Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01350

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Л.А-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01493 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.А-ын хариуцагч “ГБ” ХХК болон “ТТТ” ХХК-д холбогдуулан гаргасан “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож,  ................. хаягт орших 12.5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг “ГБ” ХХК-д даалгах, “ТТТ” ХХК-аас 1,741,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагч “ГБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бөртэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.А нь “ТТТ” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 1002 дугаар байрны 119 тоотын 4 өрөө сууцыг 245,259,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон боловч 252,000,000 төгрөг төлж, 6,741,000 төгрөг илүү төлсөн. Илүү төлсөн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг гараашийн төлбөрт суутгагдсан гэж үзэж байна. Иймд гэрээний төлбөрт 5,000,000 төгрөгийг “ГБ” ХХК-д суутгаж, үлдэгдэл 1,741,000 төгрөгийг “ТТТ” ХХК-аас гаргуулна.

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ГБ” ХХК, “ТТТ” ХХК-тай гарааш захиалгын гэрээ байгуулж, .................. хаягт орших 12.5 м.кв талбайтай авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч гэрээнд заасан хугацаанд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Иймд “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 68 тоот авто зогсоолыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулан, хүчингүй болгуулж, Л.Аыг уг авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагч нарт даалгуулах, мэдээллийн санд оруулсан эргэлзээтэй зээлдэгч гэх мэдээллийг устгахыг “ГБ” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч “ГБ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: “ГБ” ХХК, “Асар групп” ХХК, “ТТТ” ХХК-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ГБ-2017/85 тоот зээлийн төлбөрт тооцож хөрөнгө шилжүүлэх гэрээ бичгээр байгуулагдаж, гэрээний үнийн дүнд 100 хувийн гүйцэтгэлтэй баригдсан үйлчилгээний талбай, орон сууц, 93 ширхэг дулаан зогсоолыг хүлээн авсан. Дулаан зогсоолын нэг бүрийн үнийг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд 68 тоот зогсоолыг гэрээгээр хүлээн авсаны дараа 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Л.А, “ТТТ” ХХК-тай гурвалсан гэрээг байгуулсан. Уг гэрээнд гараашийн үнэ 25,000,000 төгрөг, төлбөрийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Гарааш худалдах, худалдан авах гэрээнд худалдагч авагч нь төлбөрийг ГБинд төлөх, төлбөр төлөх хугацаанд гарааш банкны эзэмшилд байх, төлбөр төлсөн тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ авах, гэрээ цуцлах саналыг нөгөө талдаа 14 хоногийн өмнө бичгээр гаргана гэж заасан. Л.А нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны байдлаар 20,000,000 төгрөгийг төлсөн боловч гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй, төлбөрийг төлөх талаар бичгээр, утсаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлээгүй. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээг цуцлаж, төлсөн 20,000,000 төгрөгөөс алданги 2,500,000 төгрөгийг суутгаж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 17,500,000 төгрөгийг Л.А-ын дансанд шилжүүлсэн. “ГБ” ХХК, “ТТТ” ХХК нь хамтран ажилладаг боловч бусад этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний харилцаа, төлбөр тооцоонд оролцох эрх зүйн үндэслэлгүй. Л.А, “ТТТ” ХХК, “ГБ” ХХК-тай байгуулсан гурвалсан гэрээнд 5,000,000 төгрөгийг бусад этгээдийн төлбөр тооцооноос суутгах талаар заалт байхгүй. Л.А үүргээ зөрчсөн тул ГБ гэрээнд зааснаар мэдэгдэл өгч гэрээ цуцалж, Б.М, Б.Б нартай худалдах худалдах авах гэрээг байгуулж, гэрээнд зааснаар төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгсөн. ГБ, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан гэрээ хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч “ТТТ” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Л.Атай 2014 онд орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан, талууд гэрээний үүргийг биелүүлж дуусгавар болсон. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Гэтэл одоо нэхэмжлэл гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тодорхойгүй тул илүү төлсөн 1,741,000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Гараашийн төлбөрийн тухайд 3 талт гэрээ байгуулах үед Л.А орон сууцны төлбөрт “ТТТ” ХХК-д 6,741,000 төгрөг илүү төлсөн, уг төлбөрөөс гараашийн төлбөрийг суутгаж тооцуулах талаар гэрээнд заагаагүй. “ТТТ” ХХК нь гарааш болон бусад хөрөнгийг зээлийн төлбөрт тооцож ГБинд шилжүүлсэн тул Л.Атай байгуулсан гэрээг цуцлах бусдад худалдан борлуулах эрх нь банкинд шилжсэн үзэж байна. Иймд “ТТТ” ХХК нь 68 тоот гараашийн гэрчилгээг гаргах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, түүний үндэслэлийн агуулга: Б.Б, Э.М нар “ГБ” ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж Баянзүрх дүүргийн 26-хороо, Шинэ суурьшил /13312/ Хүннүгийн гудамж Г216 байр 68 тоот хаяг байршилтай 12,5 мкв талбай бүхий авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр урьдчилгаа 5,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн газар Ү-2204108240 дугаарт Э.М, Б.Б нарын хоёр иргэний өмч болохыг бүртгэж гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч Л.А, хариуцагч “ГБ” ХХК, “ТТТ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ, түүнтэй холбоотой бусад харилцааг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан тул маргаан бүхий гаражийг хуульд заасны дагуу хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэн авч эзэмшиж, ашиглаж байна. Иймд гуравдагч этгээд болох шударга өмчлөгчийн эрх ашгийг хөндөхгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 250 дугаар зүйлийн 250.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч “ГБ” ХХК, “ТТТ” ХХК-д холбогдох “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Хүннүгийн гудамж Г216/зоорийн давхрын 68 тоот хаягт орших 12.5 мкв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг “ГБ” ХХК-нд даалгах, “ТТТ” ХХК-иас 1,741,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655,375 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

6.1. 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн .................. тоот гарааш захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ мөн. Л.А нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ГБинд эд хөрөнгийн доголдлын талаар “...зогсоолын дээд талаас бороо орж тааз хагарсан, тулгуур багана цуурч нурах аюултай болсон, зогсоолын шалны цементийг тэгшилж өнгөлөөгүй, дутуу будсаны улмаас будаг нь хуурсан, зогсоолын зураас хэмжээ 12.5 м.кв хүрээгүй тул дахин хэмжилт хийх...” гэх агуулгатай хүсэлт гаргасан. ГБ нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 09/000336 тоот албан бичгээр уг шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд СӨХ болон гүйцэтгэгч компанид хандах хариу өгсөн. Иргэний хуулийн 253.1-д заасан эд хөрөнгийн доголдолтой холбоотой үүргээ биелүүлээгүй, доголдолтой гараашийг хүлээж авсан. Хариуцагч нь доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй  атлаа төлбөрийг бүрэн төлөөгүй гэж үзэн гэрээг цуцалж, суутгал хийж байгаа нь Иргэний хуулийн 255.1 дэх хэсгийн заалтыг зөрчсөн, хууль бус үйлдэл тул илүү төлөлтийг суутгалгүйгээр гараашийг бусдад худалдсан гэрээ нь илт хууль бус байна.  Төлбөр хүлээн авагч “ГБ” ХХК .................. тоот гаражийн захиалгын гэрээний 3.6-д заасан гүйцэтгэгч болох “ТТТ” ХХК нь гэрээг дангаар цуцлах эрхтэй гэх заалтыг зөрчиж  2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн .................. тоот албан бичгээр гараашийн гэрээг цуцалсан нь хууль бус. Мөн гараашийг бусдад худалдсан нь Иргэний хуулийн 258 дугаар зүйлд заасан худалдсан эд хөрөнгийг хадгалах үүргээ зөрчсөн. Л.А нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлд заасны дагуу тус гараашийг эзэмшилдээ авах давуу эрхтэй.

6.2. Гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад ГБнаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн .................. тоот албан бичгээр зээлийн гэрээнд заасан төлбөрөө төлөх хугацаа дуусгавар болсон, гэрээний үүргээ биелүүлээгүй гэж зогсоолд нэвтрүүлэхгүй байх талаар “ТТ” СӨХ-д мэдэгдэл хүргүүлсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үүргээ биелүүлсэн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг зохих доголдлыг арилгуулж байж шийдвэрлэх эрхтэй. Мөн байранд илүү төлөлттэй явж байгаа. ГБ 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгээр захиалагчийн эд хөрөнгийн доголдолын талаарх шаардлагыг биелүүлээгүй, СӨХ болон гүйцэтгэгч компанидаа ханд гэсэн хариу өгөх зэргээр хуульд заасан үүргээ зөрчиж байна. Л.А нь “ТТТ” ХХК-тай байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ЗГ-14/0403 тоот орон сууц захиалгын гэрээгээр Тайм Товер хотхоны 102-р байрны 119 тоот хаяг байрлах 4 өрөө орон сууцыг нийт 245,259,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 6,741,000 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Энэ төлбөрийг гараашийн үлдэгдэл 5,000,000 төгрөгт тооцуулах талаар компанид хэлж байсан боловч ГБ харгалзан үзэж суутгалгүйгээр гэрээг цуцалж суутгал хийж, улмаар гаражийг бусдад зарсан нь хууль бус байна. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөд зогсохгүй муу зээлдэгчийн ангилалд оруулсан нь хууль бус байна. Мөн илүү төлсөн төлбөрийг тооцож суутгах талаар тохироогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч төлбөрөө 100 хувь төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар хариуцагч нарт даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч “ГБ” ХХК-ийн тайлбарын агуулга: Доголдлын талаар нэхэмжлэгч Л.А нь 1 жил 6 сарын хугацаанд ашиглаж байхдаа нэг ч удаа гомдол гаргаагүй. Гэрээ 2018 онд байгуулагдсан анх доголдлын талаар шаардлага гаргасан хугацаа нь 2020 оны 04 дүгээр сар буюу 1 жил 6 сарын дараа хуульд заасан баталгааны 6 сарын хугацаа өнгөрсөний дараа шаардлага гаргасан нөхцөл байдал тогтоогддог. Иймд “ГБ” ХХК нь “ТТТ” ХХК-тай зээлийн төлбөрт хөрөнгө шилжүүлдэг гэрээний үндсэн дээр тухайн гараашийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн аваад хууль ёсны өмчлөгчийн эрх, үүргийнхээ дагуу н.Билгүүнд худалдсан. Гэрээний үүргийн дийлэнх хэсгийг биелүүлсэн байхад “ГБ” ХХК гэрээг цуцалсан тайлбар гаргадаг. 1 жил 6 сарын хугацаанд “ГБ” ХХК нь Л.Аийг үлдэгдэл төлбөрөө төлөх шаардлагыг байнга гаргаж, холбогдож байсан. Энэ хугацаанд Л.А нь хариу үйлдэл үзүүлээгүй үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. 5,000,000 төгрөг илүү төлсөн төлбөрийн тухайд “ГБ” ХХК, “ТТТ” ХХК энэ тухай шаардлага гаргаж байгаагүй буюу шүүхийн ажиллагаа эхэлснээс хойш 6,741,000 төгрөгийг илүү төлсөн гэсэн асуудлыг ярьдаг. Муу зээлдэгч гэж шилжүүлсэн тухайд 25,000,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг төлөөд 5,000,000 төгрөг төлөөгүй учраас Монгол банкны зээлийн актив ангилах журмын дагуу “ГБ” ХХК-д 5,000,000 төгрөгийн зээл гэж бүртгэсэн. Гэхдээ одоогийн байдлаар муу зээлдэгчийн ангилалаас устгасан. “ГБ” ХХК-аас гэрээг цуцлаад 17,500,000 төгрөгийг буцааж шилжүүлээд тухайн түүхийг устгасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч “ТТТ” ХХК давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ

1. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч “ГБ” ХХК болон “ТТТ” ХХК-д холбогдуулан гаргасан “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, .................. 12.5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг “ГБ” ХХК-д даалгах, “ТТТ” ХХК-аас 1,741,000 төгрөг гаргуулахар нэхэмжилсэн байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна. 

3. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “ГБ” ХХК, “ТТТ” ХХК-тай гараж захиалгын гэрээ байгуулан .................. 12.5 м.кв талбайтай авто зогсоолыг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 20,000,000 төгрөг төлсөн байна. /хх6-9/

Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй үндэслэлээ “... “ТТТ” ХХК-тай 2014.04.28-ны өдөр ЗГ- 14/0403 тоот орон сууц захиалгын гэрээгээр Тайм Товер хотхоны 102-р байрны 119 тоот хаяг байрлах 4 өрөө орон сууцыг нийт 245,259,000 төгрөгөөр худалдан авсан,  илүү төлөгдсөн 6,741,000 төгрөгөөс гаражийн үлдэгдэл төлбөр 5,000,000 сая төгрөгийг суутгуулах саналыг тус компанид гаргаж байсан, гэрээний зүйл болох авто зогсоолын дээд талаас бороо орж тааз хагарсан, тулгуур багана цуурч нурах аюултай болсон, авто зогсоолын шалны цементийг тэгшилж өнгөлөөгүй, дутуу будсаны улмаас будаг нь хуурсан, авто зогсоолын талбайтай 12.5 м.кв хэмжээнд хүрээгүй зэрэг доголдолтой байсан, доголдлыг арилгасны дараа үлдэгдэлийг төлөх хүсэлт гаргаж байсан” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй, “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, .................. 12.5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

5. “ГБ” ХХК нь гэрээг цуцлаж, гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байхад гэрээнээс татгалзсан нь буруу. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 225.4.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг ялимгүй зөрчсөн, үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзахаас өмнө үүрэг гүйцэтгэгч хариу шаардлага гаргасан нөхцөлд гэрээнээс татгалзаж болохгүй.

Нэхэмжлэгч 25,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийн дийлэнх буюу 20,000,000 төгрөгийг хуваарийн дагуу төлсөн, гэрээний зүйлийн доголдлыг арилгуулах шаардлагыг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргаж үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.

Гэрээний зүйл буюу авто зогсоол доголдолтой байгаа, уг доголдлыг арилгуулахаар шаардлага гаргаж байсан нь хэргийн 10, 11, 15, 139-141 талд авагдсан Л.А-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ГБ” ХХК-д тус тус гаргасан хүсэлт, “ГБ” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичиг, авто зогсоолын доголдлыг харуулсан гэрэл зураг зэрэг баримтуудаар нотлогдсон.

Иргэний хуулийн 253 дугаар 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгө доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах үүрэгтэй, худалдан авагч нь эд хөрөнгийн  доголдлыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй. 

“ГБ” ХХК-ийг  2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэхээс өмнө нэхэмжлэгч нь  2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр доголдолтой холбоотой шаардлага гаргасан байжээ.

6. Л.А, “ГБ” ХХК, “ТТТ” ХХК-ийн байгуулсан гэрээний 2.1, 2.2-т зааснаар төлбөрийг “ГБ” ХХК-ийн төлбөр авагчийн дансанд төлөхөөр харилцан тохиролцсон, мөн орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь “ГБ” ХХК-ийн дансаар төлбөрийг хүлээн авдаг зэрэг нөхцөл байдлаас үзэхэд “ГБ” ХХК нэхэмжлэгч орон сууцны төлбөрт 6,741,000 төгрөгийн илүү төлөлттэй байгааг мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй, энэхүү гэрээний талууд нь гэрээний 8.1 дэх хэсэгт зааснаар уг маргааныг зөвшилцлийн журмаар шийдвэрлэх боломжтой байжээ. Иймд Л.А-ын авто зогсоолын үнийг төлөгдсөн гэж үзэх нь зүйтэй.

“ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. 

Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй байдаг. Нэхэмжлэгч Л.А-ийн хувьд Б.М, Б.Б нараас түрүүлж гэрээ байгуулж эзэмшилдээ авсан байх тул шаардлага гаргах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 101.1-д зааснаар нэхэмжлэгчийг хуулийн дагуу өмчлөх эрх олж авсан гэж үзэв.

Харин Б.М, Б.Б нар болон “ГБ” ХХК-ийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Зээлийн мэдээллийн санд орсон мэдээллийг устгахыг “ГБ” ХХК-д даалгах нэхэмжлэлийг хангах боломжгүй. Анхан шатны шүүх Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7, 22 дугаар зүйлийн 22.2.2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн. 

Түүнчлэн “ТТТ” ХХК-аас 1,741,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь нотлох баримтад үндэслэгдсэн, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны  талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Гуравдагч этгээд Б.М, Б.Б нар уг хэлцлийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардахад энэхүү магадлал саад болохгүйг дурдаж байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн завж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2022/01493 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 56 дугаар зүйлийн 56.1.8, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Аийг .................. хаягт байрлах 12.5 м.кв талбайтай авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, “ГБ” ХХК, Б.М, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн мэдээллийн санд оруулсан мэдээлэл устгахыг хариуцагч “ГБ” ХХК-нд даалгах, хариуцагч “ТТТ” ХХК-аас 1,741,000 төгрөг гаргуулах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 56.1 ...” гэснийг “... 56.2 ...” гэж, “ ... үлдээсүгэй.” гэснийг “... үлдээж, хариуцагч “ГБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 353,150 төгрөг /70,200+282,950/-ийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ат олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 655,375 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

                                                   

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

                                           ШҮҮГЧИД                                   Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                               А.МӨНХЗУЛ