Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 08 210/МА2022/01465

 

 

ЭТЭС ХХК, ЭТЭМ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01715 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЭТЭС ХХК болон ЭТЭМ ХХК-ийн хариуцагч Ц.Пд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдээр шилжүүлсэн Эс Ти Экс Сининет ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх 20,387,500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж ЭТЭМ ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ко Кёнрак, Э.Билэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ЭТЭС ХХК нь 2010 оноос хойш Жемнэт ХХК-аас интернетийн бөөний үйлчилгээ авч эхэлсэн. 2012 оноос хойш ЭТЭС ХХК-ийн хувьцааг Мобиком корпорациас худалдаж авах санал тавьж байсан. Тухайн үед Жемнэт ХХК-ийн удирдлагуудаас танай компаний 35 хувийн хувьцааг 2.5 ам доллароор худалдаж авах санал тавьсны дагуу манай компани Жемнэт ХХК-тай тохиролцоод үүсгэн байгуулагч Ц.Птай 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 35 хувийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. Гэрээ байгуулснаас хойш 7 хоногийн дотор 1 сая ам.долларыг худалдан авагч талаас шилжүүлэх, үлдэгдэл 1,5 сая ам.долларыг гэрээний 5.3-т зааснаар Жемнэт ХХК-аас ЭТЭС ХХК нь сар бүр авч байгаа интернэт урсгалын 125,000,000 төлбөрийг төлж дуусгана гэж тохиролцсон. Ц.П болон Жемнэт ХХК-ийн зүгээс 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах баримт бичгийг үйлдсэн. Татгалзсан тухай бичиг үйлдсэнээс 7 хоногийн дараа үл хөдлөх эд хөрөнгөө өг гэж шахалтанд оруулж баримт бичгүүдийг хийлгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй, дуусгавар болсон. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Жемнэт ХХК-тай төлбөр барагдуулах гэрээ, Ц.Птай харилцан тохиролцооны гэрээг байгуулсан. Уг гэрээгээр манай компанийн гүйцэтгэх удирдлагын хувьд эд хөрөнгөө шууд шилжүүлж өгөхөд хайран, өөрөө бүх бизнесээ босгоод явсан учраас өр төлбөрөө төлөөд үл хөдлөх эд хөрөнгөө 1 жилийн дотор буцаан худалдаж авах саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Уг гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэн авах гэрээг тус тус байгуулсан. Энэ өдрөөс хойш манай компани Жемнэт ХХК-д төлбөл зохих 932,873,000 төгрөгөөс 400 гаруй сая төгрөгийг сайн дураар Жемнэт ХХК-д төлсөн байсан. Ц.Пд төлөх ёстой 1 сая ам.доллар буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх өдрийн Монгол банк ХХК-ийн ханшаар 2,563,940,000 төгрөгийг төлөх баталгаа болгож шилжүүлсэн. 1 жилийн хугацаанд төлж чадаагүй тохиолдолд өмчлөх эрх Ц.Пын нэр дээр шилжээд уг гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэй. Энэ хугацаанд манай компани төлж чадаагүй учраас үл хөдлөх эд хөрөнгөө өгөөд өр төлбөрийг хаах хүсэлтэй байгаа. Харин үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоог бүрэн төлөгдсөн гэж заасан. Манай зүгээс үл хөдлөх эд хөрөнгөө Жемнэт ХХК-д төлөх 932,000,000 төгрөгийн төлбөртэй нийлээд 3,5 тэрбум төлөх баталгаа болгон шилжүүлж байгаа агуулгаараа нөгөө талаас харилцан тохиролцооны гэрээнд заасан хугацаанд өр төлбөрөө төлж чадах эсэх нь эргэлзээтэй, хэрэв төлөөгүй тохиолдолд худалдан авагч Ц.П гэрээний зүйлийн үнийг төлөхгүй гэх сэдлээр уг заалтын үр дагаварын хувьд төөрөгдөж үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн хэмээн тусгасан. Харин Ц.Паас үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үнэ 3 тэрбум төгрөгийг бодитоор төлөөгүй болно. Иймд уг заалт нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 58.3.4-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Хэлцлийн 2.2 дахь заалтаас бусад заалт Иргэний хуулийн 61.1-т заасан хүчин төгөлдөр байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзээд Иргэний хуулийн 243.1-т зааснаар гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө 3 тэрбумын зөрүү 428,356,150 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Нэхэмжлэгч ЭТЭС ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 932,800,000 төгрөгийг Жемнэт ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул уг өрийг төлөх баталгаа болгон шилжүүлсэн хувьцаагаа буцаан шаардах эрхтэй. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу хувьцаагаа шилжүүлж өгсөн өдрөөс 1 жилийн дотор төлбөр авагч Жемнэт ХХК-д өр төлбөрөө төлж барагдуулсан тохиолдолд Ц.П нь хувьцааг буцааж өгнө, ийнхүү өр төлбөрөө төлж чадаагүй бол хувьцаа Ц.Пд үлдэнэ гэх тохиролцоог хийсэн. Иймд Иргэний хуулийн 220.1, 220.2, 220.4, 205.1-д заасны дагуу тогтоогдсон 932,800,000 төгрөгийг хүлээн авах эрхгүй этгээд Ц.Птай байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнээс жинхэнэ үүрэг гүйцэтгүүлэгч Жемнэт ХХК-д төлбөр бүрэн төлөгдсөн буюу гэрээ байгуулах үндэслэл илтэд өөрчлөгдөж Ц.П үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдалд хүргэж буй тул татгалзаж, тус гэрээгээр шилжүүлсэн ЭТЭС ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх 20,387,500 хувьцааг шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ЭТЭМ ХХК болон ЭТЭС ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бэ Хёг Хунь нь иргэн Ц.Паас зээлийн гэрээ байгуулж дансаар 1 сая ам.доллар болон Жемнэт ХХК-аас авч байсан бөөний интернэт урсгалын төлбөр болох 1,5 сая ам.доллар, нийт 2,5 сая ам.долларыг зээлж авсан. Тухайн үед Жемнэт ХХК нь ЭТЭМ ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг ЭТЭС ХХК-д интернет урсгалын бөөний үйлчилгээний төлбөрт авах ёстой 1,5 сая ам.долларыг захиран зарцуулахтай холбоотой бүрэн эрхийг Ц.Пд олгосон. Үүнээс хойш нэг ч төлбөр төлөгдөхгүй байсаар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гэрээг дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт үйлдэж ЭТЭМ ХХК-аас 2,661,047 ам.доллар төлөхөөр болж, үүний дагуу 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулж ЭТЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг болон тус компанийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг үл маргах журмаар Ц.Пд шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл БНСУ-ын иргэн Бэ Хёг Хунь нь элдэв янзын шалтаг, зовлон хэлсээр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус компанийн захирал Бэ Хёг Хунь-д албан бичиг хүргүүлсэн. Талууд зөвшилцөлд хүрч 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр харилцан тохиролцооны гэрээг байгуулсан. Бэ Хёг Хунь-ийн саналын дагуу гэрээ байгуулах өдрийн ам.долларын ханш акт үйлдсэн үеийнхээс өндөр зөрүүтэй байсан тул акт үйлдэж тооцоо нийлж тогтоосон 2,661,047 ам.долларыг тухайн акт үйлдсэн өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож ЭТЭС ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000,000 төгрөгөөр, тус компанийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг 500,000,000 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгасан. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр холбогдох гэрээ, хэлцлүүдийг байгуулж нотариатаар батлуулаад дээрх хөрөнгүүдийг хариуцагчийн нэр дээр шилжүүлж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэл хийлгэсэн. Ц.П ЭТЭС ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсноор гүйцэтгэх захирал Бэ Хёг Хунь-ийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болж хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаж шинэ гүйцэтгэх захирлыг томилох, компанийн санхүү, тайлантай холбоотой болон бусад асуудлуудыг шийдвэрлэх учиртай байсан боловч БНСУ-ын иргэн Бэ Хёг Хунь нь элдэв янзын арга хэрэглэж хурал хийхгүй саад хийж хувьцаа эзэмшигчийн, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироосоор байна. Нэхэмжлэгч гаргах эрхгүй этгээд компанийн тухай хуулийг зөрчсөн асуудал байдаг. Зөрүү мөнгийг Ц.Паас гаргуулах ёстой гээд 35 хувийн хувьцааны мөнгийг өгөөгүй, 1 тэрбум долларын зөрүү 436,000,000 төгрөгийг өгөх ёстой гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, Жемнэт ХХК нь өөрийн 1.5 сая ам.долларыг Ц.Пд захиран зарцуулах эрхийг олгосон учраас өнөөдрийг хүртэл ямар нэг маргаан гаргаагүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр шийдсэн Жемнэт ХХК-ийн үйлчилгээний төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 265 дугаар зүйлийн 265.1, 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар нэхэмжлэгч ЭТЭС ХХК, ЭТЭМ ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дугаар заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн зөрүү 436 060 000 төгрөг гаргуулах, хувьцаа худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 20 387 500 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай хариуцагч Ц.Пд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭТЭС ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 657 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. 2018 оны 10 сарын 19-ны өдрийн Харилан тохиролцооны гэрээнд Худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгүүдийг буцаан худалдан авах агуулгыг тусгасан боловч 2018 оны 10 сарын 29-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээнүүдэд уг нөхцөлийг тусгаагүй. Буцаан худалдах, худалдан авах гэрээний хувьд ч гэрээний зүйлийн үнийг төлөх үүрэг Худалдан авагчид үүсэх байтал шүүх Худалдан авагч Ц.П нь гэрээний зүйлийн үнийг Худалдагчид огт төлөөгүй байгаа хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр Худалдагч нь гэрээ байгуулагдсанаас хойш 6 сараас 1 жилийн дотор хувьцаа ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг Ц.Пд төлж буцаан худалдан авах ёстой байсан мэтээр дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм.

4.б. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь заалт саад болж байгаа бөгөөд уг заалт нь гэрээний үнэ бодитоор төлөгдөөгүй байхад худалдан авагч Ц.Пд төлөх төлбөрөөс гадна Жемнэт ХХК-д төлөх 932,873,000 төгрөгийн төлбөрийн үүргийг харилцан тооцуулж дуусгавар болох эрх зүйн үр дагавар ирээдүйд үүснэ гэж төөрөгдөж гэрээний үнэ бүрэн төлөгдсөн гэж тусгасан. Иймээс гэрээний уг заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан.

4.в. Анхан шатны шүүхээс гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл байхгүй тул хариуцагчийг 428,356,150 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэж өөр дүгнэлт хийсэн гомдолтой байна.

4.г. Гэрээний талууд гэрээ байгуулсан үндэслэлийн талаар маргаж байгаа нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй адилтгаж үзнэ гэх үндэслэлд хамаарахаар байна. Мөн гэрээнээс татгалзах эрх нэхэмжлэгчид үүссэн гэх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь тохиролцсон хугацаанд хувьцааг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй байна гэх угаас гэрээний үнийг Ц.П төлөөгүй нь илэрхий байхад оновчгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангах өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ЭТЭМ ХХК болон ЭТЭС ХХК нар нь Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр буст тооцуулах, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн зөрүү үнэ 436,060,000 төгрөг болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээнүүдээс татгалзаж, уг гэрээнүүдээр шилжүүлсэн Эс Ти Экс Синитет ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн 35 хувьтай тэнцэх 20,387,500 ширхэг хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулж ЭТЭМ ХХК-д олгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 37-38/

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн хэмээн тусгасан боловч Ц.Паас үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үнэ 3 тэрбум төгрөгийг бодитоор төлөөгүй болно. Иймээс гэрээний уг заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.3.3, 58.3.4-т заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3 тэрбумын зөрүү 428,356,150 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэгч ЭТЭС ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой 932,800,000 төгрөгийг Жемнэт ХХК-д бүрэн төлж барагдуулсан тул Эс Ти Экс Ситинэт ХХК-ийн 35 хувийн хувьцааг хариуцагчаас буцаан гаргуулна гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрээ хэрэгжээд дуусгавар болсон, нэхэмжлэгч шаардах эрхгүй, гэрээнд буцаан худалдан авах болзол тавьсан боловч нэхэмжлэгч хариуцагчид төлбөл зохих өр төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон ЭТЭС ХХК-ийн хувьцааг эргүүлэн авах эрхээ алдсан гэж тус тус тайлбарласан.

3. ЭТЭМ ХХК болон Ц.П нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /хх 130-136/, 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Гэрээ дүгнэж, дуусгавар болсонд тооцох тухай акт, 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Харилцан тохиролцооны гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулагдсан байна. /хх 14-24, 39-47, 137/

3.а. 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр ЭТЭМ ХХК нь ЭТЭС ХХК-ийн гаргасан хувьцааны 35 хувийг Ц.Пын өмчлөлд шилжүүлэх, Ц.П нь ЭТЭМ ХХК-д 2,500,000 ам долларыг төлөх, үүний 1,000,000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дотор багтаан төлөх, үлдэх 1,500,000 ам.долларыг 2012 оны 10 дугаар сараас эхлэн сар бүр олгохоор,ингэхдээ ЭТЭС ХХК-аас Жемнэт ХХК-д төлөх гадаад бэндвит төлбөрийг сард олгох төлбөрт тооцохоор тохиролцжээ.

3.б. 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээ дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай актаар талууд хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Ц.П ЭТЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг эзэмших эрхээсээ татгалзаж, ЭТЭМ ХХК Ц.Пд нийт 2,661,047 ам.долларыг буцаан төлөхөөр тохиролцжээ. Талууд өмнөх гэрээнээс татгалзах талаар тохиролцсон байна.

3.в. Дээрх гэрээтэй холбоотойгоор 2014 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээгээр ЭТЭС ХХК нь 2,661,047 ам.долларыг гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд Ц.Пд буцаан төлөх, ЭТЭС ХХК нь дээрх хугацаанд төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд ЭТЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцаа болон ЭТЭС ХХК-ийн байрлаж буй барилгыг Ц.Пын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцжээ.

3.г. Жемнэт ХХК ЭТЭС ХХК-д холбогдуулан 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны интернэтийн үйлчилгээний төлбөр болон алданги гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1871 дүгээр магадлалаар иргэн, хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан хувьцааны өр төлбөр шилжүүлэх, зээл тооцох асуудлаар хийгдсэн гэрээний харилцааг зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт шууд хамааруулах үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Ц.Пыг Жемнэт ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагийн охин гэдгээр түүний бусад этгээдтэй хийсэн гэрээ хэлцлийг үндэслэн нэхэмжлэгч, хариуцагч компаниудын хоорондын гэрээний үүргийг харилцан тооцсон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч талыг хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчилгээний төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй гэж үзнэ гэж дүгнэлт хийж ЭТЭС ХХК-аас 932,873,000 төгрөгийг гаргуулж Жемнэт ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Дээрхээс дүгнэхэд Ц.П нь 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 2,500,000 ам.доллар төлөхөөс 1,000,000 ам.долларыг төлж, 1,500,000 ам.доллар төлөх үүргээ биелүүлээгүй байх үед талууд 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Гэрээ дүгнэж дуусгавар болсонд тооцох тухай актаар уг хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан байна. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөхөөр тохиролцжээ.

Уг актын дагуу Ц.П ЭТЭС ХХК-ийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг эзэмших эрхээсээ татгалзаж, ЭТЭМ ХХК Ц.Пд нийт 2,661,047 ам.долларыг буцаан төлөхөөр тохиролцсон байна.

Гэвч энэхүү актаас хойно гарсан дээрх шүүхийн шийдвэрээр Ц.Пын төлөх 1,500,000 ам.долларыг Жемнэт ХХК-аас үзүүлэх интернет болон сувгийн гэрээт үйлчилгээний төлбөрөөр барагдуулж, үүргийг харилцан тооцоогүй гэж дүгнэн шийдвэрлэсэн байна. Иймд ЭТЭМ ХХК нь Ц.Пд дээрх актад заасан 2,661,047 ам.долларыг биш, харин гэрээний гүйцэтгэл болох 1,000,000 ам.долларыг буцааж өгөх үүрэгтэй.

3.д. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээгээр ЭТЭМ ХХК нь ЭТЭС ХХК-ийн эзэмшилд байгаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг болон өөрийн эзэмшдэг ЭТЭС ХХК-ийн хувьцаанаас 35 хувийг Ц.Пд шилжүүлэн өгөх, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг эргүүлэн худалдаж авах эрхийг ЭТЭМ ХХК нь шилжүүлэн өгсөн өдрөөс хойш 6 сарын хугацаанд, шилжүүлэгдсэн хувьцааны хувьд ЭТЭМ ХХК шилжүүлэн өгсөн өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хувьцааг эргүүлэн худалдаж авах эрхийг хэрэгжүүлэх эрхтэй, үл хөдлөх эд хөрөнгийг эргүүлэн худалдаж авах үнэ нь 3,000,000,000 төгрөг, хувьцааг эргүүлэн худалдаж авах үнэ нь 500,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ.

Дээрх тохиролцооны талаар нэхэмжлэгч нь Ц.Пд буцааж өгөх 1,000,000 ам.доллар буюу 2,563,940,000 /2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулах үеийн 1 ам.долларын ханш 2,563.94 төгрөг/ төгрөг дээр шүүхийн шийдвэрээр Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 /төлбөр 932,873,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4,822,315 төгрөг/ төгрөгийг нэмж, нийт 3,501,635,315 төгрөгийн төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000,000 төгрөгөөр, хувьцааг 500,000,000 төгрөгөөр үнэлж шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж, хариуцагч нь акт үйлдэж тооцоо нийлж тогтоосон 2,661,047 ам.доллар буюу 4,856,783,321 /2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай акт үйлдсэн өдрийн 1 ам.долларын ханш 1,825,14 төгрөг/ төгрөгөөс шүүхийн шийдвэрээр Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгийг хасч, үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000,000 төгрөгөөр, хувьцааг 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлж шилжүүлэн авахаар тохиролцсон гэж тус тус тайлбарлажээ.

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэр гарснаар Ц.Пыг 1,500,000 ам.доллар төлсөн гэж үзэх үндэслэлгүй болж, тэрээр 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 1,000,000 ам.долларыг буцааж авах эрхтэй байна.

Иймд талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн харилцан тохиролцооны гэрээ байгуулахдаа акт үйлдэж тооцоо нийлж тогтоосон 2,661,047 ам.доллараар үүргийг тооцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

3.е. Талууд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээ байгуулахдаа шүүхийн шийдвэрийн дагуу Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгийн төлбөрийг хасч тооцсон гэх боловч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний төлбөрөөс илүү төлсөн 403,926,001 төгрөгийг төлсөн болохыг тогтоосон.

Улмаар Жемнэт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 493,721,315 төгрөг төлөгдсөн бөгөөд төлбөр төлөгчөөс үүнээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрийн дансанд байршуулсан 390,630,000 төгрөгийг олгуулах талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргаж байжээ. Иймд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээ байгуулахдаа нэхэмжлэгчийн буцааж өгөх үүрэгтэй мөнгөнөөс шүүхийн шийдвэрийн дагуу Жемнэт ХХК-д төлөх төлбөрийг хасч тооцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийн дагуу Жемнэт ХХК-д төлөх 937,695,315 төгрөгийг төлж барагдуулсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00581 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 934 дүгээр магадлал, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас мөнгө шилжүүлэх баримтууд, Жемнэт ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамирын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.

3.ё. Дээрх байдлаар ЭТЭМ ХХК шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг Жемнэт ХХК-д төлснөөр 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Харилцан тохиролцооны гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх боломжгүй болсон тул Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт зааснаар ЭТЭМ ХХК гэрээнээс татгалзах эрхтэй. Иймд уг гэрээний дагуу шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3,000,000,000 төгрөгөөс Ц.Пд буцааж өгөх үүрэгтэй 1,000,000 ам.доллар буюу 2,563,940,000 төгрөгийг хасч, үлдэх 436,060,000 төгрөгийг болон ЭТЭС ХХК-ийн 35 хувийн хувьцааг буцааж авахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

3.ж. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Компанийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр ЭТЭС ХХК нь Ц.Пд өөрийн эзэмшдэг 58,250,000 ширхэг хувьцааны 35 хувь болох 20,387,500 хувьцаа нийт 500,000,000 төгрөгөөр худалдахаар, мөн өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ЭТЭС ХХК-ийн 35 хувийг Ц.Пд шилжүүлэхээр, мөн өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр ЭТЭС ХХК нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Их тойруу-21 хаягт байрлах, 1,260 м.квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ц.Пын өмчлөлд шилжүүлж, Ц.П ЭТЭС ХХК-д 3,000,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцжээ.

Гэрээний 2.2-д төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн гэж заасан байх ба энэ талаар хариуцагч нь акт үйлдэж тооцоо нийлж тогтоосон 2,661,047 ам.долларыг тухайн акт үйлдсэн өдрийн ханшаар хөрвүүлэн тооцож ЭТЭС ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг 3,000,000,000 төгрөгөөр, тус компанийн нийт хувьцааны 35 хувийн хувьцааг 500,000,000 төгрөгөөр тооцохоор гэрээнд тусгасан гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээг дүгнэж дуусгавар болгох тухай актад заасан 2,661,047 ам.долларт үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн 35 хувийн хувьцааг шилжүүлэн авахаар талууд тохиролцсон байна. Гэвч дээрх актад заасан 2,661,047 ам.доллароос Ц.П нь 1,000,000 ам.долларыг ЭТЭМ ХХК-д шилжүүлсэн байх тул түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 3,000,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Төлөгдөөгүй байгаа үүрэгт тооцон шилжүүлсэн хөрөнгийг буцаан худалдах-худалдан авах агуулгын талаар төөрөгдсөн байна. Иймд гэрээний 2.2 дахь заалт хүчин төгөлдөр бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

4. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/01715 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т зааснаар нэхэмжлэгч ЭТЭС ХХК, Ц.П нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.2 дахь заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Паас 436,060,000 төгрөг болон ЭТЭС ХХК-ийн 20,387,500 ширхэг хувьцааг гаргуулж нэхэмжлэгч ЭТЭС ХХК болон ЭТЭМ ХХК-д олгосугай. гэж,

2 дахь заалтын 2,657,950 гэснийг 20,315,900 гэж, үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 19,838,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,908,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН