Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2022/01463

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 08 210/МА2022/01463

 

"С" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02049 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С" ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоо, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүрэнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 1527 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12/27 тоот магадлалаар хариуцагч С ХХК болон иргэн Д.Пүрэвсүрэн нараас зээлийн гэрээний үүрэгт 434 809 240 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 2 330 997 төгрөгийг гаргуулж Омни капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр, магадлал болон шүүхийн гүйцэтгэх хуудасны 1114 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 22370018 тоот шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар зээлийн гэрээний үүрэгт заасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205033774 дугаартай 948 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаартай газар эзэмших эрх, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдаагүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюу өмчлөх эрхийн гэрчилгээгүй оффис үйлчилгээний зориулалттай 80 метр квадрат талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22370017/02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжлэн хурааж 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22370018/03 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагааг гүйцэтгэсэн. 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 4-141/3273 тоот мэдэгдлээр битүүмжлэн хураасан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн санал болгох доод үнэ буюу төлбөр төлөгч, төлбөр авагч буюу өмчлөгч эзэмшигчтэй харилцан тохиролцож үнийн саналаа өгөхийг мэдэгдсэний дагуу төлбөр төлөгч Д.Пүрэвсүрэн нь дээр дурдсан хөрөнгүүдийн нийт үнэ 10 100 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Уртнасан миний бие дээрх хөрөнгүүдийн нийт үнэ 9 000 000 000 төгрөгийн үнийн саналыг гаргасан. Харин төлбөр төлөгч Омни капитал ББСБ нь өөрсдийн тодорхой үнийн санал гаргаагүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 371 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарын үнийн санал нь зах зээлийн ханшаас өндөр байгаа тул үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилох тухай хүсэлт гаргасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 3-53 тоот шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн үнэлгээний төвийн ХХК-ийг шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээний төв нь үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 602,035,300 төгрөгөөр, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50,804,700 төгрөг, газар эзэмших эрхийг 3,387,200,000 төгрөг, нийт 4,040,040,000 төгрөгөөр үнэлгээг гаргасныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-141/4857 тоотоор төлбөр төлөгч нарт мэдэгдсэнийг доор дурдсан үндэслэлээр төлбөр төлөгч нар эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дахь хэсэгт дуудлага худалдаанд дуудах доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарын харилцан тохиролцож тогтоохоор зохицуулсан. Энэ зохицуулалтын дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь харилцан тохиролцох ямар нэгэн үйлдэл болоогүй бөгөөд төлбөр төлөгч нар үнийн саналаа бичгээр гаргаж харин төлбөр авагч болон өмчлөгч нь ямар нэгэн үнийн санал гаргаагүй бөгөөд талууд харилцан тохиролцоогүй. Бичгэн хэлбэрээр болон тодорхой санал гаргаж харилцан тохиролцох үйл ажиллагаа явагдаагүй байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу тохиролцоогүй гэж үзэж шинжээч томилсон байдаг. Хоёр дахь үндэслэл нь төлбөр авагч нар нь битүүмжлэгдэн хураагдсан хөрөнгүүдийг нийтэд нь 9,000,000,000 болон 10,100,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байхад шинжээчийн үнэлгээ нь тэдгээрийн 50 хувьд ч хүрэхгүй буюу 4,040,040,000 төгрөгөөр тогтоосон. Төлбөр төлөгч, өмчлөгч эзэмшигч нарын эрх ашигт хохиролтой үнэлгээ гаргасан. Үндэслэл нь цар тахал болон Украйны дайнаас шалтгаалсан үнийн огцом өсөлт, валют инфляциас хамааран үл хөдлөх хөрөнгийн үнэ сар өдрөөр өсөж байгаа тул хэвийн үнэлгээний аргачлалыг хэрэглэхэд тохиромжгүй гэж үзээд бид нарын үнийн саналаас 2 дахин бага үнэтэй үнэлгээ гаргасан. Нэхэмжлэлд ижил төстэй, цаг үеийн байдлын үл хөдлөх хөрөнгө болон газар, үйлдвэрийн барилгын заруудыг хавсаргасан. Үүнд 15,000,000,000 төгрөгийн үнэ гардаг. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаас эхлэн өдөр хоногоор тус эд хөрөнгүүдийн үнэ өссөөр байна. Гурав дахь үндэслэл нь дуудлага худалдаагаар борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шүүхээс шийдвэрлэсэн буюу шүүхийн гүйцэтгэх хуудсанд дурдагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө болох 80 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж улмаар үнэлгээ хийсэн нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн үйлдэл байна. Дээрх 3 үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-141/4857 тоот тогтоолоор үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулж, дахин үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар магадлалаар С ХХК болон Д.Пүрэвсүрэн нараас 437,141,237 төгрөгийг гаргуулж Омни капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Тус байгууллагаас дээрх шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарт шүүхийн шийдвэрт дурдагдсан өр төлбөрийг төлөхийг мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй учраас шүүхийн шийдвэрт дурдсан үүргийн гүйцэтгэл барьцаалсан эрхийн улсын Ү-2205034774 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 40 тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалт бүхий сэндвичэн барилгыг мөн тус хаягт байрлах нэгж талбарын 1681900850 дугаартай 8798 метр квадрат талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, мөн тус газар дээр баригдсан 80 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус битүүмжилж хураасан. Хуульд заасны дагуу төлбөр төлөгч нараас үл хөдлөх хөрөнгүүд дээр үнийн санал авахад 9,000,000,000 төгрөг болон 10,100,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч нарт танилцуулж, төлбөр авагчаас хөрөнгийн үнэлгээ дээр харилцан тохиролцох боломжгүй. Барьцаа хөрөнгүүдийг шинжээч томилон, зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох шаардлагатай гэсэн хүсэлт гаргасны дагуу Хөрөнгийн үнэлгээний төвөөр хөрөнгийн үнэлгээнүүдийг тогтоолгож, хуулийн хугацаанд талуудад мэдэгдэж, хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулан тайлбарлаж өгсөн. Үнэлгээ тогтоосон хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр оруулан талуудад мэдэгдэж, нийтэд зарласан боловч тус шүүхийн шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан С ХХК-ний өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205034774 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 40 тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 1681900850 дугаартай 8798 м.кв талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, тус газар дээр баригдсан 80 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4 040 040 000 /дөрвөн тэрбум дөчин сая дөчин мянга/ төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн С ХХК-ний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж заасан бөгөөд ипотек үүсээгүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт төлбөр төлөгчийн эзэмшлийн газар дээр баригдсан, өөрийн үйл ажиллагаа явуулдаг, газраас үл салгаж болх эд зүйлсийг үнэлүүлсэн нь буруу биш гэж дурдсанаар ипотекийн зүйлийг дуудлага худалдаагаар худалдах талаарх хуулийн зохицуулалттай нийцэхгүй хангахгүй байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдаагүй, ипотекийн зүйл биш, улмаар шүүхийн шийдвэрт дурдаагүй үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр худалдах албадан дуудлага худалдаанд ипотекийн зүйлтэй хамтатган оруулахаар үнэлсэн нь хуульд нийцэхгүй үнэлгээ болсон юм. Энэхүү үнэлгээ болон шүүхийн шийдвэр нь тухайн үнэлгээний дагуу явагдах албадан дуудлага худалдааг хуульд нийцэхгүй дуудлага худалдаа болох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуралдааны товыг шүүхээс надад албан ёсоор мэдэгдээгүй бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг надад хүргүүлээгүй байхад хэргийн материалд тамга тэмдэг, гарын үсэггүй шуудангын баримтыг хавсаргасан байна. Иймд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.

6. Гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар процессийн алдаа байгаа гэж үзсэн тохиолдолд хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэл болно гэж үзэж байна. Гуравдагч этгээдийн гомдлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаагүй болно.

8. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч байна. 80 м.кв талбайтай үүргийн гүйцэтгэлд дурьдагдаагүй эд хөрөнгийг битүүмжилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үнэлгээ тогтоосон. Тухайн барьцаалсан газарт баригдсан, төлбөр төлөгчийн оффисын зориулалттай үйл ажиллагаа явуулдаг. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь газраас салгаж болохгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжилж, үнэлгээ тогтоолгож худалдан, борлуулах үйл ажиллагаа явуулсан. Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах хэргийг тал бүрээс нь бодитой үнэлж, дүгнэсэн. Мөн шүүх хуралдаанд хөрөнгийг үнэлсэн шинжээчийг гэрчээр оролцуулан хэргийг тал бүрээс нь дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч НШШГГт холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 40 тоотод байрлах, 940 метр квадрат талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай барилга, нэгж талбарын 1681900850 дугаартай 8,798 м.кв талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, тус газар дээр баригдсан 80 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 4,040,040,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 49/

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/01527 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1203 дугаар магадлалаар С ХХК болон Д.Пүрэвсүрэн нараас 434,809,240 төгрөг гаргуулж Омни капитал ББСБ ХХК-д олгох, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

3.а Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19250311 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 53/, нэхэмжлэлд дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 22370018/02 дугаар тогтоолоор битүүмжилж /хх82-83/, 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 22370018/03 дугаар тогтоолоор хураан авсан /хх 85/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд нийцжээ.

3.б. Төлбөр төлөгч, өмчлөгч Д.Пүрэвсүрэн нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 3 тэрбум, тус хаягт байрлах 8,798 м.квадрат талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг 7 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн үнийн санал ирүүлсэн. /хх 71/ Төлбөр авагч уг үнийн саналыг зах зээлийн ханшаас өндөр үнэтэй гэж үзэн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 3/53 дугаар шинжээч томилох тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. /хх 93/

3.в. Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг 602,035,300 төгрөгөөр, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 50,804,700 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 3,387,200,000 төгрөгөөр, нийт 4,040,040,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 97/ Улмаар хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4-141/4857 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна. /хх 112/

Иргэний хуулийн 175 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдахаар заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр, магадлалд Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж, 40 тоотод байрлах 948 м.квадрат талбай бүхий үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон тус хаягт байрлах 8,798 м.квадрат талбайтай аж ахуй үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус дуудлага худалдаагаар худалдах үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг хариуцагчид даалгажээ.

Гэтэл хариуцагч шийдвэрт заагдаагүй үл хөдлөх эд хөрөнгө дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байх тул 80 м.квадрат оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хэргийн 136 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсанд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дүүрэнбаярт 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 94292000 дугаарын утсаар мэдэгдсэн талаар тэмдэглэсэн, мөн 139 дүгээр талд авагдсан баталгаат шуудангаар хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг Б.Дүүрэнбаяр нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан гэж тэмдэглэгдсэн байна. Иймээс шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болжээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаа явуулах үеийн үнийг зохицуулсан байх ба нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэл гаргаагүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэлэх талаар зохицуулсан байх ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгчийн эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгч үнэлээгүй, 55.2.2-д зааснаар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлсэн байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/02049 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс, Эрчим хүчний гудамж 40 тоот хаягт байрлах газар дээр баригдсан 80 м.квадрат талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 50,804,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 8,798 м.квадрат талбай бүхий аж ахуй, үйлдвэрлэлийн зориулалттай газар, 948 м.квадрат талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай барилгын үнэлгээг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, гуравдагч этгээдээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.БЯМБАСҮРЭН