Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0555

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Д.Н, түүнийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0524 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, Д.Н-ийн нэхэмжлэлтэй, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0524 дүгээр шийдвэрээр: “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-гээс Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Д.Н-г Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл болон няцааж буй баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй тухай.

Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй, харин ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт өгсөн байхад шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн үндэслэл, тайлбар, баримтыг үнэлэн няцаалт өгөлгүйгээр зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн нотлох баримтыг хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлан шийдвэрлэсэн болно.

Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй гэж байгаа учир нь:

Хариуцагчид 2017.10.31-нд өгсөн хүсэлтийг  нэхэмжлэгч өөрийн хүсэлт зоригийн үндсэн дээр бичээгүй байдаг. Үүний нотолгоо нь Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2018 оны 08 сарын 15 өдрийн 30v-1/2776 тоотоор шүүхэд ирүүлсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн хуудаснаас харагдана. Уг хуудсанд тэмдэглэгдсэнээр бол нэхэмжлэгч нь хариуцагч Налайх дүүргийн ХХҮХ-ийн дарга Э-т холбогдуулан ажлын байрны дарамт үзүүлэн, доромжилж байгаа тухай гомдол өгсөн байдаг. Үүнийг шүүхээс Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2018.08.06 өдрийн 184 дугаар тогтоолоор хэргийг хаасан гэж дүгнэн дарамтлан бичүүлсэн зүйл үгүй гэж үгүйсгэсэн. Уг тогтоолыг Налайх, Багахангай дүүргийн ерөнхий прокуророос хүчингүй болгон хэргийг шалгаж байгаа тухай хариу мэдэгдэх хуудсыг Д.Н-ийн эрүүгийн хэргийн өмгөөлөгч О.А-т 2018.09.18 өдрийн 68 дугаар тоотоор хариу мэдэгдсэн байдаг.

Хариуцагчид 2017.10.31-нд өгсөн нэхэмжлэгчийн хүсэлтээс үзвэл ажлаас чөлөөлөгдөх агуулга байхгүй, 2018 оны 5 сар хүртэл хэдэн сар ч болтугай ажиллах санаа зорилгыг агуулсан харагддаг. Хэрэв үнэхээр ажлаасаа чөлөөлөгдөхийг хүссэн бол ажлаас чөлөөлж өгнө үү гэх хүсэлтийг илэрхийлэх байсан. Харин уг хүсэлтэд ...ажиллуулж өгнө үү гэж байгаа нь цаашид ажиллах хүсэл сонирхол байгаад байгааг илтгэж байгаа юм.

Харин хуулийн хүрээнд ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж 2018.03.12-нд үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хариуцагчид өгсөн байдаг. Гэтэл уг хүсэлтийг шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна .

Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай, нэхэмжлэгчийн ёс зүй, үйл ажиллагааны үр дүнгийн талаар буруу дүгнэлт өгсөн тухай.

Анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 72 дугаар тогтоол, Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс Д.Н болон нэр бүхий 2 иргэнээс хохирол нэхэмжилсэн баримтыг үндэслэн “нэхэмжлэгчийн ёс зүй үйл ажиллагааны үр дүнгийн байдалд дүгнэлт хийн, түүнийг  төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл ажиллуулах боломжгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэр эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан хуульд нийцсэн шийдвэр байна” гэж дүгнэснээс үзвэл шүүх Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж зааснаас үзвэл “үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин,туршлага, эрүүл мэнд  ” гэсэн 4 нөхцөл байдлыг ажил олгогч харгалзах ёстой байна. Гэтэл харгалзан үзэх 4 нөхцөл байдалд ёс зүйн асуудлыг харгалзах тухай заагаагүй байна. Мөн нэхэмжлэгчийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн эсхүл үйл ажиллагааны үр дүнг үнэлэн тогтоосон, ёс зүйн байдлыг тодорхойлсон, ёс зүйн зөрчил гаргасан баримт хэрэгт байхгүй юм. Харин хөдөлмөр эрхлэлтийн дүүргийн зөвлөлийн 2017 оны 06 сарын 30-ны албан бичгээр Д.Н-ийн үр бүтээлтэй ажиллаж ирсэн болохыг дурдсан байдаг. Мөн дээрх зохицуулалтаас үзвэл “үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана” гэж шууд императив хэм хэмжээгээр зохицуулсан байхад “хариуцагчийн сонгох боломж” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Нотлох баримтыг буруу үнэлсэн тухай:

Анхан шатны шүүх тус хэлтсийн Захиргаа хяналтын албан дарга Ж.Р гэх хүнээс 2018.03.13 өдөр Д.Н-д өгсөн мэдэгдлийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн гэж үзсэн. Гэтэл шүүх тус мэдэгдэлд дурдсан дараах зүйлсийг судлан үзээгүйгээс уг баримтыг буруу үнэлэхэд хүргэсэн.

Нэхэмжлэгчийн хүчээр дарамтлан бичүүлэн өргөдөл болох 2018.05.01 хүртэл ажиллуулж өгөхийг хүсэж байгаа тухай бичсэн уг өргөдлийг Б/40 тушаалын үндэслэл болгосон юм бол 2018 оны 03 сарын 20-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн нь ойлгомжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл өргөдөлд дурдсан хугацаанаас 1 сар 10 хоногийн өмнө, ажлаас чөлөөлөгдсөн хугацаанаас 2 сар 20 хоногийн өмнө чөлөөлөх мэдэгдлийг өгсөн байдаг. Иймд 2018 оны 06 сарын 11-ний өдрийн Б/40 тушаалын сонсох ажиллагааг 2018 оны 03сарын 13 өдрийн мэдэгдлээр хийсэн гэж  үзэхгүй.

Мөн уг мэдэгдлийг Ж.Р гэх хүнээ өгсөн байдаг хариуцагч өөрөө буюу захиргаа мэдэгдсэн гэж үзэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд зааснаас үзвэл эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг захиргаа өөрөө тодорхойлж сонсох ажиллагаа хийхээр зохицуулсан.

Хариуцагч өөрөө шүүхэд гаргасан тайлбартаа сонсох ажиллагааг хийсэн тухай тайлбарлан бичээгүй, шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлгээрээ мөн нотлоогүй, 2018 оны 03 сарын 13 өдрийн уг мэдэгдлийг заагаагүй байхад шүүх огтхон ч хамаагүй уг баримтыг үндэслэл болгон хариуцагчийн шийдвэрийг зөвтгөж байгаад гомдолтой байна. Шүүх ийнхүү зөвтгөхдөө нэхэмжлэгчийг захиргааны, чөлөөтэй ээлжийн амралттай, эмчийн магадлагаатай байсан учраас 2018 оны 03 сарын 13-ны өдрийн мэдэгдэлд заасан хугацаанд ажлаас нь чөлөөлөөгүй нь Хөдөлмөрийн хуулийн зохицуулалтад нийцнэ гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч Д.Н нь 2018 оны 03 сарын 20-оос 2018 оны 06 сарын 11 өдрийг хүртэлх хугацаанд зөвхөн 2018.05.16 өдрөөс 2 өдрийн чөлөө авсан байдаг. Энэ баримт хэрэгт байгаа. Гэтэл шүүхийн дүгнэсэн шиг 2018.03.20 өдрөөс хойш 6 сарын 11-ний өдрийг хүртэл чөлөөтэй байсан зүйл огт  байхгүй. Хэрэгт байгаа чөлөө авсан баримтууд 2017 оны чөлөөний хуудаснууд байдаг.

Товчхон дүгнэж хэлбэл хариуцагч НДХХҮХ-ын дарга Э нь нэхэмжлэгч Д.Н-ийн хүсэл зоригийн эсрэг байнгын дарамт шахалт үзүүлж хүчээр өргөдөл бичүүлэн авч ажлаас чөлөөлсөн гэж тушаал  гаргасан байдаг. Угтаа бол зөрчил дутагдал гаргаагүй байхад ажлаас хүчээр халсан үйлдэл тул төрийн албанаас чөлөөлөх нэртэй төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас халсан тушаал юм.

Хариуцагч байгууллагын дарга Э нэхэмжлэгчийг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслээд ажлаас чөлөөлсөн гэх боловч бодит байдал, цаад шалтгаан нь нэхэмжлэгчийн цагдаад гаргаж байсан гомдол болон Налайх дүүргийн ХХҮХ-ийн даргын дэргэдэх зөвлөлийн 2-р хурлын 2017.10.03-04 өдрийн тэмдэглэл зэрэг баримтаас үзвэл хүсэлтийнх нь дагуу биш бөгөөд ажлаас халах, чөлөөлөх элдэв арга хайж ямар нэгэн аргаар хамаагүй ажлаас чөлөөлөхөөр оролдож байсан нь харагдах бөгөөд мөн хоорондын үл ойлголцол үүнээсээ шалтгаалан ажлаас чөлөөлсөн болох нь харагдана. Энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүрэн судлаж тогтоолгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 27 өдрийн 128/ШШ2018/0524 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Д.Н-г тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн гэж төрийн албанаас чөлөөлж, төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг олгожээ.

Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтэй байхад ажлын байрны дарамт үзүүлж, намайг 2018 оны 05 дугаар сард тэтгэвэрт гарах хүсэлт бичүүлэн авч, үүнийгээ үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн, уг тушаалаа гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарласан байна.

Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д төрийн жинхэнэ албан хаагчийг “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачлагаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж зохицуулжээ.

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Н нь тэтгэвэр тогтоолгох насанд буюу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д “...20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд  60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж заасан 55 насанд хүрсэн байх ба тэрээр 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргад “...сүүлийн 5 жилээрээ өндөр насны тэтгэвэрт гарахад 5 сарын хугацаа дутуу байгаа учраас 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн тус хүсэлтийг шийдвэрлэж, түүнийг төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2-т заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн төрийн албанд ажиллах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс тухайн хүсэлтийг “...дарамт, шахалт үзүүлж бичүүлсэн, миний хүсэл зориг биш” гэж маргасныг хүлээн авах боломжгүй, учир нь Д.Н нь иргэний эрх зүйн чадамжтай этгээд болохын хувьд өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө хариуцах бөгөөд Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 184 дүгээр тогтоолоор хариуцагч Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэгийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байж болох бөгөөд нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/40 дүгээр тушаалыг гаргахад сонсох ажиллагаа хийх шаардлагагүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл ажиллах хүсэлтэй байсан” гэж тайлбарлан маргах боловч тэрээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ хариуцагчид албан ёсоор гаргаж байгаагүй,  энэ нь баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Дээрх байдлаар анхан шатны шүүхээс тухайн маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулж, тэдгээрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Төрийн албаны тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0524 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Н, түүний өмгөөлөгч Б.Э нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР                   

ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН