Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2017/0994/З |
Дугаар | 221/МА2018/0556 |
Огноо | 2018-10-24 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2018/0556
Ж.Х, Ж.Т, С.Л нарын
итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгч Ж.Т, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Ж, хариуцагч Нийслэлийн Захирагчийн Ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, Э.У, хариуцагч Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын давж заалдах гомдлоор, Ж.Х, Ж.Т, С.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын харьяа Орон сууц хувьчлах товчоонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэрээр: “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.1.2, 148.1.3, Орон сууц хувьчлах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 11 дүгээр тогтоолын иргэн Г.А-т холбогдох хэсэг, Г.А-т олгосон 117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.А-ийн нэр дээр бүртгэсэн, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот орон сууц өмчлөх эрхийн Ү-220409**** дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож,
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2004 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.1.3, 9.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Г.А-т Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож” шийдвэрлэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: “...Ш.Ч нар нь БЗД-ийн **-р хороо, **-р хороолол, **а байрны 4-р орцны 0 тоот өрөө буюу галын аваарын гарцыг хувьчилсан 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хувьчлалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс гаргасан тоот тогтоолдоо “сууц өмчлөгч иргэд аюулгүй орчинд амьдрах эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг “нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаар татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэлийн өмгөөлөгч нар нь “галын аваарын гарц” хувьчилсан нь хууль бус иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдлаа гэж тайлбарлаж байсан тул шүүхээс шинжээч томилж шинжээчид ...галын аваарын гарц мөн эсэх, гэх асуулт тавьсан бөгөөд шинжээч ...гал түймрийн үед ашиглагдах аврах гарц биш, гэж шинжээчийн дүгнэлт гарсны дараа нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн актыг хүчингүй болгуулахаар өөрчилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн явдал нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нар галын аваарын гарц хувьчилсан гэх үндсэн нэхэмжлэлийнхээ хувьд нэхэмжлэгч болж болох юм. Харин 2004 оны “акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар тайлбарласан боловч шүүх зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар болон нотлох баримтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэсэн тухай (2002 оны) хуулийн 12-р зүйлийн 12.1 Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. 12.2 харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол иргэн, хуулийн этгээд нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. 6.1-д хуульд өөрөөр заагаагүй бол иргэн хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана. 6.3-д энэ хуулийн 6.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол захиргааны байгууллага, албан тушаалтан уг хугацааг хэтэрснээс хойшхи гурван сарын дотор сэргээж болно. Хугацаа сэргээхтэй холбогдсон зардлыг шүүхэд гаргана. Нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах 34 дүгээр зүйлийн 34.1.5 нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, 34 дүгээр зүйлийн 34.1.8 энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” гэсэн хуулийн заалтуудыг эхлэн шалгаж зөрчигдөөгүй гэж үзвэл өөр бусад зөрчил байгаа эсэхийг нь шалган тогтоох нь зүйтэй байсан болов уу. Анхан шатны шүүх ...Г.А нь тухайн сууцыг эзэмших хүсэлт гаргасан эсэх нь тодорхойгүй, ямар хүсэлтийг үндэслэн уг эрхийн бичгийг олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй дээр ийнхүү олгохоор шийдвэрлэсэн нь эрх бүхий албан ёсны шийдвэр байхгүй нь ЗХШХШтХ-ийн 9.1.2, 9.1.3, 9.1.4 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актад хамаарч байна гэж үзсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадаагүй байна. Учир нь 14 жилийн өмнөх хүсэлт шийдвэрийг захиргааны байгууллагаас гаргаж өгөөгүй нь (захирагчийн албанаас тайлбарлахдаа бид архиваа зөөж янзлаж байгаа, бичиг баримтыг давхраас давхар руу зөөж шилжүүлэх үед өөр бичиг баримт дунд орсон байхыг үгүйсгэхгүй одоо болтол засвар дуусаагүй байгаа гэсэн тайлбар хэлсэн) дээрх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. 14 жилийн өмнөх бичиг баримт олдохгүй байна нь хүсэлт гаргаагүй эсхүл эрх бүхий албан ёсны шийдвэр гараагүй гэх нотлох баримт биш юм. Тийм ч учраас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх чухал хүчин зүйлийн нэг нь цаг хугацаа юм.
Г.А, Л.Д нар нь 1996 оноос эхлэн уг байрыг 22 жилийн турш ашиглаж, эзэмшиж, өмчлөж байгаа бөгөөд 14 жилийн өмнө 2004 онд уг байрны зохих төлбөрийг төлж “төр”-өөс худалдан авсан байдаг. Гэвч шүүх 14 жилийн дараа 2004 оны “акт”-нд нэхэмжлэл гаргах эрхтэй, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр зөвхөн гуравдагч этгээд Г.А, Л.Д нарын өмчлөх эрхийг хөндсөн байх бөгөөд хариуцагч нарын эрх, ашиг зөрчигдөөгүй байна. Маргаан бүхий орон сууц нь Г.А, Л.Д нарын өмч бөгөөд өмчлөгч Л.Д-д мэдэгдэхгүйгээр, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх хуралдаан хийж өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчээс “Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 22а байрны 4 дүгээр орцны 0 тоот өрөөг Г.А-т эзэмшүүлсэн” 2004254 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, улмаар орон сууцыг түүнд хувьчилсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Г.А-т холбогдох хэсэг, Г.А-т олгосон 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Г.А-ийн дээрх 00 тоот өрөөг өмчлөх эрхийн Ү220409**** дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж, үндэслэлээ “...Улсын Их Хурлаас орон сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгохыг хориглосон байхад Г.А-т маргаан бүхий орон сууцыг эзэмшүүлсэн, уг илт хууль бус эрхийн бичгийг үндэслэн түүнд орон сууцыг хувьчилсан нь нэхэмжлэгч нарын дундын эд хөрөнгөд хууль бусаар халдсан, тэдгээрийн өмчлөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхлыг зөрчсөн” гэж тайлбарлажээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараах эд хөрөнгө хамаарна”, 15.1.1-д “...сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, ... тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заажээ.
Хэрэгт авагдсан шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Ш-04 дүгээр дүгнэлтээр “...0 тоот өрөөний анхны зориулалт нь ...тухайн барилгыг барихад ....тэргэнцэртэй хүн гарах, цахилгааны самбарын өрөө болон барилгыг нэвт гарах гарцаар төлөвлөсөн байна” гэж тогтоосноос үзвэл маргаан бүхий орон сууц нь “сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, тэдгээртэй адилтгах байгууламж”-д хамаарна гэж үзсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
Улсын Их Хурлын 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 27 дугаар тогтоолоор “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөөг орон сууцны зориулалтаар ашиглах эрхийн бичиг олгох явдлыг таслан зогсоох арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудад даалгаж” шийдвэрлэжээ.
Уг тогтоолоос үзвэл, төрөөс хувьчлагдсан нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцны бус зориулалттай техникийн болон үйлчилгээний өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарахаар хуульчлагдсан тул төрөөс орон сууцны зориулалтаар ашиглах эрх олгох явдлыг таслан зогсоосон байна.
Гэтэл Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга 2004 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр маргаан бүхий орон сууцыг гуравдагч этгээд Г.А-т эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна.
Ийнхүү Улсын Их Хурлаас маргаан бүхий сууцны бус зориулалттай өрөөг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хориглосон байхад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг Г.А-т эзэмшүүлж, орон сууц эзэмших эрхийн бичиг олгосныг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 /захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-д заасан шинжийг агуулсан захиргааны илт хууль бус акт гэж үзэхээр байна.
Харин анхан шатны шүүхээс дээрх эрхийн бичгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хууль зүйн үндэслэл нь буруу байна.
Учир нь Г.А-т маргаан бүхий сууцны бус зориулалттай өрөөг эзэмших эрхийг эрх бүхий албан тушаалтан болох Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга олгож, холбогдох тамга, тэмдэг нь дарагдсан, зөвхөн өмнө нь ашиглагдаж байсан Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас олгодог байсан “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийн загварыг ашигласан нь хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байхад “захиргааны актыг батлан гаргасан байгууллага, албан тушаалтан нь тодорхойгүй, акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх субъект тодорхой бус” гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Нэгэнт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул Г.А-т маргаан бүхий сууцны бус зориулалттай өрөөг эзэмшүүлсэн илт хууль бус эрхийн бичгийг үндэслэн гарсан Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 11 дүгээр тогтоолын Г.А-т холбогдох хэсэг, үүнийг үндэслэн бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хууль бус гэж үзэх тул дээрх 11 дүгээр тогтоолын Г.А-т холбогдох хэсэг, 0117647 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ, Ү-220409**** дугаартай улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Түүнчлэн гуравдагч этгээд Г.А нь маргаан бүхий сууцны бус зориулалттай өрөөг 2004 оноос эхлэн эзэмшиж, эзэмшсэн цагаасаа эхлэн түрээслүүлдэг байсан болохоо шүүхэд ирүүлсэн тайлбартаа дурдсан байх бөгөөд үүнээс өмнөх хугацаанд тус сууцны бус зориулалттай өрөөнд амьдарч байсан болох нь баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Гуравдагч этгээдийн гаргасан “...нэхэмжлэгч нар галын аваарын гарц хувьчилсан гэх үндсэн нэхэмжлэлийнхээ хувьд нэхэмжлэгч болж болох юм. Харин 2004 оны “акт”-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй” гэх давж заалдах гомдлын тухайд
“Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны ** дугаар хорооллын **а байрны 4 дүгээр орцны 0 тоот өрөөг Г.А-т эзэмшүүлсэн” 2004254 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичиг нь илт хууль бус захиргааны акт болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, үүний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн талаар Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 дүгээр дүгнэлт гарснаас гадна нэхэмжлэгч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахад саналын эрхтэй оролцох, дундын өмчлөлийн эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах эрхийг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Мөн илт хууль бусд тооцуулахаар маргасан акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан акт байх боловч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болохоор зохицуулагдсан тул Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооллын **а байрны 4 дүгээр орцны 0 тоот өрөөг Г.А-т эзэмшүүлсэн” 2004254 дугаартай орон сууц эзэмших эрхийн бичгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх боловч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2018/0520 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан “Г.А-т Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, **а дугаар байрны 4 дүгээр орцны /0/ тоот өрөөг эзэмшүүлсэн 2004254 дугаартай “Орон сууц эзэмших эрхийн бичиг”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН