Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 130

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-эд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар Д.С-од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201701070075 дугаартай хэргийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                              З.Ганцоож

 Улсын яллагч                                                Х.Эрдэнэтуяа

 Шүүгдэгч Б.Г-ийн өмгөөлөгч                    Ж.Ц

 Шүүгдэгч Д.С-ын өмгөөлөгч                     Д.Ц

 Шүүгдэгч                                                    Д.С-, Б.Г- нар оролцов.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овгийн Б-ын  Г-

            Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан Б- овгийн Д-ын С-

          Прокурорын яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.С-ыг А.Б-гийн гуян тус газар хутгаар хатгахаар нь “чи муу манай найзыг яаж байгаа юм бэ” гэж уурлан улмаар түүнийг гуя, цээжинд нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

            -Яллагдагч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Г-ийн гэрт бусадтай архидан согтуурч байх үедээ А.Б-г унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр гуян тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Мөн 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийны 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд байрлах иргэн П.Самбуунямын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ С-, Б-, И- нарын хамтаар байж байтал өдрийн 11 цагийн үед манай найз Г-, С- нар 1 шил 0.75 граммын Хараа архитай ирж бид нар тэр архийг уусан. Тэр архиа дуусгачихаад дахин 1 шил архи авчраад ууж байхад 12 цагийн үед Б- унтлаа гээд гэрийн зүүн орон дээр хэвтсэн. Тэгээд бид нар архиа уугаад сууж байхад Б-гийн унтаж байсан орны хөлд С- суучихсан харагдсан ба Б-, С-од хандан яаж байнаа чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлээд босоод ирсэн. Тэр даруйдаа Г- босож ирээд С-ыг “яаж байнаа” гэж хэлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон ба С- гартаа хар өнгийн эвхдэг хутга барьчихсан, Б-гийн гуянаас цус гарч байсан. Тэгэхээр нь би С-оос хутгыг нь булааж авах гээд бид хоёр ноцолдсон. С- надад хутгаа өгөхгүй ийшээ тийшээ холбироод байхаар нь би хутгатай гарыг нь бариад авсан чинь гараа хүчтэй татахад гар нь миний гарнаас мултарсан. Тэгээд арай гэж хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа, өнөөдрийн шүүх хуралдаан дээр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Шүүгдэгч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. Мөн миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуя нь тус газар нь хутгалсан.

…Н.Самбуунямын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан. Тухайн үед гэрт нь А.Б- ах унтаж байхаар нь гэрийн хаалгыг цоожлоогүй хааж орхиод явсан. Сударыг эртний эдлэл авдаг танихгүй хүнд 25000 төгрөгөөр зарсан. Гүцийг найз Батболдод 28000 төгрөгөөр зарсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 191-192 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад нэмж ярих зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

           Хохирогч А.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Их гүний  1 дүгээр гудамжны 8 тоотод байх найз Г-ийн гэрт С-, Г-, С- нартай хамт архи уусан. Тэгээд би 11 цагийн үед унтах гээд хэвтсэн. Намайг хэвтэж байхад миний баруун гуяны хэсэгт жирсхийх шиг болохоор нь босоод ирэхэд миний гуянаас цус гарсан, миний хажууд С- хутга барьчихсан зогсож байсан. Би хамт байсан хүмүүст хандаж С- намайг хутгалчихлаа гэхэд Г- босож ирээд С-ын хутгыг булаах санаатай ноцолдсон. Тэгээд нэг харахад С-ын цээжнээс цус гарч байсан. Мөн надад гомдол санал байхгүй, харин боолт хийлгэсэн 26.000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дугаар хуудас/,

           Хохирогч Д.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г- ах над руу хандан Б- ахыгаа сэрээчих гэхээр нь танихгүй өндөр залуутай хамт хажууд нь очсон. Өндөр залуу сэрээнэ гэдэг чинь сэрээдхийн нэр гэх мэтээр тоглоод сэрээ барьчихсан байсан ба түүнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд Б- ах хутгалуулчихлаа гээд баруун талын ор руу явж байсан. Тэгээд намайг зүүн талын орон дээр байж байхад Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа болъё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/

           Шүүгдэгч нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд: “…Яллагдагч Д.С- мэдүүлэхдээ “…Хэрэг гарсан өдөр яг юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тэнд байсан хүмүүсийн ярьж байгаагаар Б- ахыг би хутгалсан гэж ярьж байсан. Мөн хар өнгийн эвхдэг хутга миний халаасанд байсан. Тэр өдрийн орой Улаанбаатар хотод очоод ухаан орсон. Надаас эхний мэдүүлгийг авах үед би хагалгаанд орчихсон норкозтой байсан учраас болсон асуудлыг санах гээд санаж чадахгүй байсан болохоор тиймэрхүү зүйл болсон байх гэж бодоод мэдүүлчихсэн юм. Тэгээд дараа дараагийн мэдүүлгийг анхныхаасаа зөрүүлэхгүй гэж бодоод адилхан өгчихсөн юм. Би үнэндээ тухайн үед яг юу болсныг сайн мэдэхгүй байна. Ямартай ч Г- ахтай хутга булаацалдаад ноцолдож байснаа хальт санаж байна...” гэжээ,  Яллагдагч Б.Г- мэдүүлэхдээ “...С- бид хоёр хар багаасаа нэг байранд тоглож өссөн хуурай ах дүүгийн харилцаатай хүмүүс байгаа юм. Хэрэг гарсан өдрийн өглөө бид нар архи уугаад сууж байтал 11 цагийн үед Б- зүүн талын орон дээр унтахаар хэвтсэн бөгөөд бид нар баруун талын орны хажууд архи уугаад сууж байсан. Гэтэл Б- яаж байгаа юм бэ гээд босоод ирэхээр нь харсан чинь хажууд нь С- хутга барьчихсан зогсож байсан ба Б-гийн гуянаас цус гарч байсан. Мөн миний хувьд С-ыг санаатай хутгалсан зүйл байхгүй. С-, Б-г унтаж байхад нь ямар ч шалтгаангүйгээр хутгалчихсан гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь гараас нь хутгийг нь булааж авах санаатай ноцолдож байхад С- хутгатай гараа өөр рүүгээ татахдаа цээжин хэсэгтээ хатгачихсан...” гэж тус тус мэдүүлжээ.   /хх-ийн 158 дугаар хуудас/

           Хохирогч Н.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”... 2017 оны 8 дугаар сарын 5-ны орой 17 цагийн үед манай найз С- манай гэрт ирж хоносон. Тэгээд маргааш өглөө намайг ажилдаа явахаар гарахад С- манай гэрт унтаад үлдсэн. Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан. Би шууд С-ыг сэжиглэж байна. Яагаад гэвэл С- нь Багануурт очих газар байхгүй, мөн өөрөө урд лам байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 171 дүгээр хуудас/

           Гэрч Н.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед найз Г-ийн гэрт 1 шил архи авч очсон. Гэрт С-, Г-, Б- нар байсан. 12 цагийн үед С-ын найз И- орж ирсэн ба бид нар архи хувааж уусан. Тэгээд Б- унтаж байхад С- түүнийг сэрээх гээд орных нь хөлд байсан ба гэнэт Б- энэ намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Тэгээд Б-г баруун талын орон дээр хэвтүүлээд шархыг нь цэвэрлэж байхад Г- С-ын хутгыг авах гээд ноцолдож эхэлсэн. Тэгээд тэр хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- хутгыг нь барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 17 дугаар хуудас/

            Гэрч С.Идэрлхагвын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С-ыг Г-ийн гэрээс авч явах гээд 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10 цагийн үед Г- ахынд очсон. Намайг очиход С- Г-, Б- нараас гадна танихгүй 2 залуу ирчихсэн тавуулаа архи ууж байсан. Би тэднийд ороод зурагт үзээд сууж байхад Г- ах өнөөдөр манай ээж, аав хоёр ирнэ гээд байхаар нь ээж, аавыг нь ирэхээс нь өмнө гэрийг нь цэвэрлэж өгье гэж бодоод гэрийн зүүн талд аяга угаагаад сууж байсан. Тэгэхэд Б- ах гэрийн зүүн орон дээр унтаж байсан. Удалгүй С- танихгүй өндөр залуутай Б- ахыг сэрээнэ гээд зогсож байсан ба удалгүй Б- ах намайг хутгалчихлаа гээд босоод ирсэн. Би Б- ахыг баруун орон дээр хэвтүүлээд буцаж аягаа угаах гээд сууж байсан. Намайг аяга угаагаад сууж байхад Г- ах С-од хандаж чи наад хутгаа өг чи манай найзыг яаж байгаа юм бэ гээд ноцолдоод байх шиг байсан. Тэгтэл хүн алчихлаашдээ гэж хэлэхээр нь эргээд харахад С-ын цээжнээс цус гарч байсан ба Г- ахын гарт хутга байсан. С-ыг хэрхэн яаж хутгалсныг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дүгээр хуудас/

             Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 11 цаг өнгөрч байхад найз Г- яриад гэртээ архи уугаад байж байна гэхээр нь 0.75 граммын Хараа архи аваад С- гэдэг найзын хамт Г-ийнд очсон. Б.Г-ийн гэрт ороход С-, Г-, Б- нар хоол идээд сууж байсан ба бид хоёрын авчирсан архийг ууж эхэлсэн. Удалгүй И- гэх залуу гаднаас орж ирсэн. Би Г-ээс энэ юун хүүхэд юм бэ? гэж С-ыг асуухад манай байрны бацаан байгаа юм гэж хэлсэн. Бид нар гэрийн баруун талд архиа уугаад сууж байхад Б- унтлаа гээд зүүн орон дээр буруу хараад хэвтсэн. Тэгсэн чинь С- Б-гийн хэвтэж байсан орны дэргэд оччихсон Бодио ахаа босоочээ гээд  татаж чангаагаад зогсож байсан. Гэтэл Б- босож ирээд өмдөө шувтлаад С-од хандан чи намайг шаачихсан байна гэж хэлэхээр нь харахад Б-гийн баруун хөлний гуя хэсгээс цус гарч байсан. Бид нар С-од хандан чи яаж байгаа мангар бацаан бэ? гэхэд С- уучлаарай гэж хэлж байсан. Тэгээд Б-г баруун орон дээр хэвтүүлээд С- цусыг цэвэрлэж байсан. Бид нарыг баруун орны хажууд байхад Г- С- хоёр ноцолдоод байсан. Тэгээд босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 дүгээр хуудас

Шинжээчийн 5123 тоот: “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 68 дугаар хуудас/

Шүүх эмнэлгийн шинжээчийн 09/шэ/117 тоот актын “.. А.Б-гийн биед баруун гуянд хутгалсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

Шинжээч эмч М.З-ын өгсөн “…Хохирогч Д.С-ын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд учраас хутга булаацалдаж байх үед үүссэн байж болно. Мөн биедээ гэмтэл учруулж болох биет зүйл гартаа барьсан учраас гараа хүрэх газраа гэмтэл учруулж болно. Тэгэхээр хохирогч Д.С- цээжиндээ учирсан гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71,72 дугаар хуудас/

Эд зүйлийн “…Бурханы судар 4 үе дамжсан 1.200.000 төгрөг, зэс тагтай гуулин гүц 250.000 төгрөг, нийт 1.450.000 төгрөг…” гэсэн үнэлгээ /1-р хавтас 175-р хуудас/

Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргасан: “...Эд мөрийн баримт болох 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргахаар тогтов...” гэсэн тогтоол /хх-ийн 30 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Г- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж 2006 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн тогтоолоор 1 жилийн хорих ялыг тэнсэж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”  /хх-ийн 98 дугаар тал/

Шүүгдэгч Д.С- “...Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэж Багануур дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан...” гэсэн “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 106 дугаар тал/ зэрэг дээрхи нотлох баримтууд болно.

Шүүхээс прокуророос ирүүлсэн хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь “…Би санаатай хутгалаагүй хутгыг нь булааж авах гэж булаацалдах явцад хутгалагдсан…” гэж зүйлчлэлтэй маргасан. Мөн түүний өмгөөлөгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн нь гэмт хэргийн сэдэлт, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна гэж мэтгэлцсэн нь:

Хохирогч Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “…Г- ах над руу дайраад гуя руу бас цээж рүү хутгалсан. Би тухайн үед Г- ахаа больё гэсэн чинь чи зүгээр байж бай хутгална гэдэг чинь энийг хэлдэг юм гээд намайг хутгаар хатгасан. …нүүрэлдүүлэн байцаахад хохиролын мөнгөө авах гээд санахгүй байна гэж мэдүүлсэн…” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Гантулгын  “…Г- С-од уурлаад “яаж байгаа мангар бацаан бэ” гээд ноцолдоод байх шиг байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч С.Идэрлхагвын “…Б-г хутгаллаа гээд Г- уурлаад С- руу дайраад чи муу миний найзыг яаж байгаа юм гээд ноцолдож байснаа удалгүй хүн алчлаа гэж байсан…” гэсэн мэдүүлэг, гэрч Н.С-ийн “…Б.Г- Д.С- хоёрыг салгах үед С-ын цээжнээс цус гарч байсан…” гэсэн мэдүүлэг, шинжээч эмч М.Золжаргалын “…хохирогч Д.Сарууболдын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба зүсэгдэж хатгагдсан гэмтлүүд…” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаас дүгнэхэд Б.Г-ийг үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрчүүд болон хохирогч Н.Самбууням, А.Б- нарын мэдүүлгийг эрх, үүргийг сануулж хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх ба уг дүгнэлтэд талууд маргаагүй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

            Шүүгдэгч Б.Г- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн гэртээ миний найзыг хутгалалаа гэж уурлан Д.С-ын зүүн сарвуу, зүүн гуя, цээжин тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь зүүн сарвуунд 1,0х0,4 см шарх, зүүн гуяны гадна хэсэгт 1,5х0,3 см ангайсан шарх, цээжний баруун талд хөндлөн 7,0 см шарх зэрэг хохирол учруулсан нь шүүгдэгчийн “...хутгыг нь булааж аваад босоод ирэхэд С-ын цээжнээс цус гарч байсан. С- надад хутгаа өгөхгүй гэж булаацалдаж байгаад цээж рүүгээ хатгачихан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 5123 дугаартай “...Д.С-ын биед цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт /800мл/ баруун уушигны авчилт, зүүн гуя, зүүн сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт, Шинжээч эмч М.Золжаргалын өгсөн “…Хохирогч Д.Сарууболдын биед учирсан гэмтэл хурц үзүүртэй зүйлийн 3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой…” гэсэн мэдүүлэг гэрч Ц.Г-, Н.С-, С.И- нарын мэдүүлгүүд зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 1 дүгээр гудамжны 8 тоот хашаанд байрлах Б.Г-ийн гэрт А.Б-г ямар ч шалтгаангүйгээр гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны гадна хэсэгт 5х0,2см шарх зэрэг хохирол учруулсан нь шүүгдэгч Д.С-ын “...миний хувьд Б- ахыг ямар ч шалтгаангүйгээр, согтуу байх үедээ гуян тус газар нь хутгалсан...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн 09/шэ/117 дугаартай “...А.Б-гийн биед баруун гуянд хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт зэрэг дээрхи нотлох баримтуудаар,

            Шүүгдэгч Д.С- нь 2017 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 23 дугаар гудамжны 7 тоот хашаанд оршин суух иргэн Самбуунямын гэрээс эртний судар, гуулин гүц хулгайлж, 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн “...Самбуунямын гэрийн хойморт байсан буддын шашины төвд нэртэй хуучин баринтагтай судар, гуулин хийцтэй жижиг бумба зэргийг авч явсан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.Самбуунямын “...Би орой гэртээ ирээд зурагт үзэж байгаад арц уугуулахаар босоод бурханы өмнө очиход бурханы гүнгэрваань дээр байсан судар, гуулин тагтай зэс гүц алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг дээрхи нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй тогтоогдож байна.

Прокуроос ирүүлсэн Б.Г-эд холбогдох эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үйлдэгджээ.

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж тус тус тодорхой заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан.

Иймд Багануур дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-т холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэж яллах дүгнэлт үйлдсэн нь зөв гэж шүүх дүгнэв.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсэн хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Д.С-ын гэмт үйлдэл 2017 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр үйлдэгдсэн байх тул тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэн шийдвэрлэх нь шүүгдэгчид ашигтай, хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж өөрчилөн зүйлчилж шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Д.С-ын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 3.1.11-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ба гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Д.Саруулбодын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл, хор хохиролд санаатай хандсан нь хохирогчид уурлан хохирогчийг хутгалж хохирогчид хүнд гэмтэл учируулсан үйлдлээр нь тогтоогджээ.

Хохирогч А.Б-гийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “...Дээрх гэмтэл нь Хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Шүүгдэгч Д.С- үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч Д.С-ын үйлдэл, хор хохиролд шууд санаатай хандсан нь хохирогч А.Б-г ямар ч шалтгаангүйгээр хутгалсан үйлдлээр нь тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Г-, Д.С- нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд” ноцтой халдсан байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбоотой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С- нь хулгайн үйлдэлдээ ашиг олох зорилгоор шунахайн сэдэлтээр, шууд санаатай хандсан нь дээрхи хулгайн үйлдэл болон түүний “…мөнгөний хэрэг гараад хулгай хийсэн…” гэсэн мэдүүлэгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч Д.С-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулана.

Шүүгдэгч Б.Г- нь Д.С-ын эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигт 1.200.000 төгрөг төлсөн болох нь тэдгээрийн мэдүүлгүүд хохирол төлсөн баримтууд /хх-ийн 250х/, шүүгдэгч Д.С- нь хохирогч Д.Самбуунямын хохирлын эд зүйлсийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 208х/, хохирогчийн “…эд зүйлээ хүлээн авсан…” гэсэн /хх-ийн 207х/ хүсэлтээр, хохирогч А.Б-гийн нэхэмжилсэн 26.000 төгрөгийг төлсөн болох нь Д.С-ын шүүх хуралдаанд өгсөн “...А.Б- ах хохирол, төлбөр авахгүй, гомдолгүй гэсэн. Харин боолтны мөнгө гэж 26.000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нар тус тус хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Г-, Д.С- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Г- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцоно

Иймд шүүгдэгч Б.Г-ийн дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 Шүүгдэгч Д.С- нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ.

Шүүгдэгч Д.С-ын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмт санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт үйлдэл нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ний өдөр үйлдэгдсэн байх тул тухайн үеийн мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэж заасан тул гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.С-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Д.С- нь энэ хэрэгтээ 31 хоног цагдан хоригдсон, Б.Г- нь 1 хоног цагдан хоригдсоныг тус тус эдлэх ялд нь оруулан тооцно.

Эд мөрийн баримтаар ирүүлсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1.  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б- овгийн Б-ын Г-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Б- овгийн Д-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Б-ын Г-ийг нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Д-ын С-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай,
  5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б- овгийн Д-ын С-ыг дөрвөн зуун /400/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г-эд оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар  Б.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нэг /1/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Д.С-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 31 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож /31*8=248 400-248=152/ түүний нийт эдлэх ялыг 152 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
  8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Г- нь хохирогч Д.С-од нэг сая хоёр зуун мянган /1.200.000/ төгрөг төлснийг, хохирогч Д.Самбууням нь Д.С-оос эд зүйлээ авсан нэхэмжлэх зүйлгүйг, хохирогч А.Б- нь Д.С-оос нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15 сантиметрийн урт ажлын хэсэгтэй, 8.5 сантиметр урт бариултай, бариуландаа 3 ширхэг цагираг хэлбэрийн нүхтэй, ажлын хэсэгт Bosidun  830 гэсэн бичигтэй хар өнгийн эвхдэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  10. Тогтоол хүчин төгөлдөр болтол Д.С-од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Б.Г-эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  11. Д.С-, Б.Г- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               А.БЯМБАЖАВ