Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1839

 

*******, *******, ******* нарын

     нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04894 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгч *******,

Нэхэмжлэгч ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,

 

“*******” ХХК-ийн хөрөнгө оруулагч болохыг тогтоолгох тухай,

“*******” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн  төлөлөөгч: *******

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Ц.*******

Нэхэмжлэгчийн орчуулагч: Д.*******

Хариуцагчийн өмгөөлөгч: М.*******, Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ван Сэн Тун, *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Тиэн Жин хотод 600 000 юанийг *******д өгч, тэрээр сар бүр 100 000 юанийг хөрөнгө оруулалтын ашигт 5 сарын турш өгөх буюу 5 сарын дараа 1 100 000 юанийг бидэнд буцааж өгөхөөр тохиролцож “Олон улсын худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулсан.

2002 оны 06 дугаар сард ******* биднийг Монголд ирж зах зээлийн судалгаа хийгээч гэж урьсны дагуу очиж түүний сайн танил болох н., н. нартай танилцсан бөгөөд зах зээлийн судалгаатай танилцахад бизнес хийх боломжтой байсан болохоор эхний удаа дээврийн хавтан болон тоосгоны, вакуум цонхны үйлдвэр байгуулах газар худалдан авч, үйлдвэр барихаар төлөвлөсөн.

 Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс Улаанбаатар зочид буудалд “Хамтран ажиллах гэрээ”-г *******, *******, н. //, *******, н. //, Ли Жиа Жин бид долоо байгуулсан.

 Хамтран ажиллах гэрээний дагуу *******, Жан Юань Бин, ******* бид *******д 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс  2004 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл  нийт 5 280 000 юанийг өгч, энэ хэмжээгээр “*******” ХХК-д хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл ******* нь энэ хөрөнгө оруулалтаас “*******” ХХК-ийн дүрмийн санд 100000 ам.долларын хөрөнгийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн байсан бөгөөд бидний нэр компанийн гэрээ, дүрэм, гэрчилгээнд байхгүй байсныг мэдэж 2005 онд Монголд ирж, компанийн үүсгэн байгуулагчдын хурлыг хуралдуулж, хөрөнгө оруулагч нарын компанид оруулсан хөрөнгийн хэмжээг *******, *******, *******, н., н. нар тус бүр 14 хувь, Ван Дин Чин 16 хувиар тогтоож гэрчилгээд өөрчлөлт оруулах, 1 гишүүнийг хасах асуудлыг шийдвэрлэсэн.

2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ******* ХХК-ийн шинэчилсэн дүрэм, шинэчилсэн гэрээг байгуулж, компанийг Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахунй нэгжийг бүртгэл газар болох Хуулийн  этгээдийн бүртгэлийг газар тус тус бүртгүүлсэн.

2005 оноос 2009 он дуустал компанийн ерөнхий захирлаар Ван Тэн Сун ажиллаж байсан. Энэ хугацаанп ******* гомдол, санал гаргаж байгаагүй.

Гэтэл ******* нь 2009 оны 08 дугаар сард нэхэмжлэгч нарыг хөрөнгө оруулсан талаар зохих бүртгэлд бүртгүүлснээс хойш 4 жил 1 сарын дараа Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эдгээр нэр бүхий 6 гишүүн нь хөрөнгө оруулаагүй гэсэн үндэслэлийг гаргасан.  Захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 281 дугаартай шийдвэрээр “*******” ХХК-д хууль ёсоор хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч нарын нэрс бүртгэлээс хасагдсан ба шүүхийн шийдвэрт бүртгэлийн журам зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч  нарыг “*******” ХХК-д  нийт 5 280 000 юанийн хөрөнгө оруулсан гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн “хөрөнгө оруулсан” гэх санхүүгийн баримтууд нь хуурамч, өөрөөр хэлбэл ******* гэх хувь хүний бусдаас зээлдэж авсан мөнгөний баримтад “*******” ХХК-ийн тамгыг хэвлэж /скайнердсан/, тус компанийн хөрөнгө оруулалт хэмээн нэмж бичсэн болох нь Эрүүгийн хэрэгт томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг.

*******гийн хувьд БНХАУ-ын Тяанжин хотод ******* нараас удаа дараалан мөнгө зээлж авч байсан болох нь тэдгээрийн хооронд хийгдсэн баримтаар нотлогдох бөгөөд уг баримтуудыг ******* нь өөртөө ашигтай байдлаар засварлан, “*******” ХХК-ийн тамгыг хэвлэж ашиглан өнөөдрийг хүртэл тус компанид хөрөнгө оруулсан гэдгээр тайлбарлаж ирсэн болно. БНХАУ-ын нэр бүхий иргэд “*******” ХХК-д хөрөнгө оруулахаар тохиролцож, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр компанийн улсын бүртгэлд зохих өөрчлөлтийг хийхээр болсон ба улмаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Гадаадын хөрөнгө оруулалтын газарт бүртгүүлж, гэрчилгээг шинэчлэн авсан. Гэвч нэр бүхий хөрөнгө оруулагч нар нь хөрөнгөө зохих ёсоор оруулаагүйгээс үүсгэн байгуулагч ******* нь 2009 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаснаар Гадаадын хөрөнгө оруулалтын газраас олгосон гэрчилгээг хүчингүй болгосон. Улмаар *******ы хувьд *******д холбогдуулан бусдыг залилан мэхэлсэн гэх гомдлыг гаргасны дагуу Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан юм. 

 Нэхэмжлэгч нарын зүгээс “*******” ХХК-д хөрөнгө оруулна гэсэн хэлэлцээрийг хийсний үндсэн дээр компанийн хувь нийлүүлэгчээр бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт орсон боловч хөрөнгө оруулах үүргээ биелүүлээгүй болно.

Иймд “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “*******” ХХК-ийн 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн шинэчилсэн дүрэм, гэрээг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

БНХАУ-ын иргэн ******* нь 2002 онд анх өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар “*******” ХХК-ийг байгуулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 02-155 тоот гэрчилгээг авснаар олон жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэ хугацаанд “*******” ХХК-ийн гадаад, дотоод худалдаа эрхлэх, зуучлалын үйл ажиллагаа явуулах, вакуум цонх, хаалганы үйлдвэрлэлийг өргөтгөх, тамхины үйлдвэрлэл эрхлэх, барилга угсралт болон барилгын материалыг үйлдвэрлэх, ресторан, баар ажиллуулж тус компанийн үйл ажиллагааг өргөтгөх зорилгоор 6 иргэнтэй тохиролцон гэрээ байгуулж, улмаар “*******” ХХК-ийн дүрмийг шинэчилж, мөн хөрөнгө оруулалтын шинэчилсэн гэрээг 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан.

“*******” ХХК-ийн үйл ажиллагааг өргөтгөх талаар дээр дурдсан 6 чиглэлд хувь нийлүүлэгчид гэрчилгээ олгосноос хойш хөрөнгө оруулахаар тохирсон дүрэм, гэрээний заалтын талаар нэхэмжлэгч нар одоо хүртэл маргаагүй. Дээрх хүмүүс 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хөрөнгө оруулаагүй учраас шинэчилсэн гэрээний 2 дугаар зүйлд заасан оролцогчдоос нэхэмжлэгч нараас бусад хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулаагүй учир шинэчилсэн гэрээнээс гарснаа хүлээн зөвшөөрсөн.

Гэрчилгээ гарсны дараа нэмж хөрөнгө оруулаагүйгээс “*******” ХХК дээрх 6 төрлийн үйл ажиллагааг явуулаагүйгээс гадна бие даасан барилгын ажлыг өргөтгөөгүй, зөвхөн   “Да ган” компанитай хамтарсан барилгын үйл ажиллагаа явуулсан. Иймд компанийн шинэчилсэн гэрээ, дүрмийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ван Сэн Тун сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч талын тайлбарлаж байгаачлан “*******” ХХК нь анхнаасаа нэг хүний үүсгэн байгуулсан компани биш юм. Анх ******* нь бидэнтэй хамтарч ажиллахаар тохиролцсон. “*******” ХХК нь 2005 оны 05 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан. ******* нь энэ хугацаанаас өмнө ноосны үйлдвэр байгуулахаар бидэнтэй тохирсон байсныхаа дагуу “*******” ХХК-ийг байгуулсан юм. Ли Жиа Жин нь “*******” ХХК-ийг үүсгэн байгуулсан анхны 4 гишүүний нэг байсан. 2003 онд “*******” ХХК-ийн бүтэц өөрчлөгдөж, 7 гишүүнтэй болсон. 2005 онд “*******” ХХК-д хөрөнгө оруулсан бидний нэрсийг хөрөнгө оруулалтаар бүртгүүлээгүй байгааг бид мэдсэн. Энэ асуудлаар “*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хуралдуулж, компанийн дүрэмд өөрчлөлт оруулсан.

Нэхэмжлэгч нараас бусад хөрөнгө оруулагчид болох н., н.Соёл хоёр “*******” ХХК-д хөрөнгө оруулаагүй гэдгээ баталсан. Бодит байдал дээр хариуцагчийн төлөөлөгч ******* нь “*******” ХХК-ийн бүртгэлийг өөрийнхөө нэр дээр хийлгэсэн болохоос бодитоор компанид хөрөнгө оруулаагүй. 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинэчилсэн гэрээгээр нэхэмжлэгч нарын өмнө нь оруулсан хөрөнгийг баталгаажуулсан учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн  30 дугаар зүйлийн 30.1, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч *******, *******, ******* нараас “*******” ХХК-нд хөрөнгө оруулагчид мөн болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-ны сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2005 он 07 дугаар сарын 01-ний өдрийн “*******” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, “*******” ХХК-ийг байгуулах тухай шинэчилсэн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан хариуцагч “*******” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, “*******” ХХК-ийн гишүүдийн хооронд үүссэн   маргааны талаар зөв дүгнэлт хийгээгүй, холбогдох хууль болон нотлох баримтуудыг зөв  үнэлж, тайлбарлан хэрэглээгүй.

“*******” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийн хуулбараас харахад энэ компанийг ******* нь анх байгуулалцсан хүмүүсийн нэг бөгөөд гэрээ болон дүрэм, улсын бүртгэл, хэргийн баримт бичгүүд, мөнгө хүлээн авсан баталгаа, гарын үсэг, тамга, тэмдгээр болон *******гийн өөрийн гаргаж байгаа "...би *******ээс 3 800 000 гаруй юань зээлсэн...," гэж байгаа тайлбар, эрүүгийн хэрэгт гаргасан мэдүүлэг, цагаатгах тогтоол зэргээр нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө тогтоогдсон байхад шүүх нотлогдохгүй байна гэсэн хийсвэр дүгнэлт хийсэн.

 “*******” ХХК 2002 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн "Хамтран ажиллах гэрээ"-гээр өөрчлөн байгуулагдсан боловч компанийн захирал байсан ******* нь улсын бүртгэлд бүртгүүлэлгүй явж ирснийг 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “*******” ХХК-ийн шинэчилсэн гэрээ болон компанийн шинэчилсэн дүрмийн дагуу өөрчлөн байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд захирлаар нь нэхэмжлэгч ******* томилогдон, энэ гэрээ болон дүрэмийн дагуу Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд “*******” ХХК-ийг удирдан, зохион байгуулан, компанийн аж ахуйн үйл ажиллагааг явуулж, олон ажлын гэрээ, хөрөнгө мөнгөний шийдвэрүүд, улирал, жилийн тайлан, мэдээг гарган, компанийг төлөөлөн ирсэн байхад энэ гэрээ болон дүрмийг дүр үзүүлэн байгуулсан буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж анхан шатны шүүх дүгнэсэн. 2002 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн "Олон улсын худалдааны хамтын ажиллагааны гэрээ"-гээр 600 000 юанийг 5 сарын хугацаатай зээлсэн талаар талууд маргадгүй бөгөөд харин 2002 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн "Хамтран ажиллах тухай" гэрээний дагуу өмнөх гэрээгээр зээлсэн хөрөнгө, “*******” ХХК-д болон захирал *******д баримтаар хүлээлгэн өгсөн 5 280 000 юань буюу эд хөрөнгө нь 2005 оны шинэчилсэн гэрээ болон “*******” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, Иргэний хууль болон Компанийн хуульд зааснаар нэхэмжлэгч нарыг хөрөнгө оруулагч буюу компанийн гишүүн, “*******” ХХК-ийн хувьцааны эзэд болохыг маргаангүй болгож байгаа. Хэдийгээр ******* нь өөрийн хүлээн авсан болон батламжилсан мөнгөн хөрөнгийг түр зээлсэн гэж тайлбарлан маргаж байгаа боловч 2002 оны "Хамтран ажиллах гэрээ" түүнийг үндэслэн *******д хүлээлгэн өгсөн /2002 оноос 2005 оны хооронд/ мөнгөн хөрөнгө, “*******” ХХК-ийн 2005 оны шинэчилсэн гэрээ болон шинэчилсэн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний дагуу өнөөдрийг хүртэл “*******” ХХК нь аж ахуйн үйл ажиллагаа явуулж ирсэн байдлуудаар үгүйсгэгдэж, нэхэмжлэгч нарын тайлбар, шаардлага хөдөлбөргүй үнэн болох нь тогтоогдож байгаа бөгөөд маргааныг гэрээний агуулага, компанийн эрх зүйн байдлын талаар гарсан хууль тогтоомжийн дагуу авч үзэж, хөрөнгө оруулалтыг зээл гэж маргасан, дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөх ёстой гэж нэхэмжлэгч бид үзэж байгаа юм.

Хөрөнгө оруулалт болон зээлийн ялгаа нь хугацаа, хүү, ашгийн хувиарлалт, эргүүлэн төлөх хэлбэр зэрэг олон шинжээр ялгагдах бөгөөд хооронд нь адилтган үзэх боломжгүй юм. Иймд Иргэний болон Компанийн тухай хууль, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "*******” ХХК-ийн шинэчилсэн гэрээ, компанийн дүрэмд заасны дагуу БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “*******” ХХК-ийн хөрөнгө оруулагч, гишүүнээр *******, *******, ******* нарыг тогтоож, *******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч             “*******” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа  2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тодруулж “*******” ХХК-д 5 280 000 юанийн мөнгөн хөрөнгө болон эд хөрөнгийг оруулсан болох, нэхэмжлэгч тус бүр компанийн хувьцааны 20 хувийн эзэмшигч болохыг тогтоолгох тухай  /III дах хавтас, 19-20 дахь тал/ гэж тодорхойлсныг анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг дахин тодруулж нэхэмжлэгч нарыг компанид хөрөнгө оруулсан болохоо тогтоолгох гэж тодорхойлсон нь буруу болжээ.

 

Учир нь Компанийн тухай хууль /1999 оны/-иар  компанийн хувьцаа эзэмшигчид нь компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмшихээр зохицуулснаас үзвэл  талуудын хооронд үүссэн маргаан нь компанид оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрхийн талаар гэж тодорхойлохоор байна. 

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэжмлэгч нараас 2002 оны 4 дүгээр сараас 2004 оны 6 дугаар сарын хугацаанд хариуцагчид 8 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нийт 5 280 000 юанийн мөнгөн хөрөнгийн зориулалтад дүгнэлт хийлгүйгээр зөвхөн тодруулж асуухад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй, мэтгэлцээгүй, зарим нотлох баримтын зориулалтын талаарх бичилт зөрснийг бүх баримтад хамааруулж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл , шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн тоо, хэмжээ, зориулалтыг нотлосон хэргийн 1 дүгээр хавтас 10-34 дэх талд авагдсан нотлох баримт бүрд дүгнэлт өгөөгүй, 29, 31 дэх талд авагдсан баримтын “*******” ХХК-ийн дүрмийн санд оруулсан”  гэснийг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор нэрлэн заасан гэж бичснээс өөрөөр огт дүгнээгүй байна.

 

Түүнчлэн хэргийн 1 дүгээр хавтас 49-63 дахь талд баримтаар авагдсан “БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулттай “*******” хязгаарлагдмал хариуцлагатай /ХХ/ компани байгуулах тухай шинэчилсэн гэрээ” гэх баримтын монгол хэл дээрх нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарын зарим үг, өгүүлбэр  бүрэн уншигдахгүйгээс талуудын маргаан болсон хөрөнгө оруулсан эсэх үйл баримтыг тогтоох боломжгүй болгожээ. Өөрөөр хэлбэл,  нэхэмжлэгч талын “уг гэрээг байгуулахад хөрөнгө оруулалтыг оруулсан байсан” гэх тайлбар, хариуцагчийн “хөрөнгө оруулсан гэж гэрээнд тусгагдаагүй, хөрөнгө оруулна гэж тусгагдсан” гэх тайлбарын үнэн зөв, эргэлзээгүй тогтоох ач холбогдол бүхий баримт нь нотлох баримтын шаардлагыг хангахгүй байгааг шүүх анхаараагүй байна.

 

Мөн уг гэрээний 5.3 дахь хэсэгт  “Компанийн дүрмийн санд талууд оруулж буй тоног төхөөрөмж, материал болон бусад барааны тоо ширхэг, нэр төрөл, нэг бүрийн үнийг энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болох 1 дүгээр хавсралтад заав. Гадаадаас оруулах технологийн зориулалттай тоног төхөөрөмж, материалын баталгаажуулах шаардлагатай жагсаалтыг 2 дугаар хавсралтад заав” гэж заасан боловч 1, 2 дугаар хавсралт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс тодруулах замаар  дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож , хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04894 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА