Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0551

 

 

 

 

Ч.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Г-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

     Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрээр:

     1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр “Ч.Г-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан буюу орон тооны цомхотголд орсон уг албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд томилон ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Г-т даалгаж,

     2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ч.Г-ийн ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх ажлын 165 хоногийн хугацааны урьд авч байсан дундаж цалин /төгрөг/-ийг ажлын өдрөөр тооцож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,745,000 /гурван сая долоон зуун дөчин таван мянган төгрөг/-ийн олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож, олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

     Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хэдийгээр Ч.Г нь өмнө нь ажлаас халагдсан тухайгаа мэдэж байсан гэх болон 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан шийдвэрийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан боловч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдлыг хянах эрх бүхий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандсаны улмаас түүнд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хариу өгснөөр түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдэх бөгөөд түүнийг гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй болно” гэжээ. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг Төрийн албаны салбар зөвлөлийн албан бичгийг үндэслэн тогтоосон. Нэхэмжлэгч 2018 оны 2, 3 дугаар сард захиргааны актыг мэдсэн талаар хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зурсан баримт хэргийн материалд байгаа төдийгүй, шүүх хуралдааны явцад энэ байдлыг хүлээн зөвшөөрсөн.

Улмаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаад дариу 2-3 сар өнгөрсөн байхад захиргааны актыг гардан авч Төрийн албаны салбар зөвлөлд хандсан, Төрийн албаны салбар зөвлөл гомдлыг хянахдаа Захиргааны ерөнхий хуулийн хугацаа тодорхойлох журмаар хугацааг сэргээсэн, эсхүл тасалдсан, хугацааг сунгасан аль хэлбэрээр хугацаа хэтэрсэн гомдлыг хуулийн хүрээнд хянан шийдвэрлэж хариу өгсөн болохыг нягтлалгүйгээр, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлэн гаргасан гомдлыг хүлээн авч хариу өгсөн Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр үндэслэл бүхий бус ба түүнийг үндэслэн Захиргааны хэргийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцон, захиргааны хэрэг үүсгэн шийдвэр гаргасан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийг зөрчсөн, хуулийн үндэслэл бүхий болж чадсангүй.

1. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу цуглуулж, буруу үнэлсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнахдаа Төрийн албаны салбар зөвлөлийн 2012 оны 134 дүгээр журмын дагуу бүрэн тайлагнаагүй, 2017 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээ дүгнүүлээгүй, ажлаа тасалж Солонгос улс руу явсан, явж ирээд ч тайлангаа өгөөгүй. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргад 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны журмын дагуу, шаардлага хангасан хэмжээнд илтгэх хуудсыг гаргаж өгч дүгнүүлээгүй учир илтгэх хуудаст нэгжийн менежер 3 чиг үүрэг өгч, үйл ажиллагааны илтгэх хуудсыг дахин тайлагнахыг зөвлөсөн байдаг ба үүгээр үр дүнг үнэлж дүгнэсэн харилцаа байгаагүй. Мөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад үр дүнгийн гэрээний илтгэх хуудас эх хувиараа төрийн албан хаагчийн хувийн хэрэгт хадгалагдаагүй. Шүүхэд тухайн нөхцөл байдлыг тодруулах үүднээс хуулбар хувиас холбогдох материалыг гарган өгсөн ба шүүх эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулах, тухайн нөхцөл байдлыг тодруулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан үүргээ дутуу хэрэгжүүлсэн. Нөгөө талаас нэхэмжлэгчийн ажлын байранд тавигдсан мэргэжлийн шалгуур нь аялал жуулчлал, эдийн засаг, төрийн удирдлагын менежер гэсэн шаардлагуудыг хангасан гэж үзэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн захиргааны удирдлагын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байсан.

Гэтэл уг шалгуурыг хангасан мэргэжил эзэмшсэн нэхэмжлэгчийн “Чингис хаан” дээд сургуулийг “Аялал жуулчлалын эдийн засаг, удирдлага” мэргэжлээр төгссөн 00000 дугаартай бакалаврын диплом олгогдоогүй талаарх аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/2817 дугаартай албан бичиг хэрэг шийдвэрлэгдэх хугацаанд хариуцагчид ирж, хариуцагчийн зүгээс уг баримтыг нотлох баримт болгон шүүхэд гаргасан боловч шүүхээс уг баримтыг үндэслэлгүйгээр нотлох баримтаас хасуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, хариуцагчийн тайлбарыг авалгүй, нотлох баримтаас хассан. Хуурамч диплом байгаагүй бол нэхэмжлэгч нь төрийн захиргааны албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж, аймгийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтнээр ажиллах боломжгүй байсан болно.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “хангалтгүй биелүүлсэн” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор удаа дараа /2 ба түүнээс дээш/ биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч нь албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн болох нь баримтаар нотлогдохгүй байхад албан үүргээ “хангалтгүй биелүүлсэн” гэж ажлаас халсан нь үндэслэлгүй байна гэжээ. Ч.Г нь 2017 оны үйл ажиллагааны үр дүнг Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын дагуу дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй, 2017 оны бүтэн жилийн ажлын үр дүнг огт дүгнүүлээгүй нь хэргийн баримт, шүүх хуралдаанд өгсөн тайлбараас бүрэн нотлогддог. Ажилтны буруугаас буюу ажилтан үр дүнгээ тайлагнаагүй улмаас үр дүнг дүгнэх боломжгүй байсан байдал нь хангалтгүй дүгнэгдэхээс ч дор төрийн албан хаагчийн үйл ажиллагааны хангалтгүй үзүүлэлт. Албан үүргээ хэрэгжүүлэхгүй ажлаа зөвшөөрөлгүй орхисон төрийн албан хаагчийг үйл ажиллагаагаа дутагдалтай хэрэгжүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй ба энэ бол хангалтгүй үйл ажиллагаа. Түүнийг баримтаар нотлох үүргийг төрийн захиргааны байгууллага хангалттай хэрэгжүүлсэн ба шүүх нөхцөл байдлыг тодруулах, өөр бусад эх сурвалжаас нотлох баримтыг цуглуулах, тухайн нөхцөл байдлыг сайн мэдэх аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ-үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаас гэрчийн мэдүүлэг аваагүй.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хөдөлмөрийн дотоод журмын 5.9-д Хөдөлмөрийн дотоод журамд заасан “Ноцтой зөрчил” гаргасан албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасны дагуу төрийн албанаас халах”-аар зохицуулсан, мөн журмын 6.5.2-д “Ноцтой зөрчил”-д тооцогдох бөгөөд уг зөрчил нотолгоожсон байх, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны хурлаар батлагдсан нөхцөлд ажлаас халах үндэслэл болно” гэсэн зохицуулалт зөрчиж хариуцагч өөрөө шууд тушаал гаргасан нь хууль бус юм гэжээ.

Дотоод журмын 6.5.2-д “ажилтан ажлын 3 ба түүнээс дээс ажлын өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил таслах, ажлын байрандаа согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, бусдыг уруу татах болон согтуугаар ажилдаа ирсэн”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан” нь тус тус ноцтой зөрчилд тооцохоор заасан. Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд нотолгоожсон байхыг, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж, дүгнэлт гаргасан байхыг тус тус ялгамжтай байдлаар Хөдөлмөрийн дотоод журамд ба Ч.Г-ийн зөвшөөрөлгүй ажил тасалсан үйлдэл нь хөдөлмөрийн сахилгын зөрчил болохоос ёс зүйн зөрчил биш ба үүнд ёс зүйн хороогоор хэлэлцүүлсэн байхыг шаардахгүй ба нотолгоожсон байхыг шаардана. Нэхэмжлэгчийн ажил тасалсан байдал нь цагийн бүртгэл болон бусад нотлох баримтаар нотлогдож байхад шүүх байгууллагын дотоод журмыг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэн. 4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Захиргааны байгууллага буюу хариуцагчийн үйл ажиллагаанд төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчлэх бөгөөд түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Хуульд үндэслэх”, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчмуудыг баримтлаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачлагаар, ... шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна” гэсэн заалтыг зөрчсөн зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлэлгүйгээр захиргааны акт гаргасан нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, түүнийг эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ” гэжээ. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийн оролцоог хангах, сонсох ажиллагааг захиргааны байгууллагын зүгээс чөлөө хүссэн өргөдөл хүссэн үеэс хэрэгжүүлсэн. Тухайлбал:

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр чөлөө хүссэн өргөдөл өгсөн ба тухайн үед чөлөө олгохгүй, зөвшөөрөөгүй тохиолдолд Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөлөх үндэслэл болно гэдгийг нэхэмжлэгчид тайлбарлаж, мэдэгдсэн. Улмаар өргөдөлд цохолт хийж, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад шилжүүлсэн. Үүнтэй холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгсөн ба хэргийн 63 дугаар хуудаст байгаа болно.

Өргөдөл өгснөөс хойш Ч.Г хариуцагчтай дахиж уулзаагүй ба захиргааны чөлөө авалгүй ажлаа таслаад Солонгос улс руу явсан. Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргад шийдвэр гаргах талаар удаа дараалан мэдэгдсэн ба Ч.Г-т мэдэгдэх талаар байнга сануулж байсан. Ч.Г нь Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргатай цахимаар байнга холбогдож байсан ба шийдвэр гаргах талаар хэрхэн мэдэгдсэн тухай гэрч Х.Ц мэдүүлэгтээ тодорхой хэлсэн байгаа. Тухайн асуудлаар Ч.Г мэдсэн хэрнээ эсэргүүцсэн хариуг хэлтсийн даргадаа өгөөгүй байдаг. Үүнийг хариуцагчийн зүгээс өөрийн гаргасан зөрчлийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. Мөн 2017 оны 12 дугаар сарын сүүлээр нэхэмжлэгчийн аав нь надтай ирж уулзсан. Уулзахдаа “Ч.Г ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болчихсон байна. Бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөж байгаагаар шийдвэр гаргаж, тэтгэмж авах боломж бий болгож өгөөч” гэдэг хүсэлтийг амаар гаргасан. Миний зүгээс “Хөдөлмөрийн дотоод журмын дагуу чөлөөлөгдөх хангалттай үндэслэл байгаа. Үнэхээр та бүхэн тэгж хүсч байгаа бол Ч.Г бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн нөхцөлд би гаргах шийдвэрээ бодож үзэж болно. Түүнээс өөрөөр дотоод журамд заасан зөрчил гаргасан үндэслэлээр чөлөөлөх үндэслэл бүрдсэн” байгааг тайлбарлаад гаргасан. Үүнээс хойш Ч.Г ч холбоо бариагүй, аав нь ч дахиж уулзаагүй зэрэг хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг сонсох ажиллагааг удаа дараалан зохион байгуулсан ба нэхэмжлэгчийн зүгээс тусгайлан өөр хүсэлт, санал ирүүлээгүй тул шийдвэрийг 3 сар хүлээсний эцэст гаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг хянан үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Ч.Г нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “...урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох,...” гэж нэхэмжлэлийн шаардлага тодруулан гаргасан байхад анхан шатны шүүх урьд эрхэлж байсан буюу орон тооны цомхотголд орсон уг тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд томилон ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчжээ.

Шүүхээс гаргах шийдвэр нь заавал биелэгдэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх арга, журам нь тодорхой байх ёстой. Гэтэл урьд эрхэлж байсан буюу орон тооны цомхотголд орсон уг тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр өөр ажилд томилон ажиллуулахыг Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй юм.

Учир нь шүүх, “урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа “...урьд эрхэлж байсан буюу орон тооны цомхотголд орсон уг албан тушаалын цалин хөлсийг бууруулахгүйгээр нэхэмжлэгчийг өөр ажилд томилохыг хариуцагчид даалгах” шийдвэрийг шууд гаргах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагийн бодлого, үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалаас халагдсан бөгөөд “өмнө эрхэлж байсан уг ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хэрэгт нотлох баримтаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагийн бодлого, үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалаас нэхэмжлэгчийг халсан Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/01 дүгээр тушаал гарснаас хойш Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах” тухай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаал авагдсан байна.

Мөн хариуцагч дээрх аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн баталсан Б/11 дүгээр тушаалаар “Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагийн бодлого, үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдсан, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо байхгүй болсон” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтэц, орон тоо хасагдсан тохиолдолд ямар тушаалд томилуулахыг шаардаж байгааг нэхэмжлэгчээс тодруулж түүнтэй нь холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах учиртай.

Тиймээс анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий дараах нөхцөл байдлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрэн цуглуулан дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:

Захиргааны байгууллага, албан тушаалтын ямар буруутай үйлдэл, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн эсэхийг тодруулах замаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах,

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын “аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн батлах” тухай 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар батлагдсан аль ажлын байрны орон тоонд томилогдох үндэслэлтэй гэж маргаж байгаа эсэх, “Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн сум, баг, агентлагийн бодлого, үйл ажиллагаа зохион байгуулах, төрийн ёслолын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ийн орон тоо хасагдсан, нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын орон тоо байхгүй болсон” гэх хариуцагчийн тайлбарыг тодруулж, холбогдох нотлох баримтыг цуглуулах нь ач холбогдолтой.

Эдгээр нөхцөл байдлыг тодруулснаар энэхүү хэрэг маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах ажиллагааг шүүх хэрэгжүүлэх учиртай.

Мөн хариуцагчийн зүгээс “удирдлагын зөвшөөрөлгүй ажил таслан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан, нэхэмжлэгч нь “...аймгийн Засаг даргад хандаж, чөлөө олгоход дэмжлэг үзүүлж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэхийг гуйж албан бичгээр хандсан. Л.Г дарга “чи ямар ч байсан яваад ир, би Х.Г даргад учрыг ойлгуулж хэлье” гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан байх тул уг тайлбаруудын талаар тодруулах үүднээс аймгийн Засаг дарга Л.Г-ыг гэрчээр асуух нь хэрэгт ач холбогдол бүхий байж болохоор байна.

Нөгөөтэйгүүр “хүүхдийн эмчилгээнд их хэмжээний төлбөр зарцуулсан учраас мөнгө олох зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улс явах шаардлага гаргасан, бусад захиргааны албан хаагч нарт Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах чөлөө олгосон атлаа надад олгохгүй ялгаварлан гадуурхсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарт шүүх дүгнэлт хийх шаардлагатай.

Тиймээс анхан шатны шүүх дээр дурдсан ажиллагааг явуулж холбогдох нотлох баримтуудыг цуглуулахаас гадна хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдлыг бүрэн тодруулж хэргийг шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

     1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР