Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01337

 

 

 

 

 

 

 

2022 07 20 210/МА2022/01337

 

П.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00901 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч П.Аийн хариуцагч МД ХК-д холбогдуулан нөхөн төлбөр 12,583,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, түүний өмгөөлөгч Б.Гомбодорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний нөхөр Борягийн Отгонцагаан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ эрүүл саруул гарч яваад Сонсголонгийн замын хажуу явган хүний зам дээр гэнэт хальтарч ар гэдэргээ савж унан хамгийн ойролцоо байрлах Алтан тариан түрүү эмнэлэгт хүргэгдэн анхан шатны тусламж авч улмаар харвалтын шинж тэмдэг илэрсэн тул П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт яаралтай хүргэгдэж тус эмнэлэгийн сэхээн амьдруулах тасагт 1 хоног 20 цаг хэвтэн эмчлүүлж байгаад тархины эдийн цус харвалт, тархины ховдлуудад цус цөмөрсөн, тархины нома 3 зэрэг, амьсгал зүрх судасны төвийн гаралтай хурц дутагдал оноштойгоор зохиомол амьсгалын аппараттай байсаар байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цаг 10 минутад нас барж, бидэнд маш их гарз хохирол тохиож уй гашуу учирсан билээ. Нөхөр маань өөрийн гэсэн орон байртай больё гэж зорин бид Худалдаа хөгжлийн банктай 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2011/37 тоот гэрээгээр 39,508,000 төгрөгийг 15 жил буюу 180 сарын хугацаатай, жилийн 11.8 хувийн хүүтэй орон сууцны зээл авч улмаар 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ ЗНГ-2011/37-2 дугаартай гэрээ байгуулан анх байгуулж байсан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ насан эцэс болтлоо биелүүлж үндсэн зээл, хүү, даатгалын хураамжаа цаг тухай бүрт нь төлж байсан тул эхнэр болох П.А миний бие МД ХК-аас даатгалын гэрээний нөхөн төлбөр 16,618,403 төгрөгийг гаргуулахаар өргөдөл гаргаж холбогдох нотлох баримтаа өгсөн боловч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүй таталзсан шийдвэр ирүүлсэн. Гэвч нөхөр бид хоёр худалдаж авсан орон сууц болон зээлийн төлөгдөөгүй үлдэгдлийг эрсдлээс хамгаалах зорилгоор МД" ХК-тай эд хөрөнгийн болон амь насны 844002168 дугаартай даатгалын гэрээг байгуулж орон сууцны даатгалд 92,960 төгрөг, амь насны даатгалд 16,556.63 төгрөгийг тус тус гэрээнд заасан хугацаанд тогтмол төлж байсан. Мөн даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг хүлээхээр тохиролцсон дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 431.3-т, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 9 дүгээр зүйлийн 9.1.9-д заасанд нийцсэн, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан байдаг. Мөн гэрээний хугацаанд буюу 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр даатгуулагч миний нөхөр гэнэтийн өвчний улмаас Улсын төв 3-р эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт амь насаа алдаж бидэнд маш их гарз тохиосон ба энэ нь даатгалын гэрээний 7-р зүйлийн 7.6.3-д зааснаар даатгалын тохиолдол бий болсон бөгөөд эхнэр П.А миний хувьд даатгуулагч Б.Отгонцагааны Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хууль ёсны өв залгамжлагч нь билээ. Даатгуулагчийн хууль ёсны өвлөгч миний хувьд Даатгалын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3, 9-р зүйлийн 9.1.9-д зааснаар МД ХК-аас даатгалын тохиолдол бий болсон гэж үзэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж нөхөн төлбөр болох 12,583,197 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: нэхэмжлэгч П.А болон Б.Отгонцагаан нар нь манай байгууллагатай 2018.7.20-ны өдөр Ипотекийн даатгалын гэрээ-г байгуулсан. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2018.11.12-ны өдөр даатгуулагч Б.Отгонцагаан нь тархиндаа цус харваж нас барсан хэмээн нэхэмжлэгч П.А нь даатгалын нөхөн төлбөр авахаар манай компанид хүсэлт гаргасан. Даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг судалж үзэхэд даатгуулагч Б.Отгонцагаан нь 2018.11.10-12-ны өдрүүдэд Улсын 3-р төв эмнэлгийн харвалтын тасагт эмчлүүлж байгаад тархины тал бөмбөлгийн гадар доорх цус харвалт гэсэн оноштойгоор өвчний улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэ нь Улсын 3-р төв эмнэлгийн Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ-ээр нотлогдсон байдаг. Нэхэмжлэгчтэй байгуулсан даатгалын гэрээний 3-р зүйлийн 3.16 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгоно, 10-р зүйлийн 10.20 дахь хэсэгт гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн ахуйн, зам тээврийн байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол гэж тус тус заасан. Даатгагч нь даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн үед нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй бөгөөд даатгалын тохиолдол үүссэн байхын тулд даатгалын зүйл буюу даатгулагчийн амь насанд гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас учирсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн амь насанд зөвхөн гэрээнд тусгайлан заасан гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгохоор талууд гэрээгээр тохиролцсон. Гэтэл энэ тохиолдолд даатгуулагч асан Б.Отгонцагаан нь гэнэтийн осол бус өвчний улмаас нас барсан байх буюу даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдлээр нас барсан байх тул ямар ч нөхцөлд даатгалын тохиолдол гэж үзэн нөхөн төлбөр олгох боломжгүй бөгөөд манай компанийн зүгээс даатгалын гэрээний 8-р зүйлийн 8.1.8 дахь хэсэгт Өвчний эмгэгийн улмаас нас барсан даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол-д нөхөн төлбөр олгохгүй гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч МД ХК-иас даатгалын нөхөн төлбөр 8,808,238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ат олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,774,959 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 216,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МД ХХК-аас 155,881 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Ат олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Талийгаач Б.Отгонцагаан нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өвчний улмаас нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан өвчний түүх, эмнэлгийн тодорхойлолт, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ зэргээр нотлогддог. Даатгуулагч өвчнөөр нас барсан нь даатгалын эрсдэл буюу гэнэтийн осолд хамаарахгүй тул энэ тохиолдлыг даатгалын тохиолдол гэж үзэхгүй бөгөөд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасны дагуу даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэн даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй юм. Мөн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.8-д өвчин эмгэгийн улмаас нас барах тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж тодорхой заасан. Гэтэл шүүх даатгуулагчийн нас барсан шалтгааныг эмнэлгийн байгууллагаас өвчнөөр гэж тодорхойлсон боловч энэ тохиолдолд даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзал, тайлбар болон даатгалын нөхөн төлбөрийн талаар нэхэмжлэгчийн өргөдөлд хариу өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны тайлбар, албан бичиг үндэслэлтэй биш байна. Учир нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт зааснаар даатгалын зүйл нь иргэдийн амь нас байна гэж заасан ба талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1.8-д өвчин эмгэгийн улмаас нас барсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй гэж заасан дээрх агуулгад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл даатгалын гэрээ байгуулагдсанаар нөхөн төлбөр олгох үүрэг үүсдэггүй, харин гэрээнд заасан даатгалын тохиолдол болсноор даатгалын нөхөн төлбөрийг олгох зохицуулалттай хэлцэл юм.

4.б. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т даатгалын тохиолдол гэдэг нь даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 4.1.6-д даатгалын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг олгоно гэж тус тус нэр томъёог тодорхойлж, зохицуулсан. Гэтэл шүүхийн зүгээс даатгалын гэрээгээр тохиролцсон эрсдэл, даатгалын тохиолдол гэх даатгалын гэрээний суурь, үндсэн ойлголт, зарчмуудыг үл хайхран амь насыг даатгасан л бол ямар ч тохиолдолд нөхөн төлбөр олгох үүрэгтэй гэж өрөөсгөл байдлаар тайлбарлан үндэслэлгүй шийдвэр гаргаж байна. Мөн олон улсад нэгэнт тодорхой, тогтсон ойлголт болох өвчин, эмгэгийг гэрээндээ нарийвчлан тодорхойлоогүй гэж тайлбарлаж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

4.в. Шүүхээс Ипотекийн даатгалын мэдүүлгийн хуудсыг гэрээ байгуулсан хугацаанаас хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бөглөсөн нь Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээ байгуулах үед гэрээний нөхцөл, шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загвар-ын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч даатгуулагчаар баталгаажуулсан байна гэснийг зөрчсөн байх ба даатгуулагчид гэрээний гол нөхцөл, шаардлагын талаар бүрэн танилцуулсан гэж үзэх боломжгүй гэж тайлбарласан байна. Гэтэл шүүхээс хэрэгт талуудын гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ нотлох баримтаар авагдсан байтал МД ХК-ийг даатгуулагч нарт даатгалын гэрээний нөхцөл танилцуулаагүй, тайлбарлаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх даатгуулагч нарыг байгуулж байгаа гэрээнийхээ учир холбогдол, нөхцөл заалтыг ойлгосон, хүлээн зөвшөөрсөн, өөрийн хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн гэдгийг илтгэнэ гэж тодорхой заасан байхад даатгуулагч нарыг байгуулж буй гэрээнийхээ учир холбогдлыг ойлгоогүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд МД ХК-аас даатгалын нөхөн төлбөрт 8,808,238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Ат олгож шийдвэрлэснийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч талын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт амь насны даатгалын зүйлд хамаарах хэсгийг тодорхой заасан. Даатгалын зүйл нь амь нас буюу эрүүл мэнд байдаг. Гэтэл хариуцагч компани нь даатгалын эрсдлийг богиноор буюу гэнэтийн гэх үгээр халхавчилж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, даатгагчийн амь насыг гэнэтийн ослыг улмаас н.Отгонцагаан нь нас барах мэтээр даатгалын гэрээнд тусгаж, эрсдлийг тодорхойлж гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Мэдүүлгийн маягт нь даатгалын гэрээ байгуулахын өмнөх буюу даатгуулагчид даатгалын компанийг сонгох эрх олгодог мэдүүлгийн хуудас байдаг. Хариуцагч компани нь 07 дугаар сарын 20-ны өдрөөс 5 хоногийн өмнө гэрээ байгуулсан атлаа дараа нь мэдүүлгийн хуудас бөглүүлэх даатгалын компанийг сонгох эрх олгож байгаа нь тайлийгаач н.Отгонцагааныг даатгалын компани сонгох эрхээр нь хангаагүй. Мэдүүлгийн маягтад даатгалын компани нь ердийн хугацааны даатгалын компани уу эсхүл урт хугацааны даатгалын компани эсэхийг сонгох мөн нэмэлт эрсдлүүдийн талаар тусгагдсан. Тухайн мэдүүлгийн хуудсанд н.Отгонцагаан гэх хүн нас барсан талаар болон нэмэлт эрслүүд багтсан байдаг. Нэмэлт эрсдлийн үйл ажиллагааг Практикал даатгал ХХК явуулдаг. Уг эрхийг олгохгүйгээр хариуцагч компани даатгалын гэрээг байгуулж, мэдүүлгийн хуудсыг бөглүүлсэн. Мөн Улсын Дээд шүүхээс зөвлөмж гарсан байдаг. Амь насны даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нөхцлүүдийг дурдсан. Эдгээр дурдсан нөхцөлд өвчний улмаас нас барсан шалтгаан нөхцлийг тусгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

2. Нэхэмжлэгч П.А нь хариуцагч МД ХК-д холбогдуулан нөхөн төлбөр 12,583,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Б.Отгонцагааны нас барсан тохиолдол нь гэнэтийн ослын улмаас бус ердийн өвчний шалтгаантай байсан, даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдлээр нас барсан тул даатгалын тохиолдол гэж үзэхгүй, нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч Ц.Алтанцэцэг, түүний нөхөр, нас барагч Б.Отгонцагаан нар нь Голомт банк ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №2011/37 дугаартай орон сууцны зээлийн гэрээг байгуулан, орон сууц худалдан авах зориулалтаар 39,508,000 төгрөгийг 15 жилийн хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол, ХД-48 байр, 13 тоот, улсын бүртгэлийн Ү-2201027159 дугаартай, 581,10 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан, мөн 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №ЗНГ-2011/37-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээг (8 хувь) байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх 6-7/

 

4. Дээрх зээлийн гэрээний 6.2.19-т заасны дагуу зээлдэгч Б.Отгонцагаан, хамтран зээлдэгч П.А нар нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж дуусах хүртэлх хугацаанд амь насны даатгалд даатгуулсан байх үүрэг хүлээж МД ХК-тай ипотекийн даатгалын гэрээг байгуулсан байна. /хх 51/

 

Шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ гэж дүгнэсэн нь зөв байна.

Талууд ипотекийн даатгалын гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний дагуу даатгуулагч нар даатгалын хураамж төлсөн талаар маргаангүй, харин даатгалын гэрээний тохиолдол бий болсон эсэх, даатгалын нөхөн төлбөр олгогдох үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Ипотекийн даатгалын гэрээний 8 дугаар зүйл, нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл хэсгийн 8.1.8-д Өвчин эмгэгийн улмаас нас барах гэж заасан, уг нөхцлийг даатгуулагч Б.Отгонцагаан, П.А нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2 дахь хэсэгт даатгалын зүйл нь иргэдийн амь нас байна гэж заасан боловч дээрх гэрээний 3.2-т Даатгагч нь гэрээний 2.1.2-2.1.3 дахь заалтад заасан даатгалын зүйлд дараах эрсдэл учирсан тохиолдолд даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр олгоно, Үүнд: 3.1.6-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.7-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар бүрэн алдах эрсдэл зэрэг тохиолдол хамааруулахыг харилцан тохиролцсон байна.

Хэргийн 52 дугаар талд авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээнд иргэн Б.Отгонцагааны нас барсан шалтгааныг өвчнөөр нас барсан гэж тодорхойлсон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Отгонцагааны нас барсан тохиолдол нь гэнэтийн ослын улмаас бус ердийн өвчний шалтгаантай байсан, даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдлээр нас барсан тул даатгалын тохиолдол гэж үзэхгүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Гэрээний 8.1.8-д өвчин эмгэгийн улмаас нас барах эрсдлийг даатгахгүй талаар заасан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т даатгалын зүйл нь иргэдийн амь нас байна гэж заасантай нийцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т даатгалын зүйлийг нэрлэн заасан байх ба эдгээр даатгалын зүйлд учирч болох даатгалын эрсдлийн төрлийг талууд гэрээгээр харилцан тохиролцож тогтоохоор 431 дүгээр зүйлийн 431.4-т заажээ. Иймд зохигчид гэнэтийн ослын улмаас нас барах эрсдлийг даатгахаар гэрээгээр тохиролцсон нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2-т даатгалын зүйл нь иргэдийн амь нас байхаар заасан нь амь насанд учирч болох бүх эрсдлийг даатгана гэсэн үг биш бөгөөд тухайн даатгалын зүйлд учирч болох ямар эрсдлийг даатгахыг гэрээний талууд өөрсдөө тодорхойлох эрхтэй.

Иймд өвчин эмгэгийн улмаас нас барах эрсдлийг даатгахгүй байхаар гэрээгээр тохиролцсоныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

6.а. Мөн гэрээний 3.2-т нөхөн төлбөр олгох, 8.1.8-д нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцлийг тодорхой тусгасан байх тул гэрээний 8.1.8 дахь заалт ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4.2-т заасантай нийцээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна.

6.б. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 3-р хавсралтад заасан мэдүүлэг нь даатгуулагчийн мэдээллийг авах зориулалттай байх тул уг мэдүүлгийг гэрээ байгуулснаас хойш бөглөсөн нь талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Иймээс ипотекийн даатгалын гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоогүй байхад анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасантай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00901 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч МД ХК-аас нөхөн төлбөрт 12,583,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Д.БЯМБАСҮРЭН