Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2022/01414

 

 

 

....-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ....-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч .........- холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОЛТ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/03242 дугаар захирамжаар Г.Намжимсүрэн, Ц.Мөнхжаргал нараас 196,935,725 төгрөг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Барьцаа хөрөнгө 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцыг 190,556,100 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс доогуур гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч ....-д хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдээгүй. ....- нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцдаг ба шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд огт татан оролцуулаагүй. ....- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар эх Г.Намжимсүрэнгээс мэдсэн өдрөөс тооцож үнэлгээний талаарх гомдлоо гаргаж байна. Иймд гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Г.Намжимсүрэн, Ц.Мөнхжаргал нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах ....-гийн өмчлөлийн 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг битүүмжлэн хураасан. Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон. Төлбөр төлөгч Г.Намжимсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2019/01552 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1175 дугаар магадлалаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж шинжээч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах ....-гийн өмчлөлийн 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газарт үнэлгээ тогтоолгоход 190,556,100 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээний мэдэгдлүүдийг талуудад 2020 оны 04 дүгээр сарын 24-нд анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн. Төлбөр төлөгч Г.Намжимсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/Ш32020/04956 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 182/ШШ2020/02369 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2303 дугаар магадлалаар хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2021/00361 дүгээр шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 693 дугаар магадлалаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Намжимсүрэн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэхэд төлбөр авагч ХААН банк ХХК-тай харилцан тохиролцож, албадан дуудлага худалдааг 1 сар хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хойшлуулсан боловч төлбөрөө барагдуулаагүй тул төлбөр авагч талаас албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэх хүсэлт ирүүлсэн. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоотод байрлах ....-гийн өмчлөлийн 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газрыг шинжээчийн тогтоосон үнэ 190,556,100 төгрөгийн 70 хувь 133,389,270 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй. Мөн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан .........- холбогдох, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Г.Даваацэрэнгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ....-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлэхэд өмчлөгч ....-г татан оролцуулаагүй, оролцох боломжоор хангаагүй хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үнэлгээг хүчингүй болгох гэж тайлбарлажээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Мюнхэн хот, Мюнхэн гудамж, 1 дүгээр байранд оршин суудаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ....-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн оролцсон. Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, дээд салхит 37 гудамж, 552 тоотод байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц мөн хаягт байрлах 700 м.кв бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газрын үнэлгээг гаргасан талаар мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдээгүй үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3 дахь хэсэгт тус тус заасныг зөрчсөн. Нэхэмжлэгчид үнэлгээний тайланг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор танилцуулаагүй бөгөөд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй.

Шүүх ... Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шинжээч томилох тухай 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 4/191 дугаар тогтоолын дагуу шинжээчээр Баянмодот ХХК томилогдсон байх бөгөөд үнэлгээчин 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн тайланг ирүүлсэн... гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зааснаар 2020 оны 04 дүгээр сараас хойш 240 сар буюу 2 жилийн хугацаа өнгөрсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хоёр дахин нэмэгдсэн нь нийтэд илэрхий болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Г.Намжилсүрэн, Ц.Мөнхжаргал нараас 196,965,725 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн захирамжийг гүйцэтгэх явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот хаягт байрлах ....-гийн өмчлөлийн 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжлэн хурааж талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 117 дугаар тогтоолоор шинжээч томилж үнэлгээг тогтоолгосон боловч Г.Намжимсүрэн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Дээрх 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үнэлгээний мэдэгдлийг талуудад мэдэгдсэн. ....-гийн эх Г.Намжилсүрэнд мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасны дагуу мэдэгдлийг гардуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ....- хариуцагч .........- холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамж, 552 тоот 240 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 190,556,100 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч ... шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ... гэж маргажээ.

 

1.б. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШЗ2018/03242 дугаартай захирамжаар Г.Намжилсүрэн, Ц.Мөнхжаргал нар 196,935,725 төгрөгийг бүрэн төлөхийг зөвшөөрч, дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 61 дүгээр байр, 50 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууц, мөн дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхитын 37-552 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тоног төхөөрөмж, гэрийн эд хогшлоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрснийг баталж шийдвэрлэсэн ба уг захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэдэг. (хх-ийн 23-24)

 

1.в. Төлбөр төлөгч Г.Намжилсүрэн, Ц.Мөнхжаргал нар дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ГХ2018/00755 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 182/ШЗ2018/08094 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. (хх-ийн 21-25)

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 18301083/02 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 18301083/03 дугаар тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 25-29)

 

1.г. Хариуцагч байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төлбөр төлөгч Г.Намжилсүрэнд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлэх талаар мэдэгдэхэд тэрээр ... манай хүү Германд сурдаг. Ирэх 7 хоногт үнэлгээг авчирч өгье... гэж хэлсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан ба өмчлөгч ....- нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 700,000,000 төгрөгөөр үнэлэх санал ирүүлсэн боловч төлбөр авагчийн төлөөлөгч Ц.Мөнхжаргал нар харилцан тохиролцоогүйгээс Баян модот ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ. (хх-ийн 36-41)

Шинжээч Баян модот ХХК нь Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 37 дугаар гудамжны 552 тоот хаягт байрлах 240 м.кв талбай бүхий хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үнэлгээг 190,556,100 төгрөгөөр тогтоосон байна. (хх-ийн 43-48)

 

1.д. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн бөгөөд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч ....-гийн эх Г.Намжимсүрэнд мэдэгдсэн. Өмчлөгч ....- нь гадаадад амьдарч байгаа тул төрсөн эх Г.Намжимсүрэн нь дамжуулж танилцуулах болохоо мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ. (хх-ийн 51)

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар өмчлөгч ....-гийн эх буюу төлбөр төлөгч Г.Намжимсүрэнд мэдэгдсэн нь дээрх хуульд заасан байна.

 

Иймд өмчлөгч ....-д үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн гэж үзнэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

2.а. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар өмчлөгч ....-гийн эх Г.Намжимсүрэнд мэдэгдэж байсан ба тэрээр өмчлөгч ....-д шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэхээ илэрхийлж байсан болох нь тогтоогдсон. Нөгөө талаар нэхэмжлэгч ....- нь үнийн санал өгч байсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. (хх-ийн 38)

 

2.б. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан бөгөөд төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, цар тахлын улмаас үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 2 дахин өссөн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлох үүрэгтэй бөгөөд үнэ өссөн нь нийтэд илэрхий үйл баримтад хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ