Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01374

 

 

 

 

 

                                     Р.Бын нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

               

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00160 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Бын хариуцагч Х.Хд холбогдуулан гаргасан хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Р.Б нь....................хаягт байршилтай, 61 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн. Х.Х уг орон сууцны өмнөх эзэмшигч байсан. Орон сууцыг Р.Бод худалдсан үеээс хойш суллаж өгөөгүй. Иймд Х.Хгийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Бын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.................... дугаарт бүртгэлтэй, .................... орон сууцыг хариуцагч Х.Хгийн эзэмшлээс албадан чөлөөлүүлж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 687,750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 757,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Р.Б нь найз Э.Адаа зээлдүүлсэн мөнгөний барьцаанд Х.Хгийн өмчлөлийн ....................од байрлах, 3 өрөө орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээнд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байхаар гарын үсэг зуруулсан. Х.Х тус гэрээний төлбөрт мөнгө аваагүй. Р.Б Э.Аын данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн ба тэрээр зээлээ бүрэн төлж дуусгаагүй талаар хэлсэн. Р.Б нь зээлдүүлсэн мөнгөө Э.Ааас шаардах байтал, худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, уг гэрчилгээг нотлох баримт болгон шүүхэд нэхэмжлэл гаргасан. Р.Б нь Х.Хг нэхэмжлэлээ буцаагаад авсан гэж хуурч хариу тайлбар өгүүлээгүй, шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдээгүй, хэргийг нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн. Р.Б нь хэргийн бодит байдалд нийцээгүй худал тайлбар гаргасныг шүүх нягтлахгүйгээр, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан үнэнд үл нийцэх нотлох баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хэргийн 5 дугаар хуудсанд анхан шатны шүүх хариуцагч Х.Хд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл ирсэн талаар мэдэгдсэн баримт авагдсан. Мөн хэргийн 8 дугаар хуудсанд 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээж авсан баримт авагдсан. Х.Х нэхэмжлэл гардаж авахдаа өөрийн .................... дугаарыг бичсэн. Зохигчдод эрх, үүрэг тайлбарласан. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч Х.Хгийн .................... дугаарын утсанд шүүгчийн туслах шүүх хурлын товыг мэдэгдсэн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Х.Хд хариу тайлбар ирүүлэхийг мэдэгдсэн боловч ирүүлээгүй. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч Р.Б нь ....................од байрлах 3 өрөө орон сууцыг хариуцагч Х.Хгийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргажээ.

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримт тодорхой бус, хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

4. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... орон сууцыг 120,000,000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч өмнөх эзэмшигч Х.Х орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна” гэж тайлбарласан. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Хэдийгээр орон сууцны өмчлөх эрх Р.Бод шилжсэн байх боловч ийнхүү өмчлөл шилжих болсон нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлдээ “Э.Аад зээлдүүлсэн мөнгөний барьцаанд Х.Хгийн өмчлөлийн 3 өрөө орон сууцыг барьцаалж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Р.Боос Х.Х мөнгө аваагүй, Э.Аын дансанд зээлийг шилжүүлсэн ...” гэж тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр Р.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс өөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтгүй байна. Тэрээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон гэж тайлбарлах боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,  тус орон сууц хэрхэн нэхэмжлэгч Р.Бын өмчлөлд шилжсэн үйл баримтыг тодруулж, талуудыг энэ талаар мэтгэлцүүлэх ажиллагааг хийх шаардлагатай. /хх4/

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2022/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.НЯМБАЗАР 

                     ШҮҮГЧИД                                  Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                 А.МӨНХЗУЛ