Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2017/00098

 

Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04894 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1839 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Шүнди” ХХК-д холбогдох,

“Шүнди” ХХК-ийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“Шүнди” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэнгийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ван Сэн Тун, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ц.Алтанцол, орчуулагч Цүй Хай Пин, хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

      Нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Тиэн Жин хотод 600.000 юанийг Ли Шан Баод өгч, тэрээр сар бүр 100.000 юанийг хөрөнгө оруулалтын ашигт 5 сарын турш өгөх буюу 5 сарын дараа 1.100.000 юанийг бидэнд буцааж өгөхөөр тохиролцож “Олон улсын худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан. 2002 оны 06 дугаар сард Ли Шан Бао биднийг Монголд ирж зах зээлийн судалгаа хийгээч гэж урьсны дагуу очиж түүний сайн танил болох н.Баатар, н.Соёлт нартай танилцсан бөгөөд зах зээлийн судалгаатай танилцахад бизнес хийх боломжтой байсан болохоор эхний удаа дээврийн хавтан болон тоосгоны, вакум цонхны үйлдвэр байгуулах газар худалдан авч, үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар зочид буудалд “Хамтран ажиллах гэрээ”-г Ван Ди Чин, Жан Юан Бин, н.Баатар /Bateer/, Ли Шан Бао, н.Соёлт /Suyalatu/, Ли Жиа Жин бид долоо байгуулсан. Хамтран ажиллах гэрээний дагуу Ван Ди Чин, Жан Юань Бин, Ван Сэн Тун бид Ли Шан Баод 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 5.280.000 юанийг өгч, энэ хэмжээгээр “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл Ли Шан Бао нь энэ хөрөнгө оруулалтаас “Шүнди” ХХК-ийн дүрмийн санд 100.000 ам.долларын хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан бөгөөд бидний нэр компанийн гэрээ, дүрэм, гэрчилгээнд байхгүй байсныг мэдэж 2005 онд Монголд ирж, компанийн үүсгэн байгуулагчдын хурлыг хуралдуулж, хөрөнгө оруулагч нарын компанид оруулсан хөрөнгийн хэмжээг Жан Юан Бин, Ван Ди Чин, Ван Сэн Тун, н.Баатар, н.Соёлт нар тус бүр 14 хувь, Ван Дин Чин 16 хувиар тогтоож гэрчилгээнд өөрчлөлт оруулах, 1 гишүүнийг хасах асуудлыг шийдвэрлэсэн. 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Шүнди” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, шинэчилсэн гэрээг байгуулж, компанийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэл газар болох Хуулийн этгээдийн бүртгэлийн газар тус тус бүртгүүлсэн. 2005 оноос 2009 он дуустал компанийн ерөнхий захирлаар Ван Тэн Сун ажиллаж байсан. Энэ хугацаанд Ли Шан Бао гомдол, санал гаргаж байгаагүй. Гэтэл Ли Шан Бао нь 2009 оны 08 дугаар сард нэхэмжлэгч нарыг хөрөнгө оруулсан талаар зохих бүртгэлд бүртгүүлснээс хойш 4 жил 1 сарын дараа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эдгээр нэр бүхий 6 гишүүн нь хөрөнгө оруулаагүй гэсэн үндэслэлийг гаргасан. Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай шийдвэрээр “Шүнди” ХХК-д хууль ёсоор хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нарын нэрс бүртгэлээс хасагдсан ба  шүүхийн шийдвэрт бүртгэлийн журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нарыг “Шүнди” ХХК-д нийт 5.280.000 юанийн хөрөнгө оруулсан гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

      Хариуцагч “Шүнди” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн “хөрөнгө оруулсан” гэх санхүүгийн баримтууд нь хуурамч, өөрөөр хэлбэл Ли Шан Бао гэх хувь хүний бусдаас зээлдэж авсан мөнгөний баримтад “Шүнди” ХХК-ийн тамгыг хэвлэж /скайнердсан/, тус компанийн хөрөнгө оруулалт хэмээн нэмж бичсэн болох нь Эрүүгийн хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Ли Шан Баогийн хувьд БНХАУ-ын Тяанжин хотод Ван Ди Чин нараас удаа дараалан мөнгө зээлж авч байсан болох нь тэдгээрийн хооронд хийгдсэн баримтаар нотлогдох бөгөөд уг баримтуудыг Ван Сэн Тун нь өөртөө ашигтай байдлаар засварлан, “Шүнди” ХХК-ийн тамгыг хэвлэж ашиглан өнөөдрийг хүртэл тус компанид хөрөнгө оруулсан гэдгээр тайлбарлаж ирсэн болно. БНХАУ-ын нэр бүхий иргэд “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулахаар тохиролцож, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийхээр болсон ба улмаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Гадаадын хөрөнгө оруулалтын газарт бүртгүүлж, гэрчилгээг шинэчлэн авсан. Гэвч нэр бүхий хөрөнгө оруулагч нар нь хөрөнгөө зохих ёсоор оруулаагүйгээс үүсгэн байгуулагч Ли Шан Бао нь 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар Гадаадын хөрөнгө оруулалтын газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгосон. Улмаар Ван Сэн Туны хувьд Ли Шан Баод холбогдуулан бусдыг залилан мэхэлсэн гэх гомдлыг гаргасны дагуу Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм. Нэхэмжлэгч нарын зүгээс “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулна гэсэн хэлэлцээрийг хийсний үндсэн дээр компанийн хувь нийлүүлэгчээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон боловч хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй болно. Иймд “Шүнди” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

     Хариуцагч “Шүнди” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Шүнди” ХХК-ийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. БНХАУ-ын иргэн Ли Шан Бао нь 2002 онд анх өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “Шүнди” ХХК-ийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 02-155 тоот гэрчилгээг авснаар олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд “Шүнди” ХХК-ийн гадаад, дотоод худалдаа эрхлэх, зуучлалын үйл ажиллагаа явуулах, вакум цонх, хаалганы үйлдвэрлэлийг өргөтгөх, тамхины үйлдвэрлэл эрхлэх, барилга угсралт болон барилгын материалыг үйлдвэрлэх, ресторан, баар ажиллуулж тус компанийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 6 иргэнтэй тохиролцон гэрээ байгуулж, улмаар “Шүнди” ХХК-ийн дүрмийг шинэчилж, мөн хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. “Шүнди” ХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх талаар дээр дурдсан 6 чиглэлд хувь нийлүүлэгчид гэрчилгээ олгосноос хойш хөрөнгө оруулахаар тохирсон дүрэм гэрээний заалтын талаар нэхэмжлэгч нар одоо хүртэл маргаагүй. Дээрх хүмүүс 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгө оруулаагүй учраас шинэчилсэн гэрээний 2 дугаар зүйлд заасан оролцогчдоос нэхэмжлэгч нараас бусад хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулаагүй учир шинэчилсэн гэрээнээс гарснаа хүлээн зөвшөөрсөн. Гэрчилгээ гарсны дараа нэмж хөрөнгө оруулаагүйгээс “Шүнди” ХХК дээрх 6 төрлийн үйл ажиллагааг явуулаагүйгээс гадна бие даасан барилгын ажлыг өргөтгөөгүй, зөвхөн “Да ган” компанитай хамтарсан барилгын үйл ажиллагаа явуулсан. Иймд компанийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ван Сэн Тун сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбарлаж байгаачлан “Шүнди” ХХК нь анхнаасаа нэг хүний үүсгэн байгуулсан компани биш юм. Анх Ли Шан Бао нь бидэнтэй хамтарч ажиллахаар тохиролцсон. “Шүнди” ХХК нь 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. Ли Шан Бао нь энэ хугацаанаас өмнө ноосны үйлдвэр байгуулахаар бидэнтэй тохирсон байсныхаа дагуу “Шүнди” ХХК-ийг байгуулсан юм. Ли Жиа Жин нь “Шүнди” ХХК-ийг үүсгэн байгуулсан анхны 4 гишүүний нэг байсан. 2003 онд “Шүнди” ХХК-ийн бүтэц өөрчлөгдөж, 7 гишүүнтэй болсон. 2005 онд “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулсан бидний нэрсийг хөрөнгө оруулалтаар бүртгүүлээгүй байгааг бид мэдсэн. Энэ асуудлаар “Шүнди” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэгч нараас бусад хөрөнгө оруулагчид болох н.Баатар, н.Соёл хоёр “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулаагүй гэдгээ баталсан. Бодит байдал дээр хариуцагчийн төлөөлөгч Ли Шан Бао нь “Шүнди” ХХК-ийн бүртгэлийг өөрийнхөө нэр дээр хийлгэсэн болохоос бодитоор компанид хөрөнгө оруулаагүй. 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчилсэн гэрээгээр нэхэмжлэгч нарын өмнө нь оруулсан хөрөнгийг баталгаажуулсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04894 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нараас “Шүнди” ХХК-нд хөрөнгө оруулагчид мөн болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Шүнди” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2005 он 07 дугаар сарын 01-ний өдрийн “Шүнди” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, “Шүнди” ХХК-ийг байгуулах тухай шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, хариуцагч “Шүнди” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч “Шүнди” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1839 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04894 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлжээ.

     Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэг. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1839 дугаартай магадлалын “Хянавал” хэсэгт шүүх нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нарыг нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон, зүй нь компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрхийн талаар тодорхойлох байжээ” гэсэн утга бүхий дүгнэлт хийсэн нь шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчсөн. Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүртгүүлж баталгаажуулсны дараа компанийн дүрмийн санг бүрдүүлэхээр талууд тохирсон учраас нэхэмжлэгчид хөрөнгө оруулаагүй учраас шинэчилсэн гэрээ бодитоор хэрэгжээгүй юмаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тус бүр нь шинэчилсэн дүрмийн дагуу хөрөнгө оруулснаа баримтаар нотлоогүй учир анхан шатны шүүх удаа дараа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ирсэн. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зайлшгүй шаардлага нь шинэчилсэн дүрмэнд заасны дагуу ногдох хөрөнгөө хэрхэн оруулснаа баримтаар нотлох үүргийг нэхэмжлэгч тал хуулиар хүлээсэн. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс дахин дахин нэхэмжлэлийг өөрчлөх, тодруулах холбогдох нотлох баримт шаардах эрх зүйн боломжгүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ” гэсэн заалтыг шүүх зөрчсөн дүгнэлт хийлээ. Учир нь нэхэмжлэгч ямар нэхэмжлэлийн шаардлага гаргах ёстойг магадлалаар шууд заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэйгээр оролцож, мэтгэлцэхэд шүүх хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2015 оны 11 сарын 24-ний өдрийн 985 дугаар тогтоолоор Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нарын нэхэмжлэлийн шаардлага нь хамтран ажиллах гэрээтэй холбоотой хөрөнгө оруулснаа тогтоолгох эсвэл “Шүнди” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагын аль нь болохыг тодорхой болгосноор талууд мэтгэлцэх, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх үндэслэлтэй гэж дүгнэснээр анхан шатны шүүхийн бүтэн жилийн турш нэхэмжлэгчийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийж, улмаар нэхэмжлэгчид “хөрөнгө оруулсан болохоо тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулсан юм. Нэхэмжлэгч нар нь өмгөөлөгч Ц.Алтанцол болон бусад өмгөөлөгч нартай хамтран ажиллаж ирснээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж чадах хэмжээний боломж бүрэн байсан. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх “компанийн хувьцааны 20 хувийн эзэмшигч” болохыг тогтоолгох гэж тодорхойлсныг “компанид хөрөнгө оруулсан болохоо тогтоолгох” гэж тодорхойлсон нь буруу гэж талуудын нэхэмжлэлээ гаргаж байгаа эрхэд анхан шатны шүүхийг буруутгасан дүгнэлт хийснийг зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгчид 2011 оноос Ли Шан Баог хууль, хүчний байгууллагаар эрүүгийн журмаар шалгуулж бүтэн 5 сар гаруй цагдан хориулж, эрх чөлөөг хязгаарласан ч түүнд холбогдох хэрэг нь 2014 онд шүүхийн тогтоолоор цагаатгагдсаны дараа үргэлжлүүлэн иргэний журмаар сүүлийн 3 жил маргаж ирэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа хоёрдмол утгатай гаргах, нэхэмжлэлээ тодруулахгүйгээр энэхүү маргаантай хэргийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд зааснаар Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Алтанцол тайлбар хийж ирснийг цаг хугацаа авах арга заль гэж үзэж байна. Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Ли Шан Баогийн бүтээн байгуулсан барилга орон сууцыг үнэ төлбөргүй ашиглах, зарим хөрөнгийг өөр бусдад хууль бусаар худалдан завших боломжийг цаг хугацааны хувьд олж авах бодлогыг нэхэмжлэгч Ван Сэн Тун зарим Монголчуудтай хамтран хэрэгжүүлж ирсэнтэй холбоотой гэж үзэж байна. “Шүнди” ХХК-ийн хөрөнгө үрэн таран болж, үйл ажиллагааг зогсоосны гэм хорын хохирлыг буруутай этгээдээс жич нэхэмжлэх болно. Ганцхан жишээг дурдахад нэхэмжлэгч Ван Сэн Тун нь Ли Шан Баог хоригдсоны дараа түүний хувийн байранд дайран орж, одоо болтол амьдрахдаа орон сууцны цахилгаан, дулааны төлбөрөө Ли Шан Баогоор төлүүлээд сууж буйг дээрэм гэж үзэх үү? Иймд нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нарын гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

Хоёр. Давж заалдах шатны шүүх “нэхэмжлэгч нараас 2002 оны 4 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сарын хооронд 8 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нийт 5.280.000 юаны мөнгөн хөрөнгийн зориулалтад дүгнэлт хийгээгүй” гэж үзсэн нь өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй байх шаардлагыг зөрчсөн. Магадлалд “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шүнди” хязгаарлагдмал /XX/ компани байгуулах тухай шинэчилсэн гэрээ”-ний монгол орчуулга уншигдахгүй байна гэх утгаар буруутгах үндэслэл заасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 1/ шууд уншигдаж, ойлгогдож байна. Шинэчилсэн гэрээнд тусгагдсан гол асуудал бол хөрөнгө оруулагч нар ямар хэмжээний хөрөнгө оруулах талаар тохиролцсон тоон дүн юм. Энэ тоонууд тодорхой байхад өөр ямар асуудал уншигдаж ойлгогдохгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт өөрөө эргэлзээтэй юм. 2/ Дүрмийн 2.1-д зааснаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэхэмжпэгч нар хэрхэн оруулсан талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй. Энэ талаар анхан шатны шүүх удаа дараа дүгнэлт хийж ирсэн. Хяналтын шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 985 дугаар тогтоолоор “хамтран ажиллах гэрээтэй холбоотой хөрөнгө оруулснаа тогтоолгох эсвэл “Шүнди” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагын аль нь болохыг тодорхойлох шаардлагатай” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болгосон. Энэ асуудлыг бүтэн жилийн турш шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны дараа нэхэмжлэгч “хөрөнгө оруулсан болохоо тогтоолгоно” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Анхан шатны шүүх энэ үндэслэлд тулгуурлан холбогдох хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гурав. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс зохигчдын хооронд гарсан маргааны харилцаанд хамаарал бүхий хууль хэрэглээний асуудлыг ямар нэгэн асуудлаар буруутгаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгосон, “Шүнди” ХХК-ийг байгуулах тухай шинэчилсэн гэрээний Тавдугаар зүйлийн 3-т уг гэрээнд хамааралтай 2 хавсралт байхыг заасан боловч тухайн хавсралтууд анхнаасаа байхгүй болохыг зохигчид маргаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгов.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхой бус гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан байх ба нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Ван овогт Сэн Тун, Ван овогт Ди Чин, Жан овогт Юан Бин нар хариуцагч “Шүнди” ХХК-д холбогдуулан тус компанид 5.280.000 юанийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох, “Шүнди” ХХК-ийн хувьцааны 16 хувийг  Ван Ди Чин, 14 хувийг  Ван Сэн Тун, 14 хувийг  Жан Юан Бин эзэмших эрхтэйг  тус тус тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа дахин бичгээр болон шүүх хуралдаан дээр тодруулжээ. /3 дугаар хавтаст хэргийн 11, 91, 92/ Нэхэмжлэгч нарын хэн нь хэдий хэмжээний хөрөнгө оруулсан болохыг шүүхээс тодруулсан боловч нэхэмжлэгч нар тус бүрдээ тодорхойлоогүй, уг мөнгийг гурвуулаа гаргасан гэсэн агуулгаар тайлбарласан байх тул 5.280.000 юанийн хөрөнгө оруулсныг тогтоолгох шаардлага нь нэхэмжлэгч нарын хувьд хамтран гаргасан хөрөнгө гэж үзэв.

Харин хариуцагч “Шүнди” ХХК нь тус компанитай хамтран ажиллах зорилгоор нэхэмжлэгч нарын зүгээс 3.810.000 юанийн хөрөнгө оруулсан болохыг зөвшөөрч, уг мөнгө нь зээл учраас нэхэмжлэгч нарыг компанийн хувьцааг эзэмших эрхгүй гэж маргаж, тус компанийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

1. Үндсэн нэхэмжлэлийн талаар

Нэхэмжлэгч нар “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулснаа тогтоолгохыг нэхэмжлэлийн  шаардлагаа  болгосон байна.

“Шүнди” ХХК-д 5.280.000 юанийн хөрөнгө оруулснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа “Шүнди” ХХК-тай 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Олон улсын худалдааны хамтын ажиллагааны гэрээ, 2002 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн “Монгол Улсын “Шүнди” ХХК-д хөрөнгө оруулсан тухай батламж бичиг”, 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөний баримт 2 ширхэг, 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Шүнди” ХХК-ийн хөрөнгө оруулалтын мөнгөний баримт, 2003 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн зээлсэн мөнгөний зарцуулалтын талаарх тайлбар гэх баримт, 2003 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Шүнди” ХХК-ийн зээлж авсан эргэлтийн хөрөнгө 1.420.000 юань гэсэн бичвэртэй баримт, 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 880.000 төгрөг зээлсэн тухай баримт, 2004 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 180.000 юань зээлсэн тухай баримтыг үндэслэж Ли Шан Баод 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 юань, 600.000 юань, 1.400.000 юань нийтдээ 2.800.000 юань өгсөн, 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 570.000 юань баримтгүйгээр, 2003 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 1.420.000 юань, 2003 оны 8 дугаар сард 100.000 юань, 9 дүгээр сард 200.000 юань, 2003 оны 11 дүгээр сард 580.000 юань, 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 160.000 юань, 2004 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20.000 юань нийт 5.280.000 юанийн хөрөнгө оруулсан гэжээ.

Хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нарын зүгээс 5.280.000 юанийн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн гэдгийг баримтаар бүрэн нотлоогүй хэдий ч хариуцагч нь 3.810.000 юанийн хөрөнгө оруулсныг зөвшөөрсөн байна. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс дээрх хэмжээний хөрөнгө оруулсан болох нь тогтоогдсон тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах  нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

1.2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Шүнди” ХХК-ийн хувьцааны 16 хувийг  Ван Ди Чин, 14 хувийг  Ван Сэн Тун, 14 хувийг  Жан Юан Бин эзэмших эрхтэйг тогтоолгох шаардлагаа 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Шүнди” ХХК-ийг байгуулах тухай шинэчилсэн гэрээ, мөн өдөр баталсан дүрмийг тус тус үндэслэсэн байна. /1 дүгээр хавтас 35-42 /

2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээг нэр бүхий 7 хүн байгуулж, “Шүнди” ХХК-ийн дүрмийн санд Li Xiang Bo, Li Jia Zheng,  Bateer, Wang Sen Tong, Zhang Yuanbin, Suyalatu, Wang Diqing нарын хөрөнгө эзэмших хувь хэмжээг тогтоож, тэдгээрийг хөрөнгө оруулагчаар бүртгэх 2 асуудлыг шийдвэрлэжээ.

Дээрх гэрээ болон компанийн дүрмийг үндэслэн Улсын бүртгэлийн газар “Шүнди” ХХК-ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулан, БНХАУ-ын иргэн Ли Вэй Сонг хөрөнгө оруулагчдын бүрэлдэхүүнээс хасч, дараах 7 хүнийг буюу БНХАУ-ын иргэн Ли Шан Бао 14% буюу 14.000 ам.доллар, 14% буюу 14.000 ам.доллар, Bateer 14% буюу 14.000 ам.доллар, Wan Seng Tong 14% буюу 14.000 ам.доллар, Zhang Yuan Bin 14% буюу 14.000 ам.доллар, Suyalatu 14% буюу 14.000 ам.доллар, Wang Diging 16% буюу 16.000 ам.долларын хөрөнгийг тус тус оруулсныг бүртгэж гэрчилгээ олгогдсон боловч 4 жилийн дараа Ли Шан Бао Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж, 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр …дутуу баримтаар бүртгэл хийсэн гэх үндэслэлээр компанийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /1 дүгээр хавтас 152 дугаар хуудас/.

2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дээрх гэрээний агуулгыг дүгнэхэд нэхэмжлэгч нар “Шүнди” ХХК-тай хамтран ажиллахаар хөрөнгө оруулсан байсан хэдий ч оруулсан хөрөнгөө компанийн дүрмийн санд хөрөнгө оруулснаар тооцох тохиролцоо тусгагдаагүйгээс гадна гэрээнд заасан дүрмийн санд оруулах тус тусын хөрөнгийг оруулаагүй, уг гэрээ хэрэгжээгүй байна. Нэхэмжлэгч нар 5.280.000 юанийн хөрөнгө оруулсан гэж үзсэн, хариуцагч 3.810.000 юанийн хөрөнгө оруулсан гэж үзсэн ч аль алины хэлсэн хэмжээнд “Шүнди” ХХК-ийн дүрмийн санг гэрээнд тодорхойлоогүй байв.

Нэхэмжлэгч нарыг компанийн гишүүнээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос гадна компанийг үүсгэн байгуулсан эсэх талаар зохигчид маргаж байгаа тохиолдолд 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний талуудын хүсэл зоригийг одоо хүртэл хэвээр гэж үзэх үндэслэлгүй болно.

Хуулийн этгээд байгуулахгүйгээр хөрөнгө оруулж ашиг олохоор хамтран ажиллах, эсвэл хуулийн этгээд байгуулж хөрөнгө оруулан хамтран ажиллах эрх зүйн үндэс, үр дагавар өөр өөр байна.

Нэхэмжлэгч нарын зүгээс “Шүнди” ХХК-тай хамтран ажиллах зорилгоор хөрөнгө гаргасан байгаа нь “Шүнди” ХХК-ийн хувьцааг эзэмших эрхийг шууд үүсгэхгүй болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд компани үүсгэн байгуулах, бүртгүүлэх, өөрчлөн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтэц, хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг тогтоох, компани татан буулгахтай холбогдсон харилцаа үүссэн байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Шүнди” ХХК-ийн...хувьцаа эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийсэн гэж үзнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Шүнди” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь нэхэмжлэгч Ван Сэн Тун байх боловч тус компанийн хувь нийлүүлэгчдийн 2009 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоолоор Ван Сэн Туныг гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, 2009 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 09-01 тоот тогтоолоор Ли Шан Баог гүйцэтгэх захирлаар томилсон байх ба тус компанийн тамга тэмдэг хуулийн байгууллагад хураагдсан учраас улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй гэдгийг зохигчийн хэн аль нь маргаагүй тул Ли Шан Баог хариуцагч “Шүнди” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна. /1 дүгээр хавтас 242, 2 дугаар хавтас 115-117/

2.  “Шүнди” ХХК-ийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар

“Шүнди” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нар дүрмийн санд тохирсон хөрөнгийг оруулаагүй гэсэн үндэслэлд тулгуурласан бол хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр /3 дугаар хавтас хх-31, 94, 98/ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байж болно гэж тус тус тодорхойлжээ. Нэхэмжлэгч нар компанийн дүрмийн санд гэрээгээр тогтоосон 14.000-16.000 ам.долларыг оруулаагүй, гэрээ бодитой хэрэгжээгүй, нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө нь зээл, тийм учраас 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчингүй болгож өгнө үү гэх хариуцагчийн тайлбараас үзвэл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах бус харин компанийн гишүүн, дүрмийн санд өөрчлөлт оруулах тухай  уг гэрээнээс татгалзсан агуулгатай болохыг анхан шатны шүүх тайлбарлаж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж чадсан байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой байна. Хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлдээ Шүнди компанийг шинэчлэн байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан аль ч үндэслэлийг  гаргаагүй, харин гэрээнд заасан хөрөнгийг нэхэмжлэгч нар оруулаагүй, гэрээ хэрэгжээгүй тул компанийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй  гэж байгаа нь гэрээнээс татгалзсан, улмаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь  гэрээнээс татгалзснаа тогтоолгох агуулгатай байна. Гэрээнээс татгалзснаар гэрээ дуусгавар болох учир уг гэрээг үндэслэн шинээр баталсан компанийн дүрэм ач холбогдолгүй, дүрмийг хүчингүй болгуулах шаардлагыг бие даасан сөрөг шаардлага гэж үзэхээргүй байна. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс татгалзсаныг тогтоолгох шаардлага гэж тодорхойлно.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д  зааснаар гэрээний нэг тал гэрээнээс татгалзаж болно. Нэхэмжлэгч Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нар “Шүнди” ХХК-ийн дүрмийн санд хөрөнгө оруулаагүй, 14.000-16.000 ам.доллар оруулах тус тусын үүргээ биелүүлээгүй тул хариуцагч гэрээнээс татгалзах эрхтэй байна. Иймд хариуцагч “Шүнди” ХХК нь 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнээс татгалзсныг тогтоож сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх  нь зүйтэй гэж үзэв.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

      1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1839 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн  102/ШШ2016/04894 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн  476.1, 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар нэхэмжлэгч  Ван Сэн Тун, Ван Ди Чин, Жан Юан Бин нар “Шүнди” ХХК-тай хамтран ажиллах гэрээний дагуу 3.810.000 юанийн хөрөнгө оруулсныг тогтоож, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 221.3-т зааснаар хариуцагч “Шүнди” ХХК-ийн захирал Ли Шан Бао 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Шүнди” компанийг байгуулах шинэчилсэн гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй болохыг тогтоож, Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул үндсэн нэхэмжлэлээс “Шүнди” ХХК-ийн хувьцааны 16 хувийг  Ван Ди Чин, 14 хувийг Ван Сэн Тун, 14 хувийг Жан Юан Бин эзэмших эрхтэйг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

      2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                     П.ЗОЛЗАЯА