| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 182/2021/00960/И |
| Дугаар | 210/МА2022/01124 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2022/01124
2022 06 13 210/МА2022/01124
Б.Нийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/01010 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Нийн хариуцагч ЦЕГт холбогдуулан цалингийн нэмэгдэлд 5,533,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Ж.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би цагдаагийн байгууллагад 27 жил ажиллаад тэтгэвэрт гарсан. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар намайг тэтгэвэрт гаргах болсон тул 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгож ажлаас чөлөөлсөн. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 тоот тушаалын хавсралтаар 18 ба түүнээс дээш жил ажилласан албан хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгоно гэж заажээ. Уг тушаал гарснаас хойш миний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тушаалд заасны дагуу 45 хувиар бодож олгоогүй. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд цалин хөлсний нэмэгдэлд тооцон олгох ёстой байсан 5,533,664 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Улсын Их Хурлын 2017 оны 29 дугаартай тогтоолын 4 дэх хэсэгт Төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг хүчингүй болгож, дагаж мөрдөх болсноор Цагдаагийн байгууллагын зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай цалингийн зардал дутагдаж байгааг тооцон төсвийн тооцоог Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн. Төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар ахлах бүрэлдэхүүн, офицерийн бүрэлдэхүүнд дээрх нэмэгдлийг тооцон олгож байгаа. Цагдаагийн байгууллагаас төрийн тусгай алба хасан хугацааны нэмэгдлийг санаатайгаар бууруулсан, олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Б.Н нь миний дүгнэлтээр улсад 27 жил ажиллаж, хийх ажлаа хийсэн гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн мөнгөө авах эрхтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас олгох ёстой цалингийн нэмэгдэлд 5,533,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 103,489 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Намайг ажлаас гарах хүртэлх хугацаанд надад нэмэгдэл олгох ажлыг ЦЕГ цаг хугацаанд нь зохион байгууллагүйгээс би хохироод байна. Үүнээс болж би бага цалин хөлс авч, тэтгэвэр тогтоогдож өнөөдрийг хүрлээ. ЦЕГ нь уг нэмэгдлийг 2020 оноос эхлэн олгож эхэлсэн боловч 2020 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүстээ нөхөн олгоогүй байна. Хариуцагч шүүхээр дүгнэгдсэн албан бичиг, хүсэлтүүдийн дагуу Хууль зүйн сайд болон Сангийн яамнаас хүлээж авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу хавтаст хэрэгт байхгүй байна. Шүүхээс дээрх албан бичгийг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай гэж үзэж байна. ЦЕГ нь 99 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн биелүүлэх үүрэгтэй байсан ч үүргээ биелүүлээгүй, нэмэгдлийг нөхөн олгохгүй байгаа тул надад учирсан хохирлыг нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нөхөн олгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдлыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Б.Н нь хичээлд суусан, мэдэж байсан эсэхийг нотлохоор хичээлийн бүртгэлийг өгсөн. Засгийн газрын тогтоолд Цагдаагийн захиргааны байгууллагын дарга нарт төсөвт багтаан нэмэгдлийг олгохыг үүрэг болгосон. Иймд тус байгууллагуудад 1-3 сарын хугацаанд олгож байсан. Гэтэл 45 хувийн нэмэгдлийг жигд олгох нь зүйтэй гэх шалтгаанаар нэгдсэн журмаар олгохыг зогсоосон. Энэ талаар хариуцагч байгууллага үгүйсгээгүй. 2020 оны 04 дүгээр сарын 01, тус оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 45 хувийн нэмэгдлийг нийт албан хаагчдад олгосон бөгөөд тэтгэвэртээ гарсан албан хаагчдын мөнгийг хэрхэн олгох талаар Засгийн газар, Хууль зүйн яам, Сангийн яам шийдвэрлэж өгөөгүй. Имйд маргаан үргэлжилсээр байна. Мөн хариуцагч байгууллагаас энэ талаар үгүйсгээгүй. Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна. Иймд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасны дагуу зарцуулах нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Б.Н нь хариуцагч ЦЕГт холбогдуулан олгогдоогүй нэмэгдэл 5,533,664 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 42-43/
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...цагдаагийн байгууллагад нийт 27 жил 9 cap ажилласан, 2019 оны 05 дугаар сард тэтгэвэрт гарсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний нэмэгдлийг дутуу олгосон, олгох ёстой байсан нэмэгдэл болох 5,533,664 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгохгүй байгаа үйлдэл байхгүй, улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалсан, Засгийн газрын 2014 оны 99 дугаартай тогтоолын дагуу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-124 тоот тушаалыг нийт албан хаагчдад танилцуулсан, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасан гэм хорын хохирол учруулсан гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Н нь Хөдөлмөрийн тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан нэмэгдэл нэхэмжилж, зохигчдын хооронд цалин хөлсний маргаан үүссэн байхад шүүх гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэсэн хууль хэрэглээний алдаа гаргажээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй талаар тухайн харилцаа тусгайлсан зохицуулалттай.
Нэхэмжлэгч нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/338 дугаар тушаалаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон байх ба 2016 оноос 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд олгох ёстой байсан нэмэгдэл 5,533,664 төгрөг гаргуулахаар шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь дээрх хугацааны нэмэгдэл цалин бүрэн олгогдоогүй болохыг 2021 оны 01 дүгээр сард найзаасаа мэдсэн, үүнээс хойш 3 сарын хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/124 дугаартай тушаалын хавсралтаар баталсан нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /Код 924/ журмыг буюу Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-г тус газрын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2г/6830 дугаар албан бичгээр нийт алба хаагч нарын үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг танилцуулж, Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн дарга нарт хүргүүлсэн байна. /хх 88/
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын ажилтан, цагдаагийн дэд хурандаа С.Баярбат нь 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-г алба, хаагчдад танилцуулж, сургалт зохион байгуулсан, уг сургалтад нэхэмжлэгч Б.Н оролцсон болох нь Төмөр зам дахь цагдаагийн газрын 2015-2016, 2017 онуудын албаны сургалтын ирцийн бүртгэл, Тээврийн цагдаагийн албаны Төмөр зам дахь цагдаагийн газрын 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14-4а/1296 тоот албан бичиг зэргээр нотлогдсон. /хх90-91/
Түүнчлэн, Б.Н нь цагдаагийн алба хаагчдын дотооддоо хэрэглэдэг system.police.gov.mn системд хандаж эрх бүхий байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрүүд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг, зөрчлийн сангийн талаарх мэдээлэлтэй танилцах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн pu006024026 нэвтрэх эрхийн кодоор 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд дээрх программд нэвтэрч танилцсан байна.
Иймээс хариуцагч Цагдаагийн ерөнхий газраас олгох ёстой байсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл болох 5,533,664 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Нийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
5. ЦЕГ Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу батлагдсан орон тооны цалинд төсөв шаардлагатай байгаа талаар Хууль зүйн сайдад 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/58, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/129 дүгээр албан бичгүүдээр хүсэлт хүргүүлсэн байх ба нэхэмжлэгч нь эдгээр хүсэлтүүдийн дагуу Хууль зүйн сайд болон Сангийн яамнаас хүлээж авсан, хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариу хавтаст хэрэгт байхгүй байхад шүүхээс дээрх албан бичгийг үндэслэн үнэлэлт дүгнэлт өгсөн нь учир дутагдалтай гэж давж заалдах гомдолдоо дурдсан нь үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул шүүх дээрх хүсэлтүүдэд дүгнэлт өгөх шаардлагагүй, эдгээр хүсэлтүүд хэрхэн шийдвэрлэгдсэн нь хэрэгт ач холбогдолгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/01010 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,489 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.БЯМБАСҮРЭН