Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 434

 

В.Т, Б.Б, Э.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар магадлалтай, В.Т, Б.Б, Э.Б нарт холбогдох 1938008130005 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 201 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

Мөн шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 98 дугаар зүйлийн 98.1, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, В.Т,

Монгол Улсын иргэн, 1985 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт,

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч В.Т, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-с 1,087,097 төгрөгийг, шүүгдэгч Б.Бгээс 1,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.Т-д олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч В.Т, Б.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.Б нь нөгөө шүүгдэгч нарыг хоорондоо харилцан зодолдох үед салгах санаатай очсон боловч салахгүй байсан болохоор нь тус бүр нэг удаа өшиглөж салгасан хэмээн үнэн зөвөөр мэдүүлсэн. В.Т, Б.Б нар нь бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байтал давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хамтран оролцсон гэж үзнэ гэсэн нь Эрүүгийн хуулийг нэг мөр хэрэглэх тухай заалтыг ноцтой зөрчсөн. Хамтран оролцогч гэж үзвэл хамжигч, гүйцэтгэгч гэх мэтээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь нэг нь гэрт, нөгөө нь гадаа үйлдэгдсэн. Э.Б, Б.Б нар нь харилцан эсрэг сонирхол бүхий яллагдагч нар биш бөгөөд тус тусдаа хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн. Эдгээр нь бүгд хангалттай тогтоогддог. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхийг хянадаггүй бөгөөд үүнд прокурор хяналт тавьдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль зөрчигдсөн бол дахин тэр ажиллагааг явуулдаггүй бөгөөд зөвхөн бусад зөрчөөгүй хэсгүүдийг үнэлж, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэдэг. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэсэн байна.

 

Мөн шүүхэд Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Яллагдагч Б.Б, Э.Б нар нь харилцан эсрэг сонирхолгүй бөгөөд Б.Б нь гэр дотор В.Т-г маргалдан харилцан зодолдож цохисон, үүнээс хойш гэрийн гадаа Э.Б нь В.Т, Б.Б нарын зодооныг салгах явцдаа тэдгээрийг нэг нэг удаа буюу В.Т-г зүүн нүдэн тус газар өшиглөсөн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрдөг ба гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан гаргаагүй тул тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “...өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт асууж болно” гэсэн заалтын дагуу өмгөөлөгч Б.Содномдорж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр "Б.Б бусдад зодуулсан талаар “Махмаркет” ХХК-ны галчыг гэрчээр асуулгах хүсэлтийг мөрдөгчид гаргасан ба мөрдөгч 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өмгөөлөгчийн дээрх хүсэлтийг хангаж, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрч П.Ц-с гэрчээр мэдүүлэг авч уг ажиллагаанд өмгөөлөгч Б.Содномдоржийг оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Гэрч В.Э, Ч.Э нараас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл хавтаст хэргийн 79-81, 83-84-р хуудсанд авагдсан. Дээрх тэмдэглэлүүдэд гэрчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн бөгөөд үүний 5 дахь хэсэгт “Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” болохыг дурдсан байхаас гадна мэдүүлгийн эхэнд танилцуулсан эрх үүргээс асууж тодруулах зүйл байгаа эсэхийг дахин тодруулж, дээрх гэрчүүд асууж тодруулах зүйл байхгүй гэснээр мэдүүлгийг үргэлжлүүлэн авсныг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Хохирогч В.Т, Б.Б нарыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хохирогчийн хувиар нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан бөгөөд тухайн үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр В.Т, Б.Б нар нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн, яллагдагчаар татагдаагүй байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг зөрчөөгүй. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон бөгөөд давж заалдах шатны шүүх гэмт хэрэгт хамтран оролцсон оролцогч дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Тухайн үед Б.Б, В.Т нар нь огт салахгүй зодолдож байсан учир Э.Б салгасан. Тэгэхээр гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Э.Б, Б.Б нар нь харилцан эсрэг ашиг сонирхолтой бус хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Харин шүүгдэгч В.Т гэм буруугаа хүлээгүй, үйл баримтын талаар тодорхой мэдүүлэг өгөөгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргалын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг тус тус үндэслэн В.Т, Б.Б, Э.Б нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүгдэгч В.Т, Б.Б, Э.Б нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 30 дугаар гудамжны 15 тоотод согтуугаар харилцан зодолдсоны улмаас хохирогч В.Тийн эрүүл мэндэд шүүгдэгч Б.Б нь хөнгөн хохирол, шүүгдэгч Э.Бнь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Б-н эрүүл мэндэд шүүгдэгч В.Т нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд В.Т, Б.Б, Э.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг, шүүгдэгч В.Т, Б.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс Б.Б, Э.Б нарыг В.Т-г хамтарч гэмтээсэн гэж үзэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай шийдвэр гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуульд хоёр ба түүнээс олон хүн үйлдлээрээ нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцдог боловч нэг гэмт хэргийг хамт хийхээр үүрэг оролцоогоо хуваарилж, санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэсэн, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаа нэгтгэсэн нэгдмэл санаа зорилготой байх шалгуурыг мөн шаарддаг.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзэхэд Б.Б, В.Т нар эхэлж зодолдон нэгнийгээ хөнгөн гэмтээсэн байхад Э.Бзодооныг салгах зорилгоор Б.Б, В.Т нарыг хоёуланг цохихдоо В.Т-н зүүн нүд рүү өшиглөж хүндэвтэр гэмтэл учруулсан байна. Энэ тохиолдолд нэгдүгээрт, Б.Б нь В.Тийг хөнгөн гэмтээх үед ганцаараа байж дараа нь Э.Б зодоонд оролцсон, хоёрдугаарт,   Э.Б нь В.Т-г гэмтээх үед Э.Б, Б.Б нарын хооронд үйлдлийн болоод санааны нэгдэл тогтоогүй, хоорондоо зөрчилдөж Э.Б нь Б.Б-г цээжинд нь цохиж байсан зэрэг нь гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг цаг хугацаа, үйлдлийн болоод санааны нэгдлийн шалгуурын алинаар ч хангахгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон дараагийн үндэслэл болох “харилцан эсрэг сонирхол бүхий шүүгдэгч нарыг нэг өмгөөлөгч өмгөөлсөн, гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөх эсэхийг тодруулаагүй, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах журмыг зөрчсөн” зэрэг мөрдөн байцаалтын шатанд гарсан зөрчлүүд нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол мөн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдоно.  

Гэвч эдгээр зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарахгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болзошгүй шинж чанар тогтоогдоогүй тул түүнийг  хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлгүй.

Харин цаашид хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчлийн талаарх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан дүгнэлтийг анхан шатны шүүх анхаарвал зохино.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхжаргал бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Л.Цогтбаярын гаргасан гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

                                         ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                         Ч.ХОСБАЯР

                                                                                                         Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН