Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2016/02791/И |
Дугаар | 001/ХТ2017/00173 |
Огноо | 2017-02-14 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2017/00173
С.Даваадорж, Н.Алтанцоож нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05824 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1891 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч С.Даваадорж, Н.Алтанцоож нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Сонгинохангай” ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16.827.210 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч “Сонгинохангай” ХХК-ийн гаргасан гомдлоор
Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Даваадорж, Н.Алтанцоож, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл, нарийн бичгийн дарга И.Хажидмаа нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Даваадорж, Н.Алтанцоож бид 2015 оны 10 дугаар сарын 03-наас 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Дэнжийн мянгын зах дээр хөдөө орон нутгаас ирдэг махнаас бэлэн мөнгөөр авч зээлээр “Сонгинохангай” ХХК-д нийлүүлдэг байсан. “Сонгинохангай” ХХК-ийн мах хариуцсан захирал Н.Баатарцогт, менежер Д.Батбаяр нар ирж махаа авдаг байсан ба нийт 22 удаагийн худалдан авалтаар 30.213.110 төгрөгийн мах авсан. Үүнээс 13.385.900 төгрөгийг нь Хаан банкны харилцах дансаар шилжүүлсэн. Үлдэгдэл 16.827.210 төгрөгийг авахаар бид удаа дараа хандсан боловч тооцоо нийлж өгнө гээд удаашруулсаар сүүлдээ уулз гэсэн захирлууд нь солигдоод хариуцах эзэнгүй болж өдий хүрснээр бид маш их хохирч байна. Иймд “Сонгинохайнгай” ХХК-иас махны үлдэгдэл төлбөр 16.827.210 төгрөгийг гаргуулж, С.Даваадоржид 15.927.210 төгрөг, Н.Алтанцоожид 900.000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сонгинохангай” ХХК болон С.Даваадорж, Н.Алтанцоож нарын хооронд ямар нэг өр авлагын асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, нотлох баримтаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нарийвчлан гаргаж өгнө гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05824 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Сонгинохангай” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16.827.210 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Даваадоржид 15.927.210 төгрөг, нэхэмжлэгч Н.Алтанцоожид 900.000 төгрөгийг тус тус олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Сонгинохангай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 242.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1891 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05824 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Хариуцагч “Сонгинохангай” ХХК хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
Манай компанийн ажилтан байсан Н.Баатарцогт, нэхэмжлэгч Н.Алтанцоож нар нь төрсөн ах дүүс, Д.Даваадорж нь тэдний найз нөхөд байсан юм. Н.Баатарцогт нь компанийн салбар дэлгүүр болох “Миний дэлгүүр” сүлжээ дэлгүүрт цагаан идээ нийлүүлэх ажлыг хариуцдаг байсан бөгөөд энэ үедээ мөнгө завшсан нь илэрч уг асуудлаар цагаан идээ нийлүүлэгч нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ба хэргийг шалгаж байгаа болно. Бид түүнд дахин итгэл хүлээлгэж компанийн махны салбарыг хариуцсан захирлааар томилж сүлжээ дэлгүүрийн махны хангамжийг бүрэн хариуцуулсан юм. Н.Баатарцогт нь худалдан авах махны хэмжээгээ тодорхойлон тохирох мөнгийг компаниас бэлнээр авч яван махны нийлүүлэгч нараас мах худалдан авч компанид өгөх үндсэн чиг үүрэгтэй байсан. Гэтэл тэрээр худалдааны энэхүү зарчмыг ашиглан өөрийн төрсөн дүү болох нэхэмжлэгч Н.Алтанцоож болон түүний хамтрагч Д.Даваадорж нартай үгсэн хуйвалдаж Н.Алтанцоож, түүний найз Д.Даваадорж нараас авсан махны мөнгийг “Сонгинохангай” ХХК өгөөгүй гэж шүүхэд маргаан үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Н.Баатарцогт нь зохиомол авлага үүсгэж бусадтай нийлж компаниас үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн юм. Энэ тухайгаа манай ажилтнуудад тайлбарлахдаа би олон жил ажилласан тул энэ зэргийн мөнгө авах эрхтэй хэмээн ярьсан байдаг. Тэрээр махны салбарыг хариуцахаас өмнө банкуудад их хэмжээний өр зээлтэй, орон сууцны хугацаа хэтэрсэн өр төлбөртэй, манай компанид банкнаас хандаж
удаа дараа албан бичиг ирдэг байсан ба тэрээр бүх өр төлбөрөө барагдуулсан байдаг. Мөн "Сонгинохангай" ХХК нь нэхэмжлэгч нарын тайлбарлаж байгаа шиг бараа бүтээгдэхүүн аваад хариу төлбөрийг өгдөггүй, ченж нарыг залилж төлбөр дээр асуудал үүсгэдэг бол яагаад "Хүчит шонхор” захын бусад ченж нарт энэ асуудал үүсэлгүй зөвхөн Н.Баатарцогтын төрсөн дүүд мөнгөн төлбөрийн асуудал үүсэх болов. “Сонгинохангай" ХХК нь Хүчит шонхор захын махны болон бусад бүтээгдэхүүний ченж нартай их эртнээс хамтран ажиллаж байсан бөгөөд одоо ч хамтран ажилладаг өнгөрсөн хугацаанд ийм асуудал нэг ч гарч байгаагүй атал махны салбарын захирлаар Н.Баатарцогт 4 сар хэртэй ажиллахад түүний төрсөн дүү хохирсон явдал нь зайлшгүй анхаарах асуудал. Үүнээс үзвэл Н.Баатарцогт нь компанийн зүгээс итгэл хүлээлгэж өгсөн бэлэн мөнгөнд хувийн сонирхлоор хандаж өөрт болон төрсөн дүү, танил талдаа ашигтай байдал бий болгож байсан нь илэрхий байдаг. Манай компани шүүх хуралдаанд биечлэн оролцсоноор Н.Баатарцогтод нийт 900 гаруй сая төгрөг өгсөн, түүнд тохирсон хэмжээ бүхий мах хүлээн авсан, бусдад аливаа төлбөр тооцоогүй болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримт гаргаж өгч мэтгэлцэх байсан. Энэхүү баримтыг өмнөх жилүүдийн маш олон санхүүгийн баримтаас шүүж бүрдүүлж байсан, махны салбарыг хариуцсан нягтлан ээлжийн амралтаа авсан, хариуцсан хуульч орон нутагт томилолтоор ажиллаж байсан зэрэг асуудлаас үүдэн бид тухайн шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байсан. Бид Н.Баатарцогтод бүх төлбөр тооцооны талаар тайлбарлаж, өөрөө энэхүү үүссэн асуудлыг шийдвэрлэх учиртайг тайлбарлах зорилгоор удаа дараа уулзах гэсэн боловч илэрхий зугатаж, нэхэмжлэгч болох түүний дүү, найз нь хамгаалж уулзуулаагүй. Хэдийгээр энэхүү маргаан нь компанийн ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бусдад учруулан хохирлыг байгууллага хариуцна гэсэн зарчмаар шийдвэрлэсэн боловч дээр дурдсан, зайлшгүй шалгах шаардлагатай нөхцөл байдлууд байгааг анхаарах нь зүйтэй. Магадгүй цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах ч нөхцөл байдал үүсч байгаа юм.
Иймд шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хянан шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч “Сонгинохангай” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биечлэн оролцох эрхийг хангаагүй, ... Н.Баатарцогт нь бусадтай нийлж, зохиомол авлага үүсгэж компаниас үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн, ... нэхэмжлэгч нар манай компанийн ажилтан Н.Баатарцогттой ах дүү, найз нөхдийн холбоотой, ... нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлдээ заасан хэмжээний махыг нийлүүлсэн эсэх талаар баримт хэрэгт байхгүй...” тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан шийвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.Даваадорж, Н.Алтанцоож нар хариуцагч “Сонгинохангай” ХХК-иас тус тусын нийлүүлсэн махны үнэ нийт 16.827.210 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Хэрэгт байгаа баримтаас үзвэл “Сонгинохангай” ХХК-ийг төлөөлөн тус компанийн махны салбарын захирал Н.Баатарцогт нь бусдаас мах худалдан авч, сүлжээ, дэлгүүрүүдэд нийлүүлдэг байсан байх ба энэ үндэслэлээр нэхэмжлэгч нар “Сонгинохангай” ХХК-ийг хариуцагчаар тодорхойлжээ.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болдог тул “Сонгинохангай” ХХК хариуцагч мөн.
Харин нэхэмжлэгч нарын зүгээс нийлүүлсэн махны хэмжээг зөвхөн Н.Баатарцогтын тодорхойлсон хэмжээнд дүгнэх нь учир дутагдалтай байна. 2015 оны 10 дугаар сарын 03-наас мөн оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 22 удаагийн худалдан авалтаар нийт 30.213.110 төгрөгийн мах нийлүүлсэн байдал “Сонгинохангай” ХХК-ийн дэлгүүрүүдэд тухайн хугацаанд мөн хэмжээгээр нийлүүлэгдсэн эсэх, эсвэл өөр баримтаар тогтоогдох боломжтой эсэх нь тодорхой бус байна. Н.Баатарцогт нь гэрчээр асуугдахдаа нэхэмжлэгч нараас 30.213.110 төгрөгийн мах авсан, компани хариуцах ёстой болохыг мэдүүлсэн боловч хүлээн авсан махыг компанийн салбар дэлгүүрүүдэд хэрхэн нийлүүлсэн талаар мэдүүлээгүй, энэ талаар хэргийн оролцогч, шүүх асууж тодруулаагүй байв.
“Сонгинохангай” ХХК өөрийн ажилтны албан үүргийн дагуу үүссэн бусдын өмнө хүлээсэн үүргийг хариуцах нь зүй ёсны боловч нэхэмжлэгч Н.Алтанцоож тус компанийн ажилтан Н.Баатарцогтын дүү, нэхэмжлэгч С.Даваадорж нь найз нөхдийн холбоотой гэх тохиолдолд маргааны зүйл болох нийлүүлсэн махны хэмжээг тодруулах нь баримтыг эргэлзээгүй үнэн зөв талаас үнэлэхэд ач холбогдолтой.
Маргааны гол үйл баримт буюу нэхэмжлэгч нарын зүгээс нийлүүлсэн махны хэмжээ эргэлзээгүй тогтоогдох нь ач холбогдолтой байна. Энэ нь нэг талаар Н.Баатарцогт махыг компанид тушаасан эсэх үйл баримтаар тогтоогдох боломжтой эсэх, эсвэл өөр баримтаар тогтоох эсэхийг хариуцагч нотлох үүрэгтэй болно.
Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс Н.Баатарцогтыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу байж болохоор байна. /хх-31, 42/
Харин шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн биечлэн оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгч нараас авсан махыг Н.Баатарцогт нь компанид тушаасан эсэхийг шүүх тогтоогоогүй гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 9 хоногийн өмнө мэдэгдсэн байхад орон нутагт томилолтоор явсан байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Хариуцагч нь өөрийн компанийн ажилтан Н.Баатарцогтын хүлээн авсан махны хэмжээг өөрөө нотлох ёстой бөгөөд Н.Баатарцогт хүлээн авсан махыг компанид тушаагаагүй бол энэ нь ажилтан, компани хоёрын хооронд хамаарах маргаан юм. Мөн Н.Баатарцогт нь махыг компанид хүлээлгэж өгсөн, харин компанийн шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч нарт өгөөгүй байх нь эдгээр хоёр этгээдийн хооронд хамааралтай учир нэхэмжлэгч нарын шаардах эрхэд нөлөөлөхгүй.
Иймд хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/05824 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1891 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн дахин хянан хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 242.086 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА