Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 760

 

Сэргэлэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ч.Отгонсүрэн,

          Ялтан Сэргэлэн /Siriguleng/, түүний өмгөөлөгч А.Энхбуйр, Г.Энхтүвшин,

          Орчуулагч Г.Ууганбаяр,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Сэргэлэн, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Сэргэлэнд холбогдох эрүүгийн 2013 0100 0141 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн /Siriguleng/, 1970 оны 3 дугаар сарын 5-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хот, Баянгол дүүргийн Анвей тойргийн 3 дугаар байрны 106 оршин суух, ял шийтгэлгүй, /паспортын дугаар: ЕО5620947/,

 

БНХАУ-ын иргэн Сэргэлэн /Siriguleng/ нь шунахайн сэдэлтээр, удаа дараагийн давтан үйлдлээр:

- 2011 онд иргэн Х.Бум-Эрдэнэд “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 5 ширхэг “Норд бенз”загварын автомашиныг оруулан ирж хамтран ажиллана, урьдчилгаа мөнгө хэрэгтэй” хэмээн хэлж 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Шинэ төгрөг” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 150.000 юань буюу 32.460.000 төгрөгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь өөрийн дансанд шилжүүлэн авсан, 2012 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Эрээн хотод 6.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 38.460.000 төгрөгийг итгэл эвдэх замаар залилан мэхлэж,

- 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр иргэн А.Цэвээнжаваас “Амгалан дулааны цахилгаан станцын сантехникийн ажил хийлгэнэ” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж,

- 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ц.Өлзийбат /Wulijibatu/-аас “Амгалан цахилгаан станцын сантехникийн угсралтын ажилд хамтран хөрөнгө оруулалт хийж зарцуулна” хэмээн 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийг залилан мэхлэж,

- 2015 оны 3 дугаар сард “Чингис” зочид буудлын гадаа иргэн Ц.Амармэндээс “Баянзүрх дүүрэгт баригдаж буй Амгалангийн дулааны цахилгаан станцад сантехник угсралтын ажил байна, авч өгөх тул батлан даалтын мөнгө өг” хэмээн хэлж итгүүлэн 4.000.000 төгрөгийг залилан мэхлэж,

- 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Амгалан дулааны цахилгаан станцын гадаа иргэн М.Мөнхнарангаас “Амгалангийн цахилгаан станц дахь барилгад будгийн ажил хийхэд мөнгө хэрэгтэй байна, 7 хоногийн дараа 25.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хуурч мэхлэх аргаар 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж,

- 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Чингис” зочид буудлын үүдэнд иргэн О.Батжаргалаас “Амгалан дахь цахилгаан станцад 160.000.000 төгрөгийн будгийн ажил олж өгнө” хэмээн хэлж итгүүлэн 10.000.000 төгрөгийг залилан мэхлэж,

- 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбарт иргэн М.Наранмандахаас “Амгалан дахь цахилгаан станцад будгийн ажил хийгээд 60.000.000 төгрөг болгож өгнө” хэмээн хэлж итгүүлэн 20.000.000 төгрөгийг залилан мэхлэж, бусдад нийт 106.949.734 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 30-наас 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Сэргэлэн /Siriguleng/-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Сэргэлэн /Siriguleng/, паспортын дугаар: Е05620947/-г бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж мэхлэн авч, онц их хэмжээний хохирол учруулах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийх гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Сэргэлэн /Siriguleng/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 1.500.000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Сэргэлэн /Siriguleng/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.500.000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх нийт ялыг 1.500.000 төгрөг хурааж, 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Сэргэлэн /Siriguleng/-д оногдуулсан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Сэргэлэн //Siriguleng/  урьд цагдан хоригдсон 235 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн 2 ширхэг СD-R52Х дискийг уг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, Цагдаагийн Ерөнхий газрын Санхүү ар талын хангалт үйлчилгээний төвийн хашаанд, Хамгаалалтын 3 дугаар газрын хамгаалалтад хадгалагдаж байгаа 33-36 УБЦ улсын дугаартай мөнгөлөг өнгийн “Ssangyan Action” загварын автомашин, 01066491 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0711042 дугаартай татвар төлөгчийн гэрчилгээ, 1 ширхэг автомашины түлхүүр зэрэг эд зүйлсийг тэдгээрийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүд буцаан олгож, уг автомашиныг хохирогч М.Мөнхнарангаас авч хэрэгт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгон, Сэргэлэн /Siriguleng/-гээс хураан авсан 12.000 юань буюу 3.674.280 төгрөг, мөн 740.000 төгрөг, нийт 4.414.280 төгрөгийг тус хэргийн хохиролд тооцон төлүүлэхээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Сэргэлэн /Siriguleng/-г Монгол Улсын хилээр гарахыг түр түдгэлзүүлэх арга хэмжээ авсан, хохирогч Х.Бум-Эрдэнэд 32.000.000 төгрөг, хохирогч М.Мөнхнаранд 1.200.000 төгрөг, хохирогч А.Цэвээнжавт 10.000.000 төгрөг төлөгдсөн, бусдад нийт 63.749.734 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Сэргэлэн /Siriguleng/-гээс 6.460.000 төгрөг гаргуулан хохирогч Х.Бум-Эрдэнэд, 4.489.734 төгрөг гаргуулан хохирогч БНХАУ-ын иргэн Ц.Өлзийбат /Wulijibatu/-д, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Амармэндэд, 18.800.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөнхнаранд, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч О.Батжаргалд, 20.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Наранмандахад тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Сэргэлэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2010 онд Х.Бум-Эрдэнийн том машиныг хөлсөлж Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл ачаа ачуулж явуулсан. Барааг Улаанбаатарт хүрэхэд миний найз Я.Бат-Эрдэнэ хүлээн авдаг байсан. Гэтэл Х.Бум-Эрдэнэ 3 боодол төмөр байгааг мэдсэн атлаа байцаалтдаа 2 боодол төмрөөр мэдүүлсэн байна.

Тухайн үед гурван боодол төмөр Улаанбаатар хотын зуун айл, барилгын захад хүргэж өгөх байтал төмрийг хүргэх газар хүргэж өгөөгүй, шууд гэртээ аваачин буулгасан. Хоёр боодол төмрийг зарсан.

Х.Бум-Эрдэнэ “...би банкны өрөнд төмрийг чинь өгсөн, нэг боодлыг нь хүргэж өгнө, 2 боодол төмрийн мөнгийг чинь бага багаар өгнө...” гэсэн.

2011 онд ярихдаа хэдэн том машин авбал ашигтай гэж хэлж байсан. Х.Бум-Эрдэнэ төмрийн мөнгийг өгвөл, хоёулаа хамтарч болно гэж байсан. Дараа нь миний тариалангийн банкны Хятад дансанд 150.000 юань шилжүүлэн өгсөн.Тэр надад ярихдаа “төмрийн мөнгө гэж” өгсөн.

Шилжүүлсэн баримт дээрээ барааны мөнгө гэж бичсэн. Яагаад 150.000 юань төлбөр гэвэл, Хятад Улсын Хөбэй мужаас Эрээн хотод ирэх төмрийн үнэ болон тээврийн зардал, нэг боодол төмрийн үнэ нь 450.000 юань, хоёр боодол төмөр нийлээд 900.000 юань, Хятад Улсын Эрээн хотоос Монгол Улсын Улаанбаатар хүртэл Монгол Улсын гаалийн татвар, тээврийн үнэ, 1 тонн төмөр 2000 юань, 10 тонн нь 20.000 юань, Монгол Улсад зарж ашиг олох нь, нэг боодол төмрөөс 20.000 юань болно. 2 боодол төмөр нийлээд 40.000 юань, энэ бүхэн нийлээд 150.000 юань болж, 2 боодол төмрийн мөнгийг зээлж өгсөн.

Гэтэл Х.Бум-Эрдэнэ надаас машины зогсоолын мөнгө гэж ярьдаг. Тухайн үед машины зогсоолд мөнгө авсан. Х.Бум-Эрдэнийн эгчид 32.000.000 төгрөгийн хохирлыг нь өгч, “тухайн үед залилж авсан мөнгө биш” гэж өгсөн.

Учир нь надад хэцүү байсан, миний ээж 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр миний төлөө зовж, зүрхний өвчнөөр нас барсан. Би сүүлд ээжтэйгээ уулзаж чадаагүй, гэрийнхэнтэйгээ ярилцаж 2014 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсаас гарсан.

2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Х.Номинцэцэгийн нөхөр энэ хэргийг дахин сэргээсэн. Би хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж  2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсад ирж, Улсын мөрдөн байцаах газар дахин шалгагдсан.

Х.Номинцэцэгийн 45.000.000 төгрөгийн худалдаа бүрийг монгол бичгээр бичсэн.

Х.Номинцэцэг бол өөрөө хуулийн хүн.Би хүмүүсээс мөнгө авахдаа баримт өгдөг. Бас 150.000 юанаар 5 машин авч чадахгүй. Би маш их хохиролтой байгаа.Яагаад гэвэл би Хятадад 2 боодол төмрийн мөнгө гэж 150.000 юань төлсөн, Х.Номинцэцэгт хохирол гэж 32.000.000 төгрөг өгсөн, Х.Бум-Эрдэнэ хоёр боодол төмрийг хүргэж өгөөгүй. Дундаас нь шууд залилж зарсан, надад маш их хохиролтой байна.

Мөн би Х.Бум-Эрдэнээс 2 боодол төмрийн мөнгө гэж өгсөн 23.000.000 төгрөгөө авмаар байна. Илүү мөнгө авахгүй, зөвхөн 2 боодол төмрийн мөнгөө авахыг хүсч байна. Х.Бум-Эрдэнэ анхан шатны шүүхэд 6.460.000 төгрөгийг нэхэмжилсэн, үүнийг би зөвшөөрөхгүй байна, сайн шалгаж үнэн зөвийг олж өгөхийг хүсч байна.

2. Би 2014 оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн Амгалангийн уурын зуухны хашаанд ажил олж хийсэн. 2 давхар барилга, хаусны сан болон цахилгааны ажил хийдэг байсан. Энэ ажлыг “Шиу Киу” гэдэг хятад ах олж өгсөн. Би хэдэн монгол дүү нартайгаа ажилладаг байсан. Цахилгааны инженер Отгонбаатар, сангийн инженер нь Отгонбаатарын найз юм. Тэд 15 хоног ажиллаж, энэ хооронд 2 давхар хаусны жижиг өрөөнд нь цахилгааны утас, багаж хэрэгсэлд хулгай орсон.

Тухайн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс хүн ирж шалгаж байсан. 2015 оноос ажил зогссон. Сүүлийн байцаалтыг 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр өгч бүгдийг нь байцаагчид ярьж өгсөн. Байцаагч миний хэргийг 148 дугаар зүйлийн 148.3 болно гэж ярьж байсан.Энэ талаар намайг дахин байцааж өгөхийг хүсч байна.

2015 оны 2 дугаар сарын дундуур надад Амгалангийн уурын зуухны  сантехникийн зураг олж өгсөн. Энэ ажил удахгүй эхэлнэ гэж “Шиу Киу” хятад ах зургийг өгсөн.

Тэр энэ ажлыг хийж байсан туршлагатай компани хэрэгтэй гэж хэлсэн. Бас “барьчихсан, мөнгө хэрэгтэй байна” гэж энэ зургийг би авч хэдэн Монгол компанитай үнийн санал авч, тэр ахад үзүүлж байсан. Энэ сантехникийн зургийг Цэвээнжав болон Амармэнд мэдэж байгаа. Би бас Цэвээнжав ахтай хамт тусгайлан Амгалангийн уурын зуухны  хашаанд очиж “Шиу Киу” хятад ахтай уулзаж, ярилцаж байсан.

Гэтэл энэ сантехникийн зургийг Мөнхнаран авч алга болгосон. Энэ сантехникийн зургийг Цэвээнжав болон Амармэнд нар ажлын зураг мөн, биш гэдгийг гэрчилж болно.

Энэ сантехникийн зураг хаанаас ирсэн гэдгийг шалгаж өгөөгүй, энэ талаар гомдолтой байна. Үүнийг дахин шалгаж өгөхийг хүсч байна.

3. Мөнхнарангаас мөнгө төгрөг авсангүй, Эрдэнэбүрэн лам ахаас авсан нь үнэн. Чингис зочид буудлын өмнө машины зогсоол дээр Эрдэнэбүрэн ах мөнгө авчирч өгсөн. Миний унаж байсан машины дотор мөнгөө өгсөн. Би тэр хоёрт Монгол бичгээр 10.000.000 төгрөг Эрдэнэбүрэнгээс ажлын барьцаа мөнгийг зээлж авсан гэж баримт хийж өгсөн.

Бас өөрийн гар утсанд зургийг нь авч, бид гурвын ярилцсан бичлэгийг хийсэн. Мөнгө өгч, авсан өдөр 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр биш, 10 дугаар сарын 10-ны өдөр байсан. Энэ талаар Эрдэнэбүрэн болон Пүрэвдоржийг дахин шалгаж, байцааж өгөхийг хүсэж байна.

Мөнхнаран 2016 оны 10 дугаар capд “надад хоёр гар утас авч өгөөрэй, би Х.Бум-Эрдэнэ та хоёрын учрыг шийдвэрлэж” өгье гэсэн. Тэр нэг орой бараг 10 цагийн үед надад утсаараа “Сэргэлэн, би чиний прокурорын даргатай хоол идэж байна, хоолны мөнгө хэрэгтэй байна” гээд 200.000 төгрөг авсан. Бас тэр ингэж худлаа ярьж 1.200.000 төгрөгийн хохирол гаргасан. Мөнхнаран миний унаж байсан машиныг булаан авч явсан.

Мөнхнаран намайг доромжилж, айлгаж байгаад 20.000.000 төгрөгийн бичиг баримт хийлгэн авсан. Бас бид хоёр Нийслэлийн Прокурорын газарт очсон. Бас нэг даргаас 12.000.000 төгрөг зээлж авсан байна. Би энэ даргын өрөө болон ямар нэртэйг мэдэж байна.  Би түүнд худлаа ярьсан зүйл байхгүй. Би оршин сууж байгаа газраа зөв зааж өгсөн. Дараа нь Баянгол дүүргийн 3-р хороо, 61-р байрны 103 тоот гэрийн хаягаар Бат-Эрдэнэ болон Отгонсүрэн, Мөнхнаран нар хайж очсон, тэр уулзаад ярихдаа Сэргэлэн надаас 10.000.000 төгрөг авсан гэж тэр хоёртой ярьсан. Мөнхнарангийн талаар би маш их гомдол саналтай,үүнийг шалгаж өгөхийг хүсч байна.

4. Сансарын тунелын эсрэг талд байдаг “Хаан” банкны гадаа Наранмандах надад 10.000.000 төгрөг өгсөн нь үнэн. Тухайн үед би А4-ийн цаасан дээр өөрийнхөө паспортын хуулбарыг өгөх гэтэл авахгүй байсан.

Одоо би түүнд 4.500.000 төгрөгийн өртэй. Тэр энэ учрыг нь мэдэж байгаа. Гэтэл одоо Наранмандах янз янзаар гэрч, баримт байхгүй байхад 20.000.000 төгрөг нэхэмжилж байна. Наранмандах надаас 15.000.000 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. Үүнийг шалгаж, байцааж өгөхийг хүсч байна.

5.Сэргэлэн ийм их мөнгө залилан мэхлэж авах байсан бол Монгол Улсаас гарч явж амжих байсан. Гэтэл энэ хэдэн хүмүүс мөнгө олж, ашиг олохыг бодсон. Би Эрээн хотод байсан “Ли Хай Жиян” гэх хятад хүнд 30.000.000 төгрөг алдсан. Тэр Монгол Улсаас төмрийн хүдэр авдаг байсан. Мөн түүнийг хүнд гэмт хэрэгт шалгагдаж байхад нь би түүнд 30.000.000 төгрөг зээлж өгсөн юм.

Миний тооцоогоор хүмүүсийн хохирол 32.000.000 төгрөг болно. Би бас оргон зайлж явсан учир байхгүй. Надад анхан шатны шүүхээс 11 жил 6 сарын хорих ял өгснийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна...” гэв.

 

Ялтан Сэргэлэнгийн өмгөөлөгч А.Энхбуйр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тус шийтгэх тогтоолд дурдсанаар “...хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв” гэж байгаа боловч хэрэгт байгаа болон шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг үнэлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан “тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох байдлыг тодруулалгүй орхигдуулсан байвал нэг талыг барьсан буюу гүйцэд биш хийсэн гэж үзнэ” гэснээр доорх гомдлыг гаргаж байна. Үүнд:

Хохирогч Х.Бум-Эрдэнийн 150.000 юань буюу 32.460.000 төгрөг, мөн 6.000.000  төгрөг, нийт 38.460.000 төгрөгийн гэх хэрэг нь 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Шинэ Төгрөг” ББСБ-аар Сэргэлэнгийн дансанд шилжүүлснээр эхэлсэн бөгөөд 2013 оны 2 дугаар сарын 29-нд эрүүгийн хэрэг үүсгэж, өдий хүрсэн болно. Гэтэл дээрх Х.Бум-Эрдэнэ нь анх 2010 онд Сэргэлэнгийн 3 боодол төмрийг Эрээнээс Улаанбаатар хүргэж өгөхдөө дундаас нь 2 боодол төмрийг завшиж, 24.000.000  төгрөгийн хохирол учруулсан байдаг. \1-р хх 121/

Гэтэл Сэргэлэнг 5ш “Норд бенз” авч өгнө, хамтарч ажиллана гэж намайг хууран мэхэлсэн гэж шилжүүлсэн байдаг нь 2 боодол төмрийн үнэ гэж ойлгогдохоор байгаа, тэгээд ч уг мөнгө 1 машины тал үнэд хүрэхгүй гэдгийг хохирогч хэлсэн бөгөөд машин худалдан авч өгсөн гэж яллах гээд байгаа нь хуульд нийцэхгүй, иргэний эрх зүйн харилцаа гэж үзэхээр бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Мөн Х.Бум-Эрдэнэ нь 2012 оны 11 дүгээр сарын 24 нд 3.000.000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 11-нд 4.190.000 төгрөг удаа дараалан өгсөн гэх боловч энэ нь нотлогдоогүй, хэрэгсэхгүй болгосон бөгөөд харин үүнээс 6.000.000 төгрөгийг өгсөн гэх ямар ч бичгийн баримт, нотолгоогүй байхад гэрч Бат-Эрдэнэ, Пүрэвдорж нараар хувийн сонирхлоор гэрчлүүлсэн байдаг.

Гэтэл дээрх хоёр хүний гарсан цаг хугацаа, хилээр нэвтэрсэн лавлагаагаар 2012 оны 5 дугаар сарын 22, 2012 оны 6 дугаар сарын 12-ны өдөр байдаг, энэ цаг хугацаагаар ч таардаггүй бөгөөд дээрх машины үнэд тооцож, шилжүүлэн өгсөн гэх хэргийн 2011 оны 12 дугаар сарын 16-наас хойшхи цаг хугацаанд ч хамаарахгүй юм.

Мөн “Хошин математик” номын ард бичсэн үндсэн зээл 32.000.000 төгрөг, 9 сарын хүү 13.450.000 төгрөг, зээлсэн мөнгө 12.000.000, 8.000.000, 4.000.000, бүгд 45.450.000 гэж байгаагаас үзэхэд дээрх мөнгийг өгөөгүй, худал болох нь тогтоогдож байх ба эрүүгийн хэргийн хохирогч биш, иргэний эрх зүйн харилцааны оролцогч гэдгийг баталж байна.

Хохирогч Х.Бум-Эрдэнэ нь Сэргэлэнгийн 2 боодол төмрийг буулгалгүй өөрөө зарж үрэгдүүлсэн мөртлөө мөнгөө нэхэхээр сул зогсолтын хөлсөндөө тооцож авсан, 3 боодол биш 2 боодол төмөр ачиж явуулсан гэж худал мэдүүлдэг. Мөн ажлын хөлсөндөө 1500 юань, мөн гэрч Я.Бат-Эрдэнээс 2.000.000 төгрөг авсан тухай өөрийнх нь болон Я.Бат-Эрдэнийн мэдүүлгээр нотлогддог. Сүүлдээ миний шилжүүлсэн мөнгө өгөхгүй болохоор зараад зээлэндээ төлсөн мэтээр янз бүрээр мэдүүлдэг.

2. “Хошин математик” гэх номын сүүлийн хуудсанд 45.450.000 гэж бичсэний доор зурагдсан гарын үсэг нь Сэргэлэнгийнх мөн эсэх нь эргэлзээтэй байхад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр гадаад паспортын хуулбар, бусад баримтыг чөлөөт загвар болгон шинжлүүлэхээр явуулсан байхад, шүүхийн хэлэлцүүлэгт энгийн нүдээр ханз үсгээр бичигдсэн нь өөр байхад түүнийг үнэлээгүй.

Мөн дээрх Сэргэлэнд шилжүүлсэн гэх мөнгийг Х.Бум-Эрдэнийн эхнэр Мөнхцэцэг нь анх нөхөртөө шилжүүлсэн болох нь баримтаар авагдсан байдаг бөгөөд Х.Номинцэцэгийн хохирогчоор давхар тогтоож байгаа нь ойлгомжгүй бөгөөд Сэргэлэнгээс биш Мөнхцэцэг, Х.Бум-Эрдэнэ нараас нэхэмжлэх ёстой байтал Сэргэлэнгээр төлүүлсэн байдаг.

Х.Бум-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон мөртлөө Сэргэлэн нь 2 боодол төмөр буюу зах зээлийн үнэлгээгээр 24.000.000  төгрөгөөр хохироод явж байгаа нь ч энэ хэрэг нэг талыг барьсан гэдэг нь илт харагдаж байна.

Хохирогч Х.Номинцэцэг мөнгө зээлсэн тухай баримт хавсаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн нотариатч Т.Оюунбаяр гэрчилсэн боловч үүний эх хувийг нотариатын журнал бүртгэлд үзлэг хийж, баталгаажуулаагүй.

3. Хохирогч М.Мөнхнаран нь илт худлаа мэдүүлж 10.000.000 төгрөг өгсөн мөртлөө 20.000.000 төгрөг гэж байгааг зөвхөн шүүгдэгчийг дарамтлан айлган сүрдүүлж хүчээр бичүүлж авсан баримт дээр мөн өөрийнх нь гэх хувийн сонирхол бүхий этгээдүүдээр гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл “...нотлох баримт хангалтгүй гэж томьёолдог...” байхад хангалттай гэж үнэлсэн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Н.Баярхүүгийн өгсөн “...2015 оны 11 дүгээр сард байх, 33-36 дугаартай тээврийн хэрэгслийг өдрийн 30.000 төгрөгөөр түрээслэн унаж байхдаа машинаа Мөнхнаранд булаалгасан” гэж байсан “...Сэргэлэн рүү ярихад Мөнхнарангийн мөнгийг маргааш өгчихнө гэж хэлэхээр итгээд Мөнхнарангийн өгсөн цаасан дээр бичээд өгсөн юм...” гэж шүүгдэгчээс булааж бус бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан байгаа нь харагддаг. Мөн дээрх машинаас гадна түрийвчэнд байсан 150.000 төгрөг, карт, БНХАУ-ын өөрийн үйлдвэрийн тухайн үеийн 3.000.000  төгрөгийн үнэ бүхий гар утсыг нь хамт авсан байхад ямар карт, хэдэн төгрөг байсан, хэний карт зэргийг шалгаагүй, үнэлгээ хийгээгүй, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, харин ч Мөнхнаранд холбогдох хэргийг мөн хэрэгсэхгүй болгосон.

Гар утасны үнэлгээ хэд байх нь хэрэгт чухал боловч хамгийн ач холбогдолтой нь уг утсан дээр Мөнхнарангаас 10.000.000 төгрөг авсан болоод түүнийг яаж дарамталсан болон бусад олон чухал хэрэгт ач холбогдол бүхий баримт бичлэгүүд байсныг тэрээр мэдэж байсны хувьд ямар бичлэг хийснийг шалгах гэж булааж авснаа тэрээр хүлээдэг. Шалгуулсан хүнээ хэлдэг. Түүн дээр 10.000.000  төгрөг авсан баримтаа буулгасан байдаг.

Гэтэл Мөнхнаран сүүлдээ утсыг хаясан гэж эд мөрийн баримтыг санаатайгаар устгаж, ул мөрөө балласан байхад түүний мэдүүлгийг үндэслэж 20.000.000 төгрөг өгсөн гэж тогтоож байгаа нь хууль зөрчсөн.

Сэргэлэн өөрийн гадаад паспорт бүхий хуулбар дээрээ мөнгө авсан, өгснөө бичиж өгсөн байхад түүний машинд байсан бичиг баримтыг алга болгосон, түүнд дээрх гадаад паспорт бүхий баримтан дээр дахин 20.000.000  төгрөг болгож өгнө гэснийг далимдуулан айлган сүрдүүлж гарын үсэг зуруулсан байдаг.

Мөн тухайн үед таньдаг нотариатаар гэрчлүүлнэ гэхэд харин Сэргэлэн эсэргүүцэж ороогүй байдаг. Хэрвээ тэрээр авсан нь үнэн бол зөвшөөрөөд орох ёстой. Дараа нь урт цагааны урд “Хаан” банкны хажууд байх банк бус санхүүгийн байгууллага дээр очиж эхнэрийнхээ дүү болох Пүрэвдорж гэх хүний нэр дээр авсан 7.500.000 орчим төгрөгийн зээлээ мөн төлүүлэх гэж энэ муу хужаа төлнө шүү гэж явсан байхад түүнийг шалгаагүй.

Шүүх хуралд гэрчээр оролцсон Отгонсүрэн нь Мөнхнарангаас 20.000.000 төгрөг аваагүй, түүнийг сураглаж ирэхдээ 10.000.000 төгрөгийн авлагатай гэж ярьж байсныг, мөн иргэний нэхэмжлэгч Баярхүү нь 10.000.000  төгрөг гэдгийг гэрчлээд байхад үнэлээгүй.

Сэргэлэнгээс Мөнхнаран нь удаа дараа дарамталж мөнгө, эд зүйл авч байсан нь гар утасны “Тэди” төвөөс 2 гар утас, дараа нь 200.000 төгрөг, жолооны үнэмлэх гаргаж өгнө хэмээн 1.000.000 төгрөг гэх мэт янз бүрийн байдлаар дарамтлан авч байсан баримтууд байдаг. Энэ мэтчилэн бусдын эд хөрөнгийг далайлган сүрдүүлж авсан, эцэст нь түүнийг гэмт хэрэгт гүтгэсэн, гэрч, хохирогч худал мэдүүлсэн байгааг тогтоож шалгаагүй.

Мөнгөө зээлдүүлсэн гэх лам ах болон найз Энхбаяр нар ямар ч мөнгө өгч авсан баримтгүй, дээрх мөнгө нь ямар эх үүсвэрээр олдсон, хаана хадгалагдаж байсан, яагаад баримтгүй өгсөн зэргийг огт шалгаагүй.

Хохирогч М.Наранмандахаас мөн л 10.000.000 төгрөг авсныг түүний мэдүүлгээр 20.000.000 төгрөг зальдуулсан болгож хэрэгт авагдсан, Сэргэлэнгээс нийтдээ 5.100.000 төгрөг авсан баримтыг үгүйсгэж, ялласан нь бодит байдалтай нийцэхгүй.

Хэрвээ Наранмандах 2015 оны 3 дугаар сард 4.000.000 төгрөг зээлүүлсэн бол яагаад Сэргэлэн 5.500.000 төгрөг өгсөн болох, банкнаас 15.000.000 төгрөгийн зээл аваад өөрөө огт мөнгөгүй байж өөрт байсан 5.000.000 төгрөгөө нэмж 20.000.000 болгож өгсөн гээд авцалдаагүй буюу эх үүсвэрийг шалгаагүй баримтыг нотлох баримт болгоод байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх хэсэгт зааснаар дээрх хэргийн баримтуудад “...зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй” гэж үзэхэд хүргэж байна.           

5. Анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамжийн заалтыг биелүүлээгүй.

6. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ зэргийг нарийн тогтоогоогүй.

Эрүүгийн хэрэг, тэр дотроо залилан мэхлэх гэмт хэрэг эсэх, эцэст нь хохирогч нар зөвхөн хохирлоо төлүүлэх л хүсэлтэй байгаа, хэрэгт ач холбогдол бүхий дээрх зүйлүүдийг нарийн шалгаж тогтоогоогүй гэж үзэж байсан тул анхнаасаа шүүгдэгчийн гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн шатанд мэтгэлцэх шаардлагагүй бөгөөд дээр дурдсан үндэслэлүүдийг орхигдуулсан гэж үзэж байх тул шүүх нэг талыг барьсан, гүйцэд биш хийсэн гэж энэхүү шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр буцааж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна...” гэв.

 

Ялтан Сэргэлэнгийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сэргэлэнгийн үйлдлүүдийг шалгах явцад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тэрээр Сэргэлэн нь өөрийн улс руу явсан. Гэтэл хохирогчийн зүгээс гомдол гаргаж, хэргийг дахин сэргээж шалгахад Сэргэлэн нь “би үнэхээр гэмт хэрэг хийгээгүй юм чинь эргэж очоод шалгуулъя” гээд дахин байцаагдсан. Энэ хугацаанд хохирлын мөнгө болох 32.000.000 төгрөгийг төлж шилжүүлсэн. Х.Бум-Эрдэнийн шилжүүлсэн гэх мөнгийг буцаан өгсөн. Гэтэл баримтгүйгээр Сэргэлэнгээс 6.000.000 төгрөг гаргуулж Х.Бум-Эрдэнэд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид засасан “хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх” зарчим алдагдаж байна. Тэгэхээр Сэргэлэнгийн үйлдлийн улмаас дээрх тооны хохирол учирсан эсэх нь эргэлзээтэй...” гэв.

 

Прокурор Ч.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сэргэлэнгийн үйлдсэн гэмт хэрэг нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү…” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг шалгаж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байхад хэргийг хянан шийдвэрлэжээ.

 

Тухайлбал, хохирогч Ц.Өлзийбат “... Сэргэлэн, Амгалан цахилгаан станцад сангийн ажил хийнэ. Та надад 10.000.000 төгрөг өгчих ..., энэ 10.000.000 төгрөгийг тэнд ажиллаж байгаа хоёр захиралд хахууль болгож өгөх гэсэн юм ..., 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сэргэлэн надаас 10.000.000 төгрөг буюу үүнтэй тэнцэх 5040 ам.долларыг бэлнээр авсан ...” гэж /3-р хх 146-147, 148-149, 4-р хх 2-4/, хохирогч Ц.Амармэнд “... Баянзүрх дүүрэгт баригдаж буй дулааны шинэ станцад сантехник угсралтын ажил байна аваад өгье, батлан даалтын мөнгө хэрэгтэй гэхэд нь 10.000.000 төгрөгийг Чингис зочид буудлын гадаа өгсөн ...” /3-р хх 161-164, 4-р хх 10/ гэж тус тус мэдүүлсэн байхад прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ яллагдагч Сэргэлэн нь хохирогч Ц.Өлзийбатад 2265 ам.доллар буюу 4.489.734 төгрөгийн, хохирогч Ц.Амармэндэд 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж зөрүүтэй дүгнэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг бодитой зөв тогтоогоогүй, хохирлын тооцоог нарийвчлан гаргаж, яллах дүгнэлтийн хавсралтад  заагаагүй байна.

 

Мөн Сэргэлэнгийн хувийн байдлыг тодруулах ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4. дэх хэсэгт заасан “Яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөлүүд”-ийг шалган тогтоосноор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 218, 295 дугаар зүйлүүдэд заасан хууль ёсны шаардлага хангагдана гэж давж заалдах шатны шүүх үзэв. 

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1. дэх хэсэгт “Шүүх яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтийн хуулбарыг зарлан дуудах хуудасны хамт шүүгдэгчид гардуулан өгнө”, мөн 231.3 дахь хэсэгт “Шүүгдэгч монгол хэл мэддэггүй бол энэ зүйлд заасан баримт бичгийг түүний эх хэл буюу мэддэг хэл дээр орчуулан гардуулж өгнө” гэж хуульчилжээ. Хэргийн материалыг судлахад Сэргэлэнд түүний мэдэх эх хэл дээр орчуулсан гэх яллах дүгнэлт авагдаагүй, шүүхээс Сэргэлэнд хэзээ, ямар яллах дүгнэлт гаргуулж өгсөн нь эргэлзээтэй байх бөгөөд яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан ялтан Сэргэлэн, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сэргэлэнд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

            2. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол Сэргэлэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

            3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ӨСӨХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Д.МӨНХТУУЛ

 

                                                                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ