Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2022/01507

 

 

 

 

 

 

       2022           08            15                                         210/МА2022/01507

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч М.Баясгалан, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Н-гийн хариуцагч Баянгол дүүргийн А төвд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, урамшуулалд 1,353,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Манлай, хариуцагчийн төлөөлөгч Б.Гэрэлгуа, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Н- нь Баянгол дүүргийн А төвд 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Уг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт зааснаар Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б-03, Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн 09 дүгээр сарын 23-ны 09/190 дугаартай Албан бичиг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Албан бичгүүд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зөвлөмжүүдийг баримталсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон талаар ажилтанд мэдэгдээгүй.

          1.а. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09/1906 дугаар албан бичигт хяналт шалгалт хийсэн. Мөн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шалгалт ирсэн. Уг шалгалтууд ирсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй.

          1.б. Нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс дүйцсэн хөтөлбөрийн багшийн ажлыг хийж байгаад 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан. Дүйцсэн хөтөлбөрийн багшийн ажлыг үргэлжлүүлэх хийх саналыг тавьсан боловч хариуцагч байгууллага шийдвэрлээгүй, улмаар 2021 оны 12 дугаар сард ажлаас чөлөөлсөн. 

Б.Н- 2021 оны үр дүнгийн урамшууллыг авсан хэдий ч ур чадварын мөнгөн урамшууллыг аваагүй. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 05/230 тоот захирамжийн дагуу түлшний цэг дээр 2021 оны 01 дүгээр сарын 27 (амралтын өдөр)-ны өдөр хяналт хийж ажилласан 5,5 цагийн ажлын хөлс 350,920 төгрөг, нийт 1,353,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус байгууллага зорилтод бүлгэмийн иргэдэд үйлчилдэг тул заавал мэргэжлийн шаардлага хангасан нийгмийн ажилтан ажиллуулах шаардлагатай. Б.Н- нийгмийн ажилтнаар томилогдохдоо уг албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй байсан.

            Нэхэмжлэгчийг үүрэгт ажил, албан тушаалаас чөлөөлөхөөс 8 сарын өмнө буюу 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 40 дугаартай албан бичгээр төрийн албан хаагчийн холбогдох баримт бичгийг авчрахыг удаа дараа мэдэгдэж, хэрэв авчрахгүй тохиолдолд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болохыг мэдэгдсэн боловч ирүүлээгүй.

            Дүүргийн засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/64 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хариуцагч байгууллагын ажилтан, албан хаагчдын бичиг баримт, албан тушаалын шаардлага нь томилогдсон этгээдийн боловсролын байдалтай нийцэж буй эсэхэд шалгалт хийж, нийгмийн ажилтны албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан этгээдийг томилох талаар чиглэл өгсөн.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 10 дугаар сард хийсэн хяналт шалгалтын хүрээнд өгсөн зөвлөмжийн 4 дэх хэсэгт “мэргэжлийн нийгмийн ажилтны сонгон шалгаруулалт зохион байгуулж, нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нийгмийн ажилтан томилон ажиллуулах” гэж заасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н-гийн Баянгол дүүргийн А төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, 1,353,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 5,345,868 төгрөгийг хариуцагч Баянгол дүүргийн А төвөөс гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгож, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, зохих байгууллагад шилжүүлж, бичилт хийхийг хариуцагч Баянгол дүүргийн А төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 100,484 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

  1. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4а. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэн болохоо нотлохоор нэхэмжлэгчтэй утсаар ярьсан талаар тэмдэглэл үйлдэж, нотлох баримтаах гаргаж өгсөн боловч шүүх үнэлээгүй. Уг үйл баримтыг давхар нотлосон гэрч Н.М-ийн мэдүүлгийг мөн адил үнэлээгүй.

4б. Талууд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохиролцсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажилтанд мэдэгдэх үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох талаар утсаар ярилцсан өдрөөс мэдэж байсан. Дээрх нөхцөл байдлуудын талаар шүүх бодитой дүгнэлт өгөөгүй.

4в. Анхан шатны шүүх маргаан бүхий тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтыг үндэслэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь уг ажлын байранд тавигдах шаардлага, ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох нийгмийн ажилтан мэргэжилтэн бакалаврын зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангаагүй. Уг асуудлаар холбогдох байгууллагуудаас удаа дараа зөвлөмжүүд ирүүлсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд Нийгмийн ажилтан мэргэжлээр бакалавр төгссөн зүйл байхгүй, тиймээс ийм диплом байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Мөн нэхэмжлэгч тал Нийгмийн даатгалын сангаас ажлаас халагдсаны тэтгэмж авсан, маргах зүйлгүй талаар шүүх хуралдаанд  тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхисон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:  2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б.Н-г ажлаас чөлөөлсөн Б/65 дугаартай тушаал хэлбэрийн болон агуулгын шаардлага хангаагүй. Уг тушаалаар 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох болон цуцлах гэх 2 үндэслэлийг баримталсан. Хариуцагчтай Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т зааснаар харилцан тохиролцсон талаар тайлбарлахдаа гэрч Н.М-ийн өөрийнх нь үйлдсэн тэмдэглэлийг үнэлэхийг шаардсан. Б.Н- нь Н.М-тай утсаар ярьснаа зөвшөөрдөг боловч тохиролцсон талаар хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь Н.М- нь нарийн бичиг, бичиг хэргийн ажилтан албан тушаалд ажилладаг бөгөөд тухайн байгууллагын захирал Б.Гэрэлгуаг төлөөлөх эсэхийг Б.Н- мэдэхгүй тул ажлаас халагдах, ажил өөрчлөх тухай хэлцэл хийгээгүй. 2021 оны 03 дугаар сарын дундаас тушаал гаргаж, Б.Н-г дүйцүүлсэн хөтөлбөрийн багш болгож, 8 дугаар сард ажилдаа орж ирэхэд нь дүйцүүлсэн хөтөлбөрийн багш болгосон тушаалыг хүчингүй болгож, нийгмийн ажилтны албан тушаалд буцаан томилсон. 2021 оны 08 дугаар сард Н.М-тай тохиролцсон тухай асуудал яригдаж шууд 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалд 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан тул мөн зүйлийн 40.1.5-д зааснаар мэдэгдэх ёстой. Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Б.Н-г ажлаас чөлөөлсний дараа дээд шатны байгууллагаас чөлөөлж байгаа мэт итгэл үнэмшил төрүүлэхээр албан бичиг гаргаж өгсөн бөгөөд шүүх дүгнэлтдээ энэ талаар дурдсан. Тэтгэвэр, тэтгэмж авсан талаарх асуудал яригдсан бөгөөд хариуцагч нь өөрийн хөдөлмөрийн хөлснөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, нэхэмжлэгч өөрийн эрхэлсэн ажлын хөдөлмөрийн хөлс төлж явдаг. Уг нийгмийн даатгалыг төлснөөр тухайн нөхцөл байдалд орсон тохиолдолд дараагийн ажил, албан тушаал олох аль эсвэл ажилд эгүүлэн тогтоолгох бөгөөд ажилтны амьдрах баталгаа болдог. Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь ажлаас халагдсаныг хүлээн зөвшөөрч байна гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

              

ХЯНАВАЛ:

  1. Хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.  

 

  1. Нэхэмжлэгч Б.Н- хариуцагч Баянгол дүүргийн А  төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, урамшуулалд 1,353,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

  1. Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-г хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс нийгмийн ажилтны албан тушаалд ажиллуулж байгаад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

          3.а. Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн өөр өөр агуулгатай, хэд хэдэн зохицуулалтыг баримталсан байх боловч тушаалын нэг дэх заалтад “Б.Н-гийн мэргэжлийн бичиг баримт нь Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтын нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлт, нийгмийн ажилтны мэргэжлийн шаардлагыг хангахгүй” гэж тодорхойлсон байна.

 

          3.б. Уг тушаалын агуулгаас үзэхэд хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Б.Н-г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна.

 

          Ажил олгогч уг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар нэг сарын өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчийг хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

          3.в. Хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр цуцалж байгаа тохиолдолд нэхэмжлэгч эрхэлж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тогтоосон байх шаардлагатай. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотолж чадаагүй.

 

          3.г. Хэрэгт авагдсан “Б.Н- багштай утсаар ярьж харилцан тохиролцсон тухай тэмдэглэл” гэх баримтад нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, түүний хүсэл зоригийн илэрхийлэл уг баримтад тусгагдаагүй байх тул талуудыг хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй. Иймд хариуцагчийн “... нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн тул тушаалыг хуульд заасан хугацааны дотор мэдэгдэх үүрэг хүлээхгүй” гэх гомдлыг хангахгүй орхив.

         

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас сар бүр олгодог цалингийн 10 хувийн урамшуулалд 1,353,780 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул диспозитив зарчмын хүрээнд шийдвэрийг хэвээр үлдээв.

 

  1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, нэхэмжлэгч Б.Н-г Баянгол дүүргийн А төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнхцэх олговорт 5,345,868 төгрөгийг гаргуулж  шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

  1. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/02438 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 170,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.НЯМБАЗАР                                          

                                                         ШҮҮГЧ                                М.БАЯСГАЛАН

 

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ