Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01213

 

 

 

 

 

 

 

 

2022 06 27 210/МА2022/01213

 

 

Б.Ды нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01012 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Ды хариуцагч НХАГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Д нь 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийн ХЭФ-г хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд эрүүл мэндийн салбарт нийт 33 жил үр бүтээлтэй ажиллаж, хүүхдийн эмчийн Тэргүүлэх зэрэгтэй Клиникийн профессор цолтой ахмад эмч хүн. 2003 оноос эхлэн НХАГт нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэвэрт гарч улмаар үргэлжлүүлэн тус байгууллагад нярайн их эмчээр ажиллаж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ёс зүйн алдаа гаргасан гэх шалтгаанаар гүтгэн үндэслэлгүйгээр ажлаас халсан. Б.Д нь тус НХАГт ажиллаж байх хугацаандаа эмчилгээ үйлчилгээний стандартыг чанд баримталж, халдвар хамгааллын дүрэм журмыг хатуу мөрдөж, хамт олноо зохион байгуулж ажилласан. Тус байгууллагад 17 жил идэвхи зүтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэж байтал ажлын 2 өдрийн дотор асуудал шийдэгдэж, гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Б.Ды хувьд ахмад туршлагатай эмчийн зүгээс аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж, зарим эмх замбараагүй ариутгал цэвэрлэгээ дутуу дулимаг хийсэн тухай бүрт хэлж, ажлаа сайжруулах талаар зөвхөн ажлын шаардлага тавьж зарчимч байдлаар ажилласаар ирсэн. Сүүлийн үед зарим асрагч нар үүрэгт ажлаа дутуу хийх, ариутгал агаарын цацлага зэрэг зохих хугацаандаа хийгдэхгүй байгаад ажлын шаардлагыг тавихад хүлээж авахгүй эсэргүүцэж нийлж гомдол гаргасан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний баасан гаригт дарга Л.Жаргал нь намайг хүний нөөцийн ажилтнаар дамжуулан өрөөндөө дуудсан. Өрөөнд нь ороход хуулийн зөвлөх Оюунбилэг уг өргөдлийг танилцуулсан. Дарга Л.Жаргал нь дээрэлхүү зандарсан байдлаар харьцаж өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд гар гэж тулган дарамталсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу Даваа гаригт ёс зүйн хорооны хурлаар байгууллагын удирдлагын багийн хуралд миний асуудлыг хэлэлцэхээр шийдвэр гарсан тул миний бие дахин хурал болох юм байна гэж ойлгож байсан. Гэтэл маргааш өглөө нь хүний нөөцийн албаны дарга н.Мөнхбат утсаар дуудан ажлаас халсан тушаал танилцуулсан. Иймд ажлаас үндэслэлгүй халсан тул урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.Д эмч нь тус Хүрээ амаржих газарт 2003 оноос нярайн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2018 оны 09 сарын 27-ны өдрийн Б/140 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдөж улмаар мөн оны 9 сарын 28-ны өдрийн Б/141 дүгээр тушаалаар нярайн их эмчээр томилогдон ажиллаж байсан. Б.Д эмчийн ёс зүйн харилцаа хандлагын талаар тасгийн эмч ажилчдаас амаар болон бичгээр өргөдөл гомдлууд ирж байсан, тухайн үед Б.Д эмчийг дуудаад анхааруулан хэлж гаргадаг байсан. Тус тасгийн үйлчлэгч Ж.Нарангэрэл, туслах сувилагч М.Навчаа нар нь Хүрээ амаржих газрын дарга болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд гомдол гаргасны дагуу хуулийн зөвлөх С.Оюунбилэгийн хамт Б.Д эмчтэй уулзаж холбогдох гомдол гаргасан эмнэлгийн мэргэжилтнүүдийг дуудаж уулзаж ярилцсан болно. Хүрээ амаржих газрын эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороогоор Б.Д эмч, туслах сувилагч М.Навчаа, үйлчлэгч Ж.Нарангэрэл нарын өргөдөл гомдлыг хэлэлцэж 2020 оны 10 сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийн шийдвэр, зөвлөмж саналыг судлан Эрүүл мэндийн тухай 26-р зүйлийн 26.4-т заасны дагуу Хүрээ амаржих газрын даргын 2020 оны 10 сарын 13-ны Б/260 дугаар тушаалаар Б.Ды хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн хууль, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын 3-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм, Хүрээ амаржих газрын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээнд нийцүүлж гаргасан болно. Иймд Б.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баасандоржийн Дэлгэрсайханыг Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн тасгийн эмчийн ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газраас ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 21,789,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ды ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газраас улсын тэмдэгтийн хураамж 266,898 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Хүрээ амаржих газрын хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтуудын агуулгаас харахад тухайн ажилтны зан харилцаа, ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны болон бусад эрх бүхий байгууллагаар тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцон, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар байна. Ёс зүйн хэсгийн хорооноос нэхэмжлэгч Б.Дыг хамтран ажиллагсдаа үг хэлээр доромжилсон, хулгайд сэрдсэн, уг үйлдэл нь нотлогдоогүй байхад хамтран ажиллагсдад нь тараасан зэргээр Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн байна гэж дүгнэн, Б.Дд сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлсэн байх бөгөөд уг саналыг гаргасан ёс зүйн хэсгийн хороо нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тогтоодог цорын ганц байгууллага болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.б. О.Төмөрийн оронд хүний нөөцийн менежерээр томилогдсон П.Мөнхбат албан тушаалын дагуу хэсгийн хорооны нарийн бичгийн даргаар хуралд оролцсон байхад хууль бус бүрэлдэхүүнээр гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.в. Ёс зүйн хэсгийн хорооноос нэхэмжлэгч Б.Дыг ёс зүйн зөрчил гаргасан болохыг нь тогтоож, ажил олгогчид санал хүргүүлсэн бөгөөд энэ нь гадагшаа чиглэсэн буюу Б.Дд шууд эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх тул шийдвэрт гомдол гаргах эрхээр хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв бодитой дүгнэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч НХАГт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...миний бие тус байгууллагад 17 жил идэвхи зүтгэл гаргаж, хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар ажил үүргээ гүйцэтгэж байтал ажлын 2 өдрийн дотор асуудал шийдэгдэж, гэнэт ажлаас халсан нь үндэслэлгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Б.Д эмчийн ёс зүйн харилцаа хандлагын талаар тасгийн эмч, ажилчдаас амаар болон бичгээр өргөдөл гомдлууд ирж байсан... үйлчлэгч Ж.Нарангэрэл, туслах сувилагч М.Навчаа нар гомдол гаргасан... Хүрээ амаржих газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/260 дугаар тушаал хууль дүрэмд нийцсэн гэж тус тус тайлбарласан.

 

3. Б.Д нь 2003 оноос Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн тасгийн их эмч, нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч талууд харилцан тохиролцож нэхэмжлэгч 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нярайн тасагт их эмчээр үргэлжлүүлэн ажилласан. /1хх-ийн 1-3, 5, 19/

Хариуцагч Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай Б/230 дугаар тушаалаар Б.Дыг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон нярайн тасгийн эмчийн албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдсон. /1хх-ийн 21/

 

4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хүрээ амаржих газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.6.1, хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.2.6, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.9, Хүрээ амаржих газрын Ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн Б.Дыг хүнлэг, энэрэнгүй байх, хүндэтгэлтэй хандаж, хүн бүрт тэгш хандаж, үл ялгаварлах ёс зүйн тулгуур зарчмыг баримтлаагүй, хамтран ажиллагсдыг удаа дараа хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх зэрэг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн алдаа гаргасан гэх үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

НХАГ болон Б.Д нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална. Үүнд: ... 6.2.9 ажилтны зан харилцаа, ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны болон бусад эрх бүхий байгууллагаар тогтоогдсон гэжээ. /1хх 2-3/

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Ды талаар Нийслэлийн Хүрээ амаржих газрын ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн дүгнэлт гарсан бөгөөд уг дүгнэлтээр Б.Д нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8.7, 8.9 дэх заалтуудыг зөрчсөн тул Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлж байна гэжээ. /1хх 47/

Уг дүгнэлтэд нярайн тасгийн эмч Б.Д нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 8 дугаар зүйлийн 8.7 Эмнэлгийн мэргэжилтэн хүний эрх, нэр төрийг хүндэтгэх, нийгмийн шударга ёсны төлөө тэмцэх, хувь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө үйлчлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, зохих хандлагыг эзэмшсэн байна, 8.9-д Үйлчлүүлэгч болон хамтран ажиллагсдыг хэл амаар доромжлох, гүтгэх, бүдүүлэг үг хэрэглэх, бэлгийн дарамтад оруулахгүй байна гэсэн заалтуудыг зөрчсөн талаар дурдсан байна.

Дээрх баримтаар нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийн үндэслэл болох Ёс зүйн салбар хорооны дээрх хурал нь хууль бус бүрэлдэхүүнтэйгээр ажилтны талаарх ёс зүйн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, ажилтны үйлдлийг ноцтой зөрчил гэж үзсэн тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг ёс зүйн хяналтын хороонд санал тавьж шийдвэрлүүлэх байтал хууль, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн хариуцлага тооцуулахаар ажил олгогчид санал гаргасан, хорооны шийдвэрт гомдол гаргах нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоожээ. /2хх 17-18/

5.а. Нийслэлийн Хүрээ амаржих газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн амаржих газрын ёс зүйн хэсгийн хороог шинэчлэн батлах тухай А/31 дүгээр тушаалаар хэсгийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан байх ба нарийн бичгийн даргаар Хүний нөөцийн албаны дарга О.Төмөрийг томилжээ. Нийслэлийн Хүрээ амаржих газрын ёс зүйн хэсгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралд нарийн бичгийн даргаар П.Мөнхбат оролцсон байх ба хариуцагч О.Төмөр ажлаас гарсан тул түүний оронд томилогдсон П.Мөнхбат хуралд оролцсон гэж тайлбарлажээ.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журмын 3.1-д хэсгийн хороо нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүхий 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байхаар 3.11-д хэсгийн хорооны гишүүнийг орлон ажиллахгүй, 3.16-д хэсгийн хорооны нарийн бичгийн дарга нь тухайн хэсгийн хорооны харъяалах эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар тус тус заажээ. Мөн хэсгийн хорооны гишүүнээр журмын 3.6-д заасан шалгуурыг хангасан иргэнийг сонгох бол нарийн бичгийн дарга нь журмын 3.16-д заасан албан тушаалтан байхаар зохицуулжээ.

Дээрхээс дүгнэхэд хэсгийн хорооны нарийн бичгийн дарга нь гишүүн биш байх тул журмын 3.11 дэх заалт нарийн бичгийн даргад хамаарахгүй юм.

Иймд журмын 3.16-д зааснаар хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн П.Мөнхбат хэсгийн хорооны хуралд оролцсоныг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр ажилтны талаарх ёс зүйн гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.б. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны журмын 2.1.5-д эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаж Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд санал тавьж шийдвэрлүүлэхийг хэсгийн хороонд үүрэг болгожээ. Хэсгийн хороо уг үүргээ биелүүлээгүй нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

5.в. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 5.11-д ёс зүйн зөрчлийн асуудалд холбогдсон эмнэлгийн мэргэжилтэн нь хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл харъяалах дээд шатны хороонд гомдол гаргах эрхтэй талаар заасан байх ба нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх хэдий ч нэхэмжлэгч ёс зүйн хэсгийн хорооны дээрх шийдвэрт гомдол гаргаагүй, хэсгийн хорооны шийдвэр хүчин төгөлдөр байна. Иймд ажил олгогчийн тушаал хуульд үндэслээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

Иймээс нэхэмжлэгч хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцээгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэл тогтоогдсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул НХАГт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ды нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар гомдлыг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН