Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 98

 

    

 

 

Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                          

                                         Прокурор   Б.Мөнгөншагай

                                         Иргэний нэхэмжлэгч Г.Бямба

                                         Өмгөөлөгч  П.Адъяасүрэн

                                         Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээгийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр, Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох эрүүгийн 201615000084 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь суманд 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 19 дүгээр байрны 23 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Их дошгин овгийн Батжаргалын Мөнхнараа /Регистрийн дугаар ЗБ91042403/,

Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1988 оны 03 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум, 5 дугаар баг, 205 дугаар байрны 19 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Дөлгөөн овгийн Сугарын Баасанжав /Регистрийн дугаар ЙИ88030405/

Яллагдагч Б.Мөнхнараа нь “Бэрс Капитал” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгчээр ажиллаж байх үедээ тус салбарын кассын нярав С.Баасанжавтай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкан дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3 500 000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,

- Мөн С.Баасанжавтай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкан дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2 400 000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,

  • Давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Х.Батболд нь 09-03 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Х.Батболдын Хаан банкан дахь 5007450945 дугаарын харилцах дансанд 2 500 000 /Хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,
  • Давтан үйлдлээр 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Р.Батжаргал нь 94-42 ӨВР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Р.Батжаргалын Хаан банкан дахь 5005452559 дугаарын харилцах дансанд 1 500 000 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,
  • Давтан үйлдлээр 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн Б.Мягмардорж нь 86-66 ӨВР улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-80 маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн Б.Мягмардоржийн Хаан банкан дахь 5540392959 дугаарын харилцах дансанд 4 000 000 /Дөрвөн сая/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,

Яллагдагч С.Баасанжав нь “Бэрс Капитал” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын кассын нярваар ажиллаж байх үедээ тус салбарын эрхлэгч Б.Мөнхнараатай бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн П.Цэвэлмаа нь 22-71 ӨВР улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн П.Цэвэлмаагийн Хаан банкан дахь 5540001626 дугаарын харилцах дансанд 3 500 000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн,

-Мөн Б.Мөнхнараатай бүлэглэн давтан үйлдлээр 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хууль зүйн үйлчилгээний төв”-д байрлах “Бэрс Капитал” ХХК-ийн байранд, тус компаниас иргэн С.Золзаяа нь 07-84 ӨВР улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин барьцаалж зээл авсан мэтээр зориуд хуурамч зээлийн гэрээ үйлдэж, “Бэрс Капитал” ХХК-ийн Хаан банкан дахь 5079139219 дугаарын данснаас иргэн С.Золзаяагийн Хаан банкан дахь 5540377055 дугаарын харилцах дансанд 2 400 000 /Хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг шилжүүлж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны тооцооны төвөөс гаргуулан авч үрэгдүүлсэн гэмт хэргүүдэд тус тус  холбогдсон бөгөөд тэдний үйлдлийг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2, 271 дүгээр зүйлийн 271.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.  

Анхан шатны шүүхийн шүүгч, “Бичил глобус групп” ХХК, “Бэрс капитал” ХХК гэсэн хоёр хуулийн этгээдийн аль нь яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарын хууль бус үйлдлийн улмаас хохирсон болох нь тодорхойгүй, уг хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй, “Бичил глобус групп” ХХК, “Бэрс капитал” ХХК-ний гэрчилгээ,  Б.Мөнхнараа, С.Баасанжав нартай байгуулсан ажлын байрны тодорхойлолт зэрэг нь хэрэгт авагдаагүй гэсэн үндэслэлээр Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох 201615000084 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Өвөрхангай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Б.Мөнхнараад авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, С.Баасанжавд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр заан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар прокурор уг захирамжийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан захирамжилжээ. 

Прокурор Б.Мөнгөншагайгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн 11 дугаар  эсэргүүцэлдээ:

Яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарын үйлдэл нь хохирогч Г.Бямбаа, гэрч Р.Батжаргал, П.Цэвэлмаа, С.Золзаяа, Н.Дүүрэнжаргал, Х.Батболд, Д.Чинзориг, Г.Юмсүрэн, Д.Зоригсайхан, Б.Мягмардорж нарын мэдүүлгүүд, Б.Мөнхнараа, С.Баасанжав нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Бэрс капитал” ХХК-д хийсэн дотоод аудитын шалгалтын тайлан, барьцаат зээлийн гэрээнүүдийн хуулбар, “Хаан банк” дахь “Бэрс капитал” ХХК-ийн харилцах дансны хуулга болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон.

  1. Яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарын үйлдлийн улмаас “Бэрс капитал” ХХК хохирсон болох нь “Бэрс капитал” ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 16/025, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16/053 тоот албан бичгүүд, “Бичил глобус групп” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын дүгнэлт, Барьцаат зээлийн гэрээний хуулбарууд болон хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгээр тогтоогдсон тул шүүх хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“Бэрс капитал” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 16/053 тоот албан бичигт “Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр “Бэрс капитал” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч Г.Бямба оролцох тул итгэмжлэл олгов” гэж бичсэн байна. Энэ нь салбарын эрхлэгч Г.Бямбад иргэний хэрэгт хуулийн этгээдийг төлөөлөх эрх олгож байгаа мэт харагдаж байгаа боловч “Бэрс капитал” ХХК нь уг албан бичгийг цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэгт тус компанийг төлөөлж салбарын эрхлэгч Г.Бямба хохирогчоор оролцоно гэсэн агуулгаар бичсэн. Мөн түүнчлэн “Бэрс капитал” ХХК-иас уг хэрэгт салбарын эрхлэгч Г.Бямбыг хохирогчоор оролцуулахаар томилсны үндсэн дээр түүнийг хохирогчоор тогтоосон. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн заалт нь хуулийн этгээдийг хохирогчоор тогтоосны дараа тухайн хуулийн этгээд нь хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тухайн хуулийн этгээдийг төлөөлөх этгээдийг томилно гэсэн утгыг илэрхийлээгүй. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаагч нь иргэн, хуулийн этгээдийг хохирогчоор тогтоохдоо тогтоол гаргана гэж зааснаас бус хуулийн этгээд заавал хохирогчоор тогтоогдсоны дараа тухайн хуулийн этгээдийг байцаан шийтгэх ажиллагаанд төлөөлөх этгээдийг томилно гэсэн утгыг илэрхийлээгүй.

  1. Энэ хэргийн улмаас “Бэрс капитал” ХХК хохирсон ба тус компанийн Өвөрхангай аймаг дахь салбарын гэрчилгээний хуулбарыг хэрэгт хавсаргасан. Хэргийн хохирогч “Бэрс капитал” ХХК болох нь тогтоогдсон тул “Бичил глобус групп” ХХК-ийн гэрчилгээг хэрэгт хавсаргах шаардлагагүй байна.
  2. “Бэрс капитал” ХХК-ийн салбарын эрхлэгч, кассын нярав нь ямар чиг үүрэгтэй ажилладаг болох нь хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон. Мөн “Бичил глобус групп” ХХК нь ажлын байрны тодорхойлолтыг ажлын байр тус бүрээр стандартын дагуу баталж, тухайн батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалд томилогдсон этгээд нь батлагдсан стандартын дагуу чиг үүргээ хэрэгжүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл тус компани нь шинээр томилогдсон хүн бүрт, тэдний нэрээр ажлын байрны тодорхойлолт боловсруулж баталдаггүй, харин тухайн албан тушаал, ажлын байрны нэрээр ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж баталсан ба уг ажлын байрны тодорхойлолтыг тухайн албан тушаалд томилогдсон этгээд мөрдөж ажилладаг байна. Хэрэгт салбарын эрхлэгч, кассын няравын ажлын байрны тодорхойлолтуудыг хавсаргасан болно.

Иймд хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой байх тул Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасны дагуу Өвөрхангай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаар захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцоно... гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Мөнгөншагай гаргасан дүгнэлтдээ:

Бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаар захирамжийг хүчингүй болгон Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох хэргийг шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж өгнө үү...гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч П.Адъяасүрэн гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаар захирамжийг хэвээр үлдээх саналтай байна.

ХЯНАВАЛ

Яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох хэргийн хохирогчийг зөв тогтоогоогүй,

Иргэний эрх зүйн зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон “Бэрс капитал” ХХК-ний Өвөрхангай аймаг дахь салбарын эрхлэгч Г.Бямбыг хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасныг зөрчсөн,

“Бичил глобус групп” болон “Бэрс капитал” ХХКомпаниудын гэрчилгээ, яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд зэрэг нотлох баримтыг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж бүрдүүлсний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэргийн хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох нь тэдний хуулиар олгогдсон эрхийг хөндөхгүй бүрэн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн сэргээхэд ач холбогдолтой бөгөөд Б.Мөнхнараа, С.Баасанжав нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд зэрэг нь хэргийг зөв зүйлчлэхэд нөлөөлөх  нотлох баримт гэж үзнэ.

Яллагдагч Б.Мөнхнараа, С.Баасанжав нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зүйлгүй байх тул шүүгчийн захирамжийн удирдлага болгосон заалтаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 гэснийг хасах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн  315.1.1, 315.4 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 278 дугаар захирамжийн удирдлага болгосон заалтаас “230.1.3” гэснийг хассугай.

2. Шүүгчийн захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээн, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 дүгээр Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал нэн даруй заавал биелэгдэх шинжтэй бөгөөд хяналтын шатны журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                    ШҮҮГЧИД                                  Б.НАМХАЙДОРЖ                   

                                                                                        М.МӨНХДАВАА