Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 462

 

Б.Д-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар магадлалтай, Б.Д-т 1925007560444 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, урьд 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 389 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар хойшлуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Даншдондогийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 5 жил хорих хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Д-т оногдуулсан 5 жилийн хорих ял дээр тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-с нийт 2,967,000 төгрөг гаргуулж, хохирогч С.М-д 50,000 төгрөг, Н.Л-т 150,000 төгрөг, Б.Ш-д 372,000 төгрөг, Б.У-т 150,000 төгрөг, Н.Б-д 945,000 төгрөг, А.Ц-д 400,000 төгрөг, Т.Ж-д 210,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ө-д 290,000 төгрөг, М.Б-д 400,000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна. Б.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдсэн 4 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн цагдаагийн газраас ял сонсгон яллагдагчаар татагдан шалгагдаж байсан бөгөөд хэрэг прокурорт шилжиж, яллах дүгнэлт үйлдэх үед ял хүндрүүлэн сонсгож Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралыг эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн ял сонсгосон. Гэмт хэрэг тус бүрт нь ял ногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоох эрүүгийн хуулийн заалт байгаа хэдий ч шүүгдэгч Б.Д-н хувьд шийтгэх тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэгт дахин ял шийтгэж нэмж нэгтгэх тохиолдолд эрх зүйн байдал илт дордож, эдлэх хорих ялын хэмжээ өндөр тогтоогдох бодит байдал бий болоод байна. Мөн шүүгдэгч Б.Д нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдгийг хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогоогүй гэж үзэж байна. Харин удаа дараа буюу 9 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэж байгаа тохиолдолд хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдсон байх ёстой гэж үзэж байна. Мөн амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хугацааны хувьд урт хугацааг хамруулан ойлгох ёстой. Тиймээс шүүгдэгч нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Хэрэв хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж гэм буруутай тооцохоор бол байнга үйлдэж байгаа 9 үйлдлийг нь нэг шийдээд дараа нь үйлдсэн 4 үйлдлийг нь бас тусад нь шийдэх нь үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдал илтэд дордохоор байна. Шүүгдэгчийг гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдоогүй бөгөөд анхан шатны болоод давж заалдах шатны шүүх нь зөвхөн үйлдлийн тоонд дүгнэлт хийсэн болохоос биш яг амьдралын эх үүсвэр болсон эсэхэд дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Б.Д-н үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон буюу хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэл байхгүй. Б.Д нь урьд хулгайлах гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн бөгөөд 9 удаагийн үйлдлийн арга нь ижил байдаг. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг бүжгийн хамтлагийн гишүүдэд зарцуулдаг. Тус хэрэгт прокуророос 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдлол гаргахдаа 4 удаагийн үйлдэлд Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын хуулбарыг өгсөн. Тус 4 удаагийн үйлдэл нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд буюу шүүхэд хэрэг шилжсэн байх үед хулгайлах гэмт хэргийг дахин үйлдсэн. Шүүгдэгч нь анхан шатны шүүх хуралдааны үед өөр үйлдлийг нэгтгэн шалгуулах талаар хүсэлт гаргаагүй учир тус тусад нь шийдвэрлэхэд эрх зүйн байдал нь дордохгүй байх” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн Б.Д-т холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хооронд 9 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж 6,155,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж нь нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгосон гэмт этгээдийн хэвшмэл шинжтэй болсон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн шинэ ойлголт юм.

 

Дээрх шинжээр хэргийг хүндрүүлж зүйлчлэхдээ гэмт хэргийг үйлдсэн этгээд нь тухайн төрлийн гэмт хэргийг үйлдэх нь амьдралынх нь хэвшил болсон, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг шунахайн зорилгоор, хууль бус аргаар өөрийн болгож, амар хялбар аргаар ашиг олох боломжийг байнга эрэлхийлж, үүнийг амьжиргаагаа залгуулах бодит эх үүсвэр болгосон харьцангуй тогтвортой үйлдлийн нэгдэл гэж ойлгох хэрэгтэй.

 

Мөн шүүгдэгч Б.Д нь шийтгэх тогтоол гарахаас өмнө 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгэгдэж, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар нотлох баримт хэрэгт авагдсан байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн өөр 6 үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хамгийн хүнд бүрэлдэхүүнээр хорих ял шийтгэсэн нь Б.Д-н эрх зүйн байдлыг илтэд дордуулах нөхцөл байдлыг бий болгосон байгааг хоёр шатны шүүх анхааран үзсэнгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж  өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан байна. Эндээс дүгнэхэд хэд, хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг бүрт нь ял оногдуулж тэдгээрийг нэмж нэгтгэх байдлаар эдлэх ялыг тогтоох нь ял оногдуулах үндсэн зарчим боловч энэ журмаар биечлэн эдлэх ялыг тогтоохдоо шүүгдэгчийн эрх зүйн байдлыг онцгой дордуулах тохиолдолд сөрөг үр дагаврыг багасгах арга хэмжээг хуульд заасан хэмжээ, хязгаарт авч хэрэгжүүлэх үүрэгтэй.

           

Тиймээс энэ гэмт хэргээс гадна 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа үйлдлүүдтэй нэгтгэн шийдвэрлэх байдлаар ялын төрөл, хэмжээг тогтоож, шүүгдэгч Б.Д-н үйлдлийг “хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хэргийг хүндрүүлэн зүйлчлэхдээ гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үргэлжлэл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын хэмжээ амьдралын эх үүсвэртэй хэрхэн холбогдож байгаад эрх зүйн зөв дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Б.Д-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Б.Д-т холбогдох хэргийг прокурорт буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

         

                                               ДАРГАЛАГЧ                                         Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН