Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01369

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01369

 

 

 

 

 

 

 

                           Б.А, Б.Т нарын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А, Б.Т нарын хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдаваа, гуравдагч этгээд Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ш.Я нь Ү.Уын гуйлтаар өөрийн эзэмшлийн ........... орон сууцыг ХБны барьцаанд барьсан. Ү.У нь зээлээ төлөөгүй тул шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас орон сууцыг битүүмжилж үнэлгээ хийлгэсэн. Ү.У нь үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан боловч гурван шатны шүүх хүлээж аваагүй. Ш.Я нь 58,000,000 төгрөгийг төлбөр авагч ХБанд шилжүүлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлсэн. Нэгэнт төлбөр авагчид төлбөрөө төлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан байхад Шийдвэр гүйцэтгэх байгууллага орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр явуулсан. Улмаар Ш.Я нь сэтгэл санаагаар унаж, ковидын халдвар авч 2021 оны 11 сарын 23-ны өдөр нас барсан. Ш.Ягийн өв залгамжлагчид болох Б.А, Б.Т нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, барьцаа хөрөнгийг чөлөөлж өгнө үү. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд барьцаа хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүхийн шийдвэр гарсны дараа төлбөр авагчтай тохирч мөнгөө шилжүүлсэн. Ү.Ут холбогдох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00358 дугаар захирамжаар “М” ХХК, Ү.У нараас 141,872,337 төгрөг гаргуулж “ХБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа хөрөнгө болох гуравдагч этгээд Ш.Ягийн өмчлөлийн ..................хаягт байрлах 37.83 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 157/02 тоот тогтоол, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 180/17281130 тоот тогтоолоор хураан, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 48,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. 3 шатны шүүхийн шийдвэрээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үнэн зөв явагдсан гэж дүгнэсэн. 2017 онд ирсэн материал 2019 онд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Ш.Ягийн эд хөрөнгийг битүүмжилж хураагаад 2020 онд дуудлага худалдаанд оруулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэлийн агуулга: 2013 онд ХБнаас Ү.Утай хамт 150,000,000 төгрөгийн зээл авч, 75,000,000 төгрөгөөр нь хуваан аваад өөрсдийн хариуцсан зээлээ төлөхөөр тохирсон. Ү.У нь өөрийн нагац эгч болох Ш.Ягийн Хөгжил хотхоны байр, өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах байрыг тус тус барьцаанд тавьсан. Б.Б өөрт ногдох үндсэн зээл, хүүг 1 жилийн хугацааны дараа төлж барагдуулсан. Харин Ү.У нь төлбөр төлөөгүй, өнөөдрийг хүртэл Б.Бын байр барьцаанд байлга шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан Ш.Ягийн өмчлөлийн ..................хаягт байрлах 37.83 м.кв талбайтай, нэг өрөө бүхий орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай Б.А, Б.Т нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ү.Уаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

5.1. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болгох тухай нэхэмжлэл гаргаагүй, зөвхөн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 9 төрлийн эд хөрөнгөөс нэгийг нь чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Төлбөр авагч ХБ хүлээн зөвшөөрч, барьцаа хөрөнгөөс Ш.Ягийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдлээ өгсөн. Ш.Я нь төлбөр авагч “ХБ” ХХК-тай харилцан тохиролцож 58,000,000 төгрөгийг шилжүүлж, банк бүрэн хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгийг чөлөөлөх бичиг өгсөн. Уг мөнгийг төлбөр төлөгч Ү.Уаар дамжуулж ХБанд шилжүүлж барьцаа хөрөнгийг чөлөөлсөн тухай бичиг баримтыг шийдвэр гүйцэтгэх газарт өгсөн. Төлбөр төлөгч нь авах төлбөрөө авахгүй байх, бууруулах байдлаар төлбөр төлөгчтэй эвлэрэх эрхтэй байдаг. Дээрх тохиолдолд 48,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар борлуулагдсан мөнгийг авахгүйгээр Ш.Ягаас 58,000,000 төгрөгийг авч үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн 9 төрлийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгөөс нэг орон сууцыг нь барьцаанаас чөлөөлөх нь төлбөр авагчид ашигтай. Гэтэл шийдвэр гүйцэтгэх газар ХБанд заавал 48,000,000 төгрөгийг олгох гээд байгаа нь төлбөр авагчийн эрх ашгийг дордуулж байгаа үйлдэл юм. Энэ тохиолдолд Ш.Я болон түүний өв залгамжлагч нар ХБнаас 58,000,000 төгрөгөө эргүүлэн нэхэмжлэх асуудал үүсэх бөгөөд энэ нь ХБны хүсэл зориг биш. Төлбөр авагч ХБтай харилцан тохиролцож нэхэмжилсэн төлбөрийг төлж барьцаа хөрөнгөө чөлөөлүүлж авсан байтал шийдвэр гүйцэтгэх газар орон сууцыг чөлөөлөх мэдэгдэх хуудас явуулсан нь дуудлага худалдааны ялагчийн эрх ашгийг хамгаалаад байгаа үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Үүний улмаас Ш.Я нь сэтгэл санаагаар унаж, ямарч дархлаагүй болж ковидын халдвар авч 2021 оны 11 сарын 23-ны өдөр нас барсан. Барьцаа хөрөнгө нь орон сууцнаас гадна 8 нэр төрлийн машин механизм байдаг ба дээрх барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжтой. Битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдээс заавал үл хөдлөх хөрөнгийг сонгож үүргийн гүйцэтгэлийг хангуулах хуулийн зохицуулалт байхгүй, энэ талаар шүүх ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт хийгээгүй.

5.2. Шүүхээс хэргийг түдгэлзүүлж, өвлөх эрхтэй эсэхийг нь тодруулах боломжтой байсан атал нэхэмжлэгч нарыг Ш.Ягийн хөрөнгийг өвлөж аваагүй, энэхүү үл хөдлөх хөрөнгийн талаар шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын өвлөх эрх, өмчлөх эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах эсвэл шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Ү.У болон ХБ ХХК байгаа. Ш.Я нь гуравдагч этгээд бөгөөд түүний өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан. ХБ ХХК-аас бичиг ирээгүй. Цаг хугацааны хувьд 48,000,000 төгрөгөө шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хойш ХБ ХХК-д төлсөн гэх асуудал яригддаг. ХБ ХХК,  Ш.Ятай тохирсон гэх боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд төлбөр төлөгч болон авагч нар хоорондоо харилцаа тохиролцсон тохиолдолд төлбөр авагч талаас иргэн н.Ягийн өмчлөлийн байрыг худалдаж авсан, төлбөр төлсөн гэх албан бичиг албан ёсоор ирээгүй. Барьцааны орон сууц 2020 онд худалдан борлогдсон тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Хамтарч зээл авсан боловч өөрт ногдох зээлийг төлсөн. Нөгөө тал зээлээ төлөөгүй. Мөн адил миний орон сууц уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа, хэдэн жил үргэлжилж байгаа. Төлбөрөө төлөөгүй байр чөлөөлөгдөж, төлсөн хүний байр чөлөөлөгдөхгүй байхаар миний эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Б.А, Б.Т нар хариуцагч НШШГГт холбогдуулан ..................37,83 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 181/ШШ2017/00358 дугаар захирамжаар “М” ХХК, Ү.У нараас 141,872,337 төгрөг гаргуулж, “ХБ” ХХК-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Ү.Ягийн өмчлөлийн ..................хаягт байрлах 37,83 м.кв орон сууц болон шүүхийн шийдвэрт нэрлэн заасан хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх31-32/

4. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах, үнэлгээ тогтоох ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх17-28/

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон хөрөнгийн өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийн талаар тохиролцоогүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар “Хөрөнгө эстимейт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч уг орон сууцыг 68,145,200 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдааг явуулсан боловч үнийн санал ирээгүй, 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад 48,000,000 төгрөгөөр худалдан борлогджээ. /хх41-44/

6. Ш.Ягийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02185 дугаар шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/00982 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх57-60, 104-108/

7. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “төлбөр авагчтай харилцан тохиролцож шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлж барагдуулсан тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан.

8. Ш.Ягаас “ХБ” ХХК-д 58,000,000 төгрөг төлсөн, “ХБ” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэлийн газарт маргаан бүхий орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт, барьцаа хөрөнгийн өмчлөгч Ш.Я 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан гэрчилгээ, Б.Ааас 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нас барагч Ш.Ягийн өвийг хүлээн авах хүсэлт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. /хх14, 101-103, 109/

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2 дахь хэсэг, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгоно.

Хэрэгт нэхэмжлэгч нар нас барагч Ш.Ягийн өвийг хүлээн авсан эсэх, өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон талаар баримт авагдаагүй. Анхан шатны шүүхийн Ш.Ягийн хөрөнгийг нэхэмжлэгч тал өвлөж аваагүй, үл хөдлөх эд хөрөнгийн талаар шаардах эрхтэй эсэх нь тодорхой бус байна гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. 

Мөн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон, дуудлага худалдааг хүчингүйд тооцсон аливаа шийдвэргүй байна. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш 1 жил гаруй хугацааны дараа төлбөр авагчийн хүсэлтээр хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох, барьцаа хөрөнгийг чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2022/01781 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                          ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                              А.МӨНХЗУЛ