Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01327

 

 

 

 

 

 

2022 07 18 210/МА2022/01327

 

МТК ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01230 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч МТК ХХК-ийн хариуцагч Б.Бт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, хохиролд 37,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардалд 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дамбаасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Мөнхсүлд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: МТКХХК нь Б.Бтэй 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 99б/9 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Агниста хотхон, 99б дүгээр байрны 9 тоотод байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцны дотоод заслын үнийг хасаж 396,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу Б.Б төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах ёстой байсан. Гэвч хариуцагч 37,000,000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг нэмж төлөөгүй. Б.Б нь 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор байрны үлдэгдэл төлбөрийг төлж байрагдуулна, хэрвээ төлбөрийг төлж баарагдуулаагүй бол төлсөн төлбөрөөс гэрээ байгуулсан, анх байранд орсон хугацаанаас хойш хугацааг түрээсээр амьдарснаар тооцож, тооцоог суутгуулан байрыг чөлөөлж өгнө гэж хүсэлт гаргасныг манайх хүлээн зөвшөөрсөн. Гэвч Б.Б нь үүргээ биелүүлээгүй бөгөөд манай компаниас хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж байсан. Тэрээр анх байранд нүүж орохдоо хана, тааз, шал гээд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч түүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн тул манай компанийн зүгээс уг орон сууцанд дахин засвар хийх шаардлагатай юм. Төлбөр төлөхийг шаардсаны дагуу хариуцагч нь 2021 оны 2 дугаар сард манайд хүсэлт гаргасан, тэрхүү хүсэлтийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх боломжтой. Хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулах, орон сууцны үнийн индекс, түрээсийн үнийн индексээр нэг сарын түрээсийн дундаж үнийн мэдээллийг 2018 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэл оноор нь тооцож гаргасныг үндэслэн анх нэхэмжилсэн 47,900,000 төгрөг дээр 2021 оны 7 дугаар сараас 2021 оны 11 сар хүртэл сарын 2,800,000 төгрөгөөр тооцож, 14,000,000 төгрөг, 2021 оны 12 сар, 2022 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл сарын 3,221,271 төгрөгөөр тооцож, 9,663,813 төгрөг нийт 71,536,813 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар компанид учруулсан хохирол гэж үзэж байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие МТКХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу тус орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 37,000,000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээн авсан. Уг орон сууцыг хүлээн авахад дотор засал хийгдээгүй хүн амьдрах боломжгүй байсан тул 49,491,000 төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Нэхэмжлэгч нь орон сууцыг бүрэн ашиглалтад оруулан өгөөгүй бөгөөд байрыг хүлээлгэж өгөх явцад засварын ажил хийхийг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн. Мөн нэхэмжлэгч МТКХХК нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй.Түүнчлэн тус компани нь орон сууцыг шаардах эрхгүй. Учир нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлд бүртгүүлээгүй, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч болохыг нотолсон баримт байхгүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Б.Бийн бичиж өгсөн тодорхойлолт нь тухайн гэрээний үүргийг хойшлуулж буй нөхцөл байдал болохоос биш, гэрээнээс татгалзахтай холбоотой саналыг гаргаагүй. Мөн хохирол учирсан асуудал хангалттай нотлогдохгүй байх тул шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б.Б нь МТКХХК-тай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцыг 396,000,000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг төлснөөр өмчлөх эрхийн гэрчилгээг авах байсан. Уг гэрээ байгуулагдсан даруйд орон сууцны эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгч өөрөө сайн дураараа хүлээлгэн өгсөн. Үүний дагуу бид сайн дураараа өмчилж, ашиглаж байгаа. Мөн тухайн орон сууцыг хүн амьдрах боломжтой болгохын тулд 49,491,000 төгрөгийн засварын ажил гүйцэтгэсэнтэй нэхэмжлэгч маргадаггүй. Нэхэмжлэгч нь хүн амьдрах боломжтой орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан. Орон сууцны үнэ засвар хийсэн зардалтай дүйцэхүйд хэмжээнд хүртэл нэмэгдсэн. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 37,000,000 төгрөг, орон сууцны засварын төлбөрт зарцуулсан 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга: Үлдэгдэл төлбөрийн тухайд барилгын материал авсан Хаан банкны дансны хуулга нь хариуцагч Б.Бийн өөрийнх нь дансны хуулгын баримт биш. Мөн Б.Бийн дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх баримтууд нь Б.Б уг эд зүйлийг авсан гэдгийг нотлохгүй. Засвар хийх зорилгоор бараа материал худалдан авсан гэх шаардлага нь тодорхойгүй байна. Харин засварын зардал хоёр иргэнтэй байгуулсан гэрээ нотлох баримтын шаардлага хангасан, тэдэнд төлбөр төлсөн нь тогтоогдож байх тул 21,190,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, 99б дүгээр байрны 9 тоот, 132 м.кв талбай бүхий орон сууцныг Б.Бийн эзэмшлээс МТКХХК-ийн эзэмшилд буцаан шилжүүлж, МТКХХК-аас 37,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, Б.Бд олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Бөөс 9,663,813 төгрөг гаргуулж, МТКХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 61,900,000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг, МТКХХК-аас 21,190,000 төгрөг гаргуулж, Б.Бд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,301,000 /хорин найман сая гурван зуун нэг мянган/ төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 795,400 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 748,355 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс 585,969 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч МТКХХК-д олгож, МТКХХК-аас 263,900 төгрөг гаргуулж Б.Бд олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх зөвхөн нэмэлт хугацаа дууссанаас хойш шүүхэд өгөх хүртэл 1 сарын хугацаагаар тооцож нэхэмжилснийг хэсэгчлэн хангаж, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй орох ёстой байсан орлого 61,900,000 төгрөгийн шаардлагыг хангахаас татгалзсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт ...зайлшгүй орох ёстой байсан орлогыг хохиролд тооцно гэдгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 61,900,000 төгрөгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга: Үл хөдлөх эд хөрөнгө нь худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал гэрээний үүргийг зөрчсөн гэж үзвэл худалдагч тал буюу МТКХХК нь тодорхой мэдэгдэл болон гэрээнд заасан журмын дагуу үүргийн зөрчлийг арилгахыг сануулах тухай удаа дараа шаардах ёстой. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны дотор төлбөр төлөхгүй тохиолдолд орон сууцыг чөлөөлнө гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Уг хүсэл зоригийг талууд баталгаажуулан бичиг үйлдсэн. Уг хугацаанаас өмнөх хугацааны төлбөрийг нэхэмжлэх үндэслэлгүй. Учир нь талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хүчин төгөлдөр. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл гэрээний зөрчилтэй холбоотой шаардлага гаргаж байгаагүй. Уг хугацаанаас хойш Иргэний хуулийн 225 дугаар зүйл болон 227 дугаар зүйлд тус тус зааснаар аль нэг талыг буюу худалдан авагч талын эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоогч нэмэлт хугацааг мөрдөхийг зааж өгсөн. Нэмэлт хугацааг тогтоосон баримт нь Б.Бийн гараар бичсэн бичиг. Нэмэлт хугацааг тогтоосон боловч үүргийн зөрчил арилаагүй. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой гаргаагүйн улмаас удаа дараа нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч тал хариуцагчийн анхны нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тайлбар хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан тул сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэл талаас гаргасан. Бидний зүгээс гэрээнээс татгалзах агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны шаардлагыг шүүх хангасан нь зөв. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлээгүй. Анхан шатны шүүх хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна гэжээ.

 

8. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны дотор орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргийг зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч 2021 оны 04 дүгээр сарын 15-ныг хүртэл нэмэлт хугацаа тогтоож, энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй бол гэрээ хийж байранд орсноос хойш байрнаас гарах хүртэлх хугацааг түрээсээр амьдарсанд тооцож байрыг суллаж өгнө гэж буюу МТКХХК-ийг хохиролгүй болгоно гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, тухайн хугацаанд үүргийг гүйцэтгээгүй бол анх үүргийн зөрчил гарсан буюу 2018 оны 6 дугаар сараас хойш орон сууцанд орсноос хойш гарах хүртэл бүх хугацааны хохирлыг нэхэмжлэгчид төлнө гэдгээ илэрхийлсэн байхад шүүх зөвхөн нэмэлт хугацаа дууссанаас хойш шүүхэд өгөх хүртэл буюу 3 сарын хугацаагаар тооцож нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 61,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

9. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн өмгөөлөгч худал тайлбар гаргаж байна. 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүртэл МТКХХК-ний зүгээс удаа дараа шаардлага тавьсан. Б.Б нь 2 жил хагасын хугацаанд орон сууцны төлбөрийн 10/1-ийг төлж барагдуулаагүй. Орон сууц 396,000,000 төгрөгөөр үнэлэгддэг. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу үнэлсэн. 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 35 сартай тэнцэх хэмжээний түрээсийн төлбөрийг нэхсэн. 2021 оны 12 дугаар сарын байдлаар 41 сартай тэнцэх хэмжээний түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. 2022 оны 03 дугаар сард 44 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн. Шүүх дүгнэхдээ 3 сарын хугацаанд хангасан . 41 сартай тэнцэх хэмжээний түрээсийн төлбөрийг хангаагүй талаар шүүх тайлбарлаагүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч МТКХХК нь хариуцагч Б.Бт холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцыг буцаан гаргуулж, хохиролд 71,563,813 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 37,000,000 төгрөг, засварын зардалд 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхон, 99б дүгээр байрны 9 тоотод байрлах, 132 м.кв талбай бүхий орон сууцны дотоод заслын үнийг хасч 396,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээнд заасны дагуу Б.Б төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгах ёстой байтал хариуцагч 37,000,000 төгрөг төлж, өнөөдрийг хүртэл хугацаанд нэг ч төгрөг нэмж төлөөгүй гэж тайлбарласан. /хх1-3, /

Хариуцагч татгалзлын үндэслэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... уг орон сууцыг анх хүлээж авахад хүн амьдрах боломжгүй байсан бөгөөд 49,491,000 төгрөгөөр бүрэн засвар хийсэн. Тухайн орон сууцны үнэ засвар хийсэн зардалтай дүйцэхүйц хэмжээнд хүртэл нэмэгдсэн. Иймээс гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 37,000,000 төгрөг, орон сууцны засварын төлбөрт зарцуулсан 49,491,000 төгрөг, нийт 86,491,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тус тус тайлбарласан.

3. Талууд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр МТКХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Агниста хотхон, 99Б байрны 4 давхарт 9 тоот 132 м.квадрат орон сууцыг 2016 оны 2 дугаар улиралд Б.Бт хүлээлгэн өгөх, Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор 396,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдсон.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ засварын зардал 49,491,000 төгрөг нэхэмжилжээ.

Орон сууц худалдах-худалдан авах гэрээний 1.5-д худалдан авч байгаа орон сууцны дотоод засалгүйгээр хүлээн авна гэж заасан байх ба хэрэгт барилгад засварын ажил хийх 2 гэрээ авагдсан байна. Анхан шатны шүүх уг 2 гэрээг үндэслэж ажил гүйцэтгэгчид төлсөн хөлс 21,190,000 төгрөгийг гаргуулж, харин засварын ажлыг хийхэд зарим барилгын материал худалдан авахад ашигласан карт буюу банкны дансны хуулга өөрийнх нь биш, зардлыг Б.Бөөс гарсан гэж үзэхгүй, зарим бараа материал авсан гэх зарлагын баримт нь худалдагч байгууллага зарсан гэдгийг тодорхойлж байгаа болохоос хариуцагч авсан гэдгийг тодорхойлох боломжгүй гэх үндэслэлээр засварт зарцуулсан барилгын материалын зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч шаардлагаа бүрэн нотлоогүй гэжээ.

Анхан шатны шүүх барилгад засварын ажил хийх гэрээнүүдээр орон сууцанд засвар хийгдсэн нь тогтоогдсон байхад засварт зарцуулсан барилгын материалын зардлыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01230 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 467,450 төгрөгийг, хариуцагчийн урьдчилан төлсөн 299,500 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Д.БЯМБАСҮРЭН