Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 776

 

Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол, М.Хувцагаан,

шүүгдэгч Ч.Сугар, түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Лхагвасүрэн, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

хохирогч Ч.Гэрлээгийн өмгөөлөгч Д.Оюунчимэг,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Батсуурь, Ч.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох 2015250001712 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тугчин овгийн Бат-Эрдэнийн Лхамсүрэн, 1996 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер технологийн сургуулийн цахилгаан хангамжийн 2 дугаар курст суралцаж байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн 6 дугаар баг, Өнөр 25 дугаар байрны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ96013013/,

2. Зээрдүүл овгийн Чимэдийн Сугар, 1997 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн 4 дүгээр баг, ШСТТС-ийн 2 дугаар байрны 5 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ97042531/,

3. Хүслэг овгийн Ганбаатарын Лхагвасүрэн, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, дүү нарын хамт Дорнод аймгийн Баянтүмэн сум, Цагаан дэрс 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ЖЮ96112712/,

 

1. Б.Лхамсүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Эрдэмномыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж алсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 40 тоотод согтуугаар хохирогч Ч.Сугарын толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж танхайрсан,

2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод иргэн Г.Ганзоригийн гэрт хутга, заазуур барьж дайран орж давтан үйлдлээр бусдыг алахыг завдсан гэмт хэрэгт,

2. Ч.Сугар нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Лхамсүрэн нь А.Эрдэмномыг 62 удаа хутгалснаас А.Эрдэмном их хэмжээний цус алдан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Эрдэмном нас барсан, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт,

3. Г.Лхагвасүрэн нь 2015 оны 2 дугаар сарын 17-ноос 2015 оны 2 дугаар сарын 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Лхамсүрэн нь А.Эрдэмномыг 62 удаа хутгалснаас А.Эрдэмном их хэмжээний цус алдан амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлэх шаардлагатайг зохих байгууллагад мэдэгдээгүйгээс А.Эрдэмном нас барсан, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Лхамсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтын дагуу хэргийн зарим нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын явцад гүйцэт нотолж тогтоогоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ.

 1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 863 дугаар тогтоолын “2010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд ариун цэврийн өрөөний тосгуурын доорх нөжирсөн хэсгээс дээж авсан 91 дугаартай арчдасанд, мөн хуванцар түмпэн дэх цус мэт зүйлээс дээж авсан 97 дугаартай арчдасанд тус тус илэрсэн цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна гэсэн байх бөгөөд Г.Лхагвасүрэн, Ч.Сугар, А.Эрдэмном нарын чухам хэнийх нь цус болохыг ДНХ-ын шинжилгээгээр нарийвчлан тогтоох”, мөн “Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн алин болохыг тогтоох зорилгоор түүний санаа, зорилго, сэдэлтийг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай байна" гэсэн зэрэг заалтыг биелүүлээгүй,

2. Шинжээчийн 1987 дугаартай дүгнэлтээр Г.Лхагвасүрэн, Ч.Сугар нарын гэх цус нь АВО-н системээр 0/1/ бүлгийн цус байна. 2. Б.Лхамсүрэнгийн гэх цус нь АВО-н системээр В/lll/ бүлгийн цустай байна гэж хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 27 дугаар зураг дахь хивсэн дээр илэрсэн цусыг Ч.Сугарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж шинжээчийн 3444 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоожээ. Мөрдөн байцаалтад Ч.Сугарын хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...Нэг сэрэхэд би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан ба миний толгойн доор түмпэн тоссон миний толгой хөндүүр, хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч хөндүүр байсан. Цус дуслаад байсан, намайг унтаж байхад хутгалсан...” гэсэн байх боловч шинжээчийн 3136 дугаартай дүгнэлтээр хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон түүний толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтлээс тухайн хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн 18 дугаар зурагт харуулсан хуванцар түмпэн дэх, мөн гэрэл зургийн үзүүлзлтийн 27 дугаар зураг дахь хивсэн дээрх хэмжээний цус гарах боломжтойг болон түүнийг шалан дээр хэвтэж байхад хуванцар түмпэнгийн дотор талын эргэн тойронд үсэрч цацарсан байдлаар цус гоожиж дуслах боломжтой эсэх талаар зохих ажиллагааг гүйцэтгэж шалгаагүй,

3. Мөрдөн байцаалтад гэрч Д.Мөнхтулга нь “Дуудлага аваад 3 минутын дотор
хэргийн газарт очсон. Очиход уг байрны 57 тоотод дуудлага өгсөн гэх эмэгтэй
харуулын байранд хүлээж байгаад бид хоёрыг дагуулаад орсон... 57 тоот айлын хаалга
нь онгорхой, ороход нэг залууг айлын эзэн Г.Ганзориг гэх залуу дээр нь гарчихсан
дараад байж байсан. Доор нь байсан залуу доошоо харчихсан уйлагнаад намайг
алчих гэж хэлж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, хурууны
үзүүр хэсэг нь бага зэргийн цустай харагдаж байсан. Тийм их нэлдээ цус болсон
зүйл байхгүй байсан. Тэр залуу ногоон өнгийн ханцуйгүй фудболктай, доогуураа
саарал дотуур өмдтэй, хөл нүцгэн байсан. Хувцсанд нь ямар нэгэн зүйл
анзаараагүй...” гэж мэдүүлжээ. Шинжээчийн 3122 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн биед зүүн сарвууны 2-р хуруунд өнгөц шарх гэмтэл тогтоогдсон, мөн шинжээчийн 1987 дугаартай дүгнэлтээр 1. Г.Лхагвасүрэн, Ч.Сугар нарын гэх цус нь АВО-н системээр 0/1/ бүлгийн цус байна. 2. Б.Лхамсүрэнгийн гэх цус нь АВО-н зистемээр В/lll/ бүлгийн цустай байна гэж тогтоосон. Гэтэл шинжээчийн 2014 дугаартай дүгнэлтийн үзлэг болон шинжилгээний явцад “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх улаан бор өнгийн орны бүтээлэг, цагаан улаан өнгийн нүүр гарын алчуур /нэлэнхүйдээ цус мэт хүрэн энгийн зүйлээр бохирлогдсон/...” гэж тэмдэглэсэн, мөн “1. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх орны бүтээлэгт цус илэрсэн. 2. Илэрсэн цус нь хүний цус байна. 3. Уг цус нь В/lll/ бүлгийн харьяалалтай байна" гэж тогтоосон зэргээс үзэхэд бүтээлэг дээрх цус шүүгдэгч Б.Лхамсүрэнгийнх гэдэг нь эргэлзээтэй байх тул чухам хэний цус болохыг ДНК-ын шинжилгээгээр тогтоогоогүй,

4. Мөрдөн байцаалтад Ч.Сугарын хохирогчоор өгсөн “...Нэг сэрэхэд би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан ба миний толгойн доор түмпэн тоссон миний толгой хөндүүр, хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч хөндүүр байсан. Цус дуслаад байсан. Би дээшээ босоод харахад хажууд жижиг өрөөнд Лхагвасүрэн орон дээр унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Тэгээд би хүзүүгээ нэг гараараа бариад урсаж байсан цусаа дараад гарсан. Том өрөөнд хүн байгаагүй. 00-ын өрөөний хаалгыг татахад Эрдэмном шалан дээр цустайгаа холилдсон, 00-ын өрөө тэр чигтээ цусанд хутгалдсан байсан. Лхамсүрэнгийн 2 гар цус болчихсон. Лхамсүрэн зүүн гартаа төмс арилгаж байсан жижиг хар бариултай хутга барьчихсан зогсож байсан. Намайг хаалга онгойлгоход Лхамсүрэн муухай чанга орилоод, ямар нэг юм хэлээд өөдөөс хашгичаад байсан. Би яг юу хэлж байсныг санахгүй байна. Би тухайн үед хүзүүнээс цус гоожоод архи ч гараагүй манаралтын байдалтай байсан, мөн хүзүү хэр их өвдөж байсныг ч мэдээгүй. Лхамсүрэн орилж байгаад над руу чиглээд хутгаа барьсан чигтээ алхахаар нь би 00-ын өрөөний хаалгыг хаагаад гүйж жижиг өрөөнд ороод жижиг өрөөний хаалгыг хааж, дотроос хаалгыг татаж зогссон. Лхамсүрэн жижиг өрөөний хаалгыг тогшиж, хүчтэй балбаж байгаад чимээгүй болсон. Жижиг өрөөнд орон дээр унтаж байсан Лхагвасүрэнг сэрээх гээд нэг гараараа Лхагвасүрэнг татсан. Нөгөө гараараа хаалгаа татаж байсан. Лхагвасүрэн сэрээгүй. Хэсэг хугацаа өнгөрөөд хаалга балбахгүй чимээгүй болчихоор нь би жижиг өрөөнөөс гарч том өрөөнд ороход хэн ч байгаагүй. Би 00-ын өрөө рүү орж Эрдэмномыг харахад аахилсан, амьсгаадсан, юм ярьж чадахгүй байгаа бололтой байсан. Хүзүүний урд хэсэгт нь хутгалуулан шархтай цус гараад байхаар нь би жижиг өрөө рүү гар нүүрийн алчуур авчраад Эрдэмномын хоолойн дээр нь тавьсан Эрдэмном юм яриагүй. Би хаалгаар гарч Лхамсүрэнг үүдэнд байна уу гэж харсан чинь үүдэнд байгаагүй. Тэгэхээр нь би алчуур нөмрөөд лифтээр буугаад доор нэг давхарт очиж Лхамсүрэнг харчихаад буцаад 5 давхарт Эрдэмномын гэр лүү орсон. Тэгээд жижиг өрөөнд орон дээр унтаж байсан Лхагвасүрэнг татаж чангааж босгоод том өрөөнд оруулж ирэхэд ухаангүй байсан учир том өрөөнд орж ирээд сэргэхгүй том өрөөний орон дээр дахиад унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг нь:

Мөрдөн байцаалтанд Г.Лхагвасүрэнгийн гэрчээр өгсөн: “...би уусан архиндаа нэлээд согтоод жижиг өрөөний орон дээр унтсан, нэг мэдэхэд Лхамсүрэн намайг дуудаж сэрээхэд миний хажуугаар Сугар унтсан байсан. Лхамсүрэн чи Эрдэмээ рүү очиж хараарай гэж хэлэхээр нь Сугар бид 2 босоод 00-ын өрөөний хаалга онгорхой байхаар нь очоод үзэхэд Эрдэмном хаалганы буланд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан бөгөөд бүх биеийн доод хэсгээр цус нөжирсөн байдалтай байсан. Би тэр үед Лхамсүрэн, Эрдэмном хоёр хоорондоо зодолдсон юм байна гэж оодоод буцаад том өрөөнд очиж хэвтээд нам унтсан байна лээ. Сугар тэр үед яасныг мэдэхгүй... намайг Лхамсүрэн сэрээхэд Сугар хажуугаар унтаж байсан ба Лхамсүрэнгээс өөр хүн тэнд байгаагүй болохоор тэгж бодож байна" гэсэн мэдүүлэгтэй уг хэрэг үйлдэгдэх үед унтаж байсан гэх Г.Лхагвасүрэнг чухам хэн сэрээсэн талаар харилцан илт зөрүүтэй байдлыг нягтлан шалгавал зохино,

5. Хүн амины хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа
Г.Лхагвасүрэнгийн гар нь чухам юунаас цус мэт зүйлээр бохирлогдсон байсан
талаар тодруулж шалгах шаардлагатай,

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт
зааснаар яллагдагчаар татах тухай тогтоол гармагц түүнийг яллагдагчид нэн даруй
сонсгоно, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт
зааснаар яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсны дараа яллагдагчийг нэн
даруй байцаана, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь
хэсэгт зааснаар ялыг хүндрүүлэх буюу жинхэнэ бодит байдлаараа урьд сонсгосон
ялаас онцын ялгаатай болгож өөрчлөх шаардлагатай бол прокурор хэргийг хэрэг
бүртгэлт, мөрдөн байцаалтад буцаахгүйгээр шинээр ял сонсгож байцаалгах эрхтэй. Гэтэл ял өөрчилж сонсгох тухай прокурорын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн /мөн өдөр яллах дүгнэлт үйлдсэн/ 186 дугаар тогтоолоор яллагдагч Б.Лхамсүрэнд урьд сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтууд, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь заалтын ялыг хэвээр үлдээж, мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь заалтуудын ялыг нэмж сонсгосон байх боловч энэ талаар яллагдагч болон түүний өмгөөлөгчид мэдэгдэж, яллагдагч Б.Лхамсүрэнгээс байцаалт авалгүй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.3.1 дэх заалтын дагуу ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх тухай яллагдагчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн,

7.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт
зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг
шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай яллагдагч,
хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгч, төлөөлөгчид
мэдэгдэж, тэмдэглэл үйлдэнэ, мөн зүйлийн 212.7 дахь хэсэгт зааснаар хэргийн
материалтай энэ хуулийн 212.2 дахь хэсэгт заасан оролцогч хэрэг бүртгэгч, мөрдөн
байцаагчаас тогтоосон хугацаанд танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ. Гэтэл яллагдагч Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарын өмгөөлөгчид мөрдөн байцаалтын ажиллагааг хийж дууссан тухай тус тус мэдэгдэж, хэргийн материалыг танилцуулалгүй, хэрэгт нэмж шалгуулах хүсэлт гаргах зэрэг хэргийн оролцогчид хуулиар олгогдсон эрхийг хязгаарлан зөрчсөн гэх үндэслэлүүдээр Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 2015250001712 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Ширэндэв бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл байна. Үүнд:

  1. Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 2015250001712 дугааргай хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 362 дугаартай тогтоолын заалтыг бүрэн хангасан байна. Өөрөөр хэлбэл нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаагаар ариун цэврийн өрөөний тосгуурын доорх хэсгээс авсан арчдасанд илэрсэн цус нь хохирогч А.Эрдэмномын ДНХ-тэй тохирч байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн яллагдагч Б.Лхамсүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа, зорилгыг мөрдөн байцаалтын ажиллагаагаар бүрэн шалгаж тогтоосон байна.
  2. Хэргийн газрын үзлэгээр хаана, ямар ул мөр, цусны толбо ямар байдалтай байсныг илрүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлж авсан ба шүүхийн тогтоолд Ч.Сугар нь бусдад хутгалуулснаас хуванцар түмпэнд мөн хивсэн дээрх хэмжээний цус гарах боломжтойг мөн түүнийг шалан дээр хэвтэж байхад хуванцар түмпэнгийн дотор талын эргэн тойронд үсэрч цацарсан байдлаар цус гоожиж дуслах боломжтой эсэх талаар зохих ажиллагааг гүйцэтгэж шалгаагүй гэсэн шүүхийн заалт ойлгомжгүй байна.
  3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1989 дугаартай дүгнэлтээр улаан алаг, эрээн өнгийн орны бүтээлэг дээрээс биологийн ул мөр илэрсэн, уг зүйл нь цус мөн, уг цус нь 0/1/ бүлгийн харъяалалтай байна гэсэн дүгнэлт гарсан тул энэ талаар дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм
  4. Ч.Сугар болон Г.Лхагвасүрэн нар нь хоорондоо илтэд зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй ба Г.Лхагвасүрэнг унтаж байхад нь хэн сэрээсэн талаар Г.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн ба мөрдөн байцаалтад хэн сэрээсэн талаар андуурч хэлсэн байна гэж мэдүүлсэн. Энэ асуудал нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

5. Г.Лхагвасүрэнгийн гар нь цус мэт зүйлээр бохирлогдсон талаар ямар нэгзн баримт хэрэгт байхгүй байхад энэ талаар тодруулж шалгахаар тусгасан шүүхийн тогтоолын заалт үндэслэлгүй байна.

6. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 863 дугаартай тогтоолын заалтыг хангах үүднээс прокурор яллагдагч Б.Лхамсүрэнд ял сонсгохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан өмнөх ял сонсгосон тогтоолыг зөвтгөсөн ба шинээр ял сонсгосон, өмнөх ялыг өөрчилсөн үйлдэл биш учраас яллагдагчийг дахин байцаах шаардлагагүй юм.

7. Мөрдөн байцаагч нь мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаад хэргийн материалыг хохирогч болон яллагдагч нарт танилцуулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан эрхээр нь бүрэн хангасан байна. Иймд Б.Лхамсүрэн, Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 2015250001712 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой байх тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаартай шүүхийн тоггоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч М.Хувцагаан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх анхан шатны шүүх хуралдаанд хэргийг хэлэлцэн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна гэсэн үндэслэлээр шүүхийн тогтоол гаргаж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Гэтэл энэ тогтоолд заасан заалтууд бүрэн гүйцэд хийгдээгүй. Иймд анхан шатны шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаасан. Ч.Сугар, Б.Лхамсүрэн нарын ганц биш олон мэдүүлэг зөрүүтэй. Тухайн үед Ч.Сугарыг түргэний эмч авч явсан бөгөөд эмнэлэгт оёдол тавиулж орой 4 цагийн үед ирж мэдүүлэг өгсөн байдаг. Энэ үед Ч.Сугарын өвчин зовиур намдсан байсан бөгөөд айсан, цочсон зүйл байгаагүй. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсноос хойш 9 цагийн дараа ирж мэдүүлэг өгсөн. Тэрээр “би жижиг өрөөний газар хивсэн дээр хэвтэж байсан. Нэг мэдэхэд хүзүүнээс цус гарч байсан. Би босоод ариун цэврийн өрөөрүү ороход Лхагвасүрэн жижиг хар хутга барьсан надруу хашгичаад дайрахаар нь би нойлын өрөөний хаалгыг хаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа хаасан. Б.Лхамсүрэн байхгүй байсан” гэж мэдүүлдэг. Хувин дотор цус дуссан асуудлын тухайд энэ хувин нь хуванцар материалтай, баримжаагаар 500 граммаас 1 литрийн хэмжээтэй. Энэ хувинд цус дусахдаа цацарсан байсан. Хэрэв хүн тухайн хувинг дэрлэсэн гэж үзвэл хувин хазайх ёстой. Учир нь толгойн хүндийн жингээр хувин дарагдах, газрын татах хүч, физикийн татах хуулиар гоожсон цус цацрах ёсгүй. Иймд шүүхийн тогтоол үүнийг шалгуулахаар заасан нь үндэслэлтэй байна. Үүнийг тогтоохын тулд хүний хүзүү рүү хутгалаад цус дусаагаад үз гэж хэлэхгүй ч өөрөөр үүнийг тогтоох арга хангалттай байгаа. Орны бүтээлэг болон ногоон өнгийн ханцуйтай цамц хоёроос 3 дугаар бүлгийн цус илэрсэн. Орны бүтээлгийг эд мөрийн баримтаар хадгалахдаа алдаа хийсэн боловч 3 дугаар бүлэг гэж цусны бүлгийг тодорхойлж болж байгаа. Тухайн бүтээлэг одоо ч гэсэн байгаа. Бүтээлэг дэх цус бүгд муудаагүй, тодорхой хэмжээний цус хатаж хадгалагдсан гэж үзэж байна. Шүүгдэгч нараас 3 дугаар бүлгийн цустай хүн байхгүй. Тамхины ишнээс 2 дугаар бүлгийн цус илэрсэн. Үүнийг бас нарийвчлан шалгах ёстой. Г.Лхагвасүрэн, Ч.Сугар нарын мэдүүлэг зөрүүтэй тухай асуудлын хувьд Г.Лхагвасүрэн “би жижиг өрөөний орон дээр унтаж байсан. Нэг мэдэхэд Б.Лхамсүрэн намайг дуудаж сэрээхэд миний хажууд Ч.Сугар хэвтэж байсан” гэж мэдүүлдэг. Тэгвэл Ч.Сугар орон дээр унтаж байсан байна. Мөн Г.Лхагвасүрэн “Б.Лхамсүрэн намайг чи А.Эрдэмномыг очиж хараарай гэж хэлэхээр нь Ч.Сугар бид хоёр босоод ариун цэврийн өрөөний хаалга онгорхой байхаар нь очоод үзэхэд А.Эрдэмном хаалганы буланд хөлөө жийсэн хана налаад сууж байсан. Бүх бие нь доод хэсгээр цус нөжирсөн байсан. Би тэр үед том өрөөнд очиж хэвтээд нам унтсан байсан” гэж мэдүүлдэг. Энэ хоёрын мэдүүлгийн зөрүүг огт арилгаагүй байна. Г.Лхагвасүрэн, Ч.Сугар нар нь ойрын хамаатан учир ашиг сонирхол нэгтэй хүмүүс юм. Г.Лхагвасүрэн, Ч.Сугар нар мэдүүлэг өгөхдөө архи нь гарчихсан байсан бөгөөд хэрэг болсноос 9 цагийн дараа энэ хоёрт халуун зүйл уулгаж байгаад өмгөөлөгч байлцуулж мэдүүлэг авсан. Ч.Сугар хэдийд хэнд хутгалуулсан нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй. Г.Ганзоригийн гэрт хутга барьж орсон талаар хэн ч үгүйсгэж чадахгүй учир тэр талаар маргах зүйлгүй. Улсын яллагч Б.Лхамсүрэн хутга барьж Г.Ганзоригийнд орсон учир Б.Лхамсүрэн л хутгалсан байх гэсэн сэжиг таамгаар хэрэгт хандаж байна. Иймд энэ гэмт хэргийн сэдэлтийг тогтоох зайлшгүй шаардлагатай. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан хэн энэ хэргийг үйлдсэн бэ гэдэг нь тогтоогдоогүй. Хэрэг болсон газар 3 дугаар бүлэг, 2 дугаар бүлгийн цустай хүмүүс байсан байна. Талийгаачийн амьдарч байсан өрөөний шалан дээр маш их гутлын мөр байсан. Тэр дотор эмэгтэй хүний мөр, пүүзний мөр харагддаг. Өмгөөлөгч миний зүгээс дээрх асуудлуудыг шалгуулахаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг барьсан. Талийгаачийг үхлийн гэмтэл авсан байсан ариун цэврийн өрөөний хана, тосгуурын доор болсон цусыг арчсан үйлдэл харагддаг. Энэ арчсан үйлдлийг шалгаж тогтоох талаар өмнөх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолд заасан. Гэтэл мөрдөн байцаагч үүнийг тогтоох ажиллагааг хийхдээ түргэний эмчээс талийгаачийг хэн өргөж нацилкан дээр тавьсан бэ гэдгийг асуухад “Мөнхтулга гэх цагдаагийн ажилтан түргэний эмч хоёр талийгаачийг өргөж тавьсан” гэж маш тодорхой хариулсан. Гэтэл Ч.Сугар, Г.Лхагвасүрэн хоёроос “та нар цусыг арчсан уу, тэр цусанд хүрсэн үү” гэж асуухад “огт хүрээгүй” гэж хэлсэн. Би хавтаст хэрэг дотороос Г.Лхагвасүрэнгийн фото зургийг утсаараа татаж аваад томруулж харахад гар нь цустай юм шиг харагдаж байна. Би шууд цус байна гэж хэлж чадахгүй, үүнийг эрх бүхий шинжилгээний байгууллага тогтоох ёстой. Г.Лхагвасүрэн шүүх хуралдаанд “миний гар цус болсон байж магадгүй” гэж хэлсэн. Иймд үүнийг зайлшгүй шалгах ёстой. Хөдөлбөргүй нотлох баримтаар хүний гэм буруугийн асуудлын талаар ярихаас биш ийм эргэлзээ бүхий, сэжиг таамгаар явж байгаа хэргийг шийдвэрлэх ямар ч боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч Ц.Алтанцол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн тогтоолыг дэмжиж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан шалгаж тогтоовол зохих зүйлс байгаа. Мөрдөн байцаагч болон прокурорт урдаас хөдөлбөргүй тогтоогдсон нотлох баримт байх ёсгүй. Б.Лхамсүрэн хутга бариад явсан учир Б.Лхамсүрэн энэ хэргийг үйлдсэн гэсэн байдлаар бүх асуудал нэг талдаа туйлширч шалгагдсан. Магадгүй Ч.Сугар, талийгч хоёр хоорондоо зодолдсон байж болно. Ч.Сугар гэмтэл хэзээ авсан, хэнд хутгалуулснаа мэддэггүй. Шинжээчийн дүгнэлтээр Б.Лхамсүрэн, Ч.Сугар нар нь согтолтын байдлаараа эрүүл гэж гардаг. Иймд тухайн үед болсон асуудлыг мэдэж байх ёстой. Б.Лхамсүрэн ямар үйл ажиллагаа хийснээ ч мэддэггүй. Зөвхөн айлд хүнд даруулаад байж байхдаа ухаан орсон. Шарх үүссэн хүнийг шууд хохирогчоор тогтоож шийдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар хэний үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон бэ гэдгийг таамаглахгүйгээр бодитой байдлаар авч үзэх ёстой. Г.Ганзоригийн гэр рүү орохдоо “доор нэгийг алчихаад ирж байна” гэж Б.Лхамсүрэн хэлсэн мэтээр Г.Ганзориг ярьдаг. А.Эрдэмном эмнэлэгт очиж нас барсан. Г.Ганзоригийн гэрт зөвхөн яриа л болж байснаас биш ямар ч бодитой довтолгоо хийгдээгүй. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэж байдаг. Яг хэний үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон бэ гэх асуудлыг ярих ёстой. Ч.Сугар, Г.Лхагвасүрэн нарыг тусламж үзүүлээгүй байдлаас хүний амь нас хохирсон гэж үзсэн. Гэтэл Б.Лхамсүрэнгийн үйлдлээс хүний амь нас хохирсон гэж дүгнэсэн. Логик утгаар харахад хоёр хүний амь нас хохирсон мэт харагдаж байна. Дээрх асуудлууд бүрэн тогтоогдоогүй тул эргэлзээтэй байдал бий болж байна. Шинжээч “артерийн судас тасарсан тул 20-30 минут амьд байх боломжтой” гэдэг. Хэрэв Б.Лхамсүрэнгийн үйлдлээс амь хохирогчийн судас тасарсан бол Б.Лхамсүрэн дээр 30-40 минут хүнд дарагдаж, ийш тийшээ явж бараг 2 цагийн хугацаа өнгөрсөн байдаг. Иймд энэ хугацаагаар бодож үзэхэд Лхамсүрэнгийн үйлдлээс болж хохирогчийн судас тасарсан гэдэгт эргэлзээ үүсэж байна. Шүүхийн өмнөх хэргийг мөрдөн байцаалтад буцаасан тогтоолын заалт биелэгдээгүй. Иймд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Хавтаст хэрэгтэй танилцах тухай асуудлын хувьд бид хэргийг шүүхэд ирснээс хойш л танилцдаг. Мөрдөн байцаалтын явцад хэрэгтэй танилцуулдаггүй. Прокурор хавтаст хэргийн материалтай танилцах бололцоо нөхцөлөөр хангасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь хэргийн материалтай танилцах гэхээр “материал ирж байгаа, ирсний дараа танилцуулна” гээд нэг мэдэхэд хэргээ шүүхэд шилжүүлдэг” гэв.

 

Шүүгдэгч Ч.Сугарын өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэнгийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн тогтоолд миний үйлчлүүлэгчийн эрх ашигтай холбоотой 2 заалтыг заасан. Анхан шатны шүүх хуралдаанд Б.Лхамсүрэнгийн өмгөөлөгч нар фото зургийн нотолгоо гаргаж өгсөн. Үүнд Г.Лхагвасүрэнгийн гар цустай байна гэсэн асуудлыг тавьсан. Хэргийн газар очсон цагдаагийн албан хаагч, эмнэлгийн туслалцаа үзүүлэхээр очсон эмч нар тухайн талийгаачийг өргөж буусан мэтээр мэдүүлсэн. Хэрэг болсон газар нь 5 давхарт байдаг. Талийгаач биеэрхүү залуу байсан. “Ариун цэврийн өрөөнд талийгаачийг хүнд байдалтай байхад нь цагдаагийн албан хаагч намайг талийгаачийг өргөж эмнэлгийн нацилкан дээр тавилц гэсэн үүрэг өгсөн. Тэгээд би өргөлцсөн. Тэр үед гар цус болсон байж болно” гэж Г.Лхагвасүрэн анхан шатны шүүх хуралдаанд хэлсэн. Гэтэл цагдаагийн албан хаагч, эмч нар энэ талаар яагаад мэдүүлээгүй нь ойлгомжгүй байна. Хар ухаанаар бодоход 5 давхараас нацилкаар том биетэй хүнийг өргөөд буух нь боломжгүй мэт санагдаж байна. Үүнийг мөрдөн байцаалтаар тодруулах шаардлагатай. Ч.Сугарын мэдүүлэгт “Г.Лхагвасүрэн над руу хутга барин дайрч” гэсэн өгүүлбэр байдаг. Гэхдээ доод талын мөрүүдэд Б.Лхамсүрэн гэж бичсэн. Иймд Г.Лхагвасүрэн, Б.Лхамсүрэн нарын хэн нь хутга барьсан нь эргэлзээтэй гэж үзэж болохоор байна. Эсвэл энэ нь техникийн алдаа юу гэх зэрэг асуудлыг эцэслэн тогтоох шаардлагатай. Иймд шүүхийн тогтоолыг дэмжиж байна” гэв.

 

Шүүгдэгч Ч.Сугар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбаргүй” гэв.

 

Хохирогч Ч.Гэрлээгийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс хэргийг 2 удаа хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан. Сүүлийн шүүхийн тогтоолд 6-7 заалтыг зааж мөрдөн байцаалтад буцаасан. Үүнийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэрэг хангалттай шалгагдаж, тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан завсарлаж шүүгч нар зөвлөлдөх тасалгаанаас орж ирээд нэгдүгээр үндэслэл нь ял өөрчлөн сонсгосон байхад “тогтоолыг танилцуулж байцаалт аваагүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг  зөрчсөн байна” гэсэн. Хоёрдугаар үндэслэл нь “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна” гэсэн 2 үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа гэж хэлсэн. Энэ нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байх гэж бодож байна. Үүнээс өөр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг нотлоогүй байна гэж огт дурдаагүй. Бид нарт тогтоолыг танилцуулах ёсгүй. Тосгуурын доор тунарсан цусны тухай асуудлын хувьд энэ газар А.Эрдэмном л байсан. Эдгээр цус нь А.Эрдэмномын цус юм. Мөн хохирогч Г.Ганзоригийг алахыг завдсан эсэх сэдэлтийг тогтоох асуудлын хувьд шүүх өөрийн дотоод итгэлээр дүгнэх боломжтой байсан. Хувинд цус гоожиж дусалсан тухай асуудлын хувьд амьдрал дээр ямар нэг саванд буй шингэн зүйл дээр дахин шингэн зүйл дусахад цацрах нь тодорхой. Үүнийг яаж, юугаар шалгаж тогтоох вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Сугарын аль нэг газраас цус гаран дээрээс нь дахиад цус дусахад цацрах нь тодорхой. Орны бүтээлгийн тухайд хоёр шинжээчийн дүгнэлт гарсан. Эхлээд 2 дугаар бүлгийн цус илэрсэн, дараа нь гарсан дүгнэлтээр 3 дугаар бүлгийн цус илэрсэн. Үүний зөрүүтэй асуудлыг шинжээч эмчийг байцааж шалгасан. Шинжээч эмч н.Тэнүүн “хивс маш их бохирдолтой байсан. Хивс, дрожноос авсан арчдас, дээж шинжилгээний шаардлага хангадаггүй юм. Үүнд ДНХ-н шинжилгээ хийх боломжгүй. Бүтээлгэн дээрх цус өмхийрч муудсан тул шинжилгээ хийхэд тэнцэхгүй” гэж мэдүүлсэн нь хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан байгаа. 3 дугаар бүлгийн цус гэдэг нь Г.Лхагвасүрэнгийн цус гэдэг нь эргэлзээтэй гэж байна. Гэтэл энэ хэний цус байх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Г.Лхагвасүрэнг хэн сэрээсэн нь зөрүүтэй гэж байна. Шүүгдэгч нар болсон асуудлыг тухайн үед сэргээж санасан байдлаараа мэдүүлсэн учир дахиад асуувал урьд ярьснаараа л мэдүүлнэ. Иймд энэ асуудлыг одоо тогтоох боломжгүй. Г.Лхагвасүрэнгийн гарыг юунаас болж цус болсон бэ гэдгийг анхан шатны шүүх хуралдааны явцад тогтоогдсон. Учир нь Г.Лхагвасүрэн “талийгаачийг өргөлцөхөд цус болсон байх” гэж мэдүүлсэн. Тогтоол гармагц танилцуулж, байцаалт аваагүй гэх асуудлын хувьд өмгөөлөгч нар хуулиар өөрт олгогдсон эрхээ яагаад эдэлдэггүй, үйлчлүүлэгчийнхээ өмнө хүлээсэн үүргээ яагаад биелүүлдэггүй юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. “Нэг мэдэхэд шүүхэд хэргийг шилжүүлсэн” гэж ярьж байгаа нь ажлаа ийм анзаараггүй хийж байгаа мэт сонсогдож байна. Бид хэргийг шүүхэд шилжүүлэхэд “тогтоолоо бидэнд танилцуулаагүй учир хэргийг буцааж өгнө үү” гэсэн хүсэлтийг тавиж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр буцаалгаж болно. Гэтэл шүүх хуралдаан болохоос өмнө энэ талаар яриагүй байж шүүх хуралдаанд ийм зүйл ярьж байгаа нь өмгөөлөгчийн хариуцлаггүй асуудал гэж үзэж байна. Б.Лхамсүрэнгийн цус 3 дугаар бүлгийн цус учир орны бүтээлгээс илэрсэн цустай тохирч байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэргийг Б.Лхамсүрэн үйлдсэн гэдэгт хохирогч талаас эргэлзэхгүй байгаа. Б.Лхамсүрэнг энэ хэргийг үйлдсэн гэдгийг нотлох баримт байхгүй гэж ярьж байна. Гэтэл Г.Ганзориг “Б.Лхамсүрэн би доор нэг хүнийг дүрчихсэн гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Энэ нь хавтаст хэргийн 54-55 дугаар талд авагдсан. Г.Ганзоригийн энэ мэдүүлгийг нотлох баримт нь тухайн үед утсаар ярьсан хоёр эмэгтэйн гэрчээр өгсөн мэдүүлэг юм. Тэр хоёр эмэгтэйд Ч.Сугар болсон зүйлийн талаар бүгдийг ярьсан байсан. Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийлн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй бол” гэсэн үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Би дээрх асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байна. Хэрэгт нотлох баримтууд хангалттай цугларсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлд заасны дагуу үнэлэх асуудал үлдэж байна. Гэтэл яагаад нотлох баримтуудыг үнэлж чадахгүй байгаа нь ойлгомжгүй байна. Нотлох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн. Иймд шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Прокурор Д.Ширэндэвийн бичсэн эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар шүүхийн тогтоолын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлийн 1 дэх заалтын “Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн аль нь болохыг тогтоох” тухай хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Учир нь хохирогч Ч.Сугарыг хутгалж гэмтэл учруулсан, түүнийг элдэн хөөж байсан шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн үйлдэл нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайн сэдэлтээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн алин болохыг нарийвчлан тогтоосны эцэст түүний үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчилж, хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй юм. Энэ үндэслэлээр Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.3-т заасан нотолбол зохих асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоолын үндэслэх хэсгийн 1 дэх заалт үндэслэл бүхий байна.

 

Харин мөрдөн байцаалтын шатанд шүүх хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг эдлүүлэх боломжгүйгээр, хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөх замаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь буруу болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхой заасан байна.

            Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Ганзоригийн эхнэр Б.Номин-Эрдэнэ “...би 00-ын хаалгыг онгойлгоод гараад ирэхэд хоёр гартаа хутга барьсан, гарын 2 шуу зэрэг нь цус болчихсон залуу байсан. Тэр залуу хутга барьсан гараараа над руу заангаа “Буцаад ор” гээд захирангуй аястай хэлсэн. Би эргээд 00-ын өрөө рүүгээ ороод хаалгыг нь дотроос нь түгжсэн. Тэгээд ванны өрөөнд байсан өөрт таарах боломжтой хувцаснуудыг давхарлаж өмсөөд сууж байсан. ...тэгтэл нөгөө залуу “Би чамайг түрүүлж алах уу, энэ эмэгтэйг түрүүлж алах уу” гэж асууж байсан…Тухайн үед маш их айж байсан болохоор сандарсан…Танихгүй айлд орж ирчихээд ийм авир гаргасанд маш их гомдолтой” гэж мэдүүлснээс дүгнэхэд шөнийн цагаар хутга барин гэрт нь дайрч орсон шүүгдэгч Б.Лхамсүрэнгийн үйлдлээс хохирогч Г.Ганзориг болон түүний эхнэр Б.Номин-Эрдэнэ нарын хэн алины амь нас, эрүүл мэнд хохирч болох аюултай нөхцөл байдалд байсан нь тодорхой байхад мөрдөн байцаалтын шатанд түүнийг хохирогчоор тогтоолгүйгээр, гэрчээр мэдүүлэг авсан төдийгөөр хязгаарлаж түүний хохирогчийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлд заасан “...өмгөөлөгч авах, баримт сэлт гаргаж  өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах, гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж  тайлбар гаргах...” зэрэг хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нь буруу байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны дээр дурдсан ноцтой зөрчлийг арилгаж, Б.Лхамсүрэнгийн үйлдлийг бүхэлд нь зөв зүйлчилж тохирсон зүйлээр яллагдагчаар татан байцаах, гэмт хэргийн улмаас хохирол хүлээн этгээдүүдийг бүрэн зөв тогтоож байцаан шийтгэх ажиллагаанд оролцуулах, холбогдох мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулснаар анхан шатны шүүхийн тогтоолд дурьдсан зөрчлүүдийг арилгах бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн тул Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн “2, 3, 4, 5, 6, 7” дахь заалтуудыг хүлээн авч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар шүүхийн тогтоолын үндэслэх хэсгийн 1 дэх заалтын “Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн аль нь болохыг тогтоох” тухай хэсгээс бусдыг нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн тогтоол болон энэхүү магадлалд заасан ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдлөн байцаалтад буцаахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвийн бичсэн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/35 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийн “2, 3, 4, 5, 6, 7” дахь заалтуудыг хүлээн авч, “1” дэх заалтыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 168 дугаар шүүхийн тогтоолын үндэслэх хэсгийн “2, 3, 4, 5, 6, 7” дахь заалтуудыг хүчингүй болгож, “1” дэх заалтын “Б.Лхамсүрэн нь зэвсэг хэрэглэн танхайрсан эсвэл танхайрах явцдаа хүнийг санаатай алахыг завдсан үйлдлийн аль нь болохыг тогтоох” тухай хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичиж болохгүйг дурдсугай. 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧИД                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                     Ц.ОЧ