваад очсон чинь  араас П.Даваадорж  Чинзориг хоёр мотоцикльтой хүрээд ирсэн.  ...П.Даваадорж бид нар дээр ирэнгүүт ямар ч үгийн зөрөөгүй  миний нүүрэн тус газарт гараараа цохиод авсан. Би тэгэхээр нь уурлаад Даваадоржийг яагаад байгаа юм бэ гэж хэлээд барьж аваад хавсарч унагаагаад дээр нь гараад суусан. Гэтэл Даваадорж хөлөөрөө миний нүүр рүү тийрсэн чинь миний хамраас цус гарсанБи тэгэхээр нь зөрүүлээд Даваадоржийн чихийг нь хазаад авсан.... бид хоёр салсан чинь Даваадорж  Жанцадмид гэх айл руу гүйгээд орчихсон юм. ... би хамт явсан хүмүүстэй  хамраас гоожсон цусаа арилгах гээд хашааных нь  гадаа сууж байсан чинь Даваадорж тэр айлаас  заазуур барьж ирээд миний араас  дагз руу барьж явсан заазуураараа цохиод авсан, ... би сөхрөөд унасан чинь  мөрөн дээрээс барьж аваад татаж байгаад нүүр рүү заазуураараа  цохиод авсан тэгээд би ухаан алдсан...нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан... бид хоёрын урьд маргаж байгаагүй, өс хонзонгийн зүйл байхгүй. Даваадорж бол биедээ гэмтэл аваагүй.  Би Даваадоржид зодуулнаасаа болж толгойн ар болон  дагз шилэн хүзүүндээ 2 газарт зүсэгдсэн шарх  авч олон оёо тавиулсан.Мөн зүүн нүднийхээ зүүн талд  дээрээс доош уруудсан 8 см орчим зүсэгд шарх авч оёо тавиулсан. Хамрын баруун хэсэг, баруун талын хацарны доод хэсэгт хөндлөн 6 см орчим зүсэгдсэн  шарх авч оёо тавиулсан зэрэг гэмтлүүд авсан. Тэгээд Богд сумын эмнэлэгт  2 хоног, аймгийн эмнэлэгт 6 хоног тус тус хэвтэж эмчлүүлсэн...”  /хх-ийн 24-25х/ гэсэн,

Хохирогч Н.Ариунбатын  “...Би 2016 оны 04 дүгээр сарын 21-нд 20 цагийн орчимд тоглолт үзэх  гээд явж байсан чинь сумын төвийн гом гудамжинд  Даваадорж, Чинзориг  хоёртой таараад Даваадорж надад мотоциклио орхиод Чинзоригтой сундлаад явсан. Би Даваадоржийн мотоциклийг унаад Соёлын төвийн авто зогсоол дээр ирсэн чинь хэсгийн төлөөлөгч  намайг согтуу байна гээд мотоцикль журамлачихсан.  Тэгээд тоглолт үзчихээд ... Батмөнх ахтай сундлаад гэртээ хүргүүлсэн чинь Даваадорж хашааны гадаа байснаа надаас мотоцикль яав гэж асуухаар нь цагдаад хураалгачихлаа гэсэн чинь намайг шууд татаж унагаагаад толгой руу нэг удаа өшиглөөд дэвссэн. ... зугтаад айлд очиж хоноод өглөө боссон чинь нүүр битүү хавдчихсан байсан. Хамар хугарсан... Өвөрхангай аймаг руу явж  5 хоног үзүүлээд ирсэн... “/хх-ийн 43х/ гэсэн, 

 гэрч С.Батмягмарын “...Богд сумын иргэн Бадамхандын Өсөхжаргал нь 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шөнө 00 цагт Богд сумаас БОЭТөв-ийн гэмтлийн тасагт ирж хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Тэгээд 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан. Тухайн хүний биед нүүрэн хэсэгт нилэнхүйдээ зүсэгдсэн шархтай байсныг оёдол тавьсан байсан. Ясандаа бол хүрээгүй байсан. Би 4 хоног хэвтэхэд эмчлэгч эмч нь байсан юм. Өсөхжаргалын биед нүүр хэсэг зүсэгдсэн шархтай, толгойн ар хэсэгт зүсэгдсэн шархтай байсан ба толгой нь доргилттой байсан. Өөр ямар нэгэн гэмтэлгүй байсан. Иргэн Өсөхжаргалын биед учирсан гэмтэл шарх нь шинэ гэмтэл шарх байсан. Тухайн маргааны үед заазуурдуулсан гэх шарх байсан. Хуучин шарх бол байгаагүй. Иртэй зүйлээр зүсэгдсэн шарх байсан...” /хх-ийн 74-75х/ гэсэн,

гэрч Б.Ганбаярын “...Өсөхжаргал нь зүүн гар талын хөмсөгнөөс доош 7см орчимд иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн хамрын самалдагнаас дээд уруул хамтдаа 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Мөн арын дагзны хэсэгт икс хэлбэрийн тус бүрийн 6 см орчим иртэй зүйлээр зүсэгдсэн. Цус их алдсан биеийн байдал хүнд шоконд орчихсон ирсэн...” /хх-ийн 76х/ гэсэн,

гэрч А.Өлзийжаргалын “...Даваадорж ганцаараа мотоцикльтой ирж зогсоод Өсөхжаргал, Батжаргал хоёрыг цохихоор нь би боль яах гээд байгаа юм гээд дундуур нь ортол намайг шанаа хэсэгт 1 удаа гараараа цохихоор нь салгахаа больчихсон. Даваадорж хашаанаас гарч ирээд Өсөхжаргалын толгой руу цохих шиг болсон. Тэгсэн чинь Баттулга ирээд Даваадоржийн гараас заазуурыг нь салгаад хашаа давуулаад чулуудсан гэсэн. Өсөхжаргалын биенээс цус их гарсан ёолоод хэвтэж байсан...” /хх-ийн 78-80х/ гэсэн,

гэрч Г.Баттулгын “...Даваадорж Өсөхжаргалыг заазуурдсан байдалтай байсан. Өсөхжаргалын гарт заазуур байхаар нь аваад хашаа давуулаад шидсэн. Өсөхжаргал үхэхнээ гээд газар сөхрөөд суучихсан байхаар нь очсон чинь нүүр нь цус болчихсон байхаар нь Өлзийжаргалын хамт дундаа тавиад эмнэлэг орсон...” /хх-ийн 81-82х/ гэсэн,

гэрч Б.Батжаргалын “...Даваадорж мотоцикльтой ганцаараа ирээд намайг заамдаад авахаар нь би цааш нь түлхсэн чинь намайг түлхдэг хэн бэ гээд дахиад намайг барьж авах гэсэн чинь Өсөхжаргал дундуур ороод боль гэж хэлсэн чинь Даваадорж Өсөхжаргалд хандан чи миний дундуур ордог хэн бэ гээд барилцаад авахаар нь би мотоциклио орхиж яваад төвийн гэрээсээ илүү түлхүүрээ аваад мотоциклио асаагаад төвийн гэртээ хоносон. Намайг Даваадорж нэг удаа шанаан тус газар цохиж авсан. Гэхдээ надад гэмтэл учраагүй. Өлзийжаргалыг Даваадорж цохиж авсан талаар мэдэхгүй. Даваадорж миний шанаанд цохиж авсан. Миний биед гэмтэл учраагүй гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 83-84х/ гэсэн,

 гэрч М.Чинзоригийн “...Тэр хоёрыг Өлзийжаргал, Баттулга хоёр салгаад Өсөхжаргалыг эмнэлэг аваад явж байгаа бололтой байсан. Би дараа нь жаахан байж байгаад эмнэлэг орж Өсөхжаргал дээр очсон чинь нүүр ам нь цус болсон харагдаж байсан...” /хх-ийн 85-86х/ гэсэн,

 гэрч Х.Батмөнхын “...Ариунбатыг Даваадорж барьж аваад өшиглөж байхаар нь би зогсоод мотоциклио данхраадаж тавьчихаад очиж салгасан чинь Ариунбат Даваадоржийн доороос гараад хашааруугаа орсон...” /хх-ийн 90х/ гэсэн,

шинжээч эмч Ц.Халтархүүгийн “...Би хохирогч Өсөхжаргалын биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсанд дүгнэлт гаргасан. Өсөхжаргалын биед учирсан гэмтэл нь эмчилгээнээс шалтгаална. Ердийн явцад эдгэрч бүдгэрэх сорви. Нүүрний хэлбэрийг, дүр төрхийг алдагдуулаагүй сорви байна...” /хх-ийн 105-106х/ гэсэн мэдүүлгүүд болон “... 1. Б.Өсөхжаргалын биед тархины доргилт, хамрын ясны хугарал, зүүн шанаа, 2 хацар, ар дагзны хэсгийн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Цаашид   энгийн   хөдөлмөрийн   чадвар   тогтонги   алдалтанд   нөлөөлөхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 148 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96х/,

 “...Н.Ариунбатын биед хамрын таславчийн мурийлт, элэгний капсул доорх цус хуралт, нүүрний зулгаралт, нүүр хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. З.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мөн аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 210 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 110х/, Б.Өсөхжаргал, Н.Ариунбат нарын биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 9, 10 ,11х/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гарсан  байна.

П.Даваадоржийн заазуурыг зэвгийн чанартай хэрэглэн танхайрсан үйлдэлд түүний давтан үйлдлээр болон догшин авирлан танхайрсан гэх үйлдэл хамаарч байх тул прокуророос П.Даваадоржид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

П.Даваадорж нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч Б.Өсөхжаргал, Н.Ариунбат нар нь гомдол саналгүй, тэдэнд учруулсан материалаг хохирлоо нөхөн төлсөн, П.Даваадоржид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байх тул өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн П.Даваадоржид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн гомдлыг хүлээн авч гомдлын бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 66а дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

1 дэх заалтаас “давтан үйлдлээр” гэснийг хасч, мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1.1 дэх заалт болгон “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас П.Даваадоржид Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж нэмсүгэй.

  2. 2 дахь заалтыг бүхэлд нь “шүүгдэгч П.Даваадоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 зүйлийн 551.1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр 181.3 дахь хэсэгт зааснаар 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,  4 дэх заалтын “5 жил 1 сарын” гэснийг “3 жил 5 сарын” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг бүхэлд нь  хүчингүй болгосугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан П.Даваадоржийн өмгөөлөгч П.Адъяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ                  

                                                                                       М.МӨНХДАВАА