Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 343

 

“Б т” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Багануур дүүргийн

Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн

татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарт холбогдох

зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                   Х.Батсүрэн

                                         М.Батсуурь

                                         Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч   

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0722 дугаар шийдвэр,

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.К, хариуцагч Т.Б, Э.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0722 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дахь заалтыг хүчингүй болгож, Багануур дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын ахлах байцаагч Т.Б, Э.Б нарын 2018 оны 01-р сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” №271720016 тоот шийтгэлийн хуудасны 6 дах заалт буюу 2016 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 1.400.367.500.0 төгрөгийн нийслэл болон орон нутгийн санхүүжилтийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх орлогоор буруу тайлагнаж, 1.273.061.363.6 төгрөгийн татвар ногдох орлогыг буруу тайлагнасан зөрчилд 127.306.136.4 төгрөгийн нөхөн татвар, 38.191.840.9 төгрөгийн торгууль, 19.248.684. төгрөгийн алданги буюу нийт 184.746.661.3 төгрөгийн шийтгэл ногдуулсан хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 722 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаар  магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх …хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, маргаан бүхий захиргааны хэрэгт холбогдох хуулийн хэм хэмжээг зөв хэрэглээгүйгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой.

4. Шүүх маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Б т” ОНӨААТҮГ-ын гомдолтой, Багануур дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Т.Б, Э.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан шийдвэрлэж шүүхээс 128/ШШ2019/0722 дугаар шийдвэр гарсан. Уг ...шийдвэрийг шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч нарт 1/8203 дугаар албан бичгээр хүргүүлсэн байсан. Хариуцагч нараас Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 2-т заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд ирүүлээгүй тул  гомдол гаргагчаас шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон гэж үзэж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Багануур дүүргийн Татварын хэлтэст шүүхийн шийдвэрийн дагуу, НӨАТ-ын тайланг засуулах талаар, дүүргийн удирдлагуудын зөвлөлийн хурлаар танилцуулахад, Багануур дүүргийн Татварын хэлтсээс, хугацаа сэргээлгэх хүсэлтээ шүүхэд гаргасан гэсэн тайлбар гаргаж байсан.

5. Энэ талаар шүүхээс тодруулахад Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нараас тус шүүхийн 128/ШШ2019/0722 дугаар шийдвэрт гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтээ 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан гэж мэдээлсэн. ...Шүүхээс  давж заалдах гомдол гаргах хугацааг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр сэргээж,  захирамжийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүргүүлсэн байхад хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-т заасан хуулийн хугацаанд давж заалдах гомдлоо гаргаагүй. Гомдол гаргагч байгууллагын зүгээс Багануур дүүргийн Татварын хэлтэст 2019 оны 12 дугаар сарын сүүлээр 2016-2019 оны хоорондын НӨАТ-ын тайланг шүүхийн шийдвэрийн дагуу залруулж тайлагнахад зөрчилгүй гэж үзэн хүлээн авсан. Хариуцагч нь шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0722 дугаар шийдвэрт хуулийн дагуу давж заалдах гомдол гаргаагүй, мөн захиргааны хэргийн 128/ШШ2019/0722 дугаар шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гомдол гаргагч байгууллагын 2016-2019 оны НӨАТ-ыг хасч тайлагнасан татварын тайланг хүлээн авч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн.

6. Хариуцагч нар нь 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид  “манай байгууллагын гомдлыг анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэнгүй” гэх утга бүхий гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын өмнө нь гаргасан давж заалдах гомдлыг, дахин давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Уг хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн хойно хариуцагч давж заалдах гомдол гаргасан гэж үзэх боломжгүй, давж заалдах шатны шүүхэд ирсэн хариуцагчийн гомдол нь давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхээс өмнө гаргаж байсан гомдол байна.

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвхөн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, давж заалдах гомдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй байхад, хэргийг хянан хэлэлцэж, шийдвэр гаргасан нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1, 118.3 дахь заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн.

8. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй тухайд: ...Хавтаст хэрэгт гомдол гаргагч “Б т” ОНӨААТҮГ-аас Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн акт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тавигдсаны дараа дүүргийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Төрийн сан, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Сангийн яам зэрэг төсвийн санхүүжилтийн асуудлыг олгодог бүх байгууллага, эрх бүхий албан тушаалтнуудад, Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн акт болоод нийслэл болон орон нутгийн төсвийн санхүүжилтээс НӨАТ төлөх асуудалтай холбоотой гомдол гаргасан байдаг. Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх гомдол гаргагч татварын улсын байцаагчийн акттай маргаагүй гэх дүгнэлт хийж буй нь давж заалдах шатны шүүх маргаан бүхий  хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй гэж үзнэ.

9. Давж заалдах шатны шүүх маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд хуулийн хэм хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж болдог. Гэтэл хариуцагч Багануур дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нар “Б т” ОНӨААТҮГ-тай холбогдуулан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуулийн дээрх шаардлагыг хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Эдгээр нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 08, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн татварын байцаагчаас холбогдогчтой хийсэн ярилцлагын тэмдэглэл, уг тэмдэглэлд маргаан бүхий нийслэл болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн мөнгөнөөс НӨАТ суутгаж тайлагнаагүйд холбоотой мэдүүлэг аваагүй.

10. Энэ талаарх баримтуудыг холбогдогч болон холбогдох байгууллагаас аваагүй, мөн нийслэл болон орон нутгийн санхүүжилтээр олгосон мөнгийг ямар үйл ажиллагаанд зарцуулсан  талаарх үйл баримтуудаа тодруулаагүй. ...Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх үндэслэл бүхий шийдвэрийг огт хянаж үзэлгүйгээр зөвхөн маргаан бүхий хэрэгт гомдол гаргагч тухайн үед зөрчлийг хүлээн зөвшөөрсөн байна гэх дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй шийдвэр болсон. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

12. Анхан шатны шүүх маргаан бүхий актын формаль болон материаллаг эрх зүйн шаардлагыг бүрэн дүгнэлгүйгээр “зөвхөн шийдвэр гаргах ажиллагааны алдаатай” /формаль эрх зүйн шаардлагыг хангаагүй/ гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна. Учир нь, ихэнхи тохиолдолд шийдвэр гаргах ажиллагааны алдаа нь захиргааны актыг шууд хүчингүй болгох үндэслэл болдоггүй тул шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тухайн алдаа нь захиргааны актын агуулга, эрх зүйн үр дагаварт нөлөөлсөн эсэх, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүхэлд нь дүгнэх учиртай.

13. Нөгөө талаас, гомдол гаргагч нь маргаан бүхий актын зөвхөн 6 дахь заалттай маргасан /актын бусад хэсгийг хүлээн зөвшөөрсөн/, харин хариуцагч тухайн актыг гаргахдаа бүхэлд нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс бус зөвхөн 6 дахь заалтыг уг журмаар шийдвэрлээгүйг анхаарах нь зүйтэй.   

14. Иймд “...анхан шатны шүүх “татварын улсын байцаагч нар зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн үндэслэлээр маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд огт дүгнэлт өгөхгүйгээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

15. Түүнчлэн, анхан шатны шүүх гомдол гаргагчаас нэхэмжлэлийн нэг зүйлд буюу нэг захиргааны актад “илт хууль бус болохыг тогтоолгох” болон “хүчингүй болгох” гэсэн хоёр өөр бие даасан шаардлага гаргасан байхад тодруулаагүй, мөн ямар ч дүгнэлт өгөлгүйгээр илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хүлээн авахаас татгалзаагүй/, хүчингүй болгох нэхэмжлэлийн хувьд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөөгүй зэрэг алдаа гаргасан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

16. Иймд,  “давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-т заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

17. Дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал зөв байх тул “давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэн зөв үнэлээгүй...” гэсэн утгатай /Тодорхойлох хэсгийн 8/ хяналтын гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

18. Энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-7-д заасан “шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хойно анхан шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн, хариуцагч хуулийн хугацаанд давж заалдах гомдлоо гаргаагүй, хариуцагчийн гомдол нь давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээлгэхээс өмнө гарсан байдаг, ийнхүү хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой алдаа...” гэсэн утгатай хяналтын гомдлын тухайд анхан болон давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд гомдол гаргах хугацаа сэргээсэн, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн асуудлаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

19. Мөн “хариуцагч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлсэн...” /Тодорхойлох хэсгийн 5/ гэх гомдлын үндэслэлийг хариуцагч нараас үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй.

20. Иймээс шүүх бүрэлдэхүүн гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 348 дугаар магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                   Г.БАНЗРАГЧ