Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01192

 

 

 

 

 

 

 

2022 06 20 210/МА2022/01192

 

Ш.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00227 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Бгийн хариуцагч Ц.МА, Р.С нарт холбогдуулан гаргасан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 5,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхсайхан, хариуцагч Ц.МА, Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ш.Б нь Баянзүрх дүүргийн 5-р хороо монел 34-р гудамж 35 тоотод байрлах хашаа, байшингаа 2015 оны 09 сард 55,000,000 төгрөгөөр Ц.МАын хадам ээж болох Р.Стай аман гэрээ хийж худалдсан. Урьдчилгаанд 5,000,000 төгрөг, дараа нь 3,000,000 төгрөг өгсөн. Мөнгөө увуулж цувуулж өгсөөр 2019 оны 10 сар гэхэд 14,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан тул үүнийгээ баталгаажуулан зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөө 4,990,000 төгрөгийг Ш.Бгийн Хаан банкны 5075401657 тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Ц.МАтай зээлийн гэрээ байгуулснаас хойш 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөгийг Ш.Бгийн дансанд шилжүүлсэн. Хашаа, байшингаа шилжүүлэн авснаас хойш төлбөрийг төлж дууссан гэж хэлээд нэг ч төгрөг төлөөгүй. Ц.МАтай байгуулсан зээлийн гэрээгээр мөнгө хүлээлгэн өгөөгүй өмнөх хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үлдэгдэл тооцоог хийж зээлийн гэрээ байгуулсан. Одоо үлдэгдэл болох 5,300,000 төгрөгийг хариуцагч Ц.МА, Р.С нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч Р.С нь 2015 оны 9 сард нэхэмжлэгч Ш.Бтай харилцан ярилцаад эхлээд хашаа, байшингаа 55,000,000 төгрөгөөр худалдана гэж ярьж байгаад уг хашаа, байшинг нь 50,000,000 төгрөгөөр авах л хүсэл сонирхолтой байгаагаа хэлж 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Эхлээд 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэх 45,000,000 төгрөгийг сар бүр цувуулж өгөх буюу нийт 3 жилийн хугацаанд төлөхөөр аман хэлцэл хийсэн. Хашаа, байшиндаа орж, төлбөрийг сар бүр төлж явсан бөгөөд нөхөр маань 2015 оны 12 дугаар сард элэгний хорт хавдар тусаад, байнгын эмнэлэг, эмчилгээ хийлгэж, хэвтэрт орж, амьдралын хүнд байдал бий болсон. Хэсэг хугацаанд Ш.Бд мөнгөө төлж чадаагүй нь үнэн хэдий ч Ш.Бтай уулзаж, ярилцаад хашаа, байшинг нь буцааж өгөөд, төлсөн мөнгөө буцааж аваад аман гэрээгээ буцаахаар санал тавьсан. Тухайн үед 18,000,000 төгрөг төлсөн боловч Ш.Б нь буцаах боломж байхгүй гэснээр үлдсэн мөнгийг нь төлөхөөр болсон юм. Үүнээс хойш би түүний мөнгийг төлж явсаар 9,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн учир 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүргэн Ц.МАтай Ш.Б нар нь зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 10 сард Ш.Бгийн Хаан банкны дансанд 4,990,000 төгрөгийг, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 510,000 төгрөгийг Заяагийн хүү Мэндээгээс гэж, 2021 оны 10 дугаар сард Ш.Бгийн дансанд төлөгдөөгүй үлдэгдэл 3,000,000 төгрөгийг Ц.МАаас тооцоо дуусав гэсэн гүйлгээний утгатайгаар бичиж тус тус шилжүүлсэн нь нийлээд 8,500,000 төгрөг байна. 2020 оны 3 сард Ш.Б нь хүү А.Энхсайхантайгаа ажил дээр орж ирээд мөнгөн аягаа ломбарданд тавих гэсэн чинь, ломбард хаалттай байна, чи А.Энхсайханд 80,000 төгрөг өгчихөөч гээд мөнгөн аягаа надад үлдээгээд 80,000 төгрөгийг аваад явсан. Маргааш өдөр нь хүү А.Энхсайхан нь дахин ажил дээр орж ирээд 20,000 төгрөг нэмж авсан, үлдсэн 700,000 төгрөгт нь Ш.Б нь гэртээ болон гуанзандаа зориулж мах авч бэлэн бусаар тооцож аваад, бидний хоорондын хашаа, байшин худалдах, худалдан авах аман гэрээний харилцаа дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул Ш.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.С, Ц.МА нараас 5,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 99,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.С, Ц.МА нараас 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1.2 дахь хэсэгт заасан заалтад нийцээгүй гэж үзэж байна. 5,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, Ш.Бд олгуулахаар шийдвэрлэсэн хэсэгт шүүгч хуулийг буруу тайлбарлан, хэргийн үйл баримтыг буруу үнэлж, дүгнэн, хууль зөрчиж, хариуцагч нарын эрх ашгийг хохироож, нэхэмжлэгчид хуулиар олгогдоогүй давуу байдлыг бий болгож, илтэд үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ш.Б нь анх хашаа, байшингаа 55,000,000 төгрөгөөр худалдсан гэж хэлсэн. Тэр үед үнийг нь буулгаад 50,000,000 төгрөг болговол худалдаж авна гэж өөрийн худалдаж авах үнийн саналыг хэлэхэд, Ш.Б нь хүлээн зөвшөөрч улмаар бид уг хашаа, байшинг худалдан авахаар амаар тохиролцсон. Уг аман гэрээний гол нөхцөлийг анхан шатны шүүхийн шүүгч хууль зүйн талаас нь анхаарч харгалзан үзээгүй, энэ байдлын талаар ч шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйд гомдолтой байна. Хариуцагч нар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул аман гэрээнээсээ татгалзаж, түүнд цувуулж төлсөн 50,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, хууль зүйн хувьд өөрсдийгөө ч, Ш.Бг ч хохиролгүй болгох хүсэл сонирхолтой байгаагаа давж заалдах шатны шүүхэд гаргаж байгааг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч Р.С нь үндэслэлгүйгээр 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн гэх тайлбар үндэслэлгүй. Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан бөгөөд төлбөрийг дансаар шилжүүлсэн. Гэрээ байгуулснаас хойш бэлэн мөнгө аваагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Ц.МА, Р.С нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Б нэхэмжлэлийн үндэслэлээ ...худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас 5,300,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч Р.С, Ц.МА нар татгалзлын үндэслэлээ ...худалдах худалдан авах гэрээний төлбөрийг төлж дууссан, 5,000,000 төгрөгийг бэлнээр ажил дээр нь буюу гуанзанд аваачиж өгсөн гэж тус тус тайлбарласан.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ш.Б, Р.С нарын хооронд 2015 оны 09 сард Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Монел 344-35 тоотод байрлах хашаа, байшинг гэр бүлийн эзэмшлийн газрын хамт худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, Р.С тухайн хашаа байшингийн өмчлөгч болсон байна. /хх 36-39/

Анхан шатны шүүх Р.С, Ш.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь уг гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

4. Ш.Б худалдах-худалдан авах гэрээг Р.Стай байгуулсан ба зээлийн гэрээг Ц.МАтай байгуулж Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр шилжсэн ба Ш.Б, Ц.МА нар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар өмнөх үүргийг өөр үүргээр солихоор харилцан тохиролцож, мөн зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болж, харин түүний оронд талууд зээлийн гэрээ байгуулсан тул Ц.МА Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийн үүрэг хүлээсэн гэж үзнэ. /хх 2/

Зээлийн гэрээнд зээлдэгч нь 9,000,000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Хариуцагч гэрээний үүргээс 4,000,000 төгрөгийг төлж, 5,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс Ш.Б нь хариуцагч Ц.МАаас зээлийн гэрээний үүргийг шаардан нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Р.Сг хамтран хариуцагчаар татсанаас үзэхэд Ш.Б зээлийн гэрээний үүрэг шаардах эрхээсээ татгалзаж, хариуцагчаас худалдах-худалдан авах гэрээний үүрэг шаардсан гэж үзэхээр байна.

5. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ ...3,000,000 төгрөгийг дансаар, 1,000,000 төгрөгийг цайны газрын хоолонд ашиглах махаар, 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан гэж тайлбарладаг бөгөөд хариуцагчийн тайлбарын 4,000,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, 5,000,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь нотлогдохгүй байна.

5.а. Хэргийн баримтаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Бд төлсөн болох нь Р.Сгийн Хаан банк дахь 5075018040 тоот Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар нотлогдож байна. /хх 57-58/

5.б. Хариуцагч Ц.МА нь зээлийн гэрээний дагуу бэлнээр 5,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

5.в. Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Р.Сгаас 1,000,000 төгрөгт мах авсан, уг төлбөрийг гэрээний үлдэгдлээс хасахад татгалзахгүй гэх тайлбарыг үндэслэн шүүх гэрээний төлбөрөөс хасч тооцжээ.

Иймд хариуцагч нараас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй.

 

6. Хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

6.а. Хариуцагч нарын зүгээс давж заалдах гомдолдоо ...хашаа, байшинг 55,000,000 төгрөгөөр бус 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон, гэрээний гол нөхцлийг шүүх хууль зүйн талаас нь анхаарч харгалзан үзээгүй, энэ байдлын талаар шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй гэжээ.

Талууд худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 9,000,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээ байгуулсан байх ба шүүх уг зээлийн гэрээг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар хариуцагч нарын гүйцэтгээгүй үүрэг 9,000,000 төгрөг байсан гэж дүгнэсэн. Харин худалдах-худалдан авах гэрээний үнэ хэдэн төгрөг байсан нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй юм. Иймд энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

6.б. Хариуцагч нар давж заалдах гомдолдоо гэрээнээс татгалзаж, 50,000,000 төгрөгөө буцаан гаргуулах хүсэлтэй байна гэсэн байх боловч анхан шатны шүүхэд энэ талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2022/00227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг төлснийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.БЯМБАСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.