Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 357

 

Н.Д-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул

дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:               Танхимын тэргүүн Ч.Тунгалаг

       Шүүгчид:                  Х.Батсүрэн

                                        М.Батсуурь

                                        Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:        Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: С.Баяртуяа

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0333 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 414 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.Г нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0333 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийн биелэлтийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй бол Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 414 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 333 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Захирамжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” А/296 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0333 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 414 дүгээр магадлалыг тус тус эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

4. Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын нийтлэг бүрэн эрхийг зааж өгсөн. Гэвч шүүхийн тайлбарлаж байгаачлан “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” нийтлэг бүрэн эрх тус хуулийн аль ч зүйл хэсэгт байхгүй. Тус хуулийн 20.2.7-д доод шатны Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Гэтэл энэхүү маргаан нь Хан-Уул дүүргийн Засаг дарга өөрөө өөрийнхөө шийдвэрийг хүчингүй болгосонтой холбоотой маргаан юм. Засаг дарга 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаараа Н.Д-д газар эзэмших эрхийг шилжүүлэн олгосон. Гэтэл 3 сарын дараа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/296 дугаар захирамжаар А/152 дугаар захирамжаа хүчингүй болгосон нь Н.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

5. Хариуцагч тал нэхэмжлэгчийн ашигтай байршилтай газарт хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх гэсэн оролдлого гэж хардаж байгаа. Тэрнээс өөрөө хууль зөрчиж газар олгочхоод тэрийгээ зөвтгөж байгаа хэрэг биш. Мөн давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тус зүйл заалтыг задлан үзвэл Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх 2 тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрийг хүчингүй болгохоор заасан. Хан-Уул дүүргийн Засаг дарга А/152 дугаар захирамжаар нэхэмжлэгчид газар шилжүүлэн олгохдоо хууль тогтоомж зөрчөөгүй бөгөөд шүүх ч ямар хууль тогтоомж зөрчсөн талаар дүгнэлт хийгээгүй. Мөн А/152 дугаар захирамж хэн гэгч газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзээд А/296 дугаар захирамжийг шүүх зөвтгөж байгаагаа тайлбарлаагүй.

6. Хан-Уул дүүргийн Засаг дарга нь Н.Д-ийн эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаагаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу эрх хэмжээтэй гэж хаацайлж гомдол, тайлбар гаргаж байгаа болохоос бодит байдал дээр хууль тогтоомж зөрчсөн, газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн захиргааны үйл ажиллагаа нь А/296 дугаар захирамж юм. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3.3, 38.4 дэх хэсгийг хэрэглэхдээ “нэхэмжлэгч нь эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй этгээд мөн эсэх”-ийг хариуцагч шалгах ёстой байсан гэх агуулгаар дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Н.Д-ийн хувьд дээрх 3-н иргэний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нь дамжуулан холбогдох гэрээ хийж, бүх шаардлагыг нь хангаж тус газруудыг шилжүүлэн авсан.

7. Эрхийн гэрчилгээг эзэмших эрхгүй этгээд гэдэгт Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүн эсхүл 18 насанд хүрээгүй хүн бол газар эзэмших эрхгүй гэж ойлгогдохоор байна. Анхан шатны шүүх уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуульд заасны дагуу шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр дээрх гомдлыг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

8. Маргаан бүхий актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл зөв байна.

9. Хэргийн үйл баримтаас үзвэл, хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга маргаан бүхий акт болох 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/296 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.Д-д газар эзэмших эрх шилжүүлсэн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжийг “хууль бус” гэсэн үндэслэлээр эзэмшил газрын байршлыг өөрчилж шийдвэрлэжээ.

10. Хэдийгээр хариуцагч А/296 дугаар захирамжаар хууль бус гэж үзэж буй А/152 дугаар захирамжийг хүчингүй болгоогүй /өөрчилсөн/ ч, нэхэмжлэгчийн хувьд тухайн захирамжаар шилжүүлэн авсан газрынх нь эзэмших эрх дуусгавар болсон, үүний улмаас эрх нь зөрчигдсөн гэж маргасан /өөрөөр хэлбэл өөр байршилд газар эзэмшсэнээр нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь сэргэхгүй/-аас үзвэл, бодит байдал дээр маргаан бүхий А/296 дугаар захирамж нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон эерэг нөлөөлөлтэй А/152 дугаар захирамжийг “хууль бус” гэсэн үндэслэлээр хүчингүй болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн байна.

11. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой заасан. Иймд, аливаа захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хэн нэгэн этгээдийн хувьд эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг хүчингүй болгохдоо энэхүү хуульд заасан үндэслэлийг тодорхой заах бөгөөд түүнийхээ үндэслэлийг нотлох учиртай.

12. Гэтэл хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа дээрх хуульд заасан үндэслэлийг тодорхой заагаагүй байх тул хууль бус гэж үзэх үндэслэлтэй. Хэдийгээр хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэсэн байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үндэслэлд, тухайлбал 48.2.1. “хууль, ...-д түүнийг хүчингүй болгохоор заасан бол” гэсэнд хамаарахгүй юм.

13. Хуулийн энэхүү заалтыг маргаан бүхий актад заасан хүчингүй болгож буй үндэслэл нь өөрөө холбогдох хуульд тодорхой заасан байхыг ойлгохоос бус Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ерөнхий зохицуулалтыг шууд ойлгохгүй юм. Учир нь, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсгийн зорилго нь хууль бус ч гэсэн хүчин төгөлдөр болсон эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хандсан этгээдийн эрх, хууль ёсны итгэлийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хууль бус актыг хүчингүй болгох тохиолдолд 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор зөвхөн 48.2.1-ээс 48.2.5-д заасныг үндэслэх ёстой. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан ерөнхий үндэслэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан тодорхой үндэслэлээр хязгаарлагдах юм. Хэрэв Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-ийн дагуу захиргаа хэдийд ч, ямар ч хамаагүй “хууль зөрчсөн” гэх үндэслэлээр өмнө нь гаргасан хууль бус актаа хүчингүй болгох эрхтэй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл байхын ач холбогдол үгүй юм.

14. Иймд, давж заалдах шатны шүүхийн “...А/296 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор гаргасан хууль ёсны акт гэж үзнэ” гэсэн дүгнэлт үндэслэл муутай болсон байна.

15. Түүнээс гадна давж заалдах шатны шүүх “...Энэхүү газрын байршлыг хууль бусаар өөрчилж, улмаар өндөр үнээр иргэн Н.Д-д зарж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тухайн үеийн Хан-Уул дүүргийн Газрын албаны ажилтнууд үйлдсэн болох нь тогтоогджээ... Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Д-ийг Газрын тухай хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй...” гэх зэргээр дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар хөдөлбөргүйгээр тогтоогдсон гэж үзэхээргүй байна.

16. Учир нь, нэг талаас Хан-Уул дүүргийн Газрын албаны ажилтнууд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт байхгүй, нөгөө талаас нэхэмжлэгч Н.Д нь Г.Г, Б.О, Л.Э нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-тэй гэрээ байгуулж, газар эзэмших эрхийг шилжүүлж авсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй, харин Г.Г, Б.О, Л.Э нарын өмнөөс хүсэлт бичиж шилжүүлсэн эргэлзээ бүхий баримтууд хэрэгт авагдсан байна.

17. Өмнө нь дурдсанаар маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасан үндэслэлд хамаарахгүй боловч хэрэв уг зүйлийн 48.2.4-т заасан “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” гэх үндэслэл тогтоогдвол /хариуцагч энэ үндэслэлийг нотолж чадвал/ зөвтгөгдөх боломжтой юм.

18. Иймээс энэхүү нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

19. Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгчийн “магадлалыг хүчингүй болгох” гомдлыг хангаж, харин “шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах” гэсэн хяналтын гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.    

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 414 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2020/0333 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Ч.ТУНГАЛАГ

 ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ