Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 00091

 

2020          03             25                                          2020/ШЦТ/91

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ц.Мөнхжаргал, 

Хохирогч, шүүгдэгч В.Т-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,

Хохирогч, шүүгдэгч Б.Б-, шүүгдэгч Э.Б-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Т-, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 1938008130005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, В.Т.  

Монгол Улсын иргэн, Б.Б.

Монгол Улсын иргэн, Э.Б. 

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод иргэн В.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-31- нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод иргэн В.Т-ийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч В.Т- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-31 -нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод иргэн Б.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
    1. Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод орших иргэн Б.Б-ийн гэрт хохирогч В.Т-ийг “чи угаасаа их зэвүүн харагддаг” гэж хэл амаар доромжилж, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, зүүн ухархайн хана болон хамар ясанд хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч В.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би гэрийн баруун талын орон дээр сууж байхад Б.Б- шууд босож ирээд гараараа толгой руу цохисон. Би Б.Б-г бариад авахад гэрийн эзэн Б.Б- та нар гадаа гар гээд Б.Б-, танихгүй залуу хоёр бид хоёрыг гэрээс чирээд гэрээс гарч байхад гэрийн босгонд тээглээд гадаа унахад Б.Б- намайг шууд зүүн талын нүд рүү өшиглөсөн. Нөгөө танихгүй залуу хүртэл хажуугаас Б.Б-тэй хамт толгой руу өшиглөөд байсан. Тухайн үед зүүн талын нүд харанхуйлаад орчны юм сайн харж чадахгүй байсан. Тухайн үед болиоч ээ үхлээ шүү дээ гэж орилж байсан. Нэг хэсэг ухаан балартаад сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. ...Би эмнэлэгт очиход миний зүүн талын нүд, хамар, амнаас цус гарч байсан. Эмч үзээд яаралтай нүдний доод зовхины арьс тасарсан хэсэгт оёдол тавьсан. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг зарцуулсан. Цаашид нүдний хагалгаанд ороход 6 саяаас 8 сая төгрөгний хохирол гарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б-, В.Т- ах нар орон дээр барилцаад авчихсан, Б.Б- ах дээр нь гарчихсан цохиод, доороос нь В.Т- цохиж аваад байсан. Дараа нь хоймрын авдарны урд хүртэл барилцаж аваад бие биенийхээ дээр гараад бие биенээ цохиж аваад байсан. Тэгээд Б.Б- бид хоёр нөгөө хоёрыг гадаа гаргасан. Гадаа гараад машин гэр хоёрын хооронд дээр дороо ороод ноцолдоод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөгөө авч очсон пивоо уугаад сууж байхад Б.Б- В.Т- рүү хандаж “чамайг таксинд явж байхыг чинь харахаар зэвүү хүрээд байдаг” гээд маргаан эхлүүлж, Б.Б- босч ирээд В.Т-ийг заамдаж аваад гэрт том том дуугараад байхаар нь гэрээс гаргасан. Гэрийн гадаа гараад хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. ...Би эхнэртээ хүүхдээ өгөөд гэрээс гадаа гарахад В.Т-ийн нүднээс цус гоожсон нүүр хэсэг цустай хутгалдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “1. В.Т-ийн биед ...зүүн нүдний зовхинд шарх, зүүн ухархайн хана болон хамар ясанд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. В.Т-ийн биед тогтоогдсон ...биеийн бусад хэсгийн гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 582 дугаартай: “1. В.Т-ийн биед тархи доргилт, ...зүүн дээд, доод зовхи, дотор өнцөгт шарх, дух, баруун, зүүн шанаа, хацар, эрүү, хамрын нуруу, дээд уруул, зүүн чихний дэлбэнд зулгаралт, зүүн дээд, доод зовхи, нуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. ...4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-г эрүүлжүүлэх байранд хүлээн авсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 74 дүгээр хуудас/,
  • Хохирогч В.Т-ийг хохирогч Б.Б-тэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч В.Т-ийн: “Б.Б-ийн гэрээс Э.Б-, Б.Б- нар чирээд гаргаж байхад хаалганы босгонд тээглэж газар унахад урдаас Б.Б- хөлөөрөө өшиглөсөн. Гадаа гарсны дараа Э.Б-, Б.Б- нар тархи толгой, цээж рүү өшиглөсөн. Одоо миний зүүн талын нүднээс нулимс гарч нүд бүрэлздэг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас,
  • Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 цаг 15 минутанд цагдаагийн дэслэгч М.А- Мөрөн сумын 10 дугаар багийн ...оос согтуу хүн агсам тавьсан гэх дуудлагаар Б.Б-г эрүүлжүүлэхэд байранд хүргэж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэд нар пиво ууж суусан. ...Б.Б- В.Т-ийг очоод цохиод авсан. Орон дээр тэр хоёр бие биенээ толгой, цээж рүүгээ дээр доороо гараад цохиж аваад байсан. Дараа нь орон дээрээс буугаад газар хүртэл барилцаж авсан. ...Гэрийн гадаа 20-30 минут болсны дараа тэр гурав гэрт орж ирэхэд В.Т-ийн зүүн талын нүд рүү цохичихсон бололтой нүднээс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг зэргээр,

 

  1. Шүүгдэгч Э.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод орших иргэн Б.Б-ийн гэрт шүүгдэгч В.Т-, Б.Б- нарыг хоорондоо маргалдан харилцан зодолдох үед гэрийн эзэн Б.Б-ийн хамт хохирогч В.Т-ийг гэрээс чирч гарган, гэрийн гадаа Б.Б-, В.Т- нарыг хоорондоо барилцаж аван ноцолдож байхад  нь “та хоёр боль ингэж зодолдож яадаг юм бэ” гэж хэлэн хохирогч В.Т-ийн зүүн талын нүд рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний нулимсны суваг тасрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч В.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Б.Б-г бариад авахад гэрийн эзэн Б.Б- та нар гадаа гар гээд Б.Б-, танихгүй залуу хоёр бид хоёрыг гэрээс чирээд гэрээс гарч байхад гэрийн босгонд тээглээд гадаа унахад ....нөгөө танихгүй залуу хүртэл хажуугаас Б.Б-тэй хамт толгой руу өшиглөөд байсан. Тухайн үед зүүн талын нүд харанхуйлаад орчны юм сайн харж чадахгүй байсан. Тухайн үед болиоч ээ үхлээ шүү дээ гэж орилж байсан. Нэг хэсэг ухаан балартаад сэрэхэд цагдаа ирчихсэн байсан. ...Би эмнэлэгт очиход миний зүүн талын нүд, хамар, амнаас цус гарч байсан. Эмч үзээд яаралтай нүдний доод зовхины арьс тасарсан хэсэгт оёдол тавьсан. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг зарцуулсан. Цаашид нүдний хагалгаанд ороход 6 саяаас 8 сая төгрөгний хохирол гарч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 20 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: “...Э.Б- “та хоёр боль ингэж зодолдож яадаг юм бэ” гээд ...В.Т-ийн зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэр үед В.Т-ийн зүүн талын нүднээс цус гоожиж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрийн гадаа гараад хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан. ...Би ...гэрээс гадаа гарахад В.Т-ийн нүднээс цус гоожсон, нүүр хэсэг цустай хутгалдсан байдалтай байсан. ...Би Э.Б-ээс гадаа яасан талаар асуухад: Э.Б- “нэг удаа өшиглөсөн чинь В.Т-ийн нүд рүү өшиглөж таарсан байна” гэж надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай: “1. В.Т-ийн биед ...зүүн нүдний нулимсны суваг тасрал... бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. В.Т-ийн биед тогтоогдсон зүүн нүдний нулимсны сувгийн тасрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр ...зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 582 дугаартай: “1. В.Т-ийн биед ...зүүн нулимсны суваг тасарсан... бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. В.Т-ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/,
  • Хохирогч В.Т-ийг хохирогч Б.Б-тэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Б.Б-гийн: “...Гадаа гараад В.Т- бид хоёр ноцолдоход В.Т- зүүн талын гараас хазаад тавихгүй байхад Э.Б- “хоёр пизда ингэж зодолдохгүй” гээд намайг дээрээс хойш татаад цээж рүү нэг удаа өшиглөсний дараа В.Т-ийг өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас,
  • Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр үед Э.Б- Б.Б-г өмөөрөөд хөргөгчний урд В.Т-ийг гараараа нэг удаа цохьсон. ...Гэрийн гадаа Э.Б-ийн дуу л хадаад пиздаа нарыг ална гээд орилж байгаа нь дуулдаж байсан. Гэрийн гадаа 20-30 минут болсны дараа тэр гурав гэрт орж ирэхэд В.Т-ийн зүүн талын нүд рүү цохичихсон бололтой нүднээс нь цус гарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагчдагчаар өгсөн: “...Гэрийн гадаа В.Т-ийн дээр Б.Б- гарчихсан. Б.Б-г татаад салгах гэхэд В.Т- гарнаас нь хазчихаад тавихгүй байсан. Б.Б-г хойш нь татаж унагаачихаад нэг удаа цээж рүү нь өшиглөсөн. Харин В.Т-ийг газар хэвтэж байхад нь толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд гэрт ороход В.Т-ийн зүүн талын нүднээс цус гарчихсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 135 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэргээр,

 

  1. Шүүгдэгч В.Т- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, гараараа хамар, шүд рүү нь цохиж, зүүн гарын долоовор хурууг нь хазаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд хугарал, хамрын нуруу, хоолой, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
  • Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөгөө авч очсон хоёр пивоныхоо нэгийг тал дунд хүртэл ууж байхад В.Т- шорон оронд явсан, дүү нараа авчирч зодуулсан ч чадна гээд над руу хэрүүл маргаан хийж эхэлсэн. В.Т- гэнэт босож ирээд баруун талын орон дээр дараад хамар, шүд рүү цохисон. Цохиулснаас үүдэж хамар, шүд хугарсныг В.Т-эд хэлсэн. Намайг орон дээр дарж унагаах үед хоолойны мөнгөн гинж тасарсан. Тэр Б.Б-ийн эхнэр гэр орон нураалаа гэрээс гар гэсэн. Э.Б-, Б.Б- нар гэрээс чирээд гаргасан. Гэрийн үүд, машин хоёрын завсар дээр дороо орчихсон ноцолдож байхад В.Т- зүүн гарын хурууг хазаад тавихгүй болохоор нь салгах гээд ноцолдож байхад Э.Б- “та хоёр боль ингэж зодолдож яадаг юм” гээд миний зүүн талын цээж орчим руу өшиглөсөн. Харин В.Т-ийн зүүн талын нүд рүү өшиглөсөн. Тэр үед В.Т-ийн зүүн талын нүднээс цус гоожиж харагдсан. Тэгээд В.Т- бид хоёр салсан. ...В.Т- намайг орон дээр дарж байгаад гараараа хоёр гурван удаа цохисон. Цохиулснаас үүдэж миний биед хамрын дээвэр яс, үүдэн дээд шүднээс нэг шүд булгарсан. Гэрийн гадаа ноцолдож байхад хазуулснаас үүдэж зүүн гарын долоовор хуруу, дунд хуруунд цус хуралтай байсан. Одоо хатсан байдалтай эдгэрсэн. Гадаа ноцолдож байхад л хүзүүг хумсаараа урсан байх. Би өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Хүзүүнд хумсны сорвины гэмтэл учирсан. ...Одоо биеийн байдал сайн. Хааяа хугарсан шүд янгинаж өвддөг. Өөрөөр бол зовиур байхгүй. ...Би В.Т-эд шүд, хамраа хугалуулсанд гомдолтой байна. Эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарна. Түүнийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26, 28 дугаар хуудас/,
  • Гэрч Э.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б-, В.Т- ах нар орон дээр барилцаад авчихсан, Б.Б- ах дээр нь гарчихсан цохиод, доороос нь В.Т- цохиж аваад байсан. Дараа нь хоймрын авдарны урд хүртэл барилцаж аваад бие биенийхээ дээр гараад бие биенээ цохиж аваад байсан. Тэгээд Б.Б- бид хоёр нөгөө хоёрыг гадаа гаргасан. Гадаа гараад машин гэр хоёрын хооронд дээр дороо ороод ноцолдоод байсан. ...Б.Б- бид хоёр В.Т-, Б.Б- хоёрыг гэрээс гаргах үед Б.Б- ах хамраа дараад байсан. ...гараа хазуулсан шарх байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Нөгөө авч очсон пивоо уугаад сууж байхад Б.Б- В.Т- рүү хандаж “чамайг таксинд явж байхыг чинь харахаар зэвүү хүрээд байдаг” гээд маргаан эхлүүлж, Б.Б- босч ирээд В.Т-ийг заамдаж аваад гэрт том том дуугараад байхаар нь гэрээс гаргасан. Гэрийн гадаа гараад хоорондоо маргалдаад зодолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
  • Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 599 дугаартай: “1. Б.Б-гийн биед хамар ясны хугарал, дээд үүдэн зүүн 1-р шүд хугарал, хамрын нуруу, хоолой, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Б.Б-гийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас,
  • Хохирогч Б.Б-гийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дүрс оношлогооны төвд авахуулсан гэрэл зураг, зүүн гар, хүзүү хэсгийн гэрэл зураг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,
  • Хохирогч В.Т-ийг хохирогч Б.Б-тэй нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэлд хохирогч Б.Б-гийн: “...Намайг эхлээд баруун талын орон дээр В.Т- нүүр рүү хэд хэдэн удаа цохисон. ...Гадаа гараад В.Т- бид хоёр ноцолдоход В.Т- зүүн талын гараас хазаад. ...гэрт орж ирээд баруун талын орон дээр сууж байхад В.Т- орж ирээд цээж рүү нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 82 дугаар хуудас,
  • Гэрч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...баруун хацар нь шалбарсан, хамар ам хавдартай. Үүдэн нэг шүд нь хөдөлчихсөн гэж өөрөө ярьж байсан. Хүзүүгээ маажуулчихсан, хумсны ором гарч сараачаад хаячихсан харагдаж байсан. Мөн зүүн талын гарын дунд, долоовор хуруунууд хазсан бололтой шүдний ором гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,
  • Гэрч Д.Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Б-г эрүүлжүүлэх байранд хүргэж ирсэн. Уг хүнд эрүүл мэндийн үзлэг хийхэд хүзүү болон цээжний хэсэгт шалбарсан, зүүн талын мөрөн дээр шалбарч улайсан байсан. Баруун хөлийн шилбэ, хамар шалбарсан байдалтай байсан. ...Б.Б-гийн биед маажсан ч юм шиг эсвэл гараар базаад гэмтэл үүссэн юм шиг харагдаж байсан. ...Согтолтын зэргийг багажаар шалгаж үзэхэд 1.54 хувьтай” гэх мэдүүлэг /хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Гэрч Э.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэд нар пиво ууж суусан. ...Б.Б- В.Т-ийг очоод цохиод авсан. Орон дээр тэр хоёр бие биенээ толгой, цээж рүүгээ дээр доороо гараад цохиж аваад байсан. Дараа нь орон дээрээс буугаад газар хүртэл барилцаж авсан. ...Б.Б-гийн хамар нь шалбарчихсан, үүдэн нэг шүд нь уначихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97 дугаар хуудас/,
  • Шинжээчээс мэдүүлэг авсан: “Хамар ясны хугарал рентген зурагт бороололт үгүй тул шинэ гэмтэл. Дээд үүдэн нэгдүгээр шүдний хугарал нь их хэмжээний хөдөлгөөнтэй эмзэглэлтэй байсан тул мөн шинэ гэмтэлд хамаарна. Бусад хэсгийн гэмтэл нь эдгэрэлт явагдаж байсан тул хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэлд хамаарна. Нэгдүгээр шүдний хугарал, хамар ясны хугарал гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна. Зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-ын 6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх тэмдэглэл /хх-ийн 120 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч В.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээж байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Э.Б-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Бага насандаа мал дээр өсөж 7 настайдаа сумандаа сургуульд орсон. 9 дүгээр анги төгсөөд сургуулиас гарч мал маллаж байгаа. Цэрэгт яваагүй. ...Ааш араншингийн хувьд гэнэт уурладаг, цочирдуу зантай” гэх мэдүүлэг /хх-ийн 84 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 99 дүгээр хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 100 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/ зэргийг,

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Б.Б-гийн Н-ы төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Б.Б-гийн М, Б.Б-гийн Г нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,
  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/,
  • Гэрч П.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. Өөрөө хэл ярианы баялаг муутай, хүнтэй дуугараад явдаггүй юм. Зан ааш бол гайгүй. Архи согтууруулах ундаа уудаг” гэх мэдүүлэг /хх-ийн 87 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111 дүгээр хуудас/ зэргийг,

Шүүгдэгч В.Т-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч В.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...В.Т- ах 3 дугаар анги төгсөөд хөдөө мал дээр гарсан. Цэрэгт явж байсан. Барилгын мужаан мэргэжилтэй. Ааш зан гайгүй. Хүнтэй дуугүй, хүний зөнгөөр байгаа харагддаг. Янз бүрийн ааш араншин байхгүй. Одоо ээж, хүүхэдтэйгээ амьдардаг” гэх мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/,
  • Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 103-105 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 40 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/,
  • Иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 142 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 144 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд ахуйн хүрээнд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хууль зүйн мэдлэг дутмаг байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл байдал нөлөөлсөн байна.

     Шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргүүдийг үйлдсэн нь буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн шижээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Э.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод орших иргэн Б.Б-ийн гэрт шүүгдэгч В.Т-, Б.Б- нарыг хоорондоо маргалдан харилцан зодолдох үед гэрийн эзэн Б.Б-ийн хамт хохирогч В.Т-ийг гэрээс чирч гарган, гэрийн гадаа Б.Б-, В.Т- нарыг хоорондоо барилцаж аван ноцолдож байхад  нь “та хоёр боль ингэж зодолдож яадаг юм бэ” гэж хэлэн хохирогч В.Т-ийн зүүн талын нүд рүү нь өшиглөж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний нулимсны суваг тасрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан,

Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод орших иргэн Б.Б-ийн гэрт хохирогч В.Т-ийг “чи угаасаа их зэвүүн харагддаг” гэж хэл амаар доромжилж, хувийн таарамжгүй харилцааны улмаас түүнийг гэрийн баруун талын орон дээр сууж байхад нь толгой руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд шарх, зүүн ухархайн хана болон хамар ясанд хугарал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч В.Т- нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Б.Б-ийн гэрт Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, гараараа хамар, шүд рүү нь цохиж, зүүн гарын долоовор хурууг нь хазаж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, дээд үүдэн зүүн 1 дүгээр шүд хугарал, хамрын нуруу, хоолой, зүүн сарвууны долоовор хуруунд зулгаралт, цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн байна.

Шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нарын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч В.Т- нь эмчилгээний зардалд 8 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэгт “Дүүрэн-Амгалан” ХХК-ийн “Окулопластик” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэс заслын төлбөрийн 1.500.000 төгрөгийн нэхэмжлэх /хх-ийн 145/, “Дүүрэн-Амгалан” ХХК-ийн “Окулопластик” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн үзлэгийн 25.000 төгрөгийн кассын орлогын ордер, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 11.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89-2 гэх 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89-2 гэх 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 11.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт /хх-ийн 146/, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн эмийн үнэ 19.750 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эмийн үнэ 4.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн эмийн үнэ 6.550 төгрөгийн ПОС системийн баримт, “Билгүүн тун фарм” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эмийн үнэ 11.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Зүүн нуур” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн В.Т- нэрээр бичигдсэн 36.700 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн эмийн үнэ 1.800 төгрөгийн ПОС системийн баримт, 36.700 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар /хх-ийн 147/, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 10.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10.500 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт, “Сод Монгол групп” ШТС-89 гэх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11.000 төгрөгийн шатахууны ПОС системийн баримт /хх-ийн 148/, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн В.Т- нэрээр бичигдсэн 36.700 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Дамбуу нэрээр бичигдсэн 36.700 төгрөгийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар, “Тунамал” эмийн сангийн 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн эмийн үнэ 21.250 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн эмийн үнэ 20.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эмийн үнэ 10.450 төгрөгийн ПОС системийн баримт, үг, үсэг балартсан ПОС системийн баримт /хх-ийн 149/, “Солонго” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн В.Т- нэрээр бичигдсэн үзлэгийн үнэ 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Люксмед” эмнэлгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн В.Т- нэрээр бичигдсэн үйлчилгээний үнэ 120.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Буман сан” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эмийн үнэ 21.600 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн эмийн үнэ 1.000 төгрөгийн ПОС системийн баримт, “Тунамал” эмийн сангийн 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн эмийн үнэ 4.000 төгрөгийн ПОС системийн баримт /хх-ийн 150/ нийт 2.612.014 төгрөгийн баримтыг,

Мөн шүүх хуралдаанд “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 3.150 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 6.900 төгрөгийн ПОС системийн баримт, “Хөвсгөл фүүд корт” гэх хоолны үнэ 2.997 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 4.550 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 350 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн амны хаалтны үнэ 800 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гар ариутгагчийн үнэ 5.500 төгрөгийн ПОС системийн баримт, “Монос Хөвсгөл” эмийн сангийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн эмийн үнэ 350 төгрөгийн ПОС системийн баримт, нийт 24.597 төгрөгийн, нийт 2.636.611 төгрөгийн баримт гаргаж өгснөөс:

Шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй”, 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Үг, үсэг балартсан ПОС системийн баримтыг /хх-ийн 149/ нотлох баримтаас хасч,

Шүүгдэгч Б.Б-, Э.Б- нар 531.350 төгрөгийг хохирогч Э.Б-д нөхөн төлсөн /хх-ийн 139-140/, 2.087.097 төгрөгийг нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Э.Б-ээс 1.087.097 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.Т-эд олгож, хохирогч В.Т- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Б-, Б.Б- нараас, хохирогч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа шүүгдэгч В.Т-ээс нэхэмжлэх эрхтэй.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” үйлдэлд шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч В.Т-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Э.Б-, Б.Б- нарын хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, хохирогчоос уучлалт гуйсан, үйлдсэн гэмт хэрэг, шүүгдэгч В.Т-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа байдал, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Э.Б-, Б.Б- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь, шүүгдэгч В.Т- нь урьд ял шийтгүүлж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

Шүүхээс шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч В.Т-, Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч В.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Т-, Б.Б- нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 1.087.097 /нэг сая наян долоон мянга ерэн долоо/ төгрөгийг, шүүгдэгч Б.Б-гээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг тус тус гаргуулж хохирогч В.Т-эд олгож, хохирогч В.Т- нь энэ гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Б-, Б.Б- нараас нэхэмжлэх эрхтэй болохыг, хохирогч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа шүүгдэгч В.Т-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.      

6. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-, В.Т-, Б.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ