Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01364

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01369

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01136 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Т ХХК

Хариуцагч: Г.Б, А ТББ, Д.Ж, Д.О Я ББСБ ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хөрөнгөд засвар хийсний улмаас гаргасан зардалд нийт 47,757,075 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: А ТББ, Г.Б, Я ББСБ ХХК, Д.Р нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Т ХХК нь Д.Хтай байгуулсан Түрээсийн гэрээ-ний үндсэн дээр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35 хаягт байрлах Д төвийн барилгын В1, 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв түрээсийн талбайд банкны Урт цагаан салбарын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд тус барилга нь 5 давхар оффисын зориулалттай, Д.Х /В1, 1, 2 давхар/, Г.Б /3 дугаар давхар, 324 м.кв/, А /4 дүгээр давхар, 144 м.кв/, Д.Ж /4 дүгээр давхар, 162 м.кв/, Д.Р /4 дүгээр давхар, 18 м.кв/, Я ББСБ ХХК /5 дугаар давхар, 324 м.кв/ гэсэн иргэн, хуулийн этгээд өмчилдөг. Д төвийн барилга нь анх 2003 онд ашиглалтад орсон бөгөөд сүүлийн жилүүдэд гадна фасадыг зориулалтын бус материалаар хийсний улмаас аюулгүй байдлын шаардлага хангахгүй болж, улмаар явган хүний зам дээр унах, хүний амь нас, эрүүл мэнд эд хөрөнгөнд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Иймд банкны зүгээс удаа дараа санал хүргүүлж, Д төвийн менежер н.Баярсайхан ерөнхийдөө зөвшөөрсөн хариу өгдөг. Манай байгууллагаас ирүүлсэн албан бичгийг өмчлөгч нарт тараадаг, хоршоо нэртэй боловч СӨХ-ны үйл ажиллагаа явуулдаг, тэр хоршооны эрх бүхий этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн. Улмаар 2017 оны 03 дугаар сард уг барилгад Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч шалгалт хийж, зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг арилгах арга хэмжээ авах тухай 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн албан тоотыг Д төв хоршоонд, хувийг Т ХХК-д хүргүүлсэн. Үүнд Зост Трейд ХХК-ийн зураг төслийн товчоонд боловсруулсан 01/02 шифртэй зураг төсөлд гадна фасадныг чулуун өнгөлгөөтэй хийхээр төлөвлөсөн боловч 240x120 мм хэмжээтэй азбестан өнгөлгөөтэй гипсэн хавтангаар хийсэн байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, батлагдсан зураг төсөлгүй барилгын дээвэр дээр реклам сурталчилгааны байгууламж хийсэн нь Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.10-т заасныг тус тус зөрчсөн. Т нь түрээслэн үйл ажиллагаа явуулж буй барилгын аюулгүй байдалд анхаарал хандуулан 2017 оны 02 дугаар сараас эхлэн Д төвийн барилгын өмчлөгч нарын үүсгэн байгуулсан Д төв хоршоонд болон өмчлөгч нарт удаа дараа хандаж байсан. Тухайлбал, барилгын дээврийн хэсэгт байрлуулсан реклам сурталчилгааны самбар унах магадлалтай, бэхэлгээ суларч муудсан, шаардлага хангахгүй байх тул зохих арга хэмжээ авах тухай 01/2-45 тоот мэдэгдэл, барилгын гадна фасад шаардлага хангахгүй материалаар хийгдэж бэхэлсэн, салхи бороонд унаж бусдын эрүүл мэнд, амь нас, эд материалд хохирол учруулах эрсдэлтэй байх тул гадна фасадыг засаж шинэчлэх талаар арга хэмжээ авах тухай 01/2-46 тоот хүсэлт, гадна фасадны засварыг банкны зардлаар бага өртгөөр, зориулалтын шаардлага хангахуйц материалаар эхлүүлэх тухай 01/2-53а тоот саналыг тус тус хүргүүлж хандаж байсан. Дээрх албан тоотуудыг хүлээн аваад Д төв хоршооноос 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/01 дугаартай засварын ажлын төсөв, эдийн засгийн тооцоог гарган өгөх тухай албан тоот, Аөөс 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ижил агуулга бүхий 19/17 дугаар албан тоотыг тус тус ирүүлсэн бөгөөд тус банкнаас 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 01/2-59 тоот албан бичгийг нарийвчилсан тооцооны хамт хүргүүлсэн. Үүний дараа Д төв хоршооноос 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр банкинд өгсөн 03/03 тоот хариундаа ...танай 01/2-59 тоот албан бичгийг Д төв байрны өмчлөгч нарт хүргүүлж танилцуулав. Энд дурдагдсан засварын ажлын тооцоо болон засварыг хийхийг тус байрны 3 болон 5 давхрын өмчлөгч нар зөвшөөрсөн ба 4 дүгээр давхрын өмчлөгчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй ч тэднийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна гэсэн хариуг өгсөн байдаг. Ийнхүү олгосон зөвшөөрлийн дагуу банк Шинэсүнжий ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд Д төвийн барилгын 2, 3, 4, 5 давхрын гадна фасадны засварыг материалын зардал 17,832,400 төгрөг, ажлын хөлсний зардал 38,064,400 төгрөг, барилгын зүүн талын гадна хаалганы тамбурын засварын төлбөр 7,779,300 төгрөг нийт 63,676,100 төгрөгийн зардлыг Шинэсүнжий ХХК-д төлж доорх засварын ажлыг бүрэн гүйцэтгүүлсэн. Барилгын хуучин гадна фасадны төмөр рамыг бүрэн хуулсан, орон сууц болон оффисын зориулалттай байгуулж ашиглагдаж буй дулаалгын, галд тэсвэртэй хөөсөнцөр хавтангаар барилгын гадна фасадыг бүрэн бүрсэн, шаардлага хангасан гадна эмүлсээр будсан, барилгын зүүн талын гадна хаалганы үүдний өргөтгөлийг шинэчлэн засварлах зэрэг ажлуудыг шат дараатай барилгын норм стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэсэн. Банк барилгын ажлыг дээр дурьдсан зөвшөөрөл дээр үндэслэн эхлүүлсэн бөгөөд бусад өмчлөгч нартай харилцан тохиролцсоны дагуу засварын зардлыг урьдчилан тодорхойлж, уг дүнг хуваан төлөх нөхцөлтэйгөөр засвар хийлгэх, засварын зардлыг эхний ээлжид банк гаргаж, бусад өмчлөгч нараас нэхэмжлэн төлүүлэхээр тохирсны дагуу засварын ажлыг хийлгэсэн, мөн барилгын ажил явагдаж байх хугацаанд Д төв хоршоо болон өмчлөгч нараас аливаа байдлаар эсэргүүцсэн, барилгын ажлыг зогсоохыг шаардсан ямар ч үйлдэл гаргаагүй. Бид Иргэний хуулийн 496 дүгээр зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар нэгэнт өмчлөгч нарын барилгын гадна фасадыг засаж өөрөөсөө зардал гаргасан, хариуцагч нар бидний гаргасан зардлаар үндэслэлгүй хөрөнгөжих учиргүй. Тийм учраас хариуцагч нараас шаардах эрхтэй. Ингээд Барилгын засварын ажил бүрэн дуусмагц банкнаас 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 01/2-241-ээс 01/2-244 тоот албан бичгүүдээр өмчлөгч тус бүрт ногдох барилгын засварын зардлын төлбөрийг нэхэмжилсэн нэхэмжлэхийг хүргүүлсэн. Иймд Г.Баас 15,919,025 төгрөг, А ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Жээс 7,954,738 төгрөг, Д.Рээс 888,103 төгрөг, Я ББСБ ХХК-аас 15,919,025 төгрөгийг гаргуулна. Учир нь 2-5 давхрын фасадын ажил хийсэн нийт талбай нь 1296 м.кв байгаа. Үүнийг бид өмчлөгч нарын өмчлөлийн талбайд хувааж, математикийн пропорцын аргаар тооцоход жишээлбэл, Бын хувьд 1296 м.кв-ыг 100% гэж үзээд 324 м.кв нь 25% болж байгаа. Ийнхүү гарсан нийт зардал болох 63,676,100 төгрөгийн 25% нь 15,919,025 төгрөг гэх мэтээр тооцсон байгаа. Харин Т 2 дугаар давхрын 324 м.кв талбайг өмчлөгч, түрээслүүлэгч Д.Хд ногдох хэсгийн засварыг зардал болох 15,919,025 төгрөгийг түүнтэй харилцан тохиролцсоны дагуу түрээсийн төлбөрөөс суутгасан. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд өмчлөгч нар төлбөр төлөхөөс зайлсхийж байгаа тул хариуцагч нараас нийт 47,757,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч А ТББ, Г.Б, Я ББСБ ХХК, Д.Р нарын төлөөлөгч Ц.Туяацэцэг, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарын тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч бидэнд ийм засвар үйлчилгээ хийх гэж байгаа гэдэг талаар албан ёсоор мэдэгдэж, төлбөр зардлыг хэрхэн хуваарилах, төлбөр зардлыг хэдий хугацаанд хэрхэн хийж гүйцэтгэх талаар мэдэгдэж хамтран ярилцаж гэрээ баримт бичиг үйлдээгүй болно. Д хоршоо нь өмчлөгч нарын эрх хэмжээнд халдаж засвар хийх талаар хариу өгсөн, энэ талаараа гэрч Баярсайхан хэлэхдээ байгууллагын үйл ажиллагаанд саад учруулаад яахав гэдэг байдлаар хариу өгсөн, асуудлыг ийм хэмжээнд хүрнэ гэж бодоогүй гэдэг. Х болон Тны хооронд байгуулагдсан болзолт түрээсийн гэрээний дагуу Хы зөвшөөрөлгүй объектод засвар хийх эрхгүй, Х засвар хийх зөвшөөрөл олгосон баримтгүй. Тэгээд Хаасаа нэхэхгүй байж бусад өмчлөгч нараас зардлаа нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирсэн албан бичгийг манайд биш Тээврийн хөгжлийн банкинд ирүүлсэн, нэхэмжлэгч өөрсдөө Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан, үүнийх нь дагуу дүгнэлт гарсан байгаа. Тэр дүгнэлт дээр нь барилгын дээр байрлуулсан сурталчилгааны самбарыг буулгах асуудал дурдагдсан байгаа. Өмчлөгч нарын өмнөөс Д төв хоршоо зөвшөөрөл өгөх эрхгүй, дүрэмд зааснаар бүх гишүүдийн хурлаас асуудлыг хэлэлцэх ёстой, харин хурлаар хэлэлцсэн зүйл огт байхгүй. Гэхдээ 10 сард хуралдсан хурлаар бөөн хэрүүл болоод шийдэлд хүрээгүй дууссан байдаг. Ер нь ямар эрсдэл үүсээд, хэний эрүүл мэндэд аюул учрахаар байсан болоод засвар хийсэн юм бэ, өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хийсэн. Монгол банкнаас байраа засварлахгүй бол үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй байна гэж л тухайн үедээ ярьж байсан. Нэхэмжлэгч тал засвараа хүмүүс амарсан хойгуур 8 сард хийсэн, бодит байдал дээр Х, Т хоёр нэг этгээд, Х буюу Тинд байраа түрээслэгч, эс бөгөөс хувь эзэмшигч, хөрөнгө оруулагч нь өөрсдийн үйл ажиллагаандаа нийцүүлж өнгө үзэмжээ сайжруулж, үйлчлүүлэгчээ татах, 5 давхрын дээврийн ус гоожилтыг янзлах, фасад солих нэрээр 6 дугаар давхарт нэмэлт барилга барьсан. Уг нь өмчлөгч нар урлангийн зориулалтаар 6 дугаар давхрыг барьж, хамт ашиг хүртэх зорилготой байсан боловч Х тохиролцоондоо хүрээгүй. Өмнөх онуудад дээврээс борооны дусаал гоожоод өмчлөгч нар засвар хийхэд манайх В1,1,2 давхрыг эзэмшдэг тул танай асуудал надад хамаагүй гээд засварын зардлаас хуваалцаж байгаагүй этгээд, үйлчлүүлэгчдээ татахын тулд өнгө үзэмжээ сайжруулах засвар хийчихээд биднээр төлбөр төлүүлэх гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагч нар төлбөр төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Д.Жийн төлөөлөгч П.Батбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын төлөөлөгч Ц.Туяацэцэг, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарын тайлбарыг дэмжиж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2-т зааснаар хариуцагч Г.Баас 15,919,025 төгрөг, Я ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг, А ТББ-аас 7,068,047 төгрөг, Д.Жээс 7,954,738 төгрөг, Д.Рээс 888,103 төгрөг, нийт 47,748,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 8137 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 396,735 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 396,735 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Туяацэцэг, П.Батбаатар нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэт нэг талд давуу байдал үүсгэсэн, өмнөх шатны шүүхийн шийдвэрт тусгасан үйл баримтыг тогтоогоогүй, илт зөрчилтэй шийдвэрлэсэн. Шинэсүнжий ХХК-аар барилгын ажил гүйцэтгэсэн гэдэг боловч барилгын тухай хуулиар уг компани Барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй байдаг, тийм нотлох баримт хэрэгт авагдаагүй. Дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг хувь хэмжээгээр хувааж хариуцах үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь буруу. Уг 5 давхар барилгын дээр нэг давхар нэмж барьсан, зоорийн болон 1, 2 дугаар давхар, нийт барилгын 65 хувийг эзэмшиж байгаа Д.Х өмчлөгчийг хариуцагчаар анхнаасаа татаагүй, мөнгө нэхэмжлээгүй. Үүнийгээ түрээсийн төлбөрт суутгасан гэдэг ч тийм баримт шүүхэд ирүүлээгүй. Нэхэмжлэгч болон Д.Х нар нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд бөгөөд анхнаасаа нэмж давхар барих зорилгоор фасад засахаар халхавчилсан. Дараа нь хийсэн ажлын хөлсөө бусад өмчлөгчдөөр төлүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүх буруу дүгнэсэн.

Энэ асуудлыг тогтоолгохоор шүүхэд сөрөг шаардлага гаргасныг шүүх хүлээн аваагүй. Зайлшгүй хийх шаардлагатай засвар байсан гэж шүүх буруу дүгнэсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр фасадыг соль гэдэг ямар ч дүгнэлт байдаггүй. Д хоршооныхон фасадаа шинэчлэх талаар ярилцаж, тооцоо гаргаж байсан гэх яриа нь фасад солих цаг хугацааны зайлшгүй ажил байгаагүй. Делта төв хоршоог иргэд байгуулсан ба гишүүд өөрсдийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр хариуцлага хүлээхээр одоо хүчингүй болсон хоршооны тухай хуульд заасан байдаг. Хоршоог хууль зүйн дагуу үйл ажиллагаа явуулдаг гэж шүүх буруу дүгнэсэн. Өмнөх шүүхийн шийдвэрт Д хоршооны нөхцөл байдлыг тогтоо гэсэн. Д хоршоо шүүхэд ирүүлсэн баримтаар хоршоо нь хэлбэрийн төдий байгуулагдсан. Хууль зүйн хувьд хүчин чадалгүй гэдэг нь тогтоогдсон. Хоршооны удирдлага буюу хуульд зааснаар хоршооны дарга, эрх хэмжээний хүрээнд бусадтай гэрээ байгуулах боломжтой юм. Гэтэл менежер н.Баярсайхан бусдад зөвшөөрөл өгөх эрх хэмжээ дүрмээр болон хуулиар олгогдоогүй байтал н.Баярсайхан нэхэмжлэгчид гаргасан хариу тоот болон гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн нь хэт нэг талыг баримталсан эрх зүйн зөрчилтэй шийдвэр байна. Гэрээгээр Шинэсүнжий ХХК-д материалын зардал 17,832,400 төгрөг, ажлын хөлс 38,064,400 төгрөг төлөхөөр Т гэрээ байгуулсан байдаг. Гэтэл 64,829,600 төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Гэрээ төлсөн мөнгө зөрүүтэй байгаад шүүх анхаараагүй. Д.Хтай Т болзолт гэрээ байгуулахдаа ямар нэгэн засвар хийхгүй байх зохицуулалт зориуд хийсэн байдаг. Гэтэл үүнийг зөрчин Т засварын ажил хийснийг шүүх дүгнээгүй, тайлбар хийгээгүй нь ойлгомжгүй. Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх нөхцөл байдал бий болоогүй байсан. Нэхэмжлэгчийн гаргасан зардал зайлшгүй зардал мөн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй. Мөн байрын дийлэнх хувийг өмчлөгч Д.Хд энэ хамааралгүй гэж үзсэн. Мөн дундын өмчид хэн нэгэн сайн дураар засвар хийсэн бол ашиг хүртсэн гэж үзэж хөрөнгийг нь заавал гаргаж өгөх ёстой гэж дүгнэсэн. Нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд нийлж 324 м.кв нэг давхар барилгатай болж хууль бусаар хөрөнгөжсөн явдлыг хуульд нийцсэн гэж дүгнэсэн зэргээс шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль бус шийдвэр гэж харагдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Б, А ТББ, Д.Ж, Д.О Я ББСБ ХХК-д тус тус холбогдуулан бусдын хөрөнгөд засвар хийсний улмаас ажлын зардалд 47,757,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж-35 хаягт байршилтай, барилгын 972 м.кв талбайг бусадтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу банкны зориулалтаар түрээсэлдэг. Түрээслэх хугацаанд тухайн барилгын фасад болон тамбурын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлагаар нэхэмжлэгч засан сайжруулсан бөгөөд уг ажлыг тухайн барилгын өмчлөгч нартай зөвшилцөн. Үүний дагуу нэхэмжлэгчээс барилгын фасадын ажлын зардалд 55,896,800 төгрөг, тамбурын ажлын зардалд 7,779,300 төгрөг, нийт 63,676,100 төгрөгийн зардал гарсан. Уг нийт зардал 63,676,100 төгрөгийн 47,757,075 төгрөгийг хариуцагч нарын тухайн барилгаас өмчилж буй хэмжээгээр буюу м.кв талбайгаар тооцож Г.Баас 15,919,025 төгрөгийг, А ТББ-аас 7,076,183 төгрөг, Д.Жээс 7,954,738 төгрөг, Д.Рээс 888,103 төгрөг, Я ББСБ ХХК-иас 15,919,025 төгрөг тус тус гаргуулах гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Делта төвийн барилгын гадна фасад болон үүдний тамбурын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн, зайлшгүй шаардлагын улмаас, хариуцагч нартай тохиролцсоны дагуу гүйцэтгэсэн тул дээрх зардлыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас шаардах эрх зүйн үндэслэлээ тодорхойлсон.

3. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг ...нэхэмжлэгч тус барилгын өмчлөгч биш түрээслэгч тул тэрээр засвар хийх эрхгүй, засвар хийх зайлшгүй шаардлага гараагүй, засвар хийх талаар хариуцагч нартай харилцан тохиролцоогүй, хоршоо нь өмчлөгч нарын өмнөөс засвар хийхийг төлөөлөх эрхгүй, зардлыг өмчлөгч нарт хувь тэнцүүлэн тооцохдоо түрээслүүлэгчийн өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн м.кв талбайн хэмжээг харгалзан үзээгүй гэх үндэслэлээр үгүйсгэн маргасан.

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-112/222 дугаар дүгнэлтээр маргааны зүйл болж буй Делта төвийн барилгын гадна фасадыг Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсгийн механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх гэснийг, 46 дугаар зүйлийн 46.1.10 дахь хэсгийн барилга байгууламжид мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмж, сурталчилгааны болон гэрлэн чимэглэл байрлуулах ажлын зураг төсөл, түүний угсралт, бэхэлгээг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, барилгын хийц, бүтээцэд эвдрэл, гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх гэснийг тус тус зөрчсөн гэж үзэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гадна фасадын ажлын зураг төсөл хийлгэж, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тус барилга дээр байршилтай реклам суртачилгааны байгууламжийг буулгаж, барилга ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулахаар шийдвэрлэжээ /1хх 13-14 дүгээр тал/.

6. Дээрх барилгаас Улсын бүртгэлийн Ү-2202007193 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жуулчны гудамж, 37 дугаар байр, Делта төвийн 1 болон зоорь тоот хаягт байршилтай, 648 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202007610 дугаарт бүртгэлтэй, 324 м.кв талбайтай, үйлчилгээ, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тус тус Д.Х, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202007612 дугаарт бүртгэлтэй, Делта төвийн барилгын 3 дугаар давхрын конторын зориулалттай, 324 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202007625 дугаарт бүртгэлтэй, Делта төвийн барилгын 4 дүгээр давхрын конторын зориулалттай, 144 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр А ТББ, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202007611 дугаарт бүртгэлтэй, Делта төвийн барилгын 4 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, 401, 403 тоотын 162 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Ж, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202019515 дугаарт бүртгэлтэй, Делта төвийн барилгын 4 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай, 403-04 тоотын 18 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.О мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202006948 дугаартай, Делта төвийн барилгын 5 дугаар давхрын конторын зориулалттай, 324 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Х, мөн хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2202026030 дугаартай, Делта төвийн барилгын 6 дугаар давхрын 313.82 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Х нар тус тус улсын бүртгэлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /1 хх 135-141, 2 хх 43-44 дүгээр тал/

7. Нэхэмжлэгч Т ХХК нь Д.Хтай байгуулсан түрээсийн гэрээний үндсэн дээр Делта төвийн барилгын зоорийн болон 1, 2 дугаар давхрын нийт 972 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших хугацаандаа 2017 оны 03 дугаар сараас 2017 оны 8 дугаар сар хүртэл тус барилгын гадна фасадны ажлыг 55,896,800 төгрөгөөр, үүдний тамбурын ажлыг 7,779,300 төгрөгөөр, нийт 63,676,100 төгрөгөөр засан сайжруулсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэх, ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажил гүйцэтгэх акт, мөнгө олгохыг хүссэн өргөдөл, кассын орлогын ордер, кассын бэлэн зарлага, кассын зарлагын ордер зэрэг баримтаар тогтоогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. /1 хх 21-27, 159-170 дугаар тал/ Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдсэн байна.

8. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, тухайн засан сайжруулалт нь зайлшгүй байсан эсэхээс хамаарч нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдох бөгөөд үүнийг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

9. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02-07-112/222 дугаар дүгнэлт нь тухайн барилгын гадна фасадыг засан сайжруулах зайлшгүй гарах зардлыг нотолж чадахгүй байхаас гадна уг дүгнэлтэд гадна үүдний тамбурын ажлын талаар тусгаагүй байна.

10. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.3.2-т зааснаар шаардлага гаргагч гаргасан зардлын тухай шаардлагаа хариуцагчид өөрийн буруугаас ердийн боломжит хугацаанд мэдэгдээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зардлыг нөхөн төлүүлэх талаар шаардлага гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, шаардлага гаргагч нь засан сайжруулах ажил болон түүний зардлын талаар хариуцагч нарт мэдэгдээгүй нь өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон байхыг шаардахаас гадна ердийн боломжит хугацаанд шаардлага гаргагчаас өөрийн гаргасан зардал, түүний тооцоог нотолсон баримтыг бүрдүүлэн шаардлагаа хариуцагч нарт амаар болон бичгээр мэдэгдэх, хүргүүлэхэд зарцуулагдах боломжит хугацааг ойлгоно. Энэ тохиолдолд нэхэмжлэгч буюу шаардлага гаргагч нь ердийн боломжит хугацаанд хариуцагч нарт мэдэгдсэнээ нотлох үүрэгтэй.

11. Нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2-45 дугаар, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2-46 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 01/2-53а дугаар, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/2-59 дугаар, 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/2-241 дугаар, 01/2-242 дугаар, 01/2-243 дугаар, 01/2-244 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-2-418 дугаар албан бичиг болон хавсралтаар барилгын гадна фасадын ажил, зардал болон зардлын нэхэмжлэхийн талаар хариуцагч нарт мэдэгдсэн гэх боловч дээрх баримтууд нь нэхэмжлэгч талын буюу нэг талын үйлдсэн баримт байх бөгөөд тухайн мэдэгдэл, нэхэмжлэх, албан бичгийг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /1 хх 15-22, 28-36 дугаар тал/

12. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 01/2-45 дугаар, 01/2-46 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/2-59 дугаар, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01-2-418 дугаар албан бичгээр Дтөв Хоршоонд барилгын гадна фасадны ажлын талаар мэдэгдсэн байх бөгөөд Дтөв Хоршооны ерөнхий менежер Д.Баярсайхан нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 03/03 дугаар албан бичгээр ...танай 01/2-59 тоот бичгийг Дтөв байрны өмчлөгч нарт хүргүүлж танилцуулав. Энд дурдагдсан засварын ажлын тооцоо болон засварыг хийхийг тус байрны 3 болон 5 дугаар давхрын өмчлөгч нар зөвшөөрсөн ба 4 дүгээр давхрын өмчлөгчид одоогоор албан ёсоор хариу өгөөгүй ч тэднийг зөвшөөрнө гэдэгт итгэж байна.... гэжээ. /1 хх 37 дугаар тал/

13. Дтөв Хоршооны гишүүдийн 2011 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тогтоолоор Ю.Доржханд, Түмэнжаргал, Ундармаа, П.Цагаан нарыг хоршооны гишүүнээс чөлөөлж, Д.Түмэнзаяа, Д.Ж, Д.Болортуяа, Д.Баярсайхан нарыг хоршооны гишүүнээр элсүүлж, тус хоршооны гишүүнээр С.Ганболд, Д.Түмэнзаяа, Ц.Ариунаа, Д.Ж, Г.Б, Д.Энхтуяа, Д.Х, Д.Болортуяа, Д.Баярсайхан нар бүртгэлтэй байна. /2 хх 45, 199-121 дүгээр тал/

14. Тус хоршооны дүрмийн 4-т зааснаар хоршооны зорилго нь хоршооны байранд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг хэвийн ажиллах боломжоор хангахад орших бөгөөд мөн дүрмийн 12.16-т зааснаар хоршооны гишүүн нь хоршоо, гишүүн хоёрын хооронд маргаантай асуудал гарсан тохиолдолд энэ талаар хоршооны хяналтын зөвлөлд мэдэгдэнэ. Хяналтын зөвлөл шийдвэрлэж чадахгүй тохиолдолд бүх гишүүдийн хурлаар шийдвэрлүүлэх эрхтэй. Мөн дүрмийн 13.1.5-д зааснаар хоршооны гишүүн нь хоршооны болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Мөн дүрмийн 42.1-д зааснаар хоршооны зарлагыг байрны харуул, хамгаалалт, цэвэрлэгээ, дулаан ус, цахилгаан, цалин, бичиг хэрэг, урсгал засвар зэрэг бүх төрлийн үйлчилгээнд холбогдон гарах зардлуудыг санхүүжүүлэхэд хуваарилна. /2 хх 46-51 дугаар тал/

15. Дтөв Хоршооны дүрэмд ерөнхий менежер Д.Баярсайхан нь тухайн хоршоо болон хоршооны гишүүд, мөн өмчлөгч нарыг тухайн засварын ажил хийх хэлцэлд бүрэн төлөөлөх эрхийг олгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх хариуцагч нарыг гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэх нэхэмжлэгчийн санал, мэдэгдлийг зөвшөөрсөн агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. Түүнчлэн, дээрх засан сайжруулалт нь хоршооны дүрмийн 4-т заасан хоршооны байранд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг хэвийн ажиллах боломжоор хангах гэх зорилгыг хангахад гарсан зардал гэж үзэх үндэслэл, мөн барилгын үүдний тамбурын ажлын талаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тус тус баримтаар тогтоогдохгүй байна.

16. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох бөгөөд мөн зүйлийн 108.5 дахь хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар, хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана. Энэхүү зохицуулалт нь дундаа хэсгээр болон хамтран өмчлөгч нарын хоорондын дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардлыг хэрхэн хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсан байхад анхан шатны шүүх уг зохицуулалтаар хариуцагч нарыг барилгын гадна фасадын болон үүдний тамбурын зардлыг төлөх үүрэгтэй гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

17. Түүнчлэн, мөн хуулийн 488 дугаар зүйлийн 488.4 дэх хэсэгт зааснаар дундаа хэсгээр өмчлөгчид нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон бол уг журмыг эрх шилжүүлэн авсан этгээдүүд нэгэн адил мөрдөнө. Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журам нь хоршооны дүрмээр тодорхойлогдох атал анхан шатны шүүх хариуцагч нар хоршоог байгуулсан нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, удирдлагын журмыг тогтоосон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, хоршооны дүрмийн 4-т хоршооны зорилго нь хоршооны байранд үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагуудыг хэвийн ажиллах боломжоор хангахад оршино гэж заасан бөгөөд энэхүү зорилго нь хоршооны гишүүдийн зөвшөөрлийн дагуу хэрэгжих учиртай. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар барилгын фасадын засан сайжруулалтын болон гадна үүдний тамбурын ажлын талаар нэхэмжлэгчтэй хэлэлцэн тохирсон, зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

18. Хэрэгт Д төв байрны өмчлөгч нарын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл гэх баримт авагдсан /2 хх 52-54 дүгээр тал/ боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасантай тус тус нийцээгүй байна. Иймд тухайн баримт нь нотлох чадвараа алдсан байх тул давж заалдах шатны шүүх уг баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх боломжгүй юм.

19. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/01136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.2 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Г.Б, А ТББ, Д.Ж, Д.О Я ББСБ ХХК-д холбогдох, 47,757,075 төгрөг гаргуулах тухай Т ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 396,735 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД  Г.ДАВААДОРЖ

 

М.БАЯСГАЛАН