Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01452

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 08 05 210/МА2022/01452

 

 

 

Ц.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 101/ШШ2022/02640 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Аийн хариуцагч Д.Нд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 1,823,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бумцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэ яхэмжлэлийн шаардлага гаргасан. Зам тээврийн ослын тээврийн прокурорын тогтоолоор хариуцагчийн гэм бурууг тогтоосон, 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 1686 дугаартай албан бичиг болон бусад баримтад зааснаар хариуцагчид Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар торгох шийтгэл ногдуулсан. Нийт 4,323,000 төгрөгийг хохирол гарсан бөгөөд жолоочийн хариуцлагын даатгалаас 2,500,000 төгрөгийг төлж үлдэх 1,823,000 төгрөгийг хариуцагч төлж барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Би замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болохоос машин мөргөөгүй. Нэхэмжлэгч өөрөө машин мөргөсөн байтал замын цагдаа н.Бөхбаяр нь надаас мэдүүлэг аваагүй хэрнээ миний буруу болгосон. Замын цагдаа нэг удаа надаас болон манай хүүгээс мэдүүлэг авсан боловч тэр нь хэрэгт байхгүй нэхэмжлэгчийн өгсөн мэдүүлэг байсан. Тэрээр 2-р эгнээнд явж байгаад 1-р эгнээ рүү орох гэж байгаад миний машиныг шудраад урд байсан машиныг мөргөсөн гэдгээ хэлсэн. Би цагдаагийн байгууллагад очсон боловч цагдаа нар болон мөрдөн байцаах албаны дарга нь ч солигдоод байхгүй болсон байсан. Даатгалаас 2,500,000 төгрөгийг гаргах ёсгүй байсан. Ц.Аийг даатгалаас авсан мөнгөө даатгалд буцаан төлөх хэрэгтэй л гэж хэлмээр байна гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Ц.А, Д.Н нарын хэрэгт зам тээврийн осол гаргасан хохирлын дүнгээс 1,823,000 төгрөгийг нэхэмжилсэн хэрэг гарсан байна. Д.Н гэх иргэнээс Ц.Аийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна. Учир нь баримтууд хэрэгт байна. Даатгалаас 5,000,000 төгрөг гаргасан ба 2 машин мөргөсөн зардалд тэнцүү хуваагаад төлсөн юм байна гэв.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Н /ЦЗ36070130/-аас 1,823,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.А /ГЮ78080611/-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,118 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нгаас 44,118 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Аид олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Д.Нгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Би автомашинаа мөргүүлсэн байтал замын цагдаагийн газар нэхэмжлэгчийн талыг баримталж шударгаар хандалгүй мөргүүлсэн хүнийг мөргөсөн болгож прокурорт танилцуулсанаас прокурор намайг мөргөсөн гэж 483-р тоот тогтоол гаргасан. Нэхэмжлэгчийн анхны мэдүүлэгт миний автомашиныг мөргөсөн гэж зөв мэдүүлсэн байтал намайг мөргөсөн гэж дүгнэлт гаргасан нь үнэнд үл нийцэж байна. Шүүхийн шийдвэрт 1,823,000 төгрөгийг гаргуулах нь үндэслэлгүй гэж үзэж байна.

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон прокурорын тогтоол, тээврийн цагдаагийн албан бичиг зэрэг баримтуудыг дүгнэж, шийдвэр гаргасан. Хариуцагч өөрийн буруугаас үүдэн осол гарсан талаар ухамсарлаж, хүлээн зөвшөөрдөггүй. Замын хөдөлгөөний дүрмийн дагуу чигээрээ замын хөдөлгөөнд оролцож буй автомашинд зам тавьж өгөх ёстой атал зам тавьж өгөөгүйн улмаас осол гарсан. Гэтэл Б.Найдан нь шүүгч, прокурор хуйвалдсан гэж тайлбарладаг. Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг эс зөвшөөрч байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Нэхэмжлэгч Н.Алтанцоож нь хариуцагч Д.Нд холбогдуулан тээврийн хэрэгслийг ашиглах журам зөрчсөний улмаас учирсан хохиролд 1,823,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.а. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зам тээврийн ослын талаар Тээврийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 483 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолоор Д.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 дэх хэсгийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй байна гэжээ. /хх 24-25/ Уг тогтоол хүчинтэй байна.

Дээрх баримтаар хариуцагч Д.Нгийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Н.Алтанцоожийн эд хөрөнгөд хохирол учруулсан нь тогтоогдсон байх тул мөргүүлсэн хүнийг мөргөсөн болгож дүгнэлт гаргасан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

3.б. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангүй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулжээ.

Хэргийн 21 дүгээр талд авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаас үзэхэд нэхэмжлэгч Ц.Аийн автомашинд 4,323,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд нэхэмжлэгчид даатгалын байгууллагаас 2,500,000 төгрөгийг гаргаж өгсөн байх тул үлдэх 1,832,000 төгрөгийн хохирлыг хариуцагч Д.Нгаас гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд 1,823,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07ы өдрийн 101/ШШ2022/02640 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44,148 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Д.БЯМБАСҮРЭН