Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020/0105/з |
Дугаар | 328 |
Огноо | 2020-09-16 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 328
“Р” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн
Мэргэжлийн хяналтын газарт
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0066944 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0392 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 411 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-Э-ийг оролцуулж,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0392 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэгт заасныг баримтлан “Р” ХХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 0066944 дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 411 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 392 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0392 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 411 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.
4. Үүнд: Магадлалын Хянавал хэсэгт: “Гомдол гаргагчаас хяналт шалгалтын явцад хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч маргаагүй...” гэсэн байна. Нэхэмжлэгчийн агуулахад дэлгүүрүүдээс татан авсан хугацаа дууссан бараа хадгалагдаж байсан. Хэрэв нэхэмжлэгч хугацаа дууссан бараагаа татан аваагүй бол энэ нь харин зөрчил юм. Хууль бусаар хадгална гэдэг нь хугацаа дууссан бараагаа бусдад худалдахаар идэвхтэй үйлдэл гарган хадгалж байсныг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч талд ямар ч тийм санаа, зорилго байгаагүй. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээ татан авч, устгалд оруулж амжаагүй байсан.
5. Нэхэмжлэгч нь дистрибьютр компанитайгаа хийсэн гэрээний 4.13-т “...хугацаа дууссан барааг буцаавал зохино...” гэсэн заалтыг үндэслэн хадгалж байсан. Тухайн үед дээрх заалтыг хууль зөрчсөн гэж өөрсдөө мэдээгүй. Гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэдэг шийдвэрийг зөвхөн шүүх гаргадаг. Тиймээс хуулийн дагуу татан авсан бараагаа устгаагүй байсан нэхэмжлэгчийг “хуульд заасныг зөрчиж, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж шийтгэсэн нь үндэслэл муутай. Тэгээд ч нэхэмжлэгч хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалагдаж байсан гэсэн болохоос хууль бусаар хадгалж байсан гэж хүлээн зөвшөөрөөгүй.
6. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчид шийтгэл оногдуулахдаа өөрөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааныхаа журмыг зөрчсөн талаар: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлд хохирогч, 3.6 дугаар зүйлд гэрчийн эрх зүйн байдлыг тус тусад нь хуульчлан зохицуулсан. Мэдээлэл өгсөн Г.Б-ийн ямар хууль ёсны эрх, ашиг нь зөрчигдсөн талаар мэдүүлэгт нь огт байхгүй. Хэрвээ нийтийн ашиг сонирхолд хамааралтай асуудлаар мэдээлэл гаргасан бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах ёстой. Гэтэл улсын байцаагч мэдээлэл гаргагчийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчоор тогтоон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
7. Хууль зөрчсөн энэ ноцтой үйлдлийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөвтгөн шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Үзлэг хийсэн тэмдэглэлд” нярав ажилтан Л.А гэсэн байх боловч нярав гэдгийг нотолсон баримт байхгүй, тухайн эд хөрөнгийн эзэмшигч нь гэдгийг нотлоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байхад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр “Үзлэг хийсэн тэмдэглэлд”-д компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, холбогдогч болгон тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчсөн. ...Иргэн Л.А-аас холбогдогчоор мэдүүлэг авахдаа эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлаж гарын үсэг зуруулсан байх бөгөөд тус зүйлийн 2.3-т “эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах’’ гэж заасан эрхийг танилцуулсан байх тул дээрх эрхээр нь хангаагүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.
8. Холбогдогч гарын үсэг зурсныг эрхээр нь хангасан гэж үзэх үндэслэл болохгүй. Монгол хэл сайн мэддэг, мэдүүлгээ монгол хэлээр өгнө гэж холбогдогч өөрөө хүсэлтээ бичиж өгөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад холбогдогч зөвхөн гарын үсгээ л зурсан байдаг. Энэ нь холбогдогчид эрхийг нь хангалттай тайлбарлаж өгсөн, холбогдогч өөрийнхөө эрхийг хангалттай ойлгосон гэдэг нотлох баримт болж чадахгүй. Хавтаст хэргийн 15-16, 149 дүгээр хуудаст байгаа нотлох баримтуудад зөвхөн Л.А-ийн гарын үсэгнүүд л зурагдсан байдаг. Энэ нь хуулийг тайлбарлаж өгсөн, гарын үсэг зурж байгаа этгээд бичигдсэн зүйлийг уншиж танилцсан, ойлгосон гэдгийг нотолж чадахгүй. Мөн хууль ёсны төлөөлөгч томилохдоо иргэний харьяалал шаарддаггүй гэдгийг хэлэх хэрэгтэй.
9. “Үзлэг хийхдээ үзлэгт оролцсон этгээдүүдээр гарын үсэг зуруулаагүй” гэх тайлбарын тухайд: Удирдамжийн дагуу шалгалт, үзлэг хийхдээ улсын 2 байцаагч очсон гэдэг тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэл дээр ганцхан улсын байцаагчийн гарын үсэг байдаг. Мөн хөндлөнгийн гэрч байсан байхад гарын үсэг зуруулаагүй. Хөндлөнгийн гэрч байсан талаар бас л шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
11. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих” гэж, 6.15 дугаар зүйлийн 3.1-д “Хүний эрүүл мэндэл сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, ... хүнсний бүтээгдэхүүн ..., хадгалсан, ...” гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэглэхдээ хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг “хадгалсан л бол” зөрчил гэж үзэхгүй, харин “хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол” зөрчилд тооцно гэж тайлбарлахаар байна.
12. Учир нь, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах; 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах”; гэж заасан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө”; 9.2. “Энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг ашиглан хүнсний сүлжээн дэх эрсдэл гарсан үе шатыг тогтооно”; 9.3. “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг хэрэгжүүлсний үр дүнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооно”; 9.4. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална” гэж зааснаас үзвэл хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй, харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй.
13. Энэхүү хэргийн тухайд “Р” ХХК нь хугацаа хэтэрсэн 27 нэр төрлийн 2954 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг агуулахад хугацаа дуусаагүй бүтээгдэхүүнтэй хамт нэг тавиур, подонд хадгалж байсан, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүний бүртгэл хөтлөөгүй нь тогтоогдсон /зөрчилд холбогдогч үүнийгээ үгүйсгээгүй/, иймд хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахдаа хуульд заасан үүрэг болон холбогдох журам, стандартыг зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн үйлдэл буюу маргаан бүхий акт үндэслэлтэй талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.
14. Гомдол гаргагчийн зүгээс “...Нэхэмжлэгчийн агуулахад дэлгүүрүүдээс татан авсан хугацаа дууссан бараа хадгалагдаж байсан. Хэрэв нэхэмжлэгч хугацаа дууссан бараагаа татан аваагүй бол энэ нь харин зөрчил юм...” гэж /Тодорхойлох хэсгийн 4/ маргаж байх ч Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. “Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан үндэслэлээр хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан тохиолдолд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь энэ тухайгаа нэн даруй хяналтын байгууллага, хэрэглэгчид болон тухайн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авсан хүнсний сүлжээний дараагийн шатны үйл ажиллагаа эрхлэгчид мэдэгдэнэ”; 8.4. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан болон татан авсан, тэдгээртэй холбогдсон арга хэмжээний талаарх мэдээлэл, баримт бичгийг хадгална”; 8.5. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 8.2-т заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ татан авсан тохиолдолд хяналтын байгууллагын шийдвэрийг гартал хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авсан он, сар, өдрийг тэмдэглэн тухайн түүхий эд, бүтээгдэхүүнийг тусгаарлан битүүмжилж хадгална” гэсэн байх бөгөөд “Р” ХХК нь хуульд заасан эдгээр үүргийг хэрэгжүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй байна.
15. Иймд “... Хууль бусаар хадгална гэдэг нь хугацаа дууссан бараагаа бусдад худалдахаар идэвхтэй үйлдэл гарган хадгалж байсныг хэлнэ. Гэтэл нэхэмжлэгч талд ямар ч тийм санаа, зорилго байгаагүй. Хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнээ татан авч, устгалд оруулж амжаагүй байсан... Нэхэмжлэгч нь дистрибьютр компанитайгаа хийсэн гэрээний 4.13-т “...хугацаа дууссан барааг буцаавал зохино...” гэсэн заалтыг үндэслэн хадгалж байсан. Тухайн үед дээрх заалтыг хууль зөрчсөн гэж өөрсдөө мэдээгүй. Гэрээний заалтыг хүчин төгөлдөр бус гэдэг шийдвэрийг зөвхөн шүүх гаргадаг. Тиймээс хуулийн дагуу татан авсан бараагаа устгаагүй байсан нэхэмжлэгчийг “хуульд заасныг зөрчиж, хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан гэж буруутгах нь үндэслэл муутай...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
16. Мөн “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-9-д заасан гомдлын үндэслэл бүрт анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай, зөв дүгнэлт өгсөн байх тул энэ талаар дахин дүгнэх шаардлагагүй.
17. Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0392 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 411 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ