Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01302

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01386 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 6,523,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д , хариуцагч Д.Б гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ф ХХК нь Д.Б , Э.Ч , Э.Б нартай 2020 оны 03 сарын 17-ны өдөр 0000/00 тоот зээлийн гэрээ байгуулж, сарын 4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай 5,800,000 төгрөгийн зээлийг олгосон. Мөн 2020 оны 03 сарын 17-ны өдөр 0000/00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, ... бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан. Зээлдэгч нар зээл авснаас хойш үндсэн зээлээс 656,921 төгрөг, хүүнээс 3,320,601 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,056 төгрөг, нийт 4,015,949 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 5,143,709 төгрөг, үндсэн хүү 1,292,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,671 төгрөг, нийт 6,523,668 төгрөг гаргуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч анх 2021 оны 09 сарын 20-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан бөгөөд 2021 оны 11 сарын 18-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дууссан байхад нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүү бодсон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Э.Ч нь тус ББСБ-аас 2016 онд өөрийн өмчлөлийн газраа барьцаалж, 2,000,000 төгрөгийн зээл авсан. Үүнээс өмнө Э.Б тус ББСБ-аас 2,000,000 төгрөгийн зээл авч төлж дуусгасан. Ийм учир Э.Б хариуцагч болох хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Б нь Э.Ч гийн өмчлөлийн газрыг барьцаалж, зээл авч, зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний барьцаалбар нь хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл, Э.Б ийн итгэмжлэлгүйгээр барьцаалсан газар дээр дахин итгэмжлэлгүйгээр Д.Б д зээл олгосон нь үндэслэлгүй. Иймд 2020 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй. 2020 оны 03 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр шилжүүлсэн 5,800,000 төгрөгөөс 2,800,000 төгрөг нь өмнө авсан Э.Ч гийн зээлийн үлдэгдлийг хаасан. Д.Б гийн зээлийн гэрээгээр авсан мөнгө нь 3,077,000 төгрөг болно. Тус ББСБ нь өмнөх зээлийг хаахын тулд дахин зээл олгосон нь зээлийн зориулалтын журамд үл нийцэх зүйл болсон гэж үзэж байна. Э.Ч гийн тус ББСБ-аас авсан зээлийн үлдэгдлийг хаасан 2,723,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй. Д.Б гийн данс руу зээл олгосон мөртлөө Э.Б , Э.Ч нарыг хамтран хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Д.Б нь дээрх зээлээс нийт 3,946,000 төгрөгийг төлжээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэлийн шаардлагаас 2,723,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б , Э.Ч нараас 5,744,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож, нэхэмжлэлээс 779,437 төгрөгийн шаардлагыг болон хариуцагч Э.Б д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар баримтлан хариуцагч Д.Б , Э.Ч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Э.Ч гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн 0-00000000000 дугаарт бүртгэлтэй, ... талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189,529 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б , Э.Ч нараас 106,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

4.а. 2020 оны 03 сарын 17-ны өдрийн №0000/00 тоот Зээлийн гэрээний талууд болох Д.Б , Э.Ч , Э.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасныг зөрчин нэхэмжлэгч, хариуцагчаа тодорхойлох эрхийг зөрчиж, /анкет огноогүй, хэдэн төгрөгийн зээл хүссэн, хамтран зээлдэх хүсэл зориг байсан эсэх нь тогтоогдохгүй байна/ нэхэмжлэлийн шаардлагаас 779,437 төгрөг болон хариуцагч Э.Б д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримталсан атлаа дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотой хөл хорионы дэглэм хэрэгжсэнээс хариуцагч үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй гэж үзсэн нь ямар дүрэм, журам, хуулийг үндэслэлээ болгосон нь тодорхойгүй байх бөгөөд Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлалгүйгээр хэрхэн 779,437 төгрөгийг хасаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх бөгөөд энэ нь холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөрчсөн.

4.б. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч Д.Б , Э.Ч нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийг дээр дурьдсан 9,886,906 төгрөгөөс төлсөн 4,015,948 төгрөг, нэмэгдүүлсэн хүү тооцсон 87,671 төгрөг мөн нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 39,056 төгрөгийг тус тус хасаж тооцон 5,744,130 төгрөгөөр тогтоож тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ гэж дурдсан. Гэтэл энэхүү мөнгөн дүнг хасаж тооцон үзэхэд 5,744,231 төгрөг гарч байх бөгөөд тооцооллыг буруу хийсэн.

4.в. Давж заалдах гомдлын 3 дахь хэсэгт дурдсан Зээлийн гэрээний үүргийг 2020 оны 03 сарын 17-ны өдрийн №0000/00 тоот Зээлийн гэрээний хавсралт 1-д тусгасан зээлийн төлбөрийн хуваарьт заасан 30 сарын хугацаанд буюу гэрээний хугацаанд хэвийн төлж дуусгах 9,886,906 төгрөгөөр тогтоож шүүхээс дээрх мөнгөн дүнгүүдийг хасаж тооцож байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-д заасныг тус тус шууд зөрчиж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчиж, хуулийн зүйл заалтыг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.г. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зээлийг зээлээр хаасан гэх тайлбарыг шүүх хуралдаанд ярьдаг боловч хэрэгт авагдсан нотлох баримт болох 2020 оны 03 сарын 18-ны өдрийн Ф ХХК-ийн Хаан банкны 0000000000 тоот дансны хуулгаар 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 11:09 минутад ЭЧогжмаа нь 2,700,000 төгрөгийг төлж өмнөх зээлээ хаасан байх бөгөөд тус өдрийн 15:59 минутад өссөн дүнгээр буюу 2020 оны 03 сарын 17-ны өдрийн №0000/00 тоот зээлийн гэрээний дүн болох 5,800,000 төгрөгийн зээлийн мөнгийг Д.Б д зээл олгов гэсэн утгатайгаар хийгдсэн нь баримтаар нотлогдож байна. 2 зээл төлөхөд орлого нь хүрэхгүй учир өмнө нь авсан зээлээ хаахыг ББСБ-аас шаардаж байсан тул өглөө нь зээлээ хаагаад цалингийн орлоготой учир Э.Б ийг хамтран зээлдэгчээр гэрээний нэг тал болгон үүрэг гүйцэтгэгчээр оруулсныг Э.Б хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж хүсэл зоригоо илэрхийлсэн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан Иргэний хуулийн зүйл заалтыг баримтлаагүй гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн зохих зүйл заалтыг баримталж шүүхийн шийдвэр гарсан. Цар тахалтай холбоотой асуудлаар буюу нөхцөл байдлыг харгалзан зээлээс тодорхой хэмжээний дүнг хассан. Зээлийн гэрээний нийт төлөгдөх дүнг шүүж үзэн графикаас илүү гарсан мөнгөн дүнг хассан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү.

 

6.   Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Э.Ч нь тус ББСБ-аас 2016 онд өөрийн өмчлөлийн газраа барьцаалж 2,000,000 төгрөгийн зээл авсан байдаг. 2020 оны 03 сарын 17-ны өдрийн иргэн Д.Б д шилжүүлсэн зээлийн гэрээгээр 5,800,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 2,800,000 төгрөг нь өмнө авсан Э.Ч гийн зээлийн үлдэгдлийг хаасан мөнгөнд тооцогддог болно. Д.Б гийн зээлийн гэрээгээр авсан мөнгө 3,077,000 төгрөг, үүнээс үлдсэн мөнгө нь Э.Ч гийн зээлийг хаасан мөнгө болж байгаа тул тус ББСБ нь өмнөх зээлээ хаахын тулд дахин зээл олгосон нь зээлийн зориулалтын журамд үл нийцэх зүйл болсон гэж үзэж байна. Э.Ч тай байгуулсан зээлийн гэрээ удаашралтай байхад цаг тухайд нь дуусгавар болголгүйгээр ахин зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн гэрээний үлдэгдлийг хаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэн Э.Ч гийн зээлийн үлдэгдлийг хаасан 2,723,000 төгрөгийн зээлд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 2,723,000 төгрөгийг хасч өгнө үү. 

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нарт холбогдуулан, үндсэн зээл 5,143,709 төгрөг, зээлийн хүү 1,292,286 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 87,672 төгрөг, нийт 6,523,668 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ... хаягт байршилтай 532 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч тал зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 30-31/

Анхан шатны шүүх шийдвэрийн удиртгал хэсэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг бичээгүй орхигдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

 

3.   Хэрэгт авагдсан 2020 оны 03 сарын 17-ны өдрийн №0000/00 тоот Зээлийн гэрээ, 0000/00 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ-гээр хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нар Ф ХХК-аас 5,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэн авах, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хариуцагч Э.Ч нь өөрийн өмчлөлийн ... хаягт байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 532 м.кв талбайтай газрыг барьцаалуулах нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 6-7, 8-10/

Дээрх Зээлийн гэрээ болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт тус тус заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.

Зээлдүүлэгч Ф ХХК 2020 оны 03 сарын 18-ны өдөр 5,732,000 төгрөгийг зээлдэгч Д.Б д дансаар шилжүүлэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн байна. /хх 14/

 

5.   Өмнө дурдсан №0000/00 тоот Зээлийн гэрээ-нд хариуцагч Э.Б гарын үсэг зурсан байх тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүх Э.Б д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, зээлийн мөнгөн хөрөнгийг Э.Б захиран зарцуулаагүй нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

6.   Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар шаардах, мөн гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

7. Хэрэгт авагдсан хариуцагч Д.Б гийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч талын тайлбараар Д.Б нь 2020 оны 03 сарын 18-ны өдөр Э.Ч гийн хүлээсэн зээлийн гэрээний үүрэгт нийт 2,723,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх боловч зээлдэн авсан мөнгөн хөрөнгөө хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн хүсэл зориг тул ...Тус ББСБ нь өмнөх зээлийг хаахын тулд дахин зээл олгосон нь зээлийн зориулалтын журамд үл нийцэх зүйл болсон гэж үзэж байна. Э.Ч гийн тус ББСБ-аас авсан зээлийн үлдэгдлийг хаасан 2,723,000 төгрөгөөс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэлгүй... гэх хариуцагч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Энэ талаарх анхан шатны шүүхийн ...зээлэн авсан мөнгөө хэрхэн зарцуулах нь зээлдэгчийн эрх, мөн зээлдүүлэгч зээлийн зарцуулалтыг хянах, хориглох боломжгүй... гэх дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

8.   Анхан шатны шүүх зээлдэгч нарын зээлийн гэрээгээр хүлээх үүргийг Зээлийн төлбөрийн хуваарь-т дурдсан 9,986,906.36 төгрөгөөр тодорхойлж тооцсон нь буруу. Учир нь уг дүн нь зээлдэгч нар Зээлийн төлбөрийн хуваарь-т заасны дагуу зээлийн эргэн төлөлтийг зохих ёсоор хийсэн тохиолдолд гарах дүн юм. /хх 6-арын нүүр/

Харин нэхэмжлэгч талаас гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөв байх тул хариуцагч нараас нийт 6,523,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх 18-19/

 

9.   Өмнө дурдсанчлан 0000/00 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

10.   Нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байхад анхан шатны шүүх хуулийн холбогдох зохицуулалтыг удирдлага болгоогүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 26-ны өдрийн 184/ШШ2022/01386 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нараас 6,523,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...7.1.1 дэх хэсэг, ... гэснийг ...7.1.1, 7.1.2, ... гэж, ...хариуцагч Д.Б , Э.Ч нараас 106,856 төгрөг гаргуулан... гэснийг хариуцагч Д.Б , Э.Ч , Э.Б нараас 189,529 төгрөг гаргуулан гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 сарын 03-ны өдөр урьдчилан төлсөн 23,257 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР