Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2022/01160

 

 

 

 

 

 

2022 06 17 210/МА2022/01160

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01001 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч ПД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 59,237,134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний гэр бүлийн хүн талийгаач Б.Нарантуяа болон хамтран зээлдэгч С.Э бид Улаанбаатар хотын банкнаас (хуучнаар) 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 59,500,000 төгрөгийн орон сууцны зээлийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж авсан байсан ба НОСЗГ0103/181129 дугаартай өөхцөлт орон сууцны зээлийн гэрээ, НОСЗБГ0103/181129 дугаартай Нөхцөлт орон сууцны Зээлийн Барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Мөн гэрээнд зааснаар зайлшгүй даатгуулах үүднээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 182601014843 дугаартай Ипотекийн Даатгалын баталгааг байгуулж амь насны болон эд хөрөнгийн даатгалын хураамжийг тухайн өдрөө төлсөн байдаг. Зээл авснаас хойш зээлийн төлөлтийг хэвийн төлж байсан бөгөөд үндсэн зээлдэгч эхнэр Б.Нарантуяа нь 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдөр нас барсан. ПД ХХК-аас даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай хариу ирүүлснийг банкнаас надад танилцуулаагүй, хариуг надад өгөөгүй. ПД ХХК -аас Улаанбаатар хотын банканд ирүүлсэн хариуг 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шаардан авсан. Талийгаач Б.Нарантуяа нь уг даатгалын нэмэлт эрсдлийг сонгоогүй, нэмэлт хураамж тушаагаагүй байх тул даатгалын гэрээний хамгаалах эрсдэл нь зөвхөн гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах явдал болно... гэсэн үндэслэл заасан байсан ба эс зөвшөөрч Санхүүгийн Зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн Зохицуулах хорооноос даатгалын нөхөн төлбөрийн тухай гомдлыг хянаад 2021 оны 8 дугаар сарын 31-ны өдөр 9/2946 дугаартай даатгалын нөхөн төлбөрийн тухай албан тоотоор ПД ХХК-д нөхөн төлбөрийг олгохыг үүрэг болгосон. Үүний дагуу ПД ХХК-д даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах асуудлаар хүсэлт гаргахад шийдвэрлэхгүй байгаагаас шүүхэд хандаж байгаа болно. Иймд даатгалын нөхөн төлбөрт 59,237,134 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Үндсэн зээлдэгч Б.Нарантуяа нь 2018 оны 12 сарын 07-ны өдөр Орон сууцны зээлээр 59.500.000 төгрөгийг Улаанбаатар хотын банкнаас авсан байна. Улмаар 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай даатгалын гэрээг ПД ХХК-тай байгуулж, даатгалын хураамжид 59,500 төгрөгийг төлсөн байна. Даатгалын гэрээний Үндсэн эрсдэл гэсэн хэсэгт 1. Бүх төрлийн гэнэтийн ослоос үүдэн нас барах, 2. Бүх төрлийн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн буюу 80 ба түүнээс дээш хувиар алдсан тохиолдол гэж тус тус заасан байх бөгөөд нэмэлт эрсдэл хэсгийг сонгоогүй, тус хэсэгт ямар нэгэн эрсдэл бичигдээгүй байна. Б.Нарантуяа нь 2019 оны 03 сарын 04-ний өдөр Тархины судасны өвчин, цус харвалт-ын улмаас нас барсныг улсын бүртгэлд бүртгэж, 0000229575 тоот гэрчилгээ олгожээ. Энэ нь Даатгалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалт буюу Даатгуулагч өвчний улмаас нас барах гэсэн нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарч байгаа тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэни хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ПД ХХК-аас 59,237,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.Эгийн 455,000 төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ПД ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 455,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Эд олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хариуцагчийн зүгээс шүүхэд үндсэн болон нэмэлт эрсдэл гэж байдаг, цус харвах болон зүрх зогсох нь нэмэлт эрсдэл гэдгийг, нэхэмжлэгч нь зөвхөн үндсэн эрсдлийн хураамжийг төлсөн учир даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй байгаа гэдгийг тайлбарласаар байхад, түүнчлэн даатгалын үл ажиллагаа нь зөвхөн талуудын хооронд байгууллагдсан гэрээгээр зохицуулагдахгүй, тусгай хорооноос үйл ажиллагааг нь зохицуулдаг, хууль болон хорооноос гаргасан дүрэм, журмын дагуу гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулдаг тусгай субьект байхад шүүхээс энэ талаар бусад баримт, зохицуулалтыг судалж тогтоолгүйгээр зөвхөн талуудын хооронд байгуулагдсан техникийн алдаатай гэрээг үндэслэж хэргийг шийдсэн нь учир дутагдалтай байна.

4.б. Даатгалын хураамж төлөөгүй тул хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй байгаа атал шүүхээс нэмэлт эрсдэлийн хураамжийг үндсэн эрсдэлийн хураамж дээр нэмж төлсөн эсэхийг шалгаж, тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь хариуцагчийн нөхөн төлбөр олгохгүй байх хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжид ноцтойгоор халдаж байна.

4.в. Даатгагч нь Ипотекийн даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлүүдийг тодорхойлж, Даатгуулагч нь өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж тодорхой зааж өгсөн байхад шүүхээс уг зохицуулалтыг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

4.г. Улаанбаатар хотын банк-аас С.Э, Б.Нарантуяад даатгалын эрсдэлийн талаар нэхэмжлэгчид тайлбарласан эсэх, гэрээний нөхцөлийг яаж тодорхойлсон талаар тодруулах ажиллагаа явуулаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Даатгалын зуучлагч даатгалын гэрээ байгуулахдаа 3.1.2 мөн 3.1.4-ийг нэмж бичсэн, төлсөн хураамжид уг хэсэг хамаарахгүй, техникийн алдаанаас шалтгаалсан мэтээр гомдлын үндэслэлээ бичин тайлбарласан нь үндэслэлгүй. Гэрээнд даатгалын хураамжийн хувь хэмжээ, зээлдэгчийн амь насны даатгалын эрсдэлд 3.2.3-д цус харвалт мөн 3.2.4-д зүрх зогсох талаар тодорхойлсон. Мөн 10.14-д амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг амь насаа алдах гэж тодорхой тусгасан. Даатгагч, даатгуулагч, зуучлагч нарыг төлөөлөн 3 хүн уг гэрээг байгуулсан. Иймд хариуцагчаас зөвхөн зуучлагчтай гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч ПД ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 59,237,134 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Б.Нарантуяа, С.Э нар нь Улаанбаатар хотын банк ХХК-тай 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр НОСЗГ0103/181129 тоот нөхцөлт орон сууцны зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 59,500,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, даатгалын 182601014843, 182601054844 дугаар гэрээнүүдийг хариуцагчтай 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцны даатгалын хураамжид 85,000 төгрөг төлсөн, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжид 59,500 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогджээ. /хх 52-74, 100-106/

Хэрэгт авагдсан баримтаар даатгуулагч Б.Нарантуяа нь 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ажлын байран дээрээ цус харваж, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нас барсан болох нь түүний өвчний түүх, Эмгэг судлалын шинжилгээний протокол, нас барсны гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 22, 23-35 дугаар тал/

4. Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээний 8.12-т Хамтран зээлдэгчтэй даатгуулагч нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) тохиолдолд нас барсан (хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан) зээлдэгчийн сарын орлого, өрхийн орлогод эзлэж байгаа хувийг дахин тогтоож нөхөн төлбөр олгоно. Үндсэн болон хамтран зээлдэгчийн сарын орлого ба өрхийн орлогод эзлэх хувийг банк тогтооно гэж заасан байна.

Гэвч даатгуулагч Б.Нарантуяагийн сарын орлого, өрхийн орлогод эзэлж байгаа хувийг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд үүссэн даатгалын маргаанд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хэргийн дээрх нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01001 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 454,136 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.БЯМБАСҮРЭН