Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01390

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01390

 

Б.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01400 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ц

Хариуцагч: Нт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлалаар миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу Н нь миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 382,500,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар, А хэсэгт байрлах, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474,300,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлүүлж, надад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн. Дээрх байдлаар миний өмчлөлийн эд хөрөнгийг үнэлсэн нь байрны үнэ нэмэгдэж байгаа үед эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор Б.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилж, Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот, 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 382,500,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474,300,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Цгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1459 тоот магадлалаар Б.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэрлэсэн. Хариуцагч Н нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн гэж шүүх үндэслэх хэсэгтээ заасан нотлох баримтууд нь хууль бус байна. Үл хөдлөх хөрөнгө битүүмжлэн, хураан авах үнэлгээг танилцуулах бүхий л ажиллагаанд Б.Цд танилцуулаагүй Ц.Тэмүүлэнд танилцуулж гарын үсэг зуруулсан. Шүүх төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс 183-ГХ 2019-00036 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19250311 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор Б.Цгийн ХУД-ийн 15-р хороо Туул гол гудамж 83-р байр00 тоот 5 өрөө орон сууц , ХУД-ийн 15-р хороо Туул гол гудамж 83-р байр 1 давхрын А хэсэгт байрлах 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авчээ гэж дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3, 54.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, эзэмшигч биш этгээдийг оролцуулан хураан авах ажиллагааг хийсэн болон өмчлөгч эзэмшигч, өмгөөлөгчид гардуулаагүй байгаа учир үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааг хууль бус явуулсан байхад хууль ёсны дагуу явагдсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан Б.Цгийн өмчлөлийн орон сууцыг дуудлага худалдаагаар худалдах санал болгох доод үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч 2 харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй гэжээ дүгнэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан байхад хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн учир дутагдалтай болсон. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үнийн саналыг Б.Цд танилцуулаагүй бөгөөд мэргэжлийн байгууллага үнэлсэн байхад бид тэр орчинд амьдарч байгаа өөрийн үл хөдлөх хөрөнгийн чанар зэргийн харгалзаад хэт багаар үнэлсэн гэж тайлбарыг өгсөн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулав.

3. Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Нт холбогдуулан Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот 170 м.кв талбайтай, 5 өрөө орон сууцыг 382,500,000 төгрөг, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар А хэсэгт байрлах, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг 474,300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 49/

4. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2018/01675 дугаар тогтоолоор хариуцагч Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар А хэсэг хаягт байршилтай, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангуулахыг Нт даалгаж шийдвэрлэжээ. /хх.51-61/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх зарчимтай.

4.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19250311 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 64/, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04/19250311, 05/19250311 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 66-68/, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10/18250352 дугаар, 11/19250311 дугаар тогтоолуудаар хураан авсан /хх.69-70/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд нийцжээ. Учир нь, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт зааснаар хураан авсан эд зүйлийн жагсаалтыг эд зүйл, баримт бичгээ хураалгасан, эсхүл ажиллагаанд байлцсан хүний гарын үсэг, эсхүл хурууны хээгээр баталгаажуулж, хувийг тухайн эд зүйлийг эзэмшигчид, эсхүл түүний өмгөөлөгчид даруй гардуулах бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тухай хариуцагч байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 10/18250352, 11/19250311 дугаар тогтоолуудад төлбөр төлөгч Б.Ц гарын үсэг зурсан байх тул хувийг эд зүйл эзэмшигчид гардуулсан гэж үзнэ. Түүнчлэн, шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 05/19250311 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд төлбөр төлөгчийн хүү гэх Ц.Тэмүүлэн оролцсон байх бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан ажиллаганд мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасан журам үйлчлэхгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.3, 54.4-т заасан заалтыг зөрчиж эзэмшигч биш этгээдийг оролцуулан хураан авах ажиллагааг хийсэн болон өмчлөгч эзэмшигч, өмгөөлөгчид гардуулаагүй байгаа учир үл хөдлөх эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагааг хууль бус явуулсан гэх гомдол үндэслэлгүй байна.

4.2 Төлбөр төлөгч, өмчлөгч Б.Ц нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг 1,000,000,000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар А хэсэг хаягт байршилтай, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 1,400,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн санал ирүүлсэн. /хх 63/ Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/9 дугаар шинжээч томилох тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. /хх 73/

4.3 Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр,00 тоот хаягт байршилтай, 5 өрөө орон сууцыг 382 500 000 төгрөгөөр, Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Туул гол гудамж, 00 дугаар байр, 1 давхар А хэсэг хаягт байршилтай, 170 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 474,300,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээний тайланг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 97/ Улмаар хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 4-147/1461 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хх1-2/

4.4 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шинжээчийн үнэлгээний талаар мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох боловч тэрээр үнэлгээний талаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Нөгөөтээгүүр, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хариуцагч буюу төлбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрсөн эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байх боловч энэ нь үнэлгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Учир нь, нэхэмжлэгч энэ талаар тухайн үед гомдол гаргаагүй байхаас гадна мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь заалтыг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн тайлангаа гаргасан байх тул анхан шатны шүүх шинжээч нь хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий этгээд бөгөөд үнэлгээг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь буруу биш байна. /хх.77-90/

6. Орон сууцыг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч тал ...эд хөрөнгийг үнэлсэн нь байрны үнэ нэмэгдэж байгаа үед миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж байна... гэсэн тайлбар, гомдлоо баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, хэргийн 103-107 дугаар талд авагдсан баримт нь үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

7. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаанд хамааралтай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг нэмсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/01400 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нт холбогдох, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Цгийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

М.БАЯСГАЛАН