Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2018/0580

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Б давж заалдах гомдолдоо: “...шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Газрйн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндсэн зарчмыг зөрчиж, Засаг дарга захирамж гаргасан байхад эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргасан хэмээн дүгнэсэн нь мөн хуулийг буруу хэрэглэсэн явдал. Хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн гүйцэд эдлүүлээгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Ц-оос Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтууд болон нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Ц нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 /Газартай холбогдон үүссэн  дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ/, 60.1.1 /газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж  ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга/-д заасны дагуу дээд шатны Засаг дарга буюу Сэлэнгэ аймгийн Засаг даргад тухайн асуудлаар хандаагүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн эсэх, энэ журмыг хэрэглэх боломжтой байсан эсэхэд дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Тодруулбал, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлага нь захиргаанд гаргасан шийдвэрээ нягтлан хянах, шаардлагатай бол залруулах боломжийг олгоход чиглэгддэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “...гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой бол шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах”-аар зохицуулснаас үзвэл, “захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх” хуулийн шаардлагыг шүүх үзэмжээр эсхүл нэхэмжлэгчийн сонголтоор хэрэглэхгүй, захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх боломжтой маргааны хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзсэн иргэн заавал биелүүлэхийг хуулиар тогтоосон журам юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг даргад “сумын Засаг даргын шийдвэрийн үндэслэлийг хянаж, хэрэв хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл тухайн шийдвэрийг хүчингүй болгох” боломжийг олгосон бөгөөд энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг аймгийн Засаг даргад олгоогүй, урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлээгүй байхад шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь захиргааны эрх хэмжээнд халдсан гэж үзэхээр байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу Ц.Ц-ын нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин нэхэмжлэгч Ц.Ц нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлоо урьдчилан шийдвэрлүүлж, улмаар гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Ц.Ц-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/69 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулж, газар эзэмших эрхийг сэргээлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР                   

ШҮҮГЧ                                                              Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН