Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01391

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/01391

 

А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01035 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК

Хариуцагч: Д.Цд холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 13,099,618.19 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Д.Ц нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн үйл ажиллагааны зориулалт бүхий 10,000,000 төгрөгийн ЗГ001904104 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч Д.Ц нь зээлийн гэрээний 2.3.4, 5.1.1, 5.1.2, 5.1.3-т заасныг тус тус зөрчсөн. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаас татгалзаж, зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн зээлийн төлбөр 4,753,901.59 төгрөг, үндсэн хүү 6,985,650.17 төгрөг, 7 сарын хугацаа хэтрүүлсэн хүү 1,360,066.43 төгрөг, нийт 13,099,618.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2019 онд А ББСБ ХХК-аас жижиг дунд бизнесийг дэмжих зээл 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан ба зээлээ цаг тухайд нь төлж байсан. Бидний төлж байсан зарим төлбөрийг А ББСБ ХХК нь шивэлт хийгдэж байсан эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан зээлийн төлөлтийн дэлгэрэнгүй хуулга нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэг удаа төлсөн мэт байна. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Цээс 3,359,920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, үлдсэн 9,739,698.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,494.55 төгрөгөөс 223,448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 16,046.45 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Цээс 68,708 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нь тухайн үед зээлийн төлөлт хийж байх үед 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ001907297 дугаартай, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ001904104 дугаартай 2 идэвхтэй зээлтэй байсан. Тухайн төлөлтийн дан ганц нэхэмжлэл гаргасан ЗГ001904104 дугаартай зээлийн төлөлтөд авч байгаагүй, нөгөө идэвхтэй зээлд хуваан авч байсан. Хамгийн сүүлийн төлөлт 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 943 хоногийн хүү бодогдсон хүүний төлбөр төлөгдөөгүй. Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ001904104 дугаартай зээлийн гэрээнд нийт үндсэн зээлээс 5,246,098.41 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 4,753,901.59 төгрөг үлдсэн. Үндсэн хүү 2,394,978.37 төгрөг төлөгдөж, үлдэгдэл 8,867,413.74 төгрөг үлдсэн. Нэмэгдүүлсэн хүү 19,912.89 төгрөг төлөгдөж, 10,760.68 төгрөг үлдсэн. Нийт төлөлт 7,660,989.67 төгрөг, үлдэгдэл 13,632,076.01 төгрөг болж байна. ЗГ00197297 дугаартай зээлийн гэрээнд зээлийн төлбөрт 10,000,000 төгрөг, үндсэн хүү 1,833,883.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,086.29 төгрөг, нийт 11,840,969.38 төгрөг төлөгдсөн байна.

Зээлийн ЗГ001904104 дугаартай гэрээний 2.1.7, 2.1.9-т заасны дагуу хариуцагч нь хэтэрсэн хугацааны хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Тухайн хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн зээлийн үлдэгдлээс сарын 4 хувь бодогдож тооцогдож байгаа. Хэтэрсэн хугацааны хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл байхгүй бахад шүүх хэтэрсэн хугацааны хүүнд төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч нь А ББСБ ХХК-тай нийт 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж, зээл авсан. Үүнд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ0018050115 дугаартай бизнесийн үйл ажиллагааны зориулалт бүхий сарын 4 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээл, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ001904104 дугаартай бизнесийн үйл ажиллагааны зориулалт бүхий сарын 4 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээл, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ001907297 дугаартай автомашины худалдан авах зориулалт бүхий сарын 4 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийн зээл авсан.

Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд А ББСБ ХХК-ийн Хаан банк ХХК дахь 5037639471 дугаар бүхий дансанд 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөр 491,091.54 төгрөг, үндсэн хүү 631,232.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 252.97 төгрөг, нийт 1,122,577.39 төгрөг.

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үндсэн хүү 132,108.39 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн төлбөр 855,313.28 төгрөг, үндсэн хүү 230,532.72 төгрөг, нийт 1,085,846 төгрөг төлсөн.

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөр 570,150.94 төгрөг, үндсэн хүү 648,664.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,048.60 төгрөг, нийт 1,222,863.55 төгрөг төлсөн.

2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 8,083,444.24 төгрөг, үндсэн хүү 191,345.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,784.72 төгрөг, нийт 8,277,574.05 төгрөг төлсөн.

Д.Ц 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлд 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлийн төлбөрт 520.55 төгрөг, үндсэн хүү 565,479.45 төгрөг, нийт 566,000 төгрөг төлсөн.

2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр үндсэн хүү 500,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үндсэн хүү 865,870 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 134,130 төгрөг, нийт 1,000,000 төгрөг төлсөн.

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 9,999,479.45 төгрөг, үндсэн хүү 2,408,180.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 331,380.01 төгрөг, нийт 12,739,039.57 төгрөг төлсөн.

Д.Ц 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10,000,000 төгрөгийн зээлд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлбөрт 659,867.77 төгрөг, үндсэн хүү 407,671.23 төгрөг, нийт 1,067,539 төгрөг төлсөн.

2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт 686,839.04 төгрөг, үндсэн хүү 417,619.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 541.89 төгрөг, 1,105,000 төгрөг төлсөн.

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зээлийн төлбөрт 727,765.38 төгрөг, үндсэн хүү 546,224.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,010.31 төгрөг, нийт 1,278,000 төгрөг төлсөн.

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн төлбөрт 742,691.41 төгрөг, үндсэн хүү 281,410.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,320.68 төгрөг, нийт 1,027,422.61 төгрөг төлсөн.

2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн төлбөрт 774,699.67 төгрөг, үндсэн хүү 160,580.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 611.27 төгрөг, нийт 935,891.61 төгрөг төлсөн.

2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн төлбөрт 1,654,235.14 төгрөг, үндсэн хүү 581,472.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,428.74 төгрөг, нийт 2,247,136.45 төгрөг төлсөн.

Хариуцагч нь 943 хоногийн хүү төлөөгүй, үндсэн зээлийн үлдэгдлээ төлөөгүй. Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү төлөх үндэслэлгүй, зээлээ төлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчаас зээлийн төлбөрт 4,753,901.59 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 8,867,413.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,760.68 төгрөг, нийт 13,632,076.01 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

5 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Д.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4,753,901.59 төгрөг, хүүгийн төлбөрт 8,336,018.71 төгрөг, нийт 13 099 618.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 22, 44-47, 56/

3. А ББСБ ХХК, Д.Цд нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч А ББСБ ХХК нь 10,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар зээлдэгч Д.Цд зээлүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг нэг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай төлөх үүрэг хүлээсэн байна.

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Иймд зээлдэгч нь зээлдүүлэгчээс гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотойгоор үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

6. Хэргийн 5 дугаар талд авагдсан зээлийн төлбөрийн хуваариас үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 12,810,459 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс хариуцагчийн төлсөн 9,450,539 төгрөгийг хасч 3,359,920 төгрөг төлөх үүрэгтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх.61-110/

7. Нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүнд нийт 5,525,558.93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байх боловч зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байх тул хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүүнд төлбөр гаргуулах үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

7.1. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

8. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхийн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг орхигдуулсан байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг нэмсэн өөрчлөлт оруулна.

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2022/01035 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...451.1 гэсний дараа ,453 дугаар зүйлийн 453.1... гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талын төлсөн 226,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

М.БАЯСГАЛАН