Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2018/0543

 

 

     

“И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.А нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “И х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.4, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан “И х т” ХХК-ийн гаргасан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 75 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай” А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч тал болох Монгол Улсын иргэн Т.Н нь анх 1999 онд Герман улсын иргэн В В-тай хамтран Монгол-Германы /50:50 хувийн/ гадаадын хөрөнгө оруулалттай “М х т” ХХК байгуулж гадаадын жуулчдыг Монголд аялуулах ажлыг эрхлэн явуулж эхэлсэн билээ. “М Х т” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Н мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар компанийн гэрээ улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээр нотлогддог болохыг хамгийн эхний ээлжинд дурдаж байгааг минь анхаарна уу.

Анх 1999 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад өргөдөл гаргаж 2000 оны 05 дугаар сард Т овогтой Н миний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож бид хамтран жуулчин хүлээн авах ажиллагааг эрхлэн явуулж байгаад 2004 оноос Герман тал гэрээгээ зөрчиж орлого авлагын маргаан үүсэж улмаар бид Монголын хууль хяналтын байгууллагад хандаж одоо болтол манай тал Герман талаас авах авлагатай хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээ хангуулж чадахгүй хохирч яваа билээ.

Гэтэл дээр нь “И х т” ХХК-ийн /захирал Т.Н-ийн/ хуулийн дагуу эзэмшиж байсан газар эзэмших эрхийг өөрт нь мэдэгдэлгүй бусдад хууль бусаар шилжүүлэх захирамж гаргасан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжуудыг хүчингүй болгуулахаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хурлаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ хууль зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг хохироосон, хавтас хэрэгт авагдсан нотлох баримт, бодит байдалд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг хуулийн дагуу хянан үзэлгүй хэтэрхий нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж энэхүү гомдлоо давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Нэхэмжлэгч тал нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжууд нь хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгуулахаар үндэслэл бүхий хуулийн шаардлага хангасан баримттайгаар нэхэмжлэл гаргасан билээ.

Гэтэл анхан шатны шүүх нь шийдвэр гаргахдаа хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж байгаа талаар дурдаагүй нь хууль хэрэглэх ур чадвар ямар байгааг харуулсан хууль бус шийдвэр болсонд гомдолтой байна. Учир нь:

Бид Монгол Улсын иргэд тул Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу газар нутгийнхаа эзэн нь бөгөөд газар өмчлөх, эзэмших эрхтэй. Харин гадаадын иргэн, аж ахуйн нэгж газрыг ашиглаж болно гэж заасан байдаг.

Гэтэл Герман улсын иргэний итгэмжлэл болон гараар бичсэн албан тоот гэж үзэхэд учир дутагдалтай, ямар ч тамгагүй шууд Монголоор бичсэн бичигт В В-н гарын үсэг зурсан гэх, хуулийн зөвлөх гэх /Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй, гэрчлэх баримтгүй/ Г.Б-ын хүсэлтийг хүлээн авч газар эзэмших эрхийг эзэмшигчид нь мэдэгдэлгүй хууль бусаар шилжүүлэхдээ маш түргэн шуурхай үйлчилсэн Ханхонгор сумын Засаг дарга Г.С шийдвэр гаргахдаа 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Герман иргэн хуулийн зөвлөх Г.Б нарын гаргасан хүсэлтийг сумын Засаг дарга яг энэ өдөр нь буюу 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот захирамжаар хангаж шийдвэрлэхдээ “И х т” ХХК-д олгогдсон 00000 тоот гэрчилгээг хүчингүйд тооцож “М х т” ХХК-д олгосон. Нэг өдрийн дотор газрын асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх заалтыг зөрчиж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангасан эсэхийг судалж тогтоогоогүйгээр бусад аж ахуйн нэгжийн иргэний /Т.Н-ийн/ эрх ашгийг хохироож хууль зөрчиж шийдвэрлэсэн захирамж нь хууль бус болохыг дараах хууль хяналтын байгууллага шалгаад шийдвэр гаргасан нь Нийслэлийн прокурорын газрын 159 тоот тогтоол, 2016 оны Өмнөговь аймгийн прокурорын газрын 22 тоот тогтоолд “...Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал ажилтай М.Б нь өөрийн хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн... 1,5 га газрыг эзэмшигчид нь мэдэгдэлгүй бусдад шилжүүлсэн болох нь нотлогдон тогтоогдож байна...” гэсэн зэрэгт тодорхой тусгагдсан байгаа билээ.

Нийслэлийн прокурорын газрын 159 тоот тогтоолын дөрөвт В В-н түүний өмгөөлөгч нараас удаа дараа гаргасан гомдол хүсэлтэд Т.Н нь “М х т” ХХК-ийн Герман талын удирдлагын зөвшөөрөлгүйгээр компанийн эзэмшил газруудыг өөрийн нэр дээр шилжүүлэн авч эрх мэдлээ хэтрүүлсэн гэснийг шалгаснаар... Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 5-д, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар “...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын иргэн газар ашиглагч байж болно...” гэснээс үзвэл Герман улсын иргэн В В түүний хөрөнгө оруулалт бүхий “М х т” ХХК нь газар эзэмших эрхгүй учраас Монгол Улсын иргэн Т.Н дээр дурдсан сумдын нутаг дахь газруудыг өөрийн аж ахуйн нэгжид шилжүүлэн авсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд тогтоох хэсгийн 6-д ... эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэсэн байгааг шүүх ямар байдлаас харж нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй эцэслэн тогтоогоогүй гэж дүгнэснийг ойлгосонгүй.

Мөн 2009 оны 06 дугаар сарын 22-ны 46 тоот арбитрын шийдвэрт ...Газрын тухай асуудлаар арбитрын бүрэлдэхүүн харьяалан шийдвэр гаргах боломжгүй, энэ асуудлаар нэхэмжлэгч талд жич нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж заасан байхад Засаг дарга захирамждаа энэ шийдвэрийг үндэслэсэн гэдэг. Арбитрын шийдвэрийг үндэслэсэн гэж үзвэл уг шийдвэрт ...“М х т” ХХК-ийн дүрмийн санг Герман Улсын иргэн В В болон Монгол Улсын иргэн Т.Н нарын хоёр гишүүн бүрдүүлж үйл ажиллагаа явуулж байсан байна. Т.Н нь дүрмийн санд 12,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Худалдаа хөгжлийн банкинд тушаасан баримт, санхүүгийн 1999 оны тайлан баланс зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна... гэснээс гадна ...мөн одоо “М х т” ХХК гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна. 2005 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр энэ хуулийн этгээд эрх зүйн чадваргүй болсон гэж цагаан дээр хараар тодорхой бичсэн албан ёсны шийдвэр, “М х т” ХХК-ийн гэрчилгээ тамгыг үрэгдүүлсэн болохыг тогтоосон УМБГазрын хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Д.Ц-ын тоотод 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээ тамгыг хурааж авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэлийг хавсаргаж өгсөн тухай зэргийг хэрхэн үнэлж тус сумын Засаг дарга 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот хууль бус захирамж гаргасан болохыг шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх болов уу гэтэл харин ч эсрэгээрээ нэхэмжлэгч талыг буруутгасан нь гайхшрал төрүүлж шударга шүүхэд итгэх итгэл алдраад байна.

“М х т” ХХК-ийн Монгол талын захирал нь Т.Н мөн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар компанийн гэрээ улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээр нотлогдсон байхад 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамж гаргасан сумын Засаг дарга Г.С “М х т” ХХК-иас “М-А” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн байдаг.

Гэтэл “М-А” ХХК нь уг газрыг 23 сая төгрөгөөр “М х т” ХХК-ий н.Э гэдэг хүнээс худалдаж авсан талаар тайлбар гаргасан байна. “М х т” ХХК-ий монгол захирал Т.Н байж байхад н.Э гэдэг хүнд Т.Н захирал газар эзэмших эрх шилжүүлэх итгэмжлэл олгоогүй байхад хуулиар хориглосон үйлдэл хийж хууль бус шийдвэр гаргасан Захиргааны албан тушаалтны шийдвэрийг дэмжиж шийдвэрлэж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хууль ёсны болсон гэхэд эргэлзэж байна.

Манайх “М-А” ХХК-д газар зарсан талаар огт мэдээгүй бөгөөд энэ талаар урьдчилан шийдвэрлэх шат болох аймгийн Засаг дарга Н.Н-ын хариу мэдэгдсэн албан тоот болон шүүхийн шатанд мэдсэн. Газрын тухай хуулиар эзэмшил газрыг зарах тухай заалт байгааг олж харсангүй.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...Мөн Ханхонгор сумын Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжийг мөн л хууль ёсны гэж үзжээ. Ингэхдээ газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ талуудын гаргасан хүсэлтийг үндэслэн “М Х т” ХХК-иас “М-А” ХХК-д маргаан бүхий нэгж талбарын 151200413 дугаар бүхий газрыг шилжүүлжээ гээд... “И х т” ХХК-ийн газар эзэмших эрх үүсээгүй байх тул ... захиргааны актыг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй байна гэж үзэж, “М Х т” ХХК-иас “М-А” ХХК-д эрх шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд тусгайлан заасан бичиг баримтын бүрдэл хангаагүй байхад маргаан бүхий акт болох 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамж яаж үндэслэлтэй болоод байгаа талаар буюу өөрөөр хэлбэл шүүх дараах эрх бүхий бусад хууль хяналтын байгууллагын шийдвэрийг хэрхэн үндэслэлгүй болж байгааг шүүхийн шийдвэрт хууль зүйн үндэслэлтэйгээр заагаагүйгээс гадна нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй гэсэн “М х т” ХХК, “М-А” ХХК-д шилжүүлсэн нь хууль зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн мөртлөө тогтоох хэсэгтээ дээрх хоёр компанийн газар эзэмших эрх шилжүүлэн авсан байдлыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэх хэсэгтэйгээ зөрчилдсөн байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “...Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх... ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хооронд явагдана” гэж заасан билээ.

Мөн түүнээс гадна “М х т” ХХК-ийн Монгол талын захирал Т.Н, Герман талын хөрөнгө оруулагч В В нарын хооронд санхүү тооцооны маргаан гарч шүүх цагдаа арбитрын байгууллагаар шалгагдаж байх явцад Баянгол дүүргийн шүүхээс 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 5552 тоот захирамжаар “М х т” ХХК-ийн санхүүгийн балансад тусгагдсан В В-ний эзэмшлийн гэр тавилга тоног төхөөрөмжийг битүүмжлэхээр захирамжилсан албан тоот байгаа билээ. Шүүгчийн захирамжаар битүүмжлэгдсэн эд хөрөнгө байсан юм.

“М х т” ХХК нь 2004, 2005 оноос үйл ажиллагаа явуулаагүй талаар авагдсан баримт хавтаст хэрэгт байгаа билээ. Үүнд:

Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2007 оны 05 сарын 11, 2010 оны 10 сарын 18-ны өдрүүдийн илтгэх хуудсанд “М х т” ХХК нь 2005, 2006 он, 2007-2009 онуудад Х тайлан өгсөн, орлого хөрөнгийн маргаантай асуудлаас болж үйл ажиллагаагаа зогсоосон байна гэж дурджээ.

“М х т” ХХК-ийн гэрчилгээ тамгыг үрэгдүүлсэн болохыг тогтоосон УМБГазрын хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Д.Ц-ын тоотод 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэрчилгээ тамгыг хурааж авсан мөрдөн байцаагчийн тэмдэглэлийг хавсаргаж өгсөн тухай

-Арбитрын шийдвэр

-Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын албан тоот зэрэг эрх бүхий байгууллагын тодорхойлолт лавлагаа шийдвэр байгаа.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт дээрх нотлох баримтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дурдаагүй мөртлөө нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэх хэсэгтээ ... 1999 онд “М х т” ХХК үүсгэн байгуулж Г х жуулчны баазыг Ханхонгор сумын Мандах багийн нутагт ажиллуулахаар 1,5 га газар эзэмшсэн болох нь ... нэхэмжлэгчийн тайлбараар батлагдаж байна гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д заасан үндэслэлийг хэрэгжүүлээгүй ба нэхэмжлэгчийн тайлбар нь “М х т” ХХК-ийг газар эзэмшигч мөн болохыг батлахгүй, зөвхөн эрх бүхий байгууллагын хуулийн үндэслэлтэй шийдвэр захиргааны актаар нотолж батлах ёстой бөгөөд 1999-2004 онуудад гадаадын хөрөнгө оруулалттай “М х т” ХХК-ийн нэр дээр газар эзэмших захирамж гараагүй билээ.

Нэхэмжлэгч миний бие Г х бааз ажиллуулж эхэлсэн 1999 онд газрын тухай хууль батлагдан гараагүй байсан ба Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу ба Монгол Улсын иргэн Т.Н-ийн нэр дээр газар эзэмших эрхий гэрчилгээ олгосныг ямар хуулийн заалтаар үгүйсгэж байгаагаа шүүх шийдвэртээ заагаагүй бөгөөд иргэн Нарангэрэлийн 2000 онд “Г х” баазыг аялал жуулчлалын зориулалтаар ажиллуулахдаа газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ авсан энэ үед Монгол-Германы хөрөнгө оруулалттай “М х т” ХХК байгуулж гадаад аялагчдыг бааздаа хүлээн авч ашиг орлогоо тооцохоор болж хамтран ажиллаж байх явцад 2004 оны сүүлээс маргаан гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон ба Иргэний шүүхийн шийдвэрээр Герман тал нь манай талд 10 гаруй сая төгрөг төлөх шийдвэр гарсан боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж чадахгүй байгаа юм.

2003 онд Газрын тухай хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор иргэн Т.Н 2003 онд “И х т” ХХК-ийг байгуулж “Г х” баазын газар эзэмших эрхийг “И х т” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөхийг хүссэн өргөдлийг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар бүрдүүлбэрийг хангаж тус сумын Засаг даргад гаргахдаа дараах бичиг баримтыг хавсаргав гэсэн тухай баримт “И х т” ХХК-ийн талаас хуулийн дагуу шаардагдах бичиг баримтыг хүсэлтийн хамтаар гаргаж өгсөн талаар албан тоотдоо дурдсан байхад шийдвэр гаргасан албан тушаалтны хариуцлагагүй байдлын улмаас эрхээ эдлэхээр хүсэлт гаргасан иргэнийг хохироох хууль зүйн үндэслэл шүүхэд байхгүй билээ.

Гэтэл шүүх ямар ч үндэслэлгүй “И х т” ХХК-д газар эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй байна гээд мөн ...Арбитрын шүүхийн шийдвэрээр тогтоогдсон “М Х т” ХХК-ий газар эзэмших эрхийг 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 тоот захирамжаар сэргээж, “И х т” ХХК-д олгогдсон 00000 тоот гэрчилгээг хүчингүй болгосон гэснийг буруутгах үндэслэлгүй... гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас хальж 2000, 2004 оны сумын Засаг дарга нарын гаргасан шийдвэрийг хөндөж нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүсээгүй байна гэж дүгнэсэн Газрын тухай хууль гараагүй үеийн болон бусад хуулийн үндэслэлийг судлан үзэлгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага, мөн хуулийн 106.5-д зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй гэсэн хуулийн заалтуудыг зөрчсөн нь хууль хэрэглээний мөн чанар алдагдаж Монгол хүн монгол газар шороондоо эзэн байх эрхгүй болж гадаадын иргэн монгол иргэний газрыг бусдад нь зарж ашиг олоод оргон зайлж болдог гэдгийг дэмжсэн Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 тоот шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэгч бидний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хууль бус гарсан захиргааны акт болох Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга Г.С-ийн 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар, 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн а/29 тоот захирамжуудыг хүчингүй болгож мөн тус сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн а/74 тоот захирамжаар “М-А” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 40 жилээр сунгасан захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч “И х т” ХХК-иас Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад холбогдуулан “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамж, мөн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Монгол-Германы хамтарсан “М х т” ХХК-ийн захирал Т.Н нь “аялал жуучлалын баазын зориулалтаар 1.5 га газар олгохыг хүссэн” тухай 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаар албан бичгийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт хандаж гаргасан байна.

Харин дээрх газрын эзэмших гэрээг “М х т” ХХК-ийн жуулчны бааз болох “Г х” жуулчны баазын захирал П.З болон Ханхонгор сумын Газрын асуудал хариуцсан албаны хооронд 1999 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулжээ. Улмаар Т.Н-д Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах Хавцгайтын адагт орших 1500 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 00000 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга олгожээ.

Дээрх баримтуудаар “М х т” ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд болох Т.Н-ийн нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарч байсан болох нь нотлогдож байна.

Мөн “И х т” ХХК-ийн захирал Т.Н нь “...тус сумын Мандах багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийн харьяа “Г х” жуулчны баазны эзэмшил газрын хуучин гэрээг шинэчлэн хийх...” гэсэн агуулаг бүхий “Газар эзэмшлийн шинэчилсэн бүртгэл хийлгэх” тухай 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр албан бичгийг Ханхонгор сумын Засаг дарга Ж.Э-д хүргүүлсэн байна.

Дээрх хүсэлтийг үндэслэн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга нь 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжаар “Г х жуулчны бааз”-д эзэмшүүлэхээр олгосон Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт байрлах Хавцгайтын адагт орших 1500 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгож, “И х т” ХХК-д уг газрыг эзэмшүүлэх эрхийг шийдвэрлээгүй атлаа Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг дарга нь 2004 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар захирамжийг үндэслэн “Хавцгайтын адаг” гэх нэгж талбарын 000000 дугаартай, 1.5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр 00000 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг “И х т” ХХК-д олгожээ.

Маргаан бүхий Ханхонгор сумын нутагт байрлах Хавцгайтын адагт орших 1500 м.кв газрын анхны эзэмшигч болох “М х т” ХХК болон “Г жуулчны бааз” нь өөрийн эзэмшил газраа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу “И х т” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн гэх нотлох баримт байхгүй, мөн нэхэмжлэгч “И х т” ХХК нь маргаан бүхий газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг олж аваагүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл, “М х т” ХХК, “И х т” ХХК-ийн захирал нь Т.Н боловч, “М х т” ХХК, “И х т” ХХК нь тусдаа хуулийн этгээд юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдийн хууль ёсны дагуу үүссэн тэрхүү эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах учиртай.

Тиймээс хууль ёсны дагуу газар эзэмших эрх олж аваагүй нэхэмжлэгч “И х т” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар захирамжаар “М х т” ХХК-д эзэмшүүлсэн, мөн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар “М х т” ХХК-ийн газар эзэмших эрхийг “М-А” ХХК-д шилжүүлсэн захиргааны актуудын улмаас зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн...” гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 120/ШШ2018/0017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч И.О-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                 Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                 Э.ХАЛИУНБАЯР