Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 460

 

Б.Б, О.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа, шүүгдэгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаар магадлалтай, Б.Б, О.Т нарт холбогдох 1910001450771 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, найруулагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Б,

 

Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, О.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Прокуророос шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,

Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас 3,290,810 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.З-д олгож, хохирогч Ж.З нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, О.Т нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Т гаргасан гомдолдоо “...Тухайн үед Б.Б Ж.З-той муудалцаад барьцалдан зодолдож байсан. Би Ж.З-г Б.Б-с салгах зорилгоор куртикных нь малгайнаас татахад Ж.З хөл хальтран унасан. Ж.З маш өндөр согтолттой байсан. Б.Б Ж.З-н дээр гарч нүүр рүү нь хэд хэдэн удаа цохисон. Би дахин салгах зорилгоор Ж.З-н дээрээс Б.Б-г татаж холдуулсан. Миний бодолд анхнаасаа Ж.З-г гэмтээх, түүнтэй муудалцах бодол байгаагүй бөгөөд Б.Б, Ж.З нарын хоорондын маргаан, зодооныг салгах зорилгоор энэ үйл явдалд хутгалдсан. Ж.З-н нүүрэнд учруулсан хөнгөн зэргийн гэмтэлд О.Т миний ямар нэгэн оролцоо байхгүй. Үүнийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, намайг гэм буруугүй гэдгийг тогтоож цагаатгасан. Би анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Ж.З-н нүүрэнд учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь миний үйлдлээс шалтгаалаагүй. Тэднийг салгах зорилгоор энэ үйл явдалд холбогдсон болох нь “Ион” клубын хяналтын камерын бичлэг болон гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Б.Б, Ж.З нарын хоорондоо маргалдаж, нэгнийгээ зодсон, нэгнийхээ нүүрэнд хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг надад хамаатуулж хамтран оролцсон гэж үзэж байгааг ойлгохгүй байгаа бөгөөд энэ гэмт хэрэгт холбогдож, ял авч байгаа нь шударга биш байна. Б.Б Ж.З-н нүүр рүү цохиж хөнгөн гэмтэл учруулсан болохоос биш би Ж.З-г зодоогүй. Магадлалд намайг яагаад энэ хэрэгт бүлэглэж оролцсон талаар тодорхой тайлбарлаж бичээгүй. Энэ хэрэгт Эрүүгийн хуульд заасан бүлэглэсэн хэрэг байгаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр илүү үнэн зөв гарсан гэж би үзэж байна” гэжээ.  

 

Шүүгдэгч О.Т-н өмгөөлөгч С.Алтантуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр, хэргийн бодит байдалд дүгнэлт хийж, хуулийн хүрээнд цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, уг хуулийн зарчим, агуулгаас зөрүүтэйгээр анхан шатны шүүхэд зааварчилсан, хэргийг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэхэд нь нөлөөлж болохуйц шинжтэй дүгнэлт хийсэн. О.Т нь шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.З нар заамдалцан зодолдож байх үед нь Ж.Зын куртикны малгайнаас татаж холдуулан зодооныг эхний удаа салгасан. Мөн шүүгдэгч Б.Б нь хохирогч Ж.З-н нүүрэнд угсруулан цохиж байх үед ч гэсэн О.Т нь Б.Б-г татаж холдуулан 2 дахь удаагаа зодооныг салгаж, гэмт хэргийг таслан зогсоосон. Өөрөөр хэлбэл, О.Т нь зодооныг салгахаар шүүгдэгч Б.Б болон хохирогч Ж.З нарт хоёуланд нь адилхан үйлчилж, татаж холдуулан гэмт хэргийг таслан зогсоосон. О.Т нь хохирогчийг бүлэглэн зодсон шинжтэй үйлдэл хийгээгүй, тийм санаа зорилго огт байгаагүй. Анхан шатны шүүхээс “...хохирогчид учирсан хөнгөн хохирол нь О.Т-н үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хохирогчийн биед О.Т цохиж, зодож дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх нотлох баримтгүй байна. Харин газар унасан байхад нь Ж.З-н нүүрэнд нь гараараа 4-5 удаа цохисон Б.Б-н гэмт үйлдэлтэй хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл шууд шалтгаант холбоотой байна” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэлтэй, зөв дүгнэлт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч Ж.З-н нүдэнд үүссэн хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.Б-н цохисон, зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон…

Гэтэл давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэртээ “...энэ хэргийг бүлэглэсэн гэж үзнэ...”, мөн магадлалдаа “О.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Б.Б, О.Т нар бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэж шийдвэрийн тодорхойлох хэсэгт тус тус дүгнэсэн атлаа О.Т-н ямар үйлдэл, яагаад бүлэглэсэн шинжтэй байсан талаар шүүхийн шийдвэрт тодорхойлоогүй, энэ талаар хууль зүйн дүгнэлтгүй орхигдуулсан. Энэ нь анхан шатны шүүхэд зааварчилсан, хэргийг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц шинжтэй дүгнэлт байхаас гадна давж заалдах шатны шүүхийн магадлал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарч байна. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлж, хэргийн үйл баримтыг ямар байдлаар тогтоох, аль нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хууль хэрэглэх асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн хараат бус байдал, хэргийг өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэхэд нь нөлөөлж болохуйц шинжтэй дүгнэлт гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, уг хуулийн зарчим агуулгад нийцэхгүй дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлд хамаарна. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй” гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаа, “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болох Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, агуулгад үл нийцэж байна. Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож, О.Т-г цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул хэвээр үлдээнэ үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн байна. Хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэгт шүүгдэгч О.Т хохирогчийн араас татаж газарт унагасан үйл баримт бий. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шинжийг агуулж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Б, О.Т нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

Прокуророос Б.Б, О.Т нарыг хохирогч Ж.З-г хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О.Т-н үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б, О.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүх хэрэгт авагдсан Б.Б, О.Т нар гэмт хэрэгт хамтран оролцсоныг батлах баримтуудыг ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэх талаар хууль зүйн тодорхой, ойлгомжтой дүгнэлт хийх шаардлагатай гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа нар нь “Ж.З-г Б.Б-с салгах зорилгоор гадуур хувцасны малгайнаас татсан. Ж.З-г гэмтээх санаа зорилго байгаагүй. Хохирогчийг Б.Б цохьсон болохоос О.Т цохиогүй. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхэд хэргийг хүндрүүлэхээр шууд зааварчилсан нь процессын ноцтой зөрчил мөн” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуульд “гэмт хэрэгт хамтран оролцох” гэж хоёр ба түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг ойлгохоор хуульчилсан.

Өөрөөр хэлбэл, хоёр ба түүнээс олон хүн нэг гэмт хэргийг хамтран үйлдэхдээ хүн бүр өөрийн үүрэгтэй оролцож санаа бодол, үйлдэл хөдөлгөөнөө нэгтгэж, гэмт хэргээ туйлд нь хүргэхэд чиглэсэн, хүч чармайлтаар нэгдсэн нэгдмэл санаа зорилго тавьсан эсэхийг чухалчилдаг.

Энэ хэргийн тухайд хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Б, хохирогч Ж.З нар нь хоорондоо маргаантай байсан байх боловч гэмтэл учруулах хэмжээнд хүч хэрэглээгүй, заамдалцаж зууралдсан байдалтай байхад О.Т хохирогч руу удаа дараа довтолж Ж.З-н гадуур хувцасны малгайнаас хойш татан газарт унагаан Б.Бт хохирогчийн бие, эрүүл мэндэд хохирол учруулах биеийн хүчний давуу байдал, нөхцөл боломжийг бүрдүүлсэн энэ үйлдлийг гэмт хэрэг хийхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж дүгнэхээр байна.

Түүнчлэн, анхан шатны шүүх О.Т, Б.Б нарын үйлдэлд бусдыг үл тоомсорлон басамжилж, өөрсдийн хүч чадлыг бусдаас илүү болохыг харуулж, айлган сүрдүүлэх зэргээр олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчсөн шинж агуулагдсан гэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй.

О.Т, Б.Б нар нь энэ гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх асуудал, түүнд хамаарах нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс хууль сахиулагч, прокурор, шүүгчийн анхаарлын төвд байж шат шатанд хэлэлцэгдэн, нотлох баримтад тулгуурлан хэлэлцэгдэж байсан тул анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй байхаар давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг тогтоосонтой зөрчилдөхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх үүрэгтэй.

Иймээс хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн үйл баримт болон анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг хэрхэн баримталсан талаар хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаарт үнэлэлт, дүгнэлт өгч шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг шүүхийн хараат бус байдалд нөлөөлсөн, заавар чиглэл өгсөн гэж үзэхгүй.  

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 413 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч С.Алтантуяа нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                                             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН