Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2018/0557

 

2018 оны 10 сарын 24 өдөр   

  Дугаар 221/МА2018/0557

Улаанбаатар хот

 

 

Н.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0019 дүгээр шийдвэртэй, Н.О-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0019 дүгээр шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн дугаар зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйл 27.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Н.О-д холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.О-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О давж заалдах гомдолдоо: “...2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний 4 дэх хэсэгт Нацагдорж 5 дугаар багт 0,1,2 дугаар гудамжийг гудамж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хүрээнд 2015 онд 1,2 дугаар гудамжийг дахин төлөвлөсөн боловч 0 гудамжийг дахин төлөвлөөгүй. Жишиг хотхон байгуулах 2015 оны А/140 дүгээр захирамж нь тухайн жилийн газар зохион байгуулалтад тусгагдаагүй газарт төсөл хэрэгжүүлэх тухай захирамж байгаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг зөрчсөн хууль бус захирамж байхад шүүх нотлох баримтыг анхаарч үнэлж үзээгүй. 2015 оны 9 дугаартай Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар болон “Төв бетон зуурмаг” ХХК-ийн хамтран ажиллах гэрээгээр Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газар дээр дур мэдэн үйл ажиллагаа явуулсан тухай баримт байтал шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Н.О-д Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчин газар эзэмшүүлсэн байна. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг аймгийн Засаг дарга хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн үндэслэлтэй. Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.5, 47.2, 47.3, 47.4-т заасны дагуу илт хууль бус болох нь Биеийн тамир спорт хорооны газар дээр давхардуулан шинээр газар эзэмшүүлснээр тогтоогдож байхад шүүх тус актыг хууль эрх зүйн хувьд хүчинтэй гэж үзэж шийдвэрлэсэн нь буруу бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдээр Зуунмод сумын Засаг даргыг татан оролцуулаагүй нь хууль бус юм.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор сумын 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан ба уг төлөвлөгөөнд сумын Нацагдорж /5-р/ багийн 0,1,2 гудамжинд “гудамж төсөл”-ийн зориулалтаар иргэдэд газар эзэмшүүлэхээр дахин тусгагдсаны дагуу сумын Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар “Жишиг хотхон” байгуулах төслийг дэмжиж, төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээ байгуулж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, төслийн хүрээнд хашаа, барилгын суурь барьж, 25х20м харьцаатай хашааг 3.500.000 төгрөгөөр, 9.8х10м харьцаатай барилгын суурийг 3.500.000 төгрөгөөр иргэдэд зарж борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга, “Төв бетон зуурмаг” ХХК-ийн захирал З.Төмөрчөдөр нар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 дугаартай “Хамтран ажиллах” тухай гэрээг байгуулж, уг гэрээний зүйл болох “Жишиг хотхон” байгуулах төслийн хүрээнд хийгдсэн 8 айлын барилгын суурь, хашааг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аар хүлээн авсан бөгөөд тухайн хүлээн авсан нэг байшингийн суурь болон хашааг нэхэмжлэгч 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 09 дугаартай Хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээний дагуу 7.000.000 төгрөгөөр худалдан авчээ.

Улмаар хариуцагч Төв аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дүгээр захирамжаар ...2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд УАА-н хэсгийн дахин төлөвлөлттэй холбогдуулж ...жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд 12319 м.кв газар олгохоор тусгасны дагуу ...Биеийн тамир спортын хорооны газрыг 111633 м.кв болгон өөрчлөн эзэмшүүлсэн бөгөөд үүнийг үндэслэн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор сумын 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөнд маргаан бүхий газар буюу Нацагдорж /5-р/ баг, Стадионы урд хэсэг нь дахин төлөвлөлтөөр тусгагдаж, Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэр бүхий 10 иргэнд үүний дотор Н.О-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр А/110 дугаар захирамжаараа Газрын тухай хууль болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дуудлага худалдаагаар олгоогүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй газрыг шууд эзэмшүүлж, өмчлүүлсэн аймгийн болон Зуунмод сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Н.О нарын нэр бүхий 10 иргэнд ахуйн зориулалтаар газар эзэмшүүлж шийдвэрлэсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамж багтсан бөгөөд нэхэмжлэгчээс “Төв аймгийн Засаг даргын 2017 оны А/110 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гарган маргажээ.

Хариуцагчаас “нэхэмжлэгчид газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журмаар эзэмшүүлээгүй” хэмээн тайлбарлан маргасан ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга 2016 оны А/32 дугаар захирамжаараа нэхэмжлэгчид маргаан бүхий 500 м.кв газрыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу эзэмшүүлсэн бөгөөд уг газар нь дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын журмаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх газарт хамаарахгүй байх тул хариуцагч мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасны дагуу сумын Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.   

Биеийн тамир спортын хороонд анх Төв аймгийн Засаг даргын 2008 оны 311 дүгээр захирамжаар стадионы зориулалтаар 123952 м.кв газрыг эзэмшүүлсэн байх бөгөөд дээр дурдсанаар Төв аймгийн Засаг даргын 2016 оны А/69 дүгээр захирамжаар тус хорооны эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулж, иргэдэд 12319 м.кв газрыг, тус хороонд 111633 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн боловч Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамж гарган 2008 оны 311, 2016 оны А/69 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ...Зуунмод сумын 2015, 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд УАА-н хэсгийг дахин төлөвлөлт хийхээр тусгасныг хэрэгжүүлж ...жишиг гудамж байгуулах зорилгоор ахуйн зориулалтаар иргэдэд газар олгохоор төлөвлөсний дагуу гэснийг үндэслэн, Зуунмод сумын Нацагдорж /5-р/ багийн нутаг дэвсгэрт Цэнгэлдэх хүрээлэн /стадион/-гийн газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасаж, баруун, зүүн талд нэмж кадастрын зураглалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээдэд анх эзэмшсэн газрын хэмжээг багасгалгүйгээр, газрын байршилд тодотгол хийж 123952 м.кв хэмжээгээр нь газрыг эзэмшүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолдоо “...Зуунмод сумын Засаг даргын 2016 оны А/32 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар илт  хууль бус ...Биеийн тамир спортын хорооны газар дээр давхардуулан шинээр газар эзэмшүүлсэн” гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Н.О-ээс Төв аймгийн Засаг даргад холбогдуулан “Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар гаргасан нэхэмжлэлийн улмаас Зуунмод сумын Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гуравдагч этгээдээр Зуунмод сумын Засаг даргыг татан оролцуулаагүй” гэх гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагч Төв аймгийн Засаг дарга А/110 дугаар захирамжаар Н.О-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй зэрэг нь хууль бус талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт бичиглэлийн алдаа гаргасан бөгөөд маргаж буй Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг орхиж бичсэн тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 123/ШШ2018/0019 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.О-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Н.О-д  холбогдох хэсэг /Сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.О-д газар эзэмших эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгосон хэсэг/-ийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

         ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                                    Ц.САЙХАНТУЯА