Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2018/0845/з |
Дугаар | 346 |
Огноо | 2020-09-28 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 346
“Э а з” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Байгаль орчин, аялал жуулчлалын
яаманд холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн Ч.Тунгалаг
Шүүгчид: Х.Батсүрэн
М.Батсуурь
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчны яамны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 дугаартай “МҮ-007712 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт”-ийг хууль бус захиргааны актад тооцуулах, хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0873 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Л, С.Э, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2019/0873 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э а з” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “МҮ-007712 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай” дугаар 2018/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 873 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан “Э а з” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуучлалын яамны ажлын хэсгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн MY-007712 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай 2018/02 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.О нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасан.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1-д заасан “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд хуульд нийцүүлэн үнэн зөв шийдвэрлэсэн. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хянан шийдвэрлэхдээ шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн зарчимд нийцэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэлийг хуульчилсан бөгөөд тухайн үндэслэлийг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх нь уг асуудлыг хариуцсан төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдсон. Энэ эрхийн хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газар нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 03/5092 тоот албан бичгээр хүргүүлсэн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлтийн хүрээнд холбогдох асуудлыг шалган тус дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа тухай хариу мэдэгдсэн нь өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэр юм.
5. Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан дээрх шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс эс зөвшөөрч дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаагүй, тухайн шийдвэртэй маргаагүй тул тус яамны гаргасан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлт эрх зүйн ямар нэг үр дагаваргүй болсон гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй хэдий ч нэгэнт эрх зүйн шууд үр дагаваргүй болсон захиргааны акт нэхэмжлэгчийн эрх ашигт хэрхэн нөлөөлж байгаа, тухайн дүгнэлтийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхол сэргэх тухайд анхан шатны шүүх үнэн зөв үнэлэлт дүгнэлт өгсөн. Хэдийгээр тусгай зөвшөөрөл цуцлах эрх бүхий байгууллага холбогдох асуудлыг шалган Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018/02 дугаар дүгнэлтийн дагуу МV-007712 тоот тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн хэдий ч тухайн маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгох эрх хэмжээ хуулиар Ашигт малтмал, газрын тосны газарт олгогдоогүй тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хүчингүй болгохоор хандах нь өөрийн зөрчигдсөн буюу гутаагдсан нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалж байгаа эрхээ сэргээлгэх үйлдэл юм.
6. Нөгөө талаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн хяналт шалгалт нь анхнаасаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчсөн, дүгнэлт нь үндэслэл бүхий баримт, фактад тулгуурлаагүй зэрэг зөрчилтэй байснаараа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “...шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зэрэг захиргааны акт гаргах суурь зарчмыг ноцтой зөрчсөн байдаг. Ийм үндэслэлгүй хууль бус дүгнэлтээр тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан, нийгэмд сөрөг ташаа мэдээ, мэдээлэл түгээсэн, компанийн нэр хүндийг нь гутаасан, төрийн байгууллагаас компанийн үйл ажиллагаанд албан ёсоор гаргасан дүгнэлт буюу эх сурвалж нь нэхэмжлэгч байгууллагын ажил хэргийн нэр хүндийг нийгэмд харлуулсан, компанийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг нутгийн иргэд, орон нутгийн захиргааны байгууллагатай харилцахад хүндрэл учруулж хууль ёсны эрх ашиг сонирхолд үлэмж хохирол учруулж байгаа тул нэхэмжлэгчийн зүгээс арга буюу дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
7. Маргаан бүхий захиргааны акт өөрөө нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн шууд чиглэсэн үр дагавартаа хүргэлгүйгээр төрийн өөр захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрээр хэрэгжилт нь таслан зогсоогдож, дуусгавар болсон хэдий ч тухайн хууль бус захиргааны актын шууд бус үр дагавар буюу дам үр нөлөө, тухайлбал, хууль зөрчиж хийгдсэн төрийн хяналт шалгалт, үндэслэлгүй гарсан төрийн байгууллагын албан ёсны дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд олон нийтийн дунд унаж, эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн хэвээр байгаад анхан шатны шүүх үнэн зөв, бодитой дүгнэлт өгсөн юм. Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг шууд зөрчөөгүй гэх үндэслэлээр маргааныг дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь захиргааны актын шууд бус буюу дам нөлөөлөл, үр дагаврыг үл хайхарсан, асуудалд хэт өнгөц, хандсан хууль бус, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх нотлох баримттай холбоотой зарим нэг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
8. Тухайлбал, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр аль хэдийнээ хүргүүлсэн, удаа дараа хэлэлцүүлэх хүсэлт хүргүүлсээр байхад хэлэлцэхгүй хойшлуулж, улмаар дээрх шалгалтыг оруулж өөрийнхөө батлаагүй асуудлаар буруутгаж дүгнэлт гаргасан нь өөрөөсөө шалтгаалсан асуудлаар шалгалт хийж, дүгнэлт гаргасан, шударга ёсны зарчимд харш үйлдлийг давж заалдах шатны шүүх зөв зүйтэй мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийг буруутгасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “Хяналт шалгалтыг давхардуулахгүй бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас хийсэн шинжилгээний дүн, дүгнэлтийг хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага харилцан хүлээн зөвшөөрөх” гэсэн зарчмыг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д “хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөнийг давж заалдах шатны шүүх үл хайхарч, нэхэмжлэгчийн буруутай үйлдэл мэтээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
9. Мөн тухайн талбай нь газрын гүний усны шүүрэл их байдаг тул насосоор соруулсан ч хэт их шүүрлийн улмаас голын усанд нийлүүлэгдсэн баримтыг нэхэмжлэгч “бохир усыг насосоор шавхаж хийснээ хүлээн зөвшөөрсөн” мэтээр илтэд гуйвуулан “химийн найрлагагүй ч шавартай бохир ус” хэмээн Усны тухай хуулийг тодорхойлолтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт заасан “Усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж, усны чанар доройтохыг хэлэх ойлголтыг ийнхүү ус булингартах нь найрлага өөрчлөгдсөн мэтээр буруу дүгнэж, Усны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байдаг. Уул уурхайн олборлох үйл ажиллагаа нь өөрөө байгаль орчныг үлэмж хэмжээгээр хөндөж байж гүйцэлддэг бөгөөд уг үйл ажиллагаа тогтоосон журмын хүрээнд байсан уу гэдэгт асуудлын гол нь оршиж байгаа юм.
10. Энэ асуудлаар орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллага захиргааны арга хэмжээ хэдийнээ авсан байхад хариуцагч болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг шалгалтыг үл хүлээн зөвшөөрч, хяналт шалгалтыг давхардуулан захиргааны арга хэмжээ дахин авч байгаа нь нэг асуудлаар хуулийн хариуцлагыг давхардуулан оноож байгаа хууль бус үйлдэл болсныг давж заалдах шатны шүүх үл хайхарч магадлалаа үндэслэжээ. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
12. Хэрэгт авагдсан баримтаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 2018/02 тоот дүгнэлт гарах үед нэхэмжлэгч компани нь 2018 онд олборлолтын ажил хийж байгаа хэсэг нь 2016 онд батлагдсан ТЭЗҮ, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, 2018 онд хэрэгжүүлэх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд хамрагдаагүй; байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг батлагдаагүй, зөвшөөрөгдөөгүй байх үед газрын хөрс болон хэвлийг эвдэж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй; Туул голд шүүрэлтийн ус нийлүүлж бохирдуулсан гэдэг нь тогтоогдсон байх тул эдгээр зөрчлүүдийг гаргасан гэсэн үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хууль ёсны талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
13. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд дүгнэлт гарснаас хойш нэхэмжлэгчийн зүгээс зөрчлөө арилгасан үйл баримт нь нэгэнт гарсан зөрчлийг тогтоосон актыг хууль бус гэж үзэх, улмаар хүчингүй болгох үндэслэл болохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх “...хариуцагч дүгнэлтээрээ тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй гэж үзсэн атлаа үүнээс хойш “Э а з” ХХК-ийн 2018 оны Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайланг баталсан байгаа нь өөрийн гаргасан дүгнэлтийг үгүйсгэсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайн аль хэсэгт нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь тодорхойгүй, Туул голын усыг ямар байдлаар бохирдуулсныг тодорхой шалгуур үзүүлэлтүүдээр тогтоогоогүй...” гэх зэрэг дүгнэлтийг хийн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
14. Иймээс “...зөрчил огт гаргаагүй байхад хариуцагчаас зөрчил гаргасан мэтээр дүгнэж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн утгатай /энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-10-т заасан хяналтын гомдлын агуулгыг бүхэлд нь үзвэл/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
15. Харин хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь хэсгийг үндэслэж “нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл болно” гэж дүгнэсэн, гэвч Ашигт малтмал газрын тосны газраас уг дүгнэлтийн дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй талаар 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 7/5498 дугаар албан бичгээр Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн даргад мэдэгдсэнээс үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах эрх бүхий этгээдээс эцсийн шийдвэрийг гаргаагүй, энэ утгаараа захиргааны цуврал шийдвэрийн /маргаан бүхий дүгнэлтийн/ эрх зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
16. Гэхдээ Ашигт малтмал, газрын тосны газраас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлгүй талаар хариуцагчид мэдэгдсэн нь нэгэнт гарсан зөрчлийг тогтоосон дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй, харин дүгнэлт гарснаас хойш зөрчил арилсан үйл баримтад үндэслэсэн эрх бүхий этгээдийн шийдвэр байх боломжтой.
17. Иймд, “...Ашигт малтмал, газрын тосны газар эрхийн хүрээндээ дүгнэлтэд заасан асуудлыг шалган тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байгаа тухай хариу мэдэгдсэн, иймд дүгнэлт үндэслэлгүй, хэдийгээр дүгнэлтийн эрх зүйн үр дагавар дуусгавар болсон ч ажил хэргийн нэр хүндэд халдсан, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан тул шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандсан, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй..” гэсэн утгатай энэ тогтоолын 4-7-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.
18. Түүнчлэн, шүүхүүдийн дүгнэсэнчлэн, 2018 оны 10 дугаар сард нэхэмжлэгч компанийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний нэмэлт тодотголын тайлан батлагдсан, ингэснээр В26 дугаар блокт хөрс хуулалтын ажил хийх зөвшөөрөл олгогдсон, мөн нэхэмжлэгчийн зүгээс Туул гол руу карьерийн шүүрлийн усыг цутгаж байсан зөрчлөө арилгаж, 3 сая төгрөгийн торгуулийг төлсөн гэж тайлбарлаж байгаа /хяналтын шатны шүүх хуралдаан дээр/, үүнийг хариуцагчаас үгүйсгэхгүй байгаа зэргээс үзвэл маргаан бүхий дүгнэлтэд заасан зөрчлүүд бодит байдалд арилснаар актын эрх зүйн үр дагавар дуусгавар болсон гэж үзэхээр байна.
19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 174 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ