Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 1075

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Г 

Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга 

Нэхэмжлэлийн шаардлага: “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв, шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дүгээр тушаалын Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн хэргийг хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энх-Амар, нэхэмжлэгч Н.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Н овогтой Г нь Монгол Улсын Их сургуулийг 1994 онд инженерээр, 2003 онд эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1997-2004 онд УИХ-ын тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргын туслах, 2004-2007 онд УИХ-ны тамгын газар, УИХ-ын дэд даргын ажлын албанд албаны дарга, Гадаад харилцааны яаманд сайдын ажлын албанд, 2007-2009 онд Хүнс, хөдөө аж ахуй яамны болон Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, 2009-2012 онд ХХААХҮЯ-ны харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-жижиг дунд үйлдвэрийн газарт Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн болон Хөрөнгө орлуулалт, төслийн хэлтсийн даргаар, 2012-2013 онд Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн газарт санхүү, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн, 2014 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд дарга, Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн даргаар 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл тухайн ажил, албан тушаалд тус тус ажиллаж байсан. 

2014 онд Цаг уур, орчны шинжилгээний газрын Захиргааны хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо сул гарсан орон тоонд төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах журмыг баримтлан зохион байгуулсан шалгалт өгч тэнцэн, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлт, шийдвэрийн дагуу Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар томилогдон ажиллаж байсан болно. 

Уг ажлыг хариуцан хийхдээ ямар нэгэн зөрчил дутагдалгүй хууль, тогтоол, журам дүрмийн хүрээнд төрийн албан хаагчийн үүргээ хангалттай сайн биелүүлж, газрын даргатай үр дүнгийн гэрээтэй ажиллаж ирсэн. Тус агентлагийн 2015 оны ажлын эцсийн ажлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар зарим албан хаагчдыг шагнаж урамшуулсны дотор миний бие Байгаль орчны тэргүүний ажилтнаар шагнагдсан. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.О-ын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн **** дугаартай “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” тушаал, Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Э-ийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дүгээртэй “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” тушаалууд нь хууль зөрчсөн, үндэслэл муутай, тухайн байгууллага, төрийн албан хаагчдыг ажлаас халах, өөрчлөх зорилготой гарсан тушаал гэж үзэж шалтгаангүйгээр ажлаас чөлөөлж, хуулийн дагуу зөвшөөрөөгүй байхад өөр ажилд томилон, цалин хөлс бууруулсан гэж үзэж байна. 

Ийнхүү хууль бус тушаалаар үндэслэлгүй ажил, албан тушаалаас чөлөөлж байгаа  нь Төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцэхгүй байгаагаас гадна тангараг өргөсөн төрийн албан хаагч би хохирч байна” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус газрын даргын 2016 оы *** дүгээр тушаал, түүний хавсралтуудын иргэн Н.Г******* хамаарах хэсгийг хууль эрх зүйн үндэслэл бодит шалтгаан нөхцөлийн талаар: 

Монгол Улсын Их Хурлын “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 47 дугаар тогтоолын 2/Төсвийн зардлыг хэмнэх зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр: 

а/ бүх шатны төсвийн захирагч нарт салбар болон байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, ажлыг ачааллыг нягтруулах зэргээр орон тоог бууруулах эрхийг олгосон. 

б/ Бүтцийн өөрчлөлт хийн болон чиг үүргийн давхардлыг арилгах замаар батлагдсан төсвөөс хэмнэсэн цалингийн сан болон бараа үйлчилгээний бусад зардлыг байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах зориулалтаар зарцуулахыг зөвшөөрсөн, 

Монгол улсын Засгийн газрын “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2016 оны 04 дүгээр тогтоолын 6-д “Төрийн захиргааны байгууллагуудыг чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай чанартай болгох зорилгоор Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагийн талаар дараах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасан, 6.3-д “Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг илүү шат дамжлагагүй зохион байгуулах, 6.5-д Засгийн газрын агентлагийн зохион байгуулалтын бүтцийн нэгж, ажилтны чиг үүрэг, хариуцах ажил нь давхардахгүй байхаар тус тус зохицуулсан. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2016 оны ***дугаар тушаалаар Цаг, уур орчны шинжилгээний газрын бүтцийг шинэчлэн баталсан. 

Энэ шинэчилсэн бүтцээр хуучин бүтцийн Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийг Санхүү аж ахуйн хэлтэстэй нэгтгэж, Удирдлага, төлөвлөлт, санхүү, хамт ажиллагааны хэлтэс болгон баталсан. 

Төсөв зардал хэмнэх, орон тоо, шат дамжлагыг багасгах болон цөөрүүлэх Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж дээрх 2 хэлтсийн даргын орон тоог цомхтгож, Цаг уур, орчны шинжилгээний газрын дэд даргад давхар хариуцуулан ажиллаж байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, дахин мэргэших, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах заалтын дагуу Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Н.Гийг эзэмшсэн мэргэжлийн дагуу тус газрын Урьдчилсан мэдээлэх, хэлтэст ахлах мэргэжилтний албан тушаалд /ТЗ-7/ томилон ажиллуулж байна. 

Ахлах мэргэжилтэн Н.Г нь Урьдчилан мэдээлэх хэлтсийн дадлагажих, дагалдан суралцах тусгай хөтөлбөрийн дагуу дахин мэргэшиж байна. 

Түүнчлэн Н.Гийн тус газрын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаал эрхэлж байсан хугацааны ёс зүй болон ашиг сонирхлын зөрчлийн талаарх асуудал нь Төрийн албаны зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлд шилжин шалгагдах шатанд байгаа болно. 

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй хууль эрх зүйн үндэслэлгүй болоод бодит шалтгаан нөхцөлгүй болно” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.Гт нь “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв, шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дугаар тушаалын Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв, шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” *** дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын болон 2 дугаар хавсралтын Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд томилохыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасан байна.

Шүүх дээрх хуулийн зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж захиргааны байгууллагаас дахин шинэ акт гарах хүртэл Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Гт холбогдох хэсгийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ. Үндэслэлийг тайлбарлавал: 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн **** дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг баталсан байх ба уг тушаалаар батлагдсан бүтцээр тус агентлагт Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтэс зэрэг нийт 5 хэлтсийг байгуулсан бөгөөд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтэс хоёр тусдаа хэлтэс байсан байна.  

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ***дугаар тушаалаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгосон байх бөгөөд уг ***дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг шинэчлэн баталсан байх ба тус тушаалаар Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү, аж ахуйн хэлтсийг нийлүүлж, Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийг байгуулсан байна. 

Захиргаа, хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүү аж ахуйн хэлтсийн даргын чиг үүрэг нэгтгэгдэн Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын чиг үүрэгт хэвээр хадгалагдан үлдсэн болох нь ажлын байрны тодорхойлолтууд, тус агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрүүд зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар нотлогдож байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заасан байна. 

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолын 15-д Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг тайлбарлахдаа: “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэжээ. 

Дээрх эрх зүйн зохицуулалтаас үзэхэд төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөний улмаас тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авахаар хуульчилжээ. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга болон Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга гэсэн хоёр орон тоог цөөрүүлж  Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн дарга гэсэн нэг орон тоог бий болгосон байна.

Иймд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохицуулалтад нийцүүлэн Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар хэнийг томилохоо шийдвэрлэх ёстой байжээ. 

Тодруулбал 2 хэлтсийг нийлүүлэн нэг болгож, хэлтсийн даргын орон тоог цөөрүүлсэн тул Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албыг хашиж байсан болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албыг хашиж байсан албан хаагчдаас хэнийг нь Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар томилохоо хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу сонгон шалгаруулах ёстой байжээ. 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь шалгаруулж, томилох үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч Н.Гийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд томилохоосоо өмнө Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохоо үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сонгон шалгаруулж, шийдвэрлэсний дараа нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилохоо шийдвэрлэх ёстой байжээ.

Тодруулбал хариуцагч нь Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч буюу Н.Г болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч гэсэн зөвхөн хоёр албан тушаалтны хэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан шалгуур үзүүлэлтийг илүү хангаж байгаа эсэхэд шалгаруулалт явуулах нь зүйтэй.  

Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч гэсэн зөвхөн хоёр албан тушаалтныг дараах шалгуур, үзүүлэлтүүдээр шалгаруулсан шийдвэр буюу захиргааны шинэ актыг гаргасны дараа нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилохоо шийдвэрлэх зүйтэй гэж шүүх үзлээ. Үүнд: 

• Үйл ажиллагааны үр дүн, 

• Мэргэшлийн түвшингийн үнэлгээ, 

• Мэдлэг, ур чадвар, 

• Ажлын дадлага, туршлага 

• Тухайн албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хэн нь хамгийн илүү хангаж байгаа

• Тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хэн нь хамгийн илүү хангаж байгаа

Зүй нь хариуцагч дээрх шалгуур, үзүүлэлтүүдээр тус хоёр хэлтсийн даргын дунд шалгаруулалт явуулсны дараа нэхэмжлэгчийг ямар албан тушаалд томилохоо шийдвэрлэх ёстой байжээ. 

Дээрх шалгаруулалтыг хариуцан зохион байгуулж, шийдвэрлэх нь хариуцагчийн чиг үүрэг, эрх хэмжээ тул шүүх дээрх нөхцөл байдлуудыг шалгаж тодруулах боломжгүй буюу нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.  

Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын дунд шалгаруулалт явуулах нь шүүхийн эрх хэмжээ биш бөгөөд нэмж шалгаж, тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нь тодорхой байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу тус хэргийг шийдвэрлэсэн болно. 

 Иймд Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохоо сонгон шалгаруулсан захиргааны шинэ актыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаас гаргах хүртэл хугацаагаар Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Гт хэсгийн биелэлтийг шүүхээс түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж заасан байна. 

Дээрх зохицуулалтаас үзэхэд Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь шүүхээс тогтоосон 2 /хоёр/ сарын хугацаанд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчдын дунд сонгон шалгаруулалт явуулаагүй бол Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Гт холбогдох хэсэг хүчингүй болно. 

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Шүүх нэхэмжлэгчийн “Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1 буюу Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. 

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан зохицуулалтуудын агуулгаас үзэхэд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд уг зөрчигдсөн эрхийг захиргааны хэргийн шүүх хамгаалахаар зохицуулсан байх бөгөөд “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар агентлагийн зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн шинээр батлагдсан үндэслэлээр тус агентлагийн нийт албан хаагчдыг чөлөөлсөн байх тул уг тушаалын 1 дүгээр хавсралт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байна. 

Өөрөөр хэлбэл Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар *** тоот тушаалын 1 дүгээр хавсралт нь тус агентлагийн нийт албан хаагчдыг чөлөөлсөн байх тул уг тушаал нь гадагш чиглээгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн эрх зүйн үр дагаврыг үүсгээгүй байх ба харин уг *** тоот тушаалын 2 дугаар хавсралтаар нэхэмжлэгч Н.Гийг албан тушаал бууруулан томилсон хэсэг нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна. 

Иймд Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1 буюу Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хүлээн авахаас татгалзсан нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч Н.Г нь шүүх хуралдаан дээр “Цаг уур ,орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

Шүүх нэхэмжлэгч рүү чиглээгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй үндэслэлээр буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар *** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэсэн болно. 

Учир нь “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь нэхэмжлэгч рүү чиглэсэн болохоос биш уг тушаалын бусад хэсэг нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11, 106.3.13, 109.2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ акт гаргах хүртэл Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Гт холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хоёр сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсүгэй.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасныг тус тус баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 1-ийг буюу Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын нэхэмжлэгч Н.Гт холбогдох хэсгээс бусад хэсгийг хүлээн авахаас татгалзаж, тус хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч “Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга нь энэ шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдээр сонгон шалгаруулалт явуулах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Цаг уур, орчны шинжилгээний газрын Удирдлага төлөвлөлт, санхүү, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагч болон Санхүү, аж ахуйн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан албан хаагчийн хэнийг нь томилохыг хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулсан захиргааны шинэ актыг шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд гаргаагүй тохиолдолд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” дугаар *** тоот тушаалын 2 дугаар хавсралтын 17 буюу Н.Гт холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    М.БАТЗОРИГ